| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/06170/И |
| Дугаар | 191/ШШ2025/01421 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/01421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х******* дүүргийн **** байранд байрлах, ******* банк ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ****** тоот хаягт оршин суух, Ж******* овогт Б******* Ч /регистрийн дугаар:ЧМ/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 41,139,787.86 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч Д.Д, Б.Ч нартай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14/267 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 18,800,000.00 /Арван найман сая найман зуун мянга/ төгрөгийг сарын 3.1 хувь, жилийн 37.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон.
Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлдэгч Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан талаар хамтран зээлдэгч Б.Ч нь мэдэгдсэн болно.
Зээлдэгч Д.Д, Б.Ч нарын зээл нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 8,834,620.35 /Найман сая найман зуун гучин дөрвөн мянга зургаан зуун хорин төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, Зээлийн үндсэн хүү 27,744,308.88 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 4,560,858.63 төгрөг, Нийт 41,139,787.86 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Чаас Зээлийн гэрээний 4.2.2, Банк, эрх бүхий эггээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 41,139,787.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн зээлийн үлдэгдэл болох 8,834,620 төгрөгийг төлөх боломжтой. Үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд хүү, алданги зогсоох хүсэлтийг удаа дараа гаргасан. Миний хүсэлтийг харгалзан үзэх боломжгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Банкинд гаргасан миний хүсэлтүүдийг хавсаргаагүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Б.Ч холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,834,620.35 төгрөг, зээлийн үндсэн хүү 27,744,308.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,560,858.63 төгрөг, нийт 41,139,787.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө дугаартай бүртгэлтэй, Улаанбаатар хот, Б******* дүүргийн ********* тоот хаягт байрлалтай 70 м.кв талбайтай хувийн сууц, дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлалтай 350 м.кв талбайтай газараар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь үндсэн зээлдэгч нас барсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 8,834,620 төгрөгийг төлөх боломжтой, хүү, нэмэгдүүлсэн хүү зогсоох хүсэлтийг банк харгалзан үзэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэх хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
4. Шүүх, нэхэмжлгэчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. ******* банк нь Д.Д, Б.Ч нартай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 14/267 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нийт 18,800,000 төгрөгийн зээлийг Санхүүгийн түрээс зориулалтаар 36 сарын хугацаатай, гэрээний хавсралт №1-д зааснаар хүү төлөхөөр хуваарь тогтоож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр 14/267 дугаартай, Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулж, дугаартай бүртгэлтэй, Улаанбаатар хот, Б******* дүүргийн *******тоот хаягт байрлалтай 70 м.кв талбайтай хувийн сууц, дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлалтай 350 м.кв талбайтай газар, 19-10 УББ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тус тус барьцаалжээ.
6. Талуудын байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зохицуулалтад хамаарах үндэслэл тогтоогдоогүй ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул уг гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 156 дугаар зүйлд зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
7. Зээлдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн зээлийн төлбөр 8,834,620.35 төгрөг, зээлийн үндсэн хүү 27,744,308.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,560,858.63 төгрөг, нийт 41,139,787.86 төгрөг болох нь хэрэгт авагдсан гэрээний хавсралт №1-д заасан Санхүүгийн түрээс, түүний хүүг буцаан төлөх хуваарь, тоот Зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх байх тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч нь зээлдэгч Д.Д 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барснаар хамтран зээлдэгч Б.Чаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ., 242.2.-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж тус тус заасантай нийцсэн байна.
9. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэлийг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх агуулгатай хариу тайлбар гаргасан боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ.
10. Хариуцагч нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.Чаас зээлийн гэрээний үүрэгт 41,139,787.86 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө дугаартай бүртгэлтэй, Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт байрлалтай 70 м.кв талбайтай хувийн сууц, дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлалтай 350 м.кв талбайтай газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 433,849 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 433,849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА