| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0850/З |
| Дугаар | 128/ШШ2025/0684 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0684
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Очир /РД:ИЮ94040110/
Нэхэмжлэгч: Г.Отгонбаатар /РД:РУ92112611/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Титэмт Орд ХХК /РД:5681448/
Гуравдагч этгээд: Рояал мега ХХК /РД:6599788/ нарын хоорондын газар албадан чөлөөлүүлэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Очир, Г.Отгонбаатар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал, Б.Болор-Эрдэнэ /цахим/, гуравдагч этгээд Рояал мега ХХК-ийн төлөөлөгч Г.Ууганбаяр, гуравдагч этгээд Рояал мега ХХК-ийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч нараас анх тус шүүхэд Титэмт орд ХХК-ны эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа Royal car wash авто угаалгын барилгын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхгүй, газрыг Титэмт Орд ХХК, Рояал Мега компаниудын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний гомдлыг шийдвэрлэх, 3800 м,кв газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж өөрчилсөн.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Титэмт орд ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай А/349 дүгээр захирамжаар 3800 м.кв газрыг орон сууцны зориулалтаар БНЧ ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
2.2. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр №20/01 дугаар Түрээсийн гэрээ-г Титэмт орд ХХК /А тал/, Рояал кар ваш моторс ХХК-ийн /Б тал гэх/ Захирал Г.Ууганбаяр нар байгуулсан, уг гэрээнд ...А талын эзэмшлийн БЗД-ийн 26 хороо Хүннүгийн гудамжинд байрлах Титэмт орд ХХК-ийн газрын зам дагуу хэсэг болох 1200 м2 хоосон газрыг 8 жилийн хугацаатай авто угаалгын зориулалтаар түрээслүүлэх, Б тал нь уг 1200 м2 газар дээр 20*49 хэмжээтэй аяган суурь бүхий төмөр карказан авто угаалгыг зураг төслийн дагуу өөрийн хөрөнгө болох 750,000,000 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулах-аар тохиролцсон,
2.3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, л, 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.2, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн хэмжээнд газар ашиглахтай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам"-ыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, эдгээр барилга, байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга), нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн хавсралтын 19-д Титэмт-Орд ХХК, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны зүүн тал гэж багтжээ.
2.4. Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар хурлаар Титэмт Орд ХХК-ийн 18644309991700 нэгж талбарын дугаар бүхий газрыг шугамтай хэсгээс хасах томьёоллоор Зөвшөөрсөн 100 хувь гэх дүгнэлт, мөн тус зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар хурлаар Титэмт Орд ХХК-ийн 18644309991700 нэгж талбарын дугаар бүхий газрыг Зөвшөөрсөн-100 хувь,урд хэсгээс хасаж талбай өөрчлөх гэх дүгнэлт тус тус гаргасан,
2.5. Титэмт Орд ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12/36 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Манай компани нь БЗД-ын 36-р хорооны нутаг дэвгэрт байрлах талбарын 1331600747 дугаар бүхий эзэмшлийн 3787 м2 газрыг сунгуулах хүсэлт өгч 2023 оны 04 сарын 28 өдрийн 10 дугаар хэлэлцүүлгээр дэмжигдэж холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хасаж баталгаажуулахаар зөвшөөрсөн,... шугамыг хасаж шинээр 3325 м2 газар дээрээ кадастр хийлгэж...2023 оны 12 сарын 15-ний өдрийн хэлэлцүүлгээр...шугам хасаж баталсан 462 м2 дээр манай авто угаалгын урд хэсэг багтаж байгаа учраас явган хүний зам өргөтгөх асуудал дээр хүндрэл учирч байна, тус авто угаалгын газрын барилга нь банкны барьцаанд байдаг учраас хойш татах боломжгүй, барьцааны гэрээ дуусгавар болсоны дараа тус барилгыг хойш татаж стандартын дагуу явган хүний замыг бид өөрсдийн хөрөнгөөр өргөтгөж хүлээлгэн өгнө, иймд манай кадастрийг шинээр бүртгэж (3325м2) газрын гэрчилгээг шинээр олгож өгнө үү гэж хандаж байсан,
2.6. Мөн нэхэмжлэгч нараас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад ...нийтийн эзэмшлийн газрыг зохих зөвшөөрөлгүй, гэрчилгээгүй ашиглаж байгаа "Титэмт Орд" ХХК болон "Рояал Мега" компаниудад газрыг албадан чөлөөлөх, газар дээрх хууль бус, зөвшөөрөлгүй барилгыг буулгах хугацаатай мэдэгдэл өгнө үү,...газрыг чөлөөлөөгүй, авто угаалгын барилгыг буулгаагүй, шилжүүлээгүй нөхцөлд газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү гэх гомдлыг гаргасан ба Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05-02/3425 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/349 дүгээр захирамжаар Титэмт орд ХХК-д Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1331600747 дугаар бүхий 3800 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон байна, гомдолд дурдсан асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-05/2759 дүгээр албан бичгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 (Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.), 27.4 (Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.) дэх хэсэгт заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр авто угаалгын газар ажиллуулж байгаа асуудлаар 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байна гэх хариу өгчээ.
