2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/02822

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Б******* дүүргийн, ******тоотод оршин суух, Г******* Э******* /РД: ЖЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** дугаар гудамж тоотод оршин суух, Д******* овогт Г М /РД: ИД/-т холбогдох

40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Э******* би 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ХХК-тай Орон сууц захиалгтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ- г байгуулан Б******* дүүргийн ** дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7- р давхар 32 м.кв талбайтай /айл-5/ 1 өрөө орон сууцны үнэ болох нийт 40,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө, гэрээний дагуу Г.Мт бэлнээр бүрэн төлсөн. Ингэхдээ гэрээний дагуу Г.М болон Х ХХК-ийн захирал Ц.Т бэлнээр өгсөн байдаг. Х ХХК нь захиалсан орон сууцыг Улсын комисс аваагүй гэх шалтгаанаар 2023 он хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. уг орон сууцанд Б гэдэг хүн танайхаас өмнө би энэ орон сууцыг худалдаж авсан байсан, миний орон сууц гэж тэнд амьдраад гарахгүй байсан. Тэгээд Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээс н.Б гэдэг хүнийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гарсан байдаг. Гэвч Х ХХК нь захиалсан орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй байгаа. Мөн миний захиалсан уг орон сууцанд Б.Б гэх иргэн 2020 оны 7 дугаа сарын 01-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г ХХК-тай түрүүлж байгуулсан гэх үндэслээр эзэмшиж, ашиглаж байна.

Уг орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ биелээгүй бөгөөд Х ХХК уг орон сууцыг давхар өөр хүнд зарсан бөгөөд одоо тэр хүний эзэмшил, ашиглалтанд байна.

Гэрээ байгуулсан боловч гэрээ хэрэгжих ямар ч боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж өгсөн мөнгөө буцаан шаардаж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Э*******гийн нэхэмжлэлтэй Г.М надад холбогдох иргэний хэрэгт би дараах хариу тайлбар гаргаж байна.

1/ Г.М миний бие Х ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 19/013 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Б******* дүүргийн *** хотхонд байрлах Э арт ХХК-ийн газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7-р давхарт 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 36,800,000 төгрөгөөр захиалсан. Мөн 2019-04-01-ний өдөр 19/012 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Б******* дүүргийн *** хотхонд байрлах Э арт ХХК-ийн газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 5-р давхарт 53,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 61,755,000 төгрөгөөр захиалсан.

Энэ 2 гэрээний төлбөр нийт 98,555,000 төгрөгийг би тус компанийн захирал Ц.Т Г банкны дансанд 2019-04-01-ний өдрөөс хойш бага багаар шилжүүлэн бүрэн төлсөн. Тус компани уг байрыг 2019-05-30-ны өдрийн дотор барьж дуусган надад хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан боловч байр хугацаандаа ашиглалтанд ороогүй, ашиглалтад орох хугацаа нь удаа дараа хойшлоод байсан.

Ингээд би 2020 оны 9 дүгээр сард гэрээнээсээ татгалзаж, төлсөн мөнгөө буцааж авах өргөдлийг тус компанид өгсөн. Тус компанийн захирал миний өргөдлийг аваад байрыг чинь өөр хүнд зараад мөнгийг чинь буцааж өгнө, хүлээж бай гэсэн хариу өгсөн. Удалгүй миний захиалсан 1 өрөө байрыг хүнд зарахаар болсон гээд намайг дуудсаны дагуу яваад очиход Г.Э******* гэх хүнд миний байрыг худалдах гэрээ хийсэн байсан. Тус компани Г.Э*******гаас авах гэрээний төлбөр 40 сая төгрөгийг шууд миний дансанд хийнэ гэсэн. Тэгээд Г.Э******* мөнгөө бэлнээр тэр компанийн ажилтанд өгч, тэр компанийн ажилтан Г.Э*******тай хамт банкинд очиж миний дансанд 40 сая төгрөг хийсэн. Би Х ХХК-аас буцааж авах ёстой мөнгөө авсан, Г.Э******* тус компанид төлөх ёстой төлбөрөө төлсөн. Х ХХК нь үлдсэн 58,555,000 төгрөгийг надад 2021 онд дансаар болон бэлэн мөнгөөр төлж дуусгасан.

