Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 120/ШШ2025/0018

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ж.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахнэхэмжлэл гаргасан.

Нэг . Хэргийн үйл баримт, процессын талаар

1.1 Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/306 дугаар захирамжаар тус сумын Төв цэнгэлдэхийн баруун хойд талд байршилтай, Биеийн тамир спортын байгууллага барих зориулалтаар 3500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн.

1.2 Хариуцагч ******* сумын Засаг дарга 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/98 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмших газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэх үндэслэлээр сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/306 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.3 Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн A/306 тоот захирамжаар тус сумын Төв цэнгэлдэхийн баруун хойд талд байршилтай, Биеийн тамир спортын байгууллага барих зориулалтаар 3500 м.кв газрыг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

“Техмаш консалтинг” ХХК-ийн нэр өөр байхад 2017 онд анх захирамж гарч байсан. Үүнээс хойш 2020 онд захирамж гарсныг мэдсэн боловч 2021, 2022, 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ковид-19 цар тахлын улмаас Монгол Улс түр хөл хорио тогтоосонтой холбоотой Өмнөговь аймгийн ******* сум руу очиж амжихгүй байсан. 2023 оноос үйл ажиллагаагаа явуулахаар 2020 оны захирамжийнхаа дагуу газрын даамалтай удаа дараа уулзаж газар эзэмших гэрчилгээ авах, гэрээ байгуулах талаар уулзсан боловч тодорхой шалтгаангүйгээр улсын бүртгэлд бүртгэхгүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээг мэдээллийн санд оруулж өгөхгүй байсан. Ингэж явсаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий газрыг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг цуцалсан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж гарахаас жил хүрэхгүй хугацааны өмнө бүртгэгдсэн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан. Тэгэхлээр газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь олгогдоогүй үед газрыг ашиглах боломжгүй тул Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/306 дугаартай “Хуулийн этгээд болон иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамжийг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжгүй байсан. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж гарсны дараа 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус газрыг цахим мэдээллийн санд бүртгэж буюу улсын бүртгэлийн дугаар олгогдсон. Энэ нь ямар учиртай логикгүй үйл явдал болсныг үүгээр тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан. Гэтэл нь улсын бүртгэлийн бүртгэл нь газар эзэмших эрхийг цуцалснаас хойш бий болсон. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.” гэж заасан. Улсын бүртгэлд бүртгүүлсний дараагаар газрын төлбөр тооцогдож эхэлнэ. Тийм учраас газрын төлбөр ерөөсөө тооцогдоогүй гэсэн үг. 

Ийм байхад Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6-д зааснаар газрын төлбөрийг төлөөгүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй байна. Үндэслэлгүй гэдгийг өмнө нь тайлбарласан тайлбаруудаас гадна яагаад үндэслэлгүй вэ гэдгийг дахиад дэлгэрэнгүй тайлбарлая. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий газар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр газрын төлбөр үүсэж эхэлсэн. Газрын төлбөрүүдийг төлсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа.

Мөн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг асуудал байгаа.Газрын тухай хуульд 2 жил дараалан гэж заасан байдаг. Хариуцагч 2017 оноос хойш газраа ашиглаагүй гэж тайлбарлаж байна. Тэгэхлээр 2017 оноос хойш Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/306  дугаартай “Хуулийн этгээд болон иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж гарахад 2017 оны захирамжийг хүчингүй болгоод гарсан. 2020 онд “*******” ХХК-ийн нэр дээр газар олгогдсон. Тэгэхээр 2017 оны асуудлуудыг ерөөсөө яригдахгүй 2020 оноос хойших асуудал яригдана. Газрын даамлын гаргаж өгсөн бүртгэлтэй холбоотой баримт бичгүүд дээр 2020 оноос тооцсон агуулга харагдаж байгаа. Газрын тухай хуульд заасан яг дараалсан 2 жил газраа ашиглаагүй гэдэг үндэслэлгүй байна. Газрын төлбөр төлөөгүй гэсэн боловч газрын төлбөр төлөх үндэслэл нь газрыг улсын бүртгэлд бүртгэснээрээ бий болно. Тийм учраас “*******” ХХК-ийн  газар эзэмших эрх, Газрын тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэв.  