2.7. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Титэмт Орд ХХК-д ...Танай компани Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй байх тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 (Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ), 27.4 (Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно) дэх хэсэгт заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр авто угаалгын газар ажиллуулж байгаа зөрчил гаргасан байх тул 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна. Иймд мэдэгдэлд заасан хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг (Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө), мөн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг (Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна)-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг мэдэгдсэн,
2.8. Нэхэмжлэгч нараас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад ...Титэмт Орд" компани нь Газар зохион байгуулалтын албанаас тогтоосон хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөөгүй байх тул Газрын тухай хуулийн зохицуулалтын дагуу газрыг албадан чөлөөлөх захирамж гаргаж, захирамжийн биелэлтийг холбогдох байгууллагуудад хариуцуулж өгнө үү. гэх гомдлыг гаргажээ.
3.1. Нэхэмжлэгч Б.Очир, Г.Отгонбаатар нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/349 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 3,800 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Титэмт Орд компанид эзэмшүүлсэн ба тус газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсноор газар эзэмших эрхийн хугацаа сунгагдаагүй, дуусгавар болсон байна.
Газрын тухай хуулийн 41.1-т газар эзэмших эрх дуусгавар болоход 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд газрыг шилжүүлэн өгнө гэж заасан боловч Титэмт Орд компани нь тухайн газрыг чөлөөлөөгүй, Засаг даргын мэдэлд шилжүүлэн өгөлгүйгээр Рояал Мега компанитай хамтран тухайн газар дээр нийтийн эзэмшлийн газрыг оролцуулсан байдлаар хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барьж, авто угаалгын газар ажиллуулж ирлээ.
Дээрх хууль бус нөхцөл байдлыг хуульд нийцүүлэх, газрыг чөлөөлүүлэх асуудлаар бид Нийслэлийн Засаг даргад 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээж авч, хангаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 3425 дугаартай албан бичиг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2921 дугаартай албан бичгээр Титэмт Орд компанид газрыг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөрт багтаан чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн тухай бидэнд хариу өгсөн. Үүний дагуу бид 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд Титэмт Орд компани нь газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлнө гэж итгэж, хүлээж байсан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тогтоосон хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөөгүй.
Тус нөхцөл байдалтай холбоотой бид 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Ингэхдээ Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалтуудын дагуу газрыг албадан чөлөөлөх тухай Захирамж гаргаж, Захирамжийн биелэлтийг холбогдох байгууллагуудад хариуцуулж шийдвэрлэхийг хүссэн. Учир нь, Газрын тухай хуулийн 57.4-т газрын албанаас тогтоосон мэдэгдэлд заасан хугацаанд газрын сайн дураар чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга авах тухай заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь бидний гаргасан 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлээгүй, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ биелүүлэхгүй байна.
Нийслэлийн Засаг даргын тус хууль бус эс үйлдэхүй буюу үйл ажиллагааны улмаас бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Тодруулбал, Титэмт Орд компани болон Рояал Мега компаниуд нь тухайн газар дээрх хууль бус, зөвшөөрөлгүй барилгыг нийтийн эзэмшлийн газрыг оролцуулсан байдлаар барьж, одоо хүртэл ашиглаж байгаа. Үүний улмаас явган хүний зам нарийссан, дугуйн зам байхгүй болсон. Иймд бид тухайн газраар дугуйгаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон. Мөн явганаар хөдөлгөөнд оролцоход зам тээврийн осолд холбогдох эрсдэлтэй болсон буюу замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа.