Г.Э*******гийн Х ХХК-тай 2020-09-28-ны өдөр байгуулсан 20/27 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-д тус компани надтай байгуулсан гэрээгээ дуусгавар болж, орон сууцыг Г.Э*******д зарж, Г.Э*******гийн төлөх ёстой гэрээний төлбөр 40 сая төгрөгийг миний дансанд төлөх үүргийг Г.Э*******д хүлээлгэсэн, Г.Э******* энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 40 сая төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байна. Г.Э******* 40 сая төгрөгийг миний дансанд төлснөөрөө дээр дурдсан орон сууцны өмчлөгч болж байгаа гэдгээ анхнаасаа мэдэж байсан байна.

Нэхэмжлэлдээ Г.Э******* нь Х ХХК-тай байгуулсан гэрээ нь биелээгүй, уг орон сууцыг цааш нь өөр хүнд давхар зарсан гэж бичсэн байх бөгөөд Х ХХК түүнтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн бол уг гэрээтэй холбоотой шаардлагаа Х ХХК-д холбогдуулан шүүхэд гаргах эрх нь байгаа. Г.Э******* нь Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг буцаасан гэсэн нь

Х ХХК-д холбогдох маргаандаа намайг оролцуулах, надаас мөнгө нэхэмжлэх үндэслэл болохгүй юм.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х компанийн барьсан 80 айлын орон сууцтай холбоотой мэдээлэл хэд хэдэн удаа гарсан. Тэдгээрт тус компани нэг байрыг олон хүнд давхар зарсан асуудал яригдаж, захиалагчдын гомдлын дагуу Б******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус компанийн захирал Ц.Т залилангийн хэргээр шалгаж байгаа тухай бичсэн байсан. Иймд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хүнийг олж уулзана гэвэл уг хэргийг шалгаж байгаа цагдаагийн байгууллага дээр очиж уулзахад болно шүү дээ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492.1, 492.1.1-т зааснаар тайлбарлаж шаардаж байна гэж бичсэн байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн гэрээг харахад төлбөрийн нөхцөлийн 3.2-т 2019 оны 4 сарын 1-ний өдөр иргэн Г.Мтай байгуулсан гэрээ дээрх орон сууцыг Г.Э*******д шилжүүлж байгаа тул гэрээний төлбөрийн 40 сая төгрөгийг Мын дансанд шилжүүлж төлбөрийг барагдуулна гэж заасан байна. Энэхүү орон сууцны гэрээний төлбөрийг яаж хийхийг зааж өгсөн заалт. Г.Э*******, Г.М нарын хооронд хийгдсэн гэрээ байхгүй. Г.М энэ мөнгийг Г.Э*******д зарагдсан байрны өмнөх захиалагч нь байсан, байр нь ашиглалтад орж байгаа тул мөнгөө буцааж авъя гээд гэрээнээс татгалзсан тул компани Г.Мт 40 сая төгрөгийг буцааж төлөх үүрэгтэй болсон. Тэр үүргээ биелүүлэхийн тулд Г.Э*******тай байгуулсан гэрээ дээр 40 сая төгрөгийг Г.Мт төлснөөр төлбөрийн үүрэг гүйцэтгэсэнд тооцно гэж тохиролцсон байгаа нь харагдаж байна. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх заалтад заасан гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээн өгнө гэсэн заалтад нийцэж байна. Г.Э*******гийн 40 сая төгрөг төлсөн нь гэрээний үүргээ биелүүлсэн зүйл. Хэрвээ гэрээний зөрчил гарсан бол Х ХХК-иас буцаад шаардах эрх байгаа, мөнгөө буцааж шаардсан баримт хэрэгт байхгүй. Г.Мын хувьд энэ мөнгийг хуулийн дагуу авсан учраас буцааж өгөх үүрэг байхгүй. Х ХХК-иас хүлээж авах ёстой төлбөрөө авсан гэж үзэж байгаа. Х ХХК мөнгөө өөрөө шилжүүлнэ үү, хэн нэгнээс авч өгнө үү, тэр бол Г.Мын хувьд хамааралгүй. Х ХХК-иас сүүлд Г.Мт тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ тодорхойлолт дээр Г.М энэ байрыг анх захиалсан, гэрээнээсээ татгалзсан тул уг байрыг нь Г.Э*******д борлуулаад 40 сая төгрөг өгсөн гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр Г.М нь мөнгөө буцааж авсан үйл баримт нь хуулийн дагуу байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд. Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК болон Г.Э******* нарын байгуулсан 2020.09.28№20/27 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Э*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Э*******гаас Б.Од олгосон итгэмжлэл 2023.12.25, гэрч Ц.Т татгалзах тухай 2024.11.06 хүсэлт,