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Нэхэмжлэгч "*******" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдахдаа "Ти Си Би Ай Ти" нэртэй байсан бөгөөд 2020 онд "*******" гэж нэрээ өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдэг. Нэхэмжлэгч "*******" ХХК-д буюу тухайн үеийн "Ти си би ай ти" ХХК-д сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/141 дугаар захирамжаар нэгж талбарын 4604001944 дугаартай, спорт заалны барилга зориулалтаар цэнгэлдэхийн баруун хойд талд хаягт 15 жилийн хугацаатайгаар төсөл сонгон шалгаруулалтын аргаар газар эзэмшүүлж газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Улмаар эзэмшигч компанийн нэр өөрчлөгдсөн тул "*******" ХХК-ийн өргөдлийн дагуу сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/306 дугаартай захирамжаар газар эзэмшигчийн нэрийг "Ти би ай ти" ХХК гэснийг "*******" ХХК гэж өөрчлөлт оруулсан.

2020 онд нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/306  дугаартай “Хуулийн этгээд болон иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж гарсан ийм асуудал байгаа гэдгийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх.Ингээд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 153 дугаартай мэдэгдэх хуудсыг хүргүүлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасны дагуу биечлэн сонсох ажиллагааг явуулсан. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрыг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжтой.

Нэхэмжлэгч 2017-2025 оны хугацаанд ямар нэгэн байдлаар газрыг ашиглаагүй, инженерийн дэд бүтэц эхлүүлээгүй, газрын албаны үзлэгийн актын зураг баримтаар тогтоогдож байгаа. Мөн шүүхээс тус маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийсэн. Нэхэмжлэгч талаас хэдийгээр газар дээр барилгын ажил, ажлын зураг төслийг боловсруулсан гээд хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Гэхдээ нотлох баримтаар ямар нэг байдлаар барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ нь одоо авагдаад байгаа. Газрын тухай хуульд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаарх дүгнэлт хийсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай тогтоол байна.

Бодит нөхцөл байдал дээр “*******” ХХК нь маргаан бүхий газраа ямар нэгэн байдлаар зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдчихсон. Ирүүлсэн нотлох баримтуудын хувьд Газрын тухай хуульд заасны дагуу ашигласан гэх үйл баримт нь нотлох баримт болохгүй байна. Нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн байна. Газрын гэрчилгээг цуцалсны дараа гэрээ байгуулагдчихсан байна гэсэн үйл баримтыг нэхэмжлэгч талаас ярьж байна. Газрын даамлын хэлж байгаагаар газрыг цуцалсны дараа egazar.mn систем рүү *******” ХХК  нь өөрийн эрхээр нэвтрэн гэрээг зөвшөөрөх гэдэг дээр дарчихсан байсан. Тийм учраас маргаан бүхий захирамжийн дараа гэрээ байгуулагдаад байгаа юм шиг логикгүй, ойлгомжгүй үйл явдал болсон гэж нэхэмжлэгч талаас хэлээд байна. Гэтэл *******” ХХК өөрсдөө гэрээ зөвшөөрөх гэдэг товчийг дарснаас шалтгаалаад ийм үйл явдал болсон гэдгийг өөрсдөө сайн мэдэж байгаа гэж бодож байна.

Газрын төлбөрийг төлөөгүй талаар тайлбарлая. Нэхэмжлэгч тал 2017-2025 оны хугацаанд газар дээр ямар нэгэн нэхэмжлэх ирүүлээгүй, цахим системд бүртгээгүй учраас газрын төлбөрийг төлөх боломж бүрдээгүй. Тийм учраас газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, зөвхөн газрын даамлын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газрын төлбөрийг төлж чадаагүй гэж байна. Мөн адилаар Татварын ерөнхий хуульд зааснаар газрын төлбөрөө төлөх нь төлбөр төлөгчийн үүрэг байдаг. Хэдийгээр газрын нэхэмжлэхийг үүсгэх нь тодорхой процессын дагуу явдаг үйл ажиллагаа гэсэн газрын төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй байгаа нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх тайлбар нь үндэслэлгүй байна.  Маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлд заасан захиргааны акт нь бодит нөхцөл байдалд тулгуурласан, зорилгодоо нийцсэн үндэслэлтэй байх, шийдвэр гаргахын өмнө талуудыг сонсох ажиллагааг хийсэн, хэрэгжүүлэх шаардлагуудыг хангачихсан гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “…Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор  гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар гэрээ гэрчилгээ олгогдоогүй тул газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй, газрын төлбөрийг төлж чадахгүй байсан… газар эзэмших эрх олгосны дараа Ковид-19 цар тахал гарч, улсын хэмжээнд хөл хорио тогтоосон, гэрээ байгуулахаар газрын даамалтай удаа дараа уулзсан боловч улсын хэмжээнд газар эзэмшүүлэх ажиллагаа зогсож, систем хаагдсан тухай хариу өгч, гэрээ гэрчилгээ олгогдоогүй...” гэж тайлбарлан маргасныг шүүх үндэслэлтай гэж дүгнэв.

3. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч  “*******” ХХК-д      “Ти Си Би Ай Ти” ХХК нэртэй байхад нь (хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хх-34 дэх тал) Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар нэгж талбарын 4604001944 дугаар бүхий 3500 м2 газрыг спорт заалны барилга,  байгууламжийн зориулалтаар, 15  жилийн хугацаатай эзэмших эрх олгож,  тус сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/306 дугаар захирамжаар уг газрыг шинээр эзэмшүүлсэн байна.

4. Ийнхүү олгохдоо анх эзэмших эрх олгосон  ******* сумын Засаг даргын 2017 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн А/141 дүгээр захирамжийг хүчингүйд тооцжээ.

5. Маргаан бүхий захирамж нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэл болгож,  нэхэмжлэгч “*******” ХХК  нь газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заажээ.

7. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө””, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна”. 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна гэж”, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэгтэй. 

8. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

9. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

10. Дээрх тайлбараас авч үзвэл, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу бусдын хууль бус үйлдэл зэрэг газар ашиглагчаас хамаарах шалтгаан байхгүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

11. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 3-д “Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж зохицуулжээ.

12. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр нь дангаараа эрх үүсгэхгүй, харин эрх үүсгэх урьдчилсан нөхцөл болох ба эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийг үндэслэн газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлснээр газар эзэмших эрх үүсэхээр байна.

13. Маргаан бүхий Засаг даргын захирамж гарсны дараа 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн 0000359058 дугаар гэрчилгээ олгосон болон гэрээ байгуулсан  мэдээллийг цахим санд оруулсан, улмаар газрын төлбөрийн тухайн өдөрт төлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарах үед гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ аваагүй байсан нөхцөл, байдлын талаар талууд маргаагүй.

14. Нэхэмжлэгчээс гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар хүсэл сонирхлоо илэрхийлсэн идэвхтэй үйлдэл гүйцэтгэж байсан боловч хариуцагч захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаан байсан зэрэг бодит нөхцөл байдлыг  тодруулаагүй, шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

15.Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96, 2025 оны 19 дүгээр тогтоолуудаар “Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүх нийтийг хамарсан хөл хорио, өндөржүүлсэн байдал тогтоосны улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна” гэж тайлбарласан.

16. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “...Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаас  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд шинээр газар олгохгүй байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон... 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цагаас эхлэн Газрын удирдлагын нэгдсэн системд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх болон тус төрлүүдээр шийдвэрийн төсөл үүсгэх үйл ажиллагааг түр зогсоож байгаа...” тухай мэдэгдэж, нийтэд ил тодорхой мэдээлж байжээ.

17. Иймд нэгэнт гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ нь нэхэмжлэгчээс хамааралгүй байх тул газар эзэмшигчийн хүлээх үүргийг нэхэмжлэгчээс шаардах хууль зүйн үндэслэлгүй.

  18. Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

19. Хариуцагчаас газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлийн талаар сонсох ажиллагаа явуулсан боловч уг ажиллагаагаа бүрэн явуулаагүй, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох талаар гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй байгаа талаар сонссон атлаа газар эзэмших эрхийг дуусгавар болгох саналаа хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй,  нөхцөл байдалд тохирсон санал гаргаагүй байна гэж үзэхээр байна.

20. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэлийн талаар сонсох ажиллагаа явуулсан боловч бодит байдлыг тогтоогоогүй, мөн түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны өөрийн эс үйлдэхүйн улмаас “*******” ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийг гэрчилгээг олгоогүй атлаа газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн  дээр дурдсан зохицуулалтад нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзээд ******* сумын Засаг дарга 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/98 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  40 дүгээр  зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.БАЯРМАА