Түүнчлэн, Титэмт Орд компанид эзэмшүүлсэн байсан 3,800 м.кв газрын эзэмших эрхийн хугацаа дууссан боловч чөлөөлөхгүй байгаа тул тухайн газрыг бусдад эзэмшүүлэх боломжгүй байгаа. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эсвэл аж ахуй, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхгүй байгаа. Хэрэв сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлбэл бидний хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, бидний эрх хангагдана. Харин аж ахуй, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх нөхцөлд бид ч тухайн газрыг дуудлага худалдааны журмаар авах боломжтой тул бидний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхгүй, газрыг Титэмт Орд ХХК, Рояал Мега компаниудын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэх, газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2019 онд газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш 90 хоногийн дотор чөлөөлж өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл Титэмт орд ХХК, Рояал мега ХХК-иуд нь газрыг чөлөөлөөгүй, хууль бусаар эзэмшиж ашигласаар хэвээр байгаа. Үүнээс гадна анх эзэмшиж байсан тэр 3800 м2 газраасаа хэтрүүлээд дугуйн зам байх газар дээр авто угаалгын газар барьчихсан. Ингэснээр дугуйн замыг байхгүй болгоод, мөн явган хүний замыг нарийсгаж тулгасан байдалтай байгаа.
Өөрөөр хэлбэл, 2 байдлаар газрыг хууль бусаар ашиглаж байгаа гэсэн үг. Нэгдүгээрт эзэмших эрхийн хугацаа нь дууссан, хоёрдугаарт анхнаасаа эзэмшүүлээгүй газрыг ашиглаж байгаа. Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргад 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан.
Нэхэмжлэгч Г.Отгонбаатар Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг утгаараа албан бичиг явуулж байсан ба 05 дугаар сарын 07-ны өдөр анх удаа Б.Очир, Г.Отгонбаатар нар гомдол гаргасан. Гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариу хүргүүлэх тухай 3425 дугаартай албан бичиг ирсэн. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2921 дугаартай албан бичиг байгаа.
Гэвч газрыг чөлөөлөхгүй байсан тул нэхэмжлэгч, өмгөөлөгч нар иргэний хувиар 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж ...Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу газрыг албадан чөлөөлж өгөөч, албадан чөлөөлөх захирамж гаргаад биелэлтийг хангаж өгөөч гэх гомдол гаргасан. Сайн дураар чөлөөл гэж заасан 06 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд газрыг чөлөөлөөгүй учраас албадан чөлөөлөх арга хэмжээ авч өгөөч гэдэг байдлаар гомдол гаргасан. Тийм боловч 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлээгүй, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ аваагүй. Үүний улмаас Рояал мега ХХК, Титэмт орд ХХК-иуд газрыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байгаа. Тийм учраас нэхэмжлэгчдийн зүгээс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоё, газрыг албадан чөлөөлөх гомдлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгөөч гэдэг байдлаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэхээр нэхэмжлэгч нар нь тухайн хорооны оршин суугчид болохын хувьд нэгдүгээрт, Рояал мега ХХК, Титэмт орд ХХК-иуд тухайн эзэмшил газарт хамтраад авто угаалгын газар ажиллуулахдаа хамгийн анх эзэмшүүлсэн 3800 м2 газраасаа давуулаад ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дугуйн зам дээр гаргаад авто угаалгаа барьчихсан, тухайн газраар дугуйгаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон, дугуйгаар явахын тулд машин замаар явах, эсхүл явган хүнтэй зэрэгцээд явах ёстой болоод байгаа.
Хоёрдугаарт, явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд дугуйтай хүмүүс ирж мөргөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Машинууд явган хүний замыг болон дугуйн замыг хөндлөн гарч авто угаалгын газар луу байнга орж гардаг хөдөлгөөний идэвхтэй бүс болчхож байгаа юм.
Түүнчлэн нэхэмжлэгчид зөвхөн явган хүний зам руу тулгасан, дугуйн зам байгаа газар луу барьсан барилгын газрыг чөлөөлүүлэх биш 3800 м2 газрыг бүхэлд нь чөлөөлүүлье, мөн нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар барьчихсан хэсгийг бас чөлөөлүүлье гэж маргаж байгаа. Учир нь нэхэмжлэгч нар нь Монгол Улсын иргэн учраас газар эзэмших эрхтэй атал тэр газрыг Рояал мега ХХК, Титэмт орд ХХК хууль бусаар эзэмшиж ашиглаад байгаа учраас газрыг бусдад эзэмшүүлье гэдэг процесс огт явагдахгүй байгаа. Тэгэхээр иргэний хувиар тухайн газрыг эзэмших боломжтой гэдэг утгаар эзэмшил газрыг бүхэлд нь чөлөөлүүлье гэж байгаа. Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяагаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Титэмт орд ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай А/349 дүгээр захирамжаар 3800 м.кв газрыг орон сууцны зориулалтаар БНЧ ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1331600747 дугаар бүхий эзэмшил газрын хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар хурлаар хэлэлцүүлэн, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсэд давхцан хэсгийг хасаж баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Титэмт орд ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 12/30 дугаар албан бичгээр .... авто угаалгын газрын барилга нь банкны барьцаанд байдаг учраас хойш татах боломжгүй бөгөөд барьцааны гэрээ дуусгавар болсны дараа тус барилгыг хойш татаж стандартын дагуу явган хүний замыг бид өөрсдийн хөрөнгөөр өргөтгөж хүлээлгэж өгнө. хэмээн газрын гэрчилгээг шинээр олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Титэмт орд ХХК-ийн эзэмшлийн 3800 м.кв газарт баригдсан авто угаалгын газрын барилга нь эзэмшил газрынхаа хил заагт багтсан байх бөгөөд нийтийн эдэлбэрийн зам, талбайтай давхцалгүй байгаа нь газрын мэдээллийн сангийн зургаар харагдаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасны хариуг Нийслэлийн газрын албаны 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0105/5185 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Мөн газрыг албадан чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг Титэмт орд ХХК-д гомдол гаргахаас өмнө буюу 2025 оны 05 дугаар сард өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч нар гомдлоо гаргаад 08 дугаар сарын 11-ний өдрөөр газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манайхаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа учраас албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүйгээр түр зогсоосон гэдэг хариуг хүргүүлээд, газрыг албадан чөлөөлөх ажиллагаа зогссон байдалтай байгаа.
