Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01506

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01597 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Ч-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар Б ХХК-, Д.Ч- нараас төлбөр гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207001487 дугаартай, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Горхийн баруун салаа, Өндөр улааны байрлалтай 10 000 м.кв талбай бүхий аялал жуучлалын зориулалттай тусгай хэрэгцээний газар ашиглах эрхийг тус тус 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20290802/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 20290802/04 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сард мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй, үнэлгээний тайланг огт танилцуулаагүй. Анхны албадан дуудлага худалдаа явагдсан байсныг 2021 оны 02 дугаар сард мэдсэн даруйдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгээ холбогдож, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч н.Д-тай гэрээ байгуулсан. Өмгөөлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр НШШГГ- очиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцахад үнэлгээний тайлан мэдэгдлийг цахим шуудангаар хүргүүлсэн байх гэж хэлээд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн нэг ч баримт байхгүй, хууль зөрчсөн олон зүйл байсан. Түүнчлэн үнэлгээний мэдэгдэл, тайланг эх хувиар болон хуулбар үнэн дарж өгөлгүй, зөвхөн зургийг дарж танилцах боломжоор хангасан. Бид үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгөх боломжүй байна. Үнэлгээний тайлантай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр танилцахад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийсэн арга нь худал бичигдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1074 дугаар захирамжаар Б ХХК болон Д.Ч- нараас 2 250 660 000 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Горхийн баруун салаа, Өндөр улааны байрлалтай 10 400 м.кв талбай бүхий аялал жуучлалын зориулалттай тусгай хэрэгцээний газарт байрлах 1,4га аялал жуучлалын зориулалттай тусгай хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсэж, төлбөр төлөгч Б ХХК болон Д.Ч- нарт мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээ тогтоох шинжээч томилоход 3 206 356 241 төгрөгөөр үнэлсэн, энэ тухай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа болон 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үүсч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу талуудад мэдэгдэх хуудсаар мэдэгдээд Б ХХК болон Д.Ч- нар Б.Ц-д итгэмжлэл олгосны дагуу тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ аваад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан хугацаанд мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн хугацаанд нь битүүмжилсэн, сайн дураар төлөх мэдэгдлийг өгөөд хураасан байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- нь битүүмжлэх, хураах ажиллагааг 1 өдөр хийгээч гээд хүсэлт гаргасан боловч хураах тогтоолоос хойш 1 сарын хугацаанд үнэлгээг хийгээгүй байсан учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 1 удаа хүчингүй болгоод, дахиад хураах тогтоол үйлдээд хуулийн хугацаанд үнийн саналыг авсан байдаг. Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн өгсөн үнийн саналыг А ХХК хүлээн зөвшөөрөөгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй гэдэг үндэслэлээр хөндлөнгийн шинжээчээр СЭ ХХК-ийг томилсон. Тухайн хөрөнгийг үнэлэхдээ 3 аргаар үнэлсэн 2 аргыг нарийвчилж хийсэн. Өртгийн аргаар 1,8 тэрбум төгрөг, зах зээлийн аргаар 3,2 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээг хангалттай сайн үнэлсэн, хүчин төгөлдөр гэж А ХХК-ийн зүгээс үзэж байна. Үнэлгээний мэдэгдлийг мэдэгдээгүй гэж байгаа боловч дэлхий нийтэд гарсан Ковид- 19 өвчний улмаас бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио тогтоосон үед үнэлгээний тайлан гарсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт зааснаар цахим шуудангаар явуулсан. Хариуцагч Д.Ч-, Б ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч н.Б нарт мэдэгдлүүдийг өөрсдийнх нь харилцах и-мэйл хаягаар явуулсан ба хариуг нь авсан гэсэн хариу ирсэн. Үүний дараа анхны болон хоёр дахь дуудлага худалдаа болсон үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан дуудлага худалдаанууд хойшлогдсон учраас 1, 2 сард дуудлага худалдаа явагдсан. Энэ дуудлага худалдааны мэдэгдлүүдийг мөн цахим шуудангаар явуулсан. Тухай бүрд тэмдэглэл хөтөлж утсаар ярьсан. Мөн хоёрдох дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн гэрийн хаягаар явуулсан нь шуудангийн тамгаар нотлогдож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулаад төлбөр төлөхөөс зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 05924 дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын үйлчлэл дуусгавар болсоныг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: Хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биечлэн оролцож, Д.Д /ШТҮД:3013/-ыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлосон шүүх хуралдаантай буюу хурал давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг баримтын хамт тус тус гаргасан. Гэтэл шүүх өмнө нь өмгөөлөгч авах хүсэлтийг хангасан, өмгөөлөгч сонгосон эсэх нь тодорхойгүй, өмгөөлөгч Д.Д тухайн хэрэгт өажиллах болсон талаар нотолсон баримтгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт гаргаж, хүсэлтийг хангаагүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч Д.Д-ын шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаарыг дурдаж, өмгөөлөгч нь хүсэлтдээ уг иргэний хэрэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцож байгаа тухайгаа хангалттай илэрхийлсэн. Ийнхүү шүүх нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, мэтгэлцэх эрхэнд халдаж байна гэж үзсэн тул шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзан гарч байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гарсан тул Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжпүүлж илт хууль зөрчиж, хэт нэг талд ашигтай, давамгай байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлсэн тухай шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа боловч шүүхийн шийдвэрт энэ тухай дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Ариг банк ХХК-ийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцжээ. /хх1-2, 91/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/01074 дугаар захирамжаар хариуцагч Б ХХК, Д.Ч- нар нь нэхэмжлэгч А ХХК-д 2 150 660 997.80 төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 43-46/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Б ХХК-ийн өмчлөлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Горхийн баруун салаа, Өндөр улааны ард байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001487 дугаартай, 10 000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 1,4 га талбайтай аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй газартай Баялаг ресорт нэртэй амралтын газрыг үнэлүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Ч- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргажээ. /хх 1-2/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн /хх-48/, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /хх- 53,54/, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийг хураасан ажиллагаа /хх-67,70/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Улмаар битүүмжлэн, хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг 2021 оны 09 сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 09 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-д гардуулсан, тэдгээрээс гаргасан нийт 6 800 000 000 төгрөгийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй байна. /хх-63, 64,71/

 

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх-73,74/

Шинжээч СЭ ХХК нь тогтоолд заагдсан эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн болон орлогын, өртгийн хандлагын аргыг ашиглаж, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийн эцсийн үнэлгээг хийсэн, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дурдсан эд хөрөнгө нь 3 206 356 241 төгрөгийн зах зээлийн үнэ цэнэтэй гэсэн үнэлгээний дүгнэлт үйлдэн, үнэлгээний тайлангаа 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч байгууллагад хүлээлгэн өгчээ. /хх 79-112/ Шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлал, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийсэн арга нь худал бичигдсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь шинжээчийн үнэлгээний талаарх 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20290802/05 дугаар Мэдэгдэл-ийг /хх-113/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт төлбөр төлөгч нарын цахим шуудангаар илгээжээ. /хх-119,128/

 

Мэдэгдлийг цахим шуудангаар хүлээн авсан этгээд нь Б ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байхаас гадна төлбөр төлөгч нарын оршин суух хаягт амьдардаг талаар Шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан, мэдэгдэл бүхий цахим шууданг хүлээн авсан талаарх гар утасны зурвас хэрэгт авагдсан байх тул үнэлгээний тайлангийн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүргүүлсэн гэж үзнэ. /хх-120, 129/

 

Мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах хугацаа, байршил зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4-173/266 дугаар Мэдэгдэл-ээр төлбөр төлөгч Б ХХК-, Д.Ч- нарт МШ ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хэргийн 134-136 дахь талд авагдсан баримтаар авагдсан байна.

 

Дээрх баримтуудаар үнэлгээний мэдэгдлийг хүргүүлээгүйгээс анхны албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ч-ын гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлүүдээр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Учир нь, анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч буй талын хүсэлтээр тодорхойлогдох /хх163-165/ ба эрх зүйн туслалцаа авах боломжийг шүүхээс олгосон тул үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй өмгөөлөгч Д.Д-ын хүсэлтийг шүүх хангаагүйг нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 179-180/-ээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаагүй, харин хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчээс татгалзсан нь хуульд заасан татгалзан гаргах үндэслэл биш болно.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