Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Хохирогч Г.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч: М.Цогзолмаа,

Шүүгдэгч: Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арлаан овогт Бат-Эрдэнийн Хд холбогдох 182900033017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Холбогдсон хэргийн талаар:                   

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтуугаар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Бага булагийн 7-4 тоотод иргэн Г.Мөнгөншагайг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:” Би хутгаар эсгэснээ сайн мэдэхгүй байгаа, Мөнгөншагай ахын биед мэсээр гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнгөншагай мэдүүлэхдээ:” 2018 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Х дээр очсон. Намайг очиход Ганхөлөг, Х хоёр 0,5 граммтай архи хувааж уугаад сууж байсан. Би нэмж 0,75 граммтай 1 шил архи, 1 ширхэг пивийг авч ирээд  гурвуулаа нийлээд юм ярьж суунгаа хувааж ууж байгаад нээх удалгүй Х утсаар яриад уурлаад утсаа эвдсэн. Бид 2 хуурай ах дүү учраас ахын хувиар зөвлөгөө өгсөн. Тэгээд бид 3 архи уугаад их согтсон. Х мах шарах гээд байж байсан. Би тухайн үед Хгийн гарт хутга байсныг анзаараагүй сууж байхдаа Хгийн гараас татаж боссоноос болж хутгаар намайг дүрсэн гэдэг ойлголтод хүрсэн. Оюунсүрэн эгчийг хэн дуудсаныг мэдэхгүй. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд хэвтсэн. Одоогоор миний бие бүрэн эдгэрсэн ажилдаа ороход бэлэн байгаа. Энэ  хугацаанд миний эмчилгээний зардал хохирлыг бүрэн барагдуулсан. Одоогоор Хгоос ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 4-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/

Эд баримтаар “...26,5 см урттай 1 ширхэг хутга...” /хх-ийн 12-р хуудас/

Хохирогч Г.Мөнгөншагайн гэрчээр өгсөн:”...Би ч их согтож байхаар нь гэрлүүгээ явах гээд  зуухны урд зогсож байхад Хгийн баруун гарнаас татаад боссон. Тэгээд жаахан тэнцвэр алдаад гуйваад зогссон чинь  миний гэдэс хавьд нэг сонин болсон. Миний гэдэс рүү нойтон зүйл урсах шиг болохоор нь үзсэн чинь цус гарч байсан. Би гарт нь хутга байсныг анзаараагүй, Хгийн гарнаас татаж босоод эргэж хөл алдахдаа л гарт нь байсан хутга руу орчихсон байх. Тэгээд Наваан, Эрдэнэбат нар эмнэлэг дээр авч ирсэн. Маргалдсан зүйл байхгүй, харин Х утсаа эвдчихээр нь би түүнд “чи яагаад маяглаад байгаа юм, утсаа эвдэж яаж байгаа юм бэ? гэж л хэлсэн. Түүнээс өөр юм хэлээгүй, тэр ч миний өөдөөс юм хэлээгүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Б.Наваантаяын өгсөн:”...Мөнгөншагай гадаа гарах гээд үүдэнд хувцсаа өмсөөд зогсож байхдаа Хтой юм яриад зогсож байсан. Би орон дээр толгойгоо үүд рүү харуулаад утсаараа оролдоод хэвтэж байхад Мөнгөншагай яая гэж дуугарахаар нь би босож ирээд яасан бэ гээд харахад гэдсээ бариад доошоо тонгойсон байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р дугаар хуудас/,

Гэрч Э.Ганхөлөгийн өгсөн:”...Х эхнэртэйгээ бололтой эмэгтэй хүнтэй утсаар ярьж маргалдаж байгаад утсаа салгасныхаа дараа утсаа мушгиад эвдэлсэн. Тэгэхээр нь Мөнгөншагай чи ингэж болохгүй аав, ээжийнхээ ажил хийж авч өгсөн юмыг эвдэлж хэмхэлж болохгүй гэж хэлсэн. Х хариу үг хэлээгүй. Тэгээд үлдсэн архиа уугаад дуусгасан. Тэгээд би гадаа гарч бие засах үедээ утсаар ярьж байгаад Наваантаяын гэрт яваад орох үед гэрийн зүүн хэсэгт Хгийн хүзүүн дээгүүр Мөнгөншагай гараа тавьчихсан чи дахиж ингэж болохгүй шүү. Энэ чамд сургамж болог. Чи манай бага дүүтэй чацуу хүүхэд байж архи уухаа боль гэж хэлээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р дугаар хуудас/,

Гэрч Э.Өнөболдын өгсөн:”...би гал түлж дуусаад тэр гурвыг Наваантаяын гэрт хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явсан. Наваантаяын гэрт мах шарж идэхээр ярилцаж байсан удалгүй над руу Х утсаар залгаад мах шарчихлаа ирж ид гэхээр нь 22 цагийн үед очиж мах идчхээд гэр рүүгээ харьсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч О.Оюунсүрэнгийн өгсөн:”...Мөнгөншагай атираад сууцан уйлчихсан Х ээж эмнэлэг явъя гээд уйлчихсан зогсож байсан. Тэгэхээр нь яасан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь Мөнгөншагайгийн цамцыг сөхөөд харахад хүйсний доохон талд жижиг зүсэгдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч О.Ариунаагийн өгсөн:”...Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны үүрээр 05 цаг өнгөрч байхад гаднаас хүн ороод ирэхээр нь хэн бэ? гэж асуухад хүн үзүүлье гэж хэлэхээр нь гэрлээ асаагаад хартал Оюунсүрэн, танихгүй залуутай цуг зогсож байсан. Тэгээд хэнийг үзүүлэх гэж байгаа юм бэ? гэж асуухад энэ хүнийг гээд цуг явсан хүнээ заахаар нь юу болсон юм бэ? гэхэд Оюунсүрэн “энэ хүн хутгалуулсан юм аа” гэж хэлэхээр хаанаа хутгалуулсан юм гэж асуухад нөгөө залуу ийшээ гэж хэлээд цамцаа сөхөөд үзүүлэхэд хүйсний доод талд зүсэгдсэн шархтай байсан болохоор нь би Оюунсүрэнд эмнэлэгт очиж наад хүнээ үзүүлэхгүй бол болохгүй эмнэлэг рүү оч гэж хэлээд явуулсан... ”гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Гэрч Н.Алтанцэцэгийн өгсөн:”...Би Мөнгөншагайгийн төрсөн ээж нь байна. Г.Мөнгөншагай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан гадуур эмчилгээнд явж байгаа. Мөнгөншагайгийн эмчилгээний зардалд 5,090,000 төгрөг бэлнээр, 205 төгрөгөөр эмнэлгийн түргэний автомашинд түлш хийж өгч аймаг руу явж байсан. ...одоо манай гэр бүлийн зүгээс гомдол санал байхгүй...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч У.Мөнх-Ертөнцийн өгсөн: “ ... Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын нэгдсэн эмнэлгээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 07 цагийн үед биедээ хутгалуулсан хүн ирлээ гэж дуудагдан очих үед Ганболд овогтой Мөнгөншагай гэх хүнийг үзүүлэхээр хүмүүс авч ирсэн байсан. ...намайг үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаантай, орчиндоо харьцаатай, байрлал албадмал, хэвлийгээ дарсан байдалтай, хүйсний доод хэсэгт 2 орчим см өргөнтэй, 3 орчим см гүн шархтай байсан. ...би тухайн хүний шарханд 2 оёдол тавьсан, өвчин намдаах тариа хийж, боолт хийсэн. Тэгээд хүнээ 2-3 ажиглаж байгаад биеийн байдал хэвэндээ зовуур ихтэй байсан тул Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн “...

  1. Г.Мөнгөншагайгийн биед хэвлийн доод хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Б.Хгийн яллагдагчаар өгсөн: “...Б.Х би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21-22 цагийн үед найз Өнөболдын машинаар Наваантаяын гэр рүү Наваантая, Ганхөлөг бид гурав хүргүүлсэн. Наваантаяын гэрт орж мах хуурч идсэн. Тэгээд Өнөболд гэр рүүгээ явсан. Дараа нь би ганцаараа явж дэлгүүр орж 0,70 литрийн эдэн нэртэй архи 1 шил, 4 ширхэг лаазтай кола, 1 ширхэг 0,5 литрийн пүздэ ундаа зэргийг аваад Наваантаяын гэрч очиж Ганхөлөгтэй цуг хувааж уугаад талдаа орж байхад гаднаас Мөнгөншагай 0,5 литрийн 2 лааз пивотой орж ирээд 1 лааз пивыг нь Наваантая уусан нөгөө лаазтай пиво Мөнгөншагай задлаад тавьсан уугаагүй. Тэгээд миний авч ирсэн архийг ууж дуусаад Мөнгөншагай 0,75 литрийн соёрхол нэртэй архи гаргаж ирсэн тэгээд Ганхөлөг, Мөнгөншагай бид гурав юм яриад хувааж ууж байсан. Тэгээд мах хуурч идэхээр юм ярьцгааж байсан тэгээд би босож шүүгээнээс хутга авсан. Нэг мэдсэн чинь Мөнгөншагай надад Золбоо ахын дүү энэ чамд сургамж болог гэж хэлсэн. Тэр үед миний гараас Наваантая хутга авч байсан. Тэгээд Мөнгөншагайг харахад хүйснийх нь доод талд зүсэгдсэн байсан. Тэгээд ээжийгээ дуудаж Мөнгөншагайг эмнэлэгт хүргэж өгсөн. ...би Мөнгөншагайгийн хүйсний доод талд хутгаар гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Шүүгдэгч Б.Хгийн хувийн байдлыг нотлох:

Шүүгдэгч Б.Хгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгч Б.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч Б.Х,  хохирогч Г.Мөнгөншагай нарын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Х нь хүний биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв. Энэ нь хохирогч Г.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”… Би ч их согтож байхаар нь гэрлүүгээ явах гээд  зуухны урд зогсож байхад Хгийн гарнаас татаад боссон. Тэгээд жаахан тэнцвэр алдаад гуйваад зогссон чинь  миний гэдэс хавьд нэг сонин болсон. Миний гэдэс рүү нойтон зүйл урсах шиг болохоор нь үзсэн чинь цус гарч байсан. Би гарт нь хутга байсныг анзаараагүй, Хгийн гарнаас татаж босоод эргэж хөл алдахдаа л гарт нь байсан хутга руу орчихсон байх. Тэгээд Наваан, Эрдэнэбат нар эмнэлэг дээр авч ирсэн. Маргалдсан зүйл байхгүй, харин Х утсаа эвдчихээр нь би түүнд “чи яагаад маяглаад байгаа юм, утсаа эвдэж яаж байгаа юм бэ? гэж л хэлсэн. Түүнээс өөр юм хэлээгүй, тэр ч миний өөдөөс юм хэлээгүй.”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Наваантаяын өгсөн:”...Тэгээд зуухны урд талд байсан махыг хуурч идье гээд Х хэлээд гал тогооны шүүгээнээс цэнхэр иштэй хутга авч байх хооронд Мөнгөншагай гадаа гарах гээд үүдэнд хувцсаа өмсөөд зогсож байхдаа Хтой юм яриад зогсож байсан. Би орон дээр толгойгоо үүд рүү харуулаад утсаараа оролдоод хэвтэж байхад Мөнгөншагай яая гэж дуугарахаар нь би босож ирээд яасан бэ гээд харахад гэдсээ бариад доошоо тонгойсон байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р дугаар хуудас/, зэргээр тухайн хэргийн нөхцөлд  шүүгдэгч Б.Х нь хохирогч Г.Мөнгөншагайтай муудалцаж маргалдаагүй, түүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулах санаа зорилго байгаагүй байна гэж дүгнэхээр байна.

Учир нь улсын яллагчаас зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4 заасан гэмт хэргийн шинж болох санаа зорилго буюу шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тухайн үед байсан гэрч Б.Наваантая, хохирогч Г.Мөнгөншагай болон бусад гэрчүүд бүрэн нотлохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15. дугаар зүйлийн 1.15.2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна.

 Иймд Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Х, хохирогч Г.Мөнгөншагай нарын хооронд ямар нэг зөрчил маргаан үүсээгүй болох хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд хохирогч Г.Мөнгөншагай нь сууж байхдаа Хгийн гараас татаж боссоноос болж хутгаар хатгагдсан байна. Түүнээс Б.Хд  ямар нэг субъектив санаа зорилго байгаагүй, тодруулж хэлбэл хүний биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан байна. Гэхдээ тухайн хэргийн нөхцөл байдалд шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрсдийн хийж байгаа үйлдлийг бүрэн хянах чадвараа алдсан байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Хд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, зан үйлээ засах, согтууруулах мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Х нь хохирогч Г.Мөнгөншагайгийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Мөнгөншагай нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26,5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арлаан овогт Бат-Эрдэнийн Хд холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Арлаан овогт Бат-Эрдэнийн Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссэж, зан үйлээ засах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Б.Х нь тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Б.Хгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26,5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА

                           ШҮҮГЧИД                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН

                                                                                  

                                   Ц.УРАНГУА