Тухайн газарт Титэмт орд ХХК газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай авсан, уг хугацаа дуусгавар болсон, үүний дараа Титэмт орд ХХК хугацаа сунгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан. Тухайн хүсэлтийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших эрхийн зөвлөлийн хурлаар оруулаад ...ар талын боловсролын байгууллагын орц гарцыг шийдээд зөрчлийг арилгасны үндсэн дээр тухайн газар эзэмших эрхийг сунгахад зөвшөөрч байна гэдэг шаардлага тавьсан боловч Титэмт орд ХХК-ийн зүгээс тухайн барилгыг барьцаанд тавьчихсан байгаа учраас хөдөлгөх, нураах боломжгүй, ...барьцаа дуусгавар болсны дараа тухайн газрын зөрчлийг арилгаад дараа хугацаагаа сунгуулах боломжтой гэдэг байдлаар явсан.
Гэвч уг асуудал эцэслэж тохиролцоонд хүрээгүйн улмаас Нийслэлийн Засаг даргаас захирамж гарч албан ёсоор газар эзэмших эрхийн хугацаа сунгагдаагүй дуусгавар болсон. Энэ талаар 2025 онд мэдэгдлээ хүргүүлсэн боловч мэдэгдлийн дагуу чөлөөлөөгүй, 90 хоногийн хугацааг хүлээж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсний улмаас ажиллагаа зогссон. гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Хот байгуулалт, хотын стандартын газарт Титэмт орд ХХК болон Рояал мега ХХК гэх 2 компаниудаас ямар нэгэн барилгын тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлээгүй. Мөн өмнө нь хүсэлт ирүүлж байгаагүй. Барилга баригдсанаас хойших онуудад хийсэн архивын лавлагаанаас шүүж үзсэн боловч хүсэлтүүд гарч ирээгүй. Тухайн барилгатай холбоотой зөвшөөрөл, А даалгавар болон загвар зураг, актуудыг тус байгууллагын зүгээс баталж байгаагүй. Тухайн барилга байгууламж нь газрын хэмжээнд багтаж баригдсан эсэх талаар манайд хүсэлт өгч барилгын хяналт хийлгүүлж байгаагүй учраас уг мэдээлэл манайд байхгүй гэв.
5.1. Гуравдагч этгээд Рояал мега ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн засаг даргын 2014 оны А/349 дугаар захирамжаар Титэм орд ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 35.1.6-д заасан өөрийн эзэмшлийн газрыг бусдад төлбөртэйгөөр ашиглуулах эрхийнхээ дагуу зам дагуу хэсэг болох 1200 мкв газрыг Рояал мега ХХК /Рояал кар ваш моторс ХХК нэрийг онд Рояал Мега болгон өөрчилсөн/-д түрээсээр ашиглуулахаар харилцан тохиролцож 2020 оны 07-р сарын 30-ны өдөр газрыг түрээсээр ашиглах, хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулсан. Тус гэрээний үндсэн дээр Худалдаа хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 200 сая төгрөг мөн хувиасаа 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж авто угаалгын газраа барьж байгуулан одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа тул нэхэмжлэгчийн маргаан бүхий хэсэг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн тайлбар нь огт үндэслэлгүй юм.
