Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                 М.Мэндбаяр

Хохирогч                                                 Б.Зоригбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Ө.Батболд

Шүүгдэгч                                                  Б.Батзориг

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Батзоригт холбогдох эрүүгийн 2321000000420 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цагаангууд овогт Батдоржийн Батзориг, Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 14ий өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, Тээгийн өвөр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: ЖА92041411/

2. Шүүгдэгч Б.Батзориг нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, Тээгийн өвөр гэх газарт өөрийн төрсөн ах Б.Зоригбаатартай үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний дал мөрөн тус газарт хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Цагаангууд овогт Батдоржийн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Батдоржийн Батзоригийг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзоригт оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 6,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах журмаар гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Б.Батзориг би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч гэм буруугаа бүрэн ухамсарлаж байгаа. Тухайн үед өндөр настай аав, ээждээ шинэ залуу үхрийн мах идшинд нь хэрэглүүлье гэсэн санаа зорилго байсан юм. Буруу ойлголцлоос болж ахдаа хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би ахаасаа уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байгаа. Миний ахын эрүүл мэнд хэвийн болсон. Одоо ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Өмгөөлөгчийн зүгээс Б.Батзориг нь 2023 оны 11 сарын 21-ний өдөр бусдын биед хөнгөн гэмтэл учруулж 500 нэгжээр торгох ял шийтгэгдсэн боловч 2024 оны 01 сарын 06-ны өдөр торгох ялыг биелүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” тухай хуульчилсан байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Б.Батзоригт оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасган 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

6. Хохирогч Б.Зоригбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие одоо хэвийн байгаа. Гэмт хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа хэвийн байдалдаа орсон. Та бүхнээс миний дүүд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна.” гэв. 

7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэж байгаа нь гэмт хэргийн нөхцөл байдалтай тохирч байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч Б.Батзориг нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, Тээгийн өвөр гэх газарт өөрийн төрсөн ах Б.Зоригбаатартай үл ялих зүйлээр маргалдан, улмаар түүний дал мөрөн тус газарт хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн цээжний ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 53, 117/,

хохирогч Б.Зоригбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “... Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө аав Батдоржийн гэрт очиж хонь ялгасан. 15 цагийн үед ... бид хэд аавын гэрт хоол идэнгээ идэшнийхээ талаар ярилцаж байсан ба тэр үед аав Батдорж үнээ идшиндээ гаргана гэхэд манай дүү Батзориг үнээ гаргахгүй, оронд нь эр үхэр гаргана гээд энэ хоёрын санал зөрөлдөөд, муудалдсан. Тэр үед Батзориг аав руу томроод байхаар нь би хажуу талаас нь орж боль гэхэд миний өөдөөс хэрэлдэж, бид хоёр маргалдсан. ... Дүү Батзоригийг над руу дайрч ойртоод ирэхээр нь би гартаа барьсан байсан сандлаа доош нь тавиад өөдөөс нь гараараа хамгаалахад миний мөрөн дээгүүр хутгатай гараа давуулаад мөрөн дээр хутгалсан. ...Надад цаашид гарах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 11-12, 14/,

гэрч Л.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэр 2 хоорондоо маргалдаж байгаад хүү Батзориг босож ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад ах Зоригбаатар руу дайрахад ... мөрөн дээгүүр нь хутгатай гараа давуулаад хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 28-30/,

гэрч Б.Зоригбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... гэрээс Зоригбаатар дуудахад нь очиход Батзориг намайг хутгаар хатгачихлаа гэж хэлэхэд нь би хаашаа чинь вэ гэж асуухад ар мөр, дал хэсэг рүү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

гэрч Х.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ... эмнэлгийн тарианы өрөөнд сумын 1 дүгээр багийн иргэн Б.Зоригбаатар нь мөрөндөө хутгалуулсан байдалтай сандал дээр сууж байсан ... мөрөн тус хэсэг газарт байх хутганы шарх нь 2 см орчим гүнтэй, хутганы чиглэл нь зүүнээс баруун тийшээ чиглэлтэй хөндлөн 4 см орчим гүнтэй, ил харагдах шарх нь 2 см орчим байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “... Б.Зоригбаатарын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 41-42 /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 07/, эмнэлгийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх 43/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 65, 67-68/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Батзоригийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Шүүгдэгч Б.Батзоригийн хутга хэрэглэн хохирогч Б.Зоригбаатарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Батзоригт 5 /тав/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

7. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “... гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, ... эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн, ахаасаа уучлалт гуйж эвлэрсэн, ахын биеийн байдал сайжирсан..., мөн шүүгдэгч өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасган 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Б.Батзориг нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хх 56-61,113/

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар дурдсан боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал болгон эрх зүйн байдлыг нь дордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж заажээ.

Хуульд заасан энэхүү хэм хэмжээ нь шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Батзориг нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхийн түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэв.

10. Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Батзоригийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзоригийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                     С.ГАНЧИМЭГ                                                                                                                    Г.УРТНАСАН