Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01528

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01743 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-т холбогдох, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар ЭХ ХХК-аас 611 409 400 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу *******-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн ******* хороо, Дунд дарь эх 41 дүгээр гудамжны ******* хаягт байрлах 880 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00132525 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, Дунд дарь эх 41 дүгээр гудамжны ******* хаягт байрлах, нэгж талбарын 18644313343446 дугаартай, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19300982/124-05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж хураах ажиллагаа явуулсан. *******- дээрх хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа өмчлөгч Д.М-т огт мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, өмчлөгчийг байлцуулалгүй. Түрээслэгч С.Л-т мэдэгдэж хураасан үйлдэл нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Д.М- миний бие эд хөрөнгө хураах тухай тогтоолыг түрээслэгч С.Л-аас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан. Мөн 19300982/124-05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор аль шүүхийн ямар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хөрөнгө хураах болсон нь тодорхойгүй байна. Д.М- нь албадан гүйцэтгэх ажиллагаагаар 19300982/124-05 дугаар тогтоолоор хураасан хөрөнгийн өмчлөгч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан шаардлага гаргах эрхтэй. Иймд Баянзүрх дүүргийн ******* хороо, Дунд дарь эх 41 дүгээр гудамжны ******* хаягт байрлах 880 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах ******* дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай Б.М-ын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хураасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар төлбөр төлөгч ЭХ ХХК-аас 611 109 400,31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 642 599 төгрөгийг МУХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19300982 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч ЭХ ХХК болон 100 хувийн үүсгэн байгуулагч Д.М-т удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.М-ын өмчлөлийн ******* дугаартай Баянзүрх дүүрэг ******* хороо Дунд дарь эх 41 дүгээр гудамжны ******* хаягт байрлах 880 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах ******* дугаартай 700 м.кв газрыг битүүмжлэн, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭХ ХХК-ний 100 хувийн үүсгэн байгуулагч Д.М-, гүйцэтгэх захирал *******тай нартай *******, ******* дугаарын утсаар холбогдож хураах ажиллагаа явуулах болсныг мэдэгдэхэд Б.С нь эмнэлэгт хэвтэж байгаа, нөхөр Д.М- биеэрээ очиж чадахгүй учир хураах тогтоолыг үл хөдлөх хөрөнгө түрээслэгч С.Л-д үлдээчих, өмгөөлөгчөө явуулаад авахуулна гэснийг тэмдэглэлд тусгаж оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-05 дугаар тогтоолоор хураасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МУХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХ ХХК-аас зээлийн төлбөр гаргуулах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар зээлийн төлбөрт нийт 611 409 400,91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 642 599 төгрөгийг тус тус гаргуулж МУХБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 182/ШЗ2019/07186 дугаар захирамж, 182/ГХ2019/00599 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр *******-тай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан. Үүнээс хойш 2 жил өнгөрсөн боловч ямар ч төлбөр төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэрийн биелэгдээгүй. МУХБ ХХК-ийн эрх ашиг нь зөрчигдөж байгаагийн хувьд шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдох ажиллагааг хийх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Д.М-ын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах ажиллагааг явуулахдаа хөрөнгийн өмчлөгч Д.М-т мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, хураах ажиллагаанд өмчлөгчийг байлцуулаагүй бөгөөд уг эд хөрөнгийг түрээслэгч болох *******д мэдэгдэж хураах ажиллагаа явуулсан нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар мэдэгдсэн үйл баримт тогтоогддоггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төлбөр төлөгчид мэдэгдэх хуудсыг гардуулах, хүлээлгэн өгөх, баталгаат шуудангаар хүргүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн 19300982/124-05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор аль шүүхийн ямар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хөрөнгө хураах болсон нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгчээс гаргах шийдвэр буюу тогтоолд тавигдах шаардлагыг тусгасан байтал эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхдээ мөн хуулийн 12.2.4, 12.2.8-д заасан журмыг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч *******-т холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар ЭХ ХХК нь МУХБ ХХК-д 611 409 400 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 1 642 599 төгрөгийг төлөхөөр, ЭХ ХХК нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн байна. Үүнд нэхэмжлэгч Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00132525 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Дунд дарь эх 41 дугаар гудамжны ******* хаягт байрлах, нэгж талбарын 18644313343446 дугаартай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, 880 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-6-19/

 

Төлбөр төлөгч ЭХ ХХК нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/07186 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 182/ГХ2019/00599 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 51-52, 59-60, 63/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01306 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн ******* хороо Дунд дарь эх 41 дугаар гудамжны ******* хаягт байрлах Д.М-ын өмчлөлийн 880 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах ******* дугаар 700 м.кв газрыг 1 404 238 880 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/05 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг хураасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19300982/124-04 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. /хх-87-92/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-05 дугаар тогтоолоор барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн ******* хороо Дунд дарь эх 41 дугаар гудамжны ******* хаягт байрлах Д.М-ын өмчлөлийн 880 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах ******* дугаар 700 м.кв газрыг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна. /хх-95-96/

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах ажиллагааны явцад өмчлөгч Д.М-тай ******* дугаар утсаар холбогдоход ... хураах тухай тогтоолын хувийг түрээслэгч нарт үлдээчих, би өөрөө бас и-мэйл хаягаа мессежээр явууллаа. Зургийг нь явуулчих... санал хүсэлт байхгүй... гэсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байгаагаас дүгнэвэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр газар эд хөрөнгө хураах ажиллагааг явуулахдаа өмчлөгч Д.М-т мэдэгдсэн гэж үзнэ. /хх-94/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

А.ОТГОНЦЭЦЭГ