Хариуцагч Г.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч М.Б, хариуцагч Г.М нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024.01.10, хариу тайлбар, Х ХХК болон Г.М нарын байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ 2019.04.01№19/012, 2019.04.01№19/013 /№19/013 дугаарын 3 тоо засвартай/, Г.Мын эзэмшдэг банк дахь дансны хуулга, Г банкны 2019.05.09, 2019.07.06 Орлогын мэдүүлэг, Х ХХК-ийн 2024№.1.11 тодорхойлолт, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.05№ шийдвэр,

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Г.Э******* нь хариуцагч Г.Мт холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ХХК-тай Орон сууц захиалгтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ- г байгуулан Б******* дүүргийн ******* хотхонд байрлах Э ХХК-ийн м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 7 дугаар давхар 32 м.кв талбайтай /айл-5/ 1 өрөө орон сууцны үнэ болох нийт 40,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө, гэрээний дагуу Г.М болон Х ХХК-ийн захирал Ц.Т бэлнээр өгсөн, орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй ба уг орон сууцыг өөр хүн эзэмшиж, ашиглаж байгаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Г.Э*******гийн Х ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 20/27 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-д тус компани надтай байгуулсан гэрээгээ дуусгавар болж, орон сууцыг Г.Э*******д зарж, Г.Э*******гийн төлөх ёстой гэрээний төлбөр 40,000,000 төгрөгийг миний дансанд төлөх үүргийг Г.Э*******д хүлээлгэснээр, 40,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байна. Г.Э******* 40 сая төгрөгийг миний дансанд төлснөөрөө дээр дурдсан орон сууцны өмчлөгч болж байгаа гэдгээ анхнаасаа мэдэж байсан хэмээн маргасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдлоо.

Х ХХК болон Г.Э******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 28№20/27 тоот гэрээний 3.1-т зааснаар Г.М эзэмшдэг дугаартай дансанд гэрээний нийт төлбөр 40,000,000 төгрөгийг Г.Э******* шилжүүлсэн эсэх баримтгүй, дансны хуулга, бэлэн өгсөн эсэх баримтгүй.

Хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2024№1.11 дугаартай Г.М танаа хэмээн хаягласан тодорхойлолтод ...Мт буцаан төлөх байрны төлбөрт тооцон шилжүүлэхээр Э*******тай байгуулсан гэрээний 3.2-т заасан тул уг 40 сая төгөигийг шилжүүлснээр Г.Мт төлбөрөө буцаан төлж талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд дуусгавар болсон нь үнэн. Э******* нь өөрийн гэрээтэй холбоотой гомдлоо тус компанид гаргавал уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой. Э******* болон тус компанийн хоронд байгуулсан гэрээтай холбоотой маргаанд М хамааралгүй гэжээ.

Хариуцагч Г.М нь Х ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 19/013 ба 19/012 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг 2 гэрээний төлбөр нийт 98,555,000 төгрөгийг төлсөн ба байр хугацаандаа ашиглалтанд ороогүйгээс 2020 оны 9 дүгээр сард гэрээнээсээ татгалзаж, захиалсан 1 өрөө байрыг нь Х ХХК-иас Г.Э*******д худалдаж, Г.Э******* нь төлбөр 40,000,000 төгрөгийг Г.Мын дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулсан боловч дансанд шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, Г.Мын эзэмшдэг банк дахь дугаартай дансны хуулга, Г.Маас Ц.Т мөнгө шилжүүлсэн Г банкны 2019.05.09, 2019.07.06 Орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч Г.М 40,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч байх бөгөөд Г.Э*******гаас уг мөнгийг аваагүй, Х ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсаны үндсэн дээр буцаан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Зохигч талууд буюу Г.Э*******, Г.М нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй ба хариуцагч нь нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Маас 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА