Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 120/ШШ2025/0019

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.*******

       “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С.*******, хариуцагч Н.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, түүний өмгөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах

Нэг. Хэргийн үйл баримт, процессын талаар

1.1 “*******” ХК-ийн Тээвэр логистикийн газрын Нүүрс ачилт логистикийн төвийн ачаа вагон хүлээлцэх ажилтан Ч.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө амьдрах байрандаа байхдаа бие нь өвдөж, уурхайн эмчид үзүүлэн улмаар Өмнөговь аймгийн Бүсийн эмчилгээ, оношилгооны төвд хагалгаанд орох явцдаа нас барсан бөгөөд компанийн зүгээс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасныг үндэслэн дээрх тохиолдлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хамаарахгүй гэж шийдвэрлэснийг төрсөн дүү болох Ч.******* нь эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гомдол гаргасан байна.

1.2 Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг гаргажээ.

1.3 Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг Ч.*******од 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 160 дугаар албан бичгээр, “*******” ХК-д 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдэгдэж, хүргүүлсэн байна.

1.4 Нэхэмжлэгч *******” ХК  улсын байцаагчийн дүгнэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гардан авч, нэхэмжлэлээ 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шууданд хийж, шүүхэд хүргүүлсэн.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

          2.1 Нэхэмжлэгч *******” ХК-иас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“*******” ХК-ийн Тээвэр логистикийн газрын Нүүрс ачилт логистикийн төвийн ачаа вагон хүлээлцэх ажилтан Ч.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө амьдрах байрандаа байхдаа түүний бие нь өвдөж, уурхайн эмчид үзүүлж улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлэгт үзүүлсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар биеийн байдал муудаж, улмаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан бөгөөд компанийн зүгээс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын 2.1.1-д заасныг үндэслэн дээрх тохиолдлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хамаарахгүй гэж шийдвэрлэснийг төрсөн дүү болох Ч.******* нь эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гомдол гаргасан байна.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.******* нь Ч.*******ын гаргасан гомдлыг 2025   оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №07/27-02/129/02 дүгнэлтээр шийдвэрлэн, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 160 дугаар албан бичгээр дээрх дүгнэлтийг Ч.*******од хүргүүлсэн байна. Ч.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “*******” ХК-д гомдол гаргасан бөгөөд уг гомдолд Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг хавсарган ирүүлсэн, мөн “*******” ХК-ийн салбарт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлснээр манай компанийн зүгээс уг дүгнэлт гарсан байсныг мэдсэн.

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дүгнэлтэд “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын 2.1.4-т заасан тохиолдолд хамаарч байх тул хянан баталгаажуулах дүгнэлт үйлдэв” гэж тусгасан нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь, дээрх журамд заасан “...ажлын байрандаа амрах” гэдэг нь өөрийн үндсэн чиг үүргийг гүйцэтгэх байрандаа амрах агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд Ч.*******ийн хувьд тухайн өдөр гүйцэтгэх ажлыг гүйцэтгэж буюу ажлын цаг дуусаж, уртын ээлжээр ажилдаг ажилтны хувьд амьдрах байранд байхад биеийн байдал муудаж, улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын үзлэг оношилгооны төвд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, яаралтай хагалгаанд орж байхдаа нас барсан тул Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас тогтоосон ажлын байрандаа амрах үед Үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх хуулийн болон журмын агуулгаас үзэхэд хөдөлмөр эрхлэгч иргэн ямар хүчин зүйлийн үйлчлэлд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан тохиолдлыг “үйлдвэрлэлийн осол” гэж үзэхээр байхад Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны №07/27-02/129/02 тоот дүгнэлтээр уг хуулийн шаардлагыг харгалзахгүйгээр буюу уртын ээлжээр ажилдаг ажилтны хувьд амьдрах байранд биеийн байдал муудаж, улмаар нас барсан байхад ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах” гэдэгт зохицуулалтад хамааруулж байгаа нь хууль болон журмыг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаас үзэхэд уртын ээлжээр ажиллах ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, нэг өдрийн ажил гүйцэтгэх хугацаа 12 цагаас илүүгүй байхаар зохицуулагдаж манай компанийн зүгээс ажилтны цалин хөлсийг 8+4=12 цаг гэж бодож олгодог. Уртын ээлжийн онцлог зохицуулалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн дүгнэлтэд буруу тайлбарлан хэрэглэж, компанийн эрх ашгийг зөрсөн гэж үзэж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан актад гомдол гаргах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын зохицуулалтад маргаан бүхий актыг зөвшөөрөхгүй бол эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шийдвэрлэсний дараа шүүхэд хандана гэсэн зохицуулалт байхгүй буюу уг зохицуулалт сонгох боломжтой эрх зүйн зохицуулалт байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь татан буугдсан. Тиймээс манай компанийн зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхийн байгууллагад хандсан болно.

Иймд “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” №07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн үндэслэлийн талаар нотлох баримтаас эхлэн тайлбарлая. *******” ХХК-ийн тээвэр логистикийн газрын Нүүрс ачилт акустикийн төвийн ачаа буулгах, хүлээлцэх ажилтан Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө амьдрах байрандаа байхдаа бие нь өвдөж уурхайн эмчид үзүүлэн улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлэгт шилжүүлсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлгээс зүрхний яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оношилгоо,  эмчилгээний төвд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 11 минутад хүргэгдсэн. Эмнэлэгт хэвтээд зүрхний хагалгаанд орж байх үедээ буюу 15 цаг 30 минутад нас барсан бөгөөд нас барсны гэрчилгээнд зүрхний цочмог шигдээс гэсэн оношийг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. Эрүүл мэндийн шалтгаанаар биеийн байдал муудаж улмаар эмнэлэгт хүргэж нас барсан бөгөөд нэхэмжлэгч *******” ХХК-ийн компанийн зүгээс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасныг үндэслэн дээрх тохиолдлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хамаарахгүй гэж шийдвэрлэсэн. Тус хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэж заасан тохиолдолд хамаарч байх тул хянан баталгаажуулах дүгнэлт үйлдэв гэж тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д “... дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж заасан.

Тус дүрэмд заасан ажлын байрандаа амрах гэдэг нь үндсэн чиг үүргийг гүйцэтгэгч байрандаа амрах агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд талийгаачийн хувьд тухайн өдөр гүйцэтгэх ажлыг гүйцэтгэсэн буюу ажлын цаг дуусаж, уртын ээлжээр ажилладаг ажилтны хувьд амьдрах байр буюу 14 хоног амьдрах байранд байх үед буюу өглөөгүүр бие нь өвдөж, улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ авч байх үедээ нас барсан тул хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн тогтоосон ажлын байрандаа амрах үед үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” гэж, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж тус тус нарийвчлан зохицуулсан. Дээрх хууль, дүрмийн агуулгаас үзэхэд хөдөлмөр эрхлэгч иргэн ямар нэгэн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр хуульчилсан байхад хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт уг хуулийн шаардлагыг харгалзахгүйгээр буюу уртын ээлжээр ажилладаг ажилтны хувьд амьдрах байранд биеийн байдал муудсаны улмаас нас барсан байхад ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах гэдэг зохицуулалтад хамруулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж *******” ХХК-ийн зүгээс үзэж байна. *******” ХХК-ийн хувьд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтнууд өглөөний 07 цагаас оройн 19 цаг хүртэл 12 цагаар ажилладаг. Дээрх хуваарийн зохицуулалтаар уртын ээлжээр ажиллаж байгаа ажил гүйцэтгэх хугацааг уртын ээлжийн онцгой зохицуулалтыг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд буруу тайлбарлан хэрэглэж “*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №07/27-02/129/02 дугаартай “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү...”  гэв.

2.3 Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2002 онд Хөдөлмөрийн тухай хуульд уртын ээлжийн горим гэх онцгой зохицуулалтууд нэмэлт, өөрчлөлтөөр орсон. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргаанууд нь уртын ээлжээр ажиллуулахтай холбоотой маргаан ихээхэн гарах болсон. Нэхэмжлэгч “*******” ХХК нь уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаандаа уртын ээлжийн горимыг хэрэглэдэг компани.  Тус компани нь ажлын байр гэх асуудалтай холбож маргаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д  "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;” гэж тодорхойлон хуульчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор “*******” ХХК-ийн тухайн байр нь ажлын байранд хамаарч байна. Мөн компанийн дотоод журам, аюулгүй ажиллагааг хангах олон зохицуулалт, журмууд “*******” ХХК-д байдаг.

Дараагийн асуудал болох уртын ээлжийн горим гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д “Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох...” гэж зааж өгсөн байх тул тухайн ээлжээр ажиллаад ирж байсан ажилтны хувьд ажлын цагт хамаарч байна. Мөн гэрээсээ гарч ажлын байр луу явах хүртэл цаг хугацааг ажилласан цаг хугацаандаа оруулж тооцдог. Маргаж байгаа тус тохиолдлыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “... дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж тодорхой зааж өгсөн. Өвчилсөн асуудал дээр мэргэжлээс шалтгаалсан, хурц хордлого эсхүл ердийн өвчлөл гэж тодорхой заагаагүй бүх өвчилтүүд орсон байдаг. Тухайн тохиолдлыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.4-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэх заалтыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Уг заалтад “ажлын байрандаа амрах” гээд тодорхой заасан байдаг. Тухайн үед ажилдаа гарах гээд ажлын байрандаа ирээд амарч байх үед биеийн байдал нь муудаад улмаар нас барсан үйл явдал болсон байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;” гэж заасныг аж, ахуйн нэгжүүд зөвхөн үйлдвэрлэлийн хүчин зүйлийг гэж ойлгоод байдаг талтай. Мөн бусад хүчин зүйл гэсэн асуудал байдаг. Үүнд ямар нэгэн үйлдвэрлэлийн хүчин зүйлүүд, мөн хими, физик, биологи, нийгэм, сэтгэл зүй гээд олон хүчин зүйлүүд байдаг. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалаад ямар нэгэн өвчилтүүдэд хүрч болзошгүй байгаа. Энэ талаар “*******” ХХК нь үйлдвэрлэлийн ослын тохиолдлоо судалж ирүүлээгүй...” гэв.

2.4 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, түүний өмгөөлөгч О.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчид хандсан шалтгаан нь миний ах Ж.******* нь ажлын байр нь дээрээ байхдаа нас барьсан болохоор дүгнэлт гарсан байх гээд 2025 оны 02 дугаар сар хүртэл хүлээсэн. Тус дүгнэлтийг хүлээгээд ирэхгүй болохоор нь ар гэрт нь дүгнэлтийн хүргүүлээгүй байна гэж ойлгоод Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт миний дүүтэй холбоотой гарсан дүгнэлтийг ирүүлнэ гэж гомдол гаргасан. Гэтэл “*******” ХХК нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаагүй, компанийнхаа дотоод комиссоор үйлдвэрлэлийн осол биш гэж 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн байсныг би сүүлд мэдсэн. “*******” ХХК-ийн тухайн шийдвэрлэсэн дүгнэлтэд уг комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Мэргэжлийн хяналтын газар хандаж болно гэсэн байсан. Мэргэжлийн хяналтын газар татан буудчихсан тул би зөв газартаа хандсан гэж бодож байна. Ар гэрт нь тухайн гаргасан дүгнэлтээ ирүүлээгүй байж зөвшөөрөхгүй бол гэж хэнд хандсаныг нь ойлгохгүй байна. “*******” ХХК-ийн комиссын хурлаар эмнэлгийн анхан шатын тусламж авсан, эмнэлэгт нас барьсан болохоор манай компанид хамаагүй гэх шийдвэрийг гаргасан. Гэтэл өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэн нас барьсан байдаг. Учир нь анхан шатын тусламжийг оройтож авснаас болж нас барьсан. Миний ах Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой надтай утсаар ярьсан. Утасаар ярихад ажлаа тараад явж байна гээд амьсгаадаад ярьсан. Яагаад амьсгаадаад байгаа талаар асуухад өнөөдөр цээжээр жоохон өвдөөд, эмчид үзүүлсэн, эм өгөөд ажилд гаргасан гэж хэлсэн. Зүрхний шигдээс эхэлж байх тэр үед нь ажилд нь гаргачихсан. Маргааш нь амралтын өдөр байсан. Эмчдээ үзүүлээд эмчилгээ хийлгэчихсэн болохоор гайгүй байх гэж итгээд би маргааш нь ахтайгаа утсаар яриагүй. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу нэг дэх өдрийн өглөө ах маань эгч рүү яриад би зүрхний шигдээс болсон гэж хэллээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Интермед эмнэлгийн салбар луу шилжүүлж байна гэж ярьсан байсан. Тэгэхээр нь би ахынхаа утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Над руу 14 цаг өнгөрөөд өөрөө залгасан одоо надад хагалгаа хийх юм шиг байна, ар гэрээс нь хүн ир гэж байна гэхэд нь очиж байгаа, Улаанбаатар руу ирэх боломжгүй байна уу? гэхэд эмч ороод ирлээ гээд утсаа тасалсан. Энэ дуудлага нь бид хоёрын сүүлийн дуудлага байсан. Хагалгааны ажилтан над руу залгаад энд хагалгаанд орох нь Ж.******* ах намайг гарын үсэг зурчих гээд байна би зурчих юм уу гэсэн. Би Улаанбаатар хот руу ирэх боломжгүй юм уу? гэхэд зүрхний шигдээс болоод 24 цагаас дээш болчихсон байна одоо яаралтай орохгүй бол болохгүй гэх зүйлийг надад хэлсэн. Үүнээс үзэхэд ажлын байран дээрээ эмчид үзүүлж байхдаа зүрхний шигдээс болчихсон байсан гэсэн үг. Тухайн өдөр яаж зовж ажлаа хийж дуусгасан бол гэж бодохоор миний зүрх өвдөж байна. Тухайн ажлын амьдрах байранд ганцаараа байдаг хүн ажлаа орхиод эмнэлэгт үзүүлэхээр явж болохгүй болохоор эмчдээ үзүүлээд итгэхээс өөр аргагүй байсан. Тухайн эмч сэтгэлтэй, хариуцлагатай, чадвартай байгаад 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөө арга хэмжээ авчихсан бол дараагийн шатны эмнэлэгт шилжүүлээд эмчлэгдчихсэн байх байсан. Зүрхний шигдээс гэдэг өвчин эмчлэгддэггүй өвчин биш эмчлэгддэг өвч. Хамгийн гол асуудал нь оройтож эмнэлэгт хүргэгдсэнээс болж нас барсан байдаг.

 “*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яаралтайгаар Улаанбаатар хотод хуралдсан байдаг. Өөрөөр хэлбэл, талийгаачийг эмнэлэгт нас барлаа гэх мэдээллийг хүлээж авснаар хуралдсан гэх тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Тус тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байхдаа нас барсан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж шийдвэрлэв гэх шийдвэр гаргачихсан. Тухайн шийдвэрээ ямар нэгэн байдлаар мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэдэгдээгүй. “*******” ХХК нь тухайн тохиолдлыг ямар байдлаар шийдвэрлэсэн нь хамаагүй Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргээ ажил олгогч нь биелүүлээгүй, ажлын байрандаа биш эмнэлэгт 2 шатын эмнэлгийн тусламж авсны дараа нас барьсан учраас нэхэмжлэгч компанид хамаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;” гэж заасны дагуу ажил олгогчийн үүрэг. Тус тогтолцооны нэг хэсэг нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс байна. Энэхүү комисс нь хуулийн дагуу байгуулагдсан байна. Комиссын зорилгыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.” гэж маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тухайн хүний өвчлөлийн талаарх шалтгааныг тогтоох үүрэгтэй байсан. Тодруулбал, зүрхний цочмог дутагдал гэх өвчлөл нь үйлдвэрлэлийн бус хүчин зүйл буюу хими, физик, нийгэм, сэтгэл зүйн, бусад хүчин зүйлс, магадгүй хэт ачаалалтай ажиллаж байсан эсэх, ажлын байрны стресс, бусад уур бухимдалтай тулгарсан уу гэх зэргээр тогтоох үүрэгтэй байсан. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр тухайн хүний ажилладаг ачилтын газар нь тоосжилттой газар эсэх, энэ нь зүрхний цочмог дутагдалд хүргэх болзошгүй байсан уу гэх талаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс ажиллаагүй. Өөрөөр хэлбэл ослын талаар судлаагүй байгаа нь “*******” ХХК-ийн хууль бус үйлдлийг нотолж байна. Энэхүү хууль бус үйлдлийг хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч илрүүлж эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу захиргааны акт гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д улсын байцаагчид эрх мэдэл нь олгогдсон байдаг. “*******” ХХК нь талийгаач Ж.*******ийн тухайн нөхцөл байдлыг тохиолдлоор бүртгэж судлаад шалтгаан нөхцөлийг нь тогтоож холбогдох байгууллага болон ар гэрт нь мэдэгдэх үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ биелүүлээгүй байгаа ажил олгогчийн буруутай үйлдлийг олж тогтоосон нь хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн захиргааны акт нь хууль ёсны үйлдэл байна. Иймд тус маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  №07/27-02/129/02 дугаартай “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч  “******* ХК “...хөдөлмөр эрхлэгч иргэн ажлын байрандаа болон ажил эрхлэх явцдаа ямар нэгэн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан тохиолдлыг “үйлдвэрлэлийн осол” гэж үзнэ, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, яаралтай хагалгаанд орж байхдаа нас барсан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй...” гэх агуулгаар  Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны №07/27-02/129/02 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-д заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 3.11-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана.” гэж журамласан байна.

4. Хууль, дүрмийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс  үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд тус осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээсэн ба үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах, мөн улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын актыг зөвшөөрөөгүй, осолдогч нас барсан  бол өөрөө бие даасан дүгнэлт гаргахаар байна.

5. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар:

   5.1  Ч.******* нь ажлын байранд байхдаа эрүүл мэндийн байдал нь муудан, улмаар эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байх үедээ нас барсан болох нь тогтоогдож байна.

    5.2  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/458 тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс “...Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, яаралтай хагалгаанд орж байхдаа нас барсан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй ” гэж дүгнэсэн байна.

5.3 Улмаар  талийгаачийн төрсөн дүү Ч.******* Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гомдол гаргасны дагуу тус газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.******* хянан баталгаажуулах үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийж гүйцэтгэн, тохиолдлыг хянан баталгаажуулах улсын байцаагчийн 07/27-02/129/02 дугаар дүгнэлтийг гаргасан. 

6. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 2025 оны 04 дүгээр сарын   03-ны өдөр  07/27-02/129/02 дугаар үйлдвэрлэлийн осолд тооцсон талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах бүрэн эрх”-тэй гэж хуульчилсантай нийцсэн гэж үзнэ. 

7. Учир нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгохоор зохицуулсан, “Эрдэнэс таван толгой” ХК нь уртын ээлжээр ажиллуулах горимыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг, Ч.******* нь ажлын хуваарийн  дагуу уртын ээлжийн ажилдаа ажиллаж байх үедээ өвдсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

8. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн  2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт, “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан гүйцэтгэх үүргээс харвал  Ч.******* нь “*******” ХК-ийн тээвэр логисткийн газарт ажил эрхэлдэг байсан, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр /ажлын газрын/ амьдрах байрандаа биеийн эрүүл мэндийн байдал нь муудан анхан шатны тусламж авч, улмаар эмнэлэгт хүргэгдэж, яаралтай хагалгаанд орж байх үедээ нас барсан байх тул дээрх хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.

9. Хариуцагчийн  “…ажлын байрандаа амарч байх үед биеийн байдал муудаж, улмаар нас барсан… нэхэмжлэгч үйлдвэрлэлийн ослыг зөвхөн үйлдвэрлэлийн хүчин зүйлс байхаар тайлбарлаад, бусад хими, физик, биологи, нийгэм, сэтгэл зүйн талын хүчин зүйлс өвчлөлд нөлөөлсөн байж болзошгүй болохыг судлаагүй…” гэх  тайлбар үндэслэлтэй.

10.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн  тайлбарлаж байгаачлан заавал ажлын байран дээрээ амь насаа алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцох ёстой гэж үзэх үндэслэлгүй, харин  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна” гээд 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;”,  28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;” гэж зааснаар тухайн тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс ажиллуулан, ослын шалтгаан нөхцөлийг судлан бүртгэх үүрэгтэй байсныг  дурдах нь зүйтэй байна.

 

11. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн байх тул маргаан бүхий акт болох улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/27-02/129/02  дугаар “Тохиолдлыг баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” ХК-ийн “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/27-02/129/03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ч.БАЯРМАА