Явган хүний замтай тулгаж барьсан, чөлөөтэй зорчих боломжгүй талаар: Хамгийн сүүлд 2022 онд шинэчлэн батлагдсан стандартаар явган хүний зорчих хэсгийн өргөн 0,65 м, явган хүний зорчих чөлөө 0,9 м, тэргэнцэртэй хүний зорчих чөлөө 1,5 м, явган замын аливаа саадгүй чөлөөтэй зорчих нийт хэсэг нь 1,5 м байхаар тус тус батлагдсан бөгөөд маргаан бүхий газрын явган хүний замын өргөн 1,65 м буюу дээр дурдсан стандарт хэмжээг зөрчөөгүй байх тул иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан нөхцөл байдал үүсээгүй болно.
2020 оны 08-р сарын 29-ний өдөр ажлын хэсэг байгуулагдаж зөвшөөрөлгүй барилгын судалгаанд уг барилгыг оруулсан гэх тухайд, албан ёсоор хууль зөрчиж барьсан барилгуудыг судалж дүгнэлт гаргасан зүйл байхгүй.
2021 оны 04-р сарын 19-ний өдрийн А/295 дугаар захирамжаар ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу 22 байгууллага, иргэний эзэмшиж байгаа газрыг Улсын байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэж буулгах талаар захирамж гаргаж Мэргэжлийн хяналтын газарт даалгасан.
Мэргэжлийн хяналтын газраас Титэмт орд ХХК-ийн эзэмшлийн газар нь Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаандаа газар сунгах хүсэлтээ гаргасан гэж дүгнэлт гарган хэвээр үлдээсэн. Уг газрыг 2023 оны 12-р сарын 15-ны өдрийн Засаг даргын ажлын албаны 35 дугаар хэлэлцүүлгээр 2029 оны 04-р сарын 29-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэж 01110-2023/04314 дугаартай гэрээ байгуулж гэрээний дагуу газрын төлбөрийг цаг хугацаандаа бүрэн төлж байгаа болно. Иймээс газрыг хууль бусаар эзэмшиж байгаа талаар нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй юм.
Засаг дарга эс үйлдэхүй гаргаж байгаа гэх тухайд, Титэмт орд ХХК-ийн эзэмшлийн газар нь хууль ёсны эзэмшил газар учраас Засаг дарга хууль бусаар албадан чөлөөлөх эрхгүй, Газрын тухай хуулийн 16, 18 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээнд /явган хүний зам тусгай хэрэгцээнд хамаарахгүй/ авах зорилгоор нөхөх олговор буюу хохирлыг бүрэн төлөх нөхцөлтэйгөөр газар эзэмшигчтэй харилцан тохиролцож чөлөөлөх тул газрыг албадан чөлөөлөөгүй гэх эс үйлдэхүй биш юм.
Бид хууль ёсны дагуу газар эзэмшигчийн хувиар хуульд заасан эрхийнхээ хүрээнд олгогдсон газрыг хуульд заасан нөхцлөөр ашиглаж байгаа, тухайн газарт их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн, хэрэв тухайн газрыг хууль бусаар албадан чөлөөлсөн тохиолдолд учирсан хохирол нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулах тул нэхэмжлэгчдийн хууль бус үндэслэлгүй шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.2. Гуравдагч этгээд Рояал мега ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуравдагч этгээдийн хувьд Нийслэлийн Засаг даргын А/394 дүгээр захирамжаар 2014 онд анх Монгол Улсын иргэн Г.Мягмар 100 хувийн үүсгэн байгуулагчтайгаар БНЧ ХХК-иас авах төлбөрийнхөө хэмжээнд эзэмших эрхийг шилжүүлж авсан, хуулийн хугацаандаа багтааж удаа дараа сунгуулах хүсэлтээ өгсөн.
Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0502/4746 тоот албан бичгээр Газрын тухай хуульд заасан арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтанд даалгаж гомдлыг нь шийдвэрлэсэн.
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 121/01 дугаартай ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамж гарсан. Захирамжид Титэмт орд ХХК хамаарсан байгаа. Захирамжийн агуулга нь 22 иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийг улсын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд даалгасан.
Тэгэхээр энэ захирамжийн дагуу төрийн байгууллагууд хэрэгжүүлээд явж байгаа нь Хот байгуулалт, стандартын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/225 дугаар албан бичгээр ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, хамтарч ажиллахыг хүссэн албан бичгийг хяналт шалгалтын газарт явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, албадан чөлөөлөх үйл ажиллагааг төрийн байгууллага хийгээд байна. Үүний дагуу хяналт шалгалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 30-ны 01/1103 тоотоор салбарын улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахаар шилжүүлж байна гээд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны салбарын газарт ажиллагаа хийгдэж байгаа.
2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/10 албан бичгээр салбарын улсын байцаагчийн дүгнэлт гаргахаар шилжүүлсэн, ажиллагаа хийгдэж байна гэсэн албан бичгүүд хүргүүлсэн байдаг.
Эхний удаад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буцаахдаа ...Нийслэлийн Засаг даргын захирамж хянагдаж байна, Мэргэжлийн байцаагчийн дүгнэлт гаргуулахад танайх 194м2 талбайтай давхацчихсан байна. Үүнийгээ хасвал газар эзэмших эрх олгоё гэх зөвшөөрсөн хариу 2 удаа гарсан. Уг хариуны дагуу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Титэмт орд ХХК-ийн зүгээс мэргэжлийн байгууллагаар кадастртаа хасалт хийлгээд өгсөн боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хүсэлтийг хүлээж аваад ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа.
Гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хэдийгээр гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй ч үйл ажиллагаагаа явуулж байгаа Рояал мега ХХК-ийн хувьд эрх ашиг нь зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй.
Нэхэмжлэгч нарын газар чөлөөлүүлэх гэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нийтийн эзэмшлийн зам талбайгаар явах эрх зөрчигдөөд байна гэдэг. Рояал мега ХХК-ийн авто угаалгын газар барьсан 194 м2 газраар зөвхөн иргэн Г.Отгонбаатар, иргэн Б.Очир нар явахгүй. Увс аймгаас ирээд Дорж явна, Дорнод аймгаас ирээд Бат явна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүх иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудал яригдаж байгаа.
Нэгэнтээ иргэн Б.Очир, Г.Отгонбаатар нарын хувийн эзэмшил, ашиглалтын газартай давхацсан асуудал байхгүй, нийтийн эзэмшлийн эрх, хүрээлэн буй орчин, нийтийн өмчтэй холбоогүй тул нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч иргэн Б.Очир нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 221 дүгээр байрны 45 тоотод, иргэн Г.Отгонбаатар нь мөн дүүргийн 26 дугаар хороо, Тайм тауэр хотхоны 218 дугаар байрны 156 тоотод тус тус оршин суудаг байх ба тэд хамтран Нийслэлийн Засаг даргад гаргасан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхгүй, газрыг Титэмт орд ХХК, Рояал мега ХХК-иудын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний гомдлыг шийдвэрлэх, газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгч нараас ...бид 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан...Нийслэлийн Засаг дарга нь газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй атал дээрхи гомдлыг шийдвэрлээгүй, мөн газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч ...албадан чөлөөлөх мэдэгдэл өгөх явцад нэхэмжлэгч нар шүүхэд маргаан үүсгэсэн тул ажиллагааг түр зогсоосон... гэж тайлбарлан маргав.
Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Б.Очир, Г.Отгонбаатар нар 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж ...Баянзүрх дүүргийн 36 дугаар /өмнө нь 26 дугаар хороо гэж байсан/ хорооны нутаг дэвсгэр дэх "Титэмт Орд" компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дуусгавар болсон,...хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг 2025.6.15-ны өдөрт багтаан чөлөөлөх мэдэгдэл өгсөн...тогтоосон хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөөгүй байх тул...албадан чөлөөлөх захирамж гаргаж өгнө үү гэх гомдол гаргасан.
Уг гомдлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 05-02/4746 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатарт хүргүүлж, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байрлах "Титэмт Орд" ХХК-ийн эзэмшилд байсан газрыг чөлөөлүүлэх асуудлаар удаа дараа гомдол гаргаж байгаа, Газрын тухай хуульд заасан холбогдох арга хэмжээ авах-ыг дурдсан,
Нэхэмжлэгч Г.Отгонбаатар, Б.Очир нар нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүхэд маргаан үргэлжилж байх хугацаанд Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07/129 тоот албан бичгээр ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Очир, Г.Отгонбаатар нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу 2024 оны 128/132024/8630 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна, "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ын 4.7 дугаар зүйлийн 4.7.5-д заасны дагуу "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй" тул...гомдлыг хүлээн авахаас татгалзсан гэх хариу өгсөн, түүнчлэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Титэмт Орд ХХК-д газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж,
Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ...13 дугаар зүйлийн 2-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ: өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй... бол шилжүүлнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын, Нийслэлийн засаг даргад хандаж гаргасан 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гомдлыг хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нар анх Титэмт орд ХХК-ийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа Royal car wash авто угаалгын барилгын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг шаардлагаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нар ...газрыг албадан чөлөөлөх захирамж гаргуулах-аар хариуцагчид дахин хандсан ба ийнхүү шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд хариуцагч захиргаа тухайн гомдолд дурдсан ажиллагааг зайлшгүй явуулах үүрэг хүлээхгүй.
Нөгөө талаар хариуцагч Нийслэлийн засаг дарга өөрийн харьяа агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд уг гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсний үндсэн дээр Нийслэлийн газрын албанаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...зохих зөвшөөрөлгүйгээр авто угаалгын газар ажиллуулж байгаа зөрчил гаргасан... 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор газар чөлөөл гэх мэдэгдлийг Титэмт орд ХХК-д хүргүүлсэн нь нэхэмжлэгч нарын гомдлын агуулгад нийцсэн, уг захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах... гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч захиргааг гомдол шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлээр гомдлыг шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргасан боловч шүүхийн энэ шийдвэрээр хариуцагч Нийслэлийн засаг дарга хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн ба даалгах нэхэмжлэлийн шаардлага нь эс үйлдэхүй хууль бус тохиолдолд хэрэглэгдэх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан, 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Нэхэмжлэгч нараас гаргасан Титэмт орд ХХК, Рояал мега ХХК-иудын хууль бус эзэмшил, ашиглалтаас газрыг чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар уг шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нар нь тухайн хорооны оршин суугчид болохын хувьд нэгдүгээрт, Рояал мега ХХК, Титэмт орд ХХК-иуд тухайн эзэмшил газарт хамтраад авто угаалгын газар ажиллуулахдаа хамгийн анх эзэмшүүлсэн 3800 м2 газраасаа давуулаад барьчихсан, тухайн газраар дугуйгаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон, дугуйгаар явахын тулд машин замаар явах, эсхүл явган хүнтэй зэрэгцээд явах ёстой болоод байгаа, Хоёрдугаарт, явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд дугуйтай хүмүүс ирж мөргөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг, машинууд явган хүний замыг болон дугуйн замыг хөндлөн гарч авто угаалгын газар луу байнга орж гардаг хөдөлгөөний идэвхтэй бүс болгосон тул тус компанийн нийт 3800 м2 газрыг бүхэлд нь чөлөөлүүлэхийг даалгуулахаар шаардсан гэж тайлбарласныг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Титэмт орд ХХК газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай авсан, уг хугацаа дуусгавар болсон, мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийн дагуу чөлөөлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсний улмаас ажиллагаа зогссон... гэж,
Гуравдагч этгээд Рояал мега ХХК-иас ...иргэн Б.Очир, Г.Отгонбаатар нарын хувийн эзэмшил, ашиглалтын газартай давхацсан асуудал байхгүй, нийтийн эрх, хүрээлэн буй орчин, нийтийн өмчтэй холбоогүй тул нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд биш гэж тус тус маргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Титэмт орд ХХК-ийг Зунгхө барилга хөгжил констракшн ХХК үүсгэн байгуулсан, Ерөнхий захирал Zhou Youquan гэх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар 3800 м.кв газрыг орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг БНЧ ХХК-иас шилжүүлэн авч 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 5 жилийн хугацаагаар байгуулж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000306002 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн 5 жилийн хугацаагаар олгосон байх ба тус компанийн газар эзэмших гэрчилгээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Түүнчлэн, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр А тал-Титэмт орд ХХК-ийн захирал Ж.Ижилбаяр, Б тал- Рояал кар ваш моторс ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар түрээсийн гэрээг 8 жилийн хугацаагаар байгуулсан, уг гэрээгээр А талын эзэмшлийн БЗД-ийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамжинд байрлах Титэмт орд ХХК-ийн газрын зам дагуу хэсэг болох 1200м2 хоосон газрыг 8 жилийн хугацаатай авто угаалгын зориулалтаар түрээслүүлэх, Б тал нь уг 1200м2 газар дээр 2049 хэмжээтэй аяган суурь бүхий төмөр карказан авто угаалгын барилгыг зураг төслийн дагуу өөрийн хөрөнгө болох 750,000,000 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулах-аар тохиролцон одоогийн байдлаар Рояал мега ХХК нь автомашин угаалгын газрын зориулалтаар ашиглаж байгаа болох нь тогтоогдсон.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/121 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж, эдгээр барилга, байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх ажлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга), нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгож шийдвэрлэсэн, хавсралтын 19-т Титэмт-Орд ХХК, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны зүүн тал гэж заажээ.
Титэмт орд ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20/16 дугаар албан бичгээр ...Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул зохих журмын дагуу сунгалт хийж өгнө үү гэх, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/28 дугаар албан бичгээр ...шинээр кадастр хийлгэсэн тул зохих журмын дагуу газрын гэрчилгээг сунгаж, үрэгдүүлсэн гэрчилгээг шинээр олгож өгнө үү гэх хүсэлтүүдийг хүргүүлсэн, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар хурлаар Титэмт Орд ХХК-ийн 18644309991700 нэгж талбарын дугаар газрыг шугамтай хэсгээс хасах-100 хувь зөвшөөрсөн гэх дүгнэлт, мөн тус зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар хурлаар Титэмт Орд ХХК-ийн 18644309991700 нэгж талбарын дугаар газрыг урд хэсгээс хасаж талбай өөрчлөх гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Титэмт Орд ХХК-д ...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д...заасны дагуу хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй байх тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр авто угаалгын газар ажиллуулж байгаа зөрчил гаргасан байх тул 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна,... заасан хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авах-ыг мэдэгджээ.
Эдгээр үйл баримтуудаар Титэмт орд ХХК-д олгосон газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр нэгэнт дуусгавар болсон, газар эзэмших эрхгүй этгээд атлаа Титэмт орд ХХК нь гуравдагч этгээд Роялмега ХХК-тай тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан нь хууль бус, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн аж ахуйн нэгж байгууллагад олгоно гэж заасныг зөрчсөн, Титэмт орд ХХК нь тухайн газрыг эзэмших эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан.
Хуулийн, дээрхи заалтуудаас үзэхэд Титэмт орд ХХК-д газрыг чөлөөлүүлэх мэдэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлж, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор чөлөөлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн, уг хугацаа дуусгавар болсон, мөн тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дуусгавар болсон байх тул тухайн газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хариуцагч захиргааны байгууллагад үүссэн байна гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, Титэмт Орд ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ...барилгыг хойш татаж стандартын дагуу явган хүний замыг бид өөрсдийн хөрөнгөөр өргөтгөж хүлээлгэн өгнө... гэх агуулгатай албан бичиг хүргүүлж байсан, уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/295 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай захирамжаар...албадан буулгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох...-оор шийдвэрлэгдсэн, гуравдагч этгээд Титэмт Орд ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, дээрхи зөвлөлийн шийдвэрийн дагуу явган замын хэсгээ хасаж хүлээлгэж өгөөгүй, хууль бус эзэмшил газар дээр Рояал мега ХХК, Титэмт орд ХХК-иуд нь барилгын ажлын үе шатны зохих зөвшөөрөлгүйгээр барилга барьсан нь тус тус тогтоогдсон болно.
Энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасанчлан газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авах үүрэгтэй тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 3800 м.кв газрыг албадан чөлөөлөх ажиллагааг ямар хүрээ хязгаарын дотор хэрхэн хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагын сонгох боломж бөгөөд энэ нь шүүхийн хяналтын хүрээнд хамаарахгүй.
Нэхэмжлэгч нар нь Титэмт Орд ХХК-ийн эзэмшил нийт газрын хэмжээгээр буюу 3800 м2 газрыг бүхэлд нь албадан чөлөөлүүлэх захирамж гаргуулах шаардлага гарган, түүний үндэслэлээ ...сургууль цэцэрлэгийн зориулалтаар нийтийн эзэмшилд авах, мөн газрыг чөлөөлсөн нөхцөлд бид иргэний хувиар дуудлага худалдаанд орж газар эзэмших эрх авах эрх маань нээгдэнэ гэж тайлбарлаж байх боловч тухайн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч нарын субьектив эрхтэй шууд холбогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, албадан чөлөөлүүлэх шаардлагаа явган хүний зорчих хэсэгтэй давхацсаны улмаас нэхэмжлэгч нарын, дугуй явганаар автомашинаар зорчих эрхийг хөндөж байгаа гэж тайлбарласан атлаа энэ үндэслэлээр нийт 3800 м.кв газрын хэмжээгээр албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хоорондоо зөрчилтэйг, нөгөө талаар Титэмт орд ХХК-ийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нар нь тухайн хорооны оршин суугчид болохын хувьд зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ талаархи гуравдагч этгээдийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбар үндэслэлгүй, мөн шүүхээс энэ хэргийн гуравдагч этгээд Титэмт орд ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэн холбогдох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч оршин суух хаягтаа байхгүй олдоогүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн засаг дарга нь Титэмт орд ХХК-ийн эзэмшилд байсан 3800 м.кв газраас явган хүний замын хэсэгтэй давхцаж буй 194 м.кв хэсгээр албадан чөлөөлөх захирамж гаргах бөгөөд газрын үлдэх хэсгийн тухайд захиргаа өөрөө сонгох боломжоо хэрэгжүүлэх замаар энэ шийдвэрийг биелүүлбэл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.