2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С******* дүүргйин *** тоот хаягт байрлах Т******* ******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүргийн **** тоот хаягт байрлах ******* ХХК/регистрийн дугаар: /-д холбогдох,

 

75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-аас татан авч борлуулалтад гаргасан ВIАС В330 маркийн арлын дугаартай 1ш автомашиныг ******* ХХК худалдан авахаар 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрийг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцон, өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Гэвч графикт хугацаанд итгэл эвдэн нэг ч удаа төлбөр төлөөгүй, удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй болно.

Уг автомашин нь 50,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд гэрээний дагуу төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцох учиртай. Гэрээний дагуу алдангийг тооцон үзвэл 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 32,850,000 төгрөгийн алданги үүсч байна. Бид энэхүү бизнесийг эрхлэхдээ өндөр хүүтэй зээлийн мөнгөөр санхүүжүүлсэн, өнөөдрийг хүртэл ******* ХХК-ийн төлөх ёстой 50,000,000 төгрөгт ихээхэн хэмжээний зээлийн хүүгийн алдагдал хүлээжбайна.

Иймд ******* ХХК-аас автомашины үнэ 50,000,000 төгрөг болон өнгөрсөн хугацаан дахь алдангийг хуулийн нийцүүлэн үндсэн төлбөрийн 50% буюу 25,000,000 төгрөг болгон бууруулж, үндсэн төлбөрийн хамт нийт 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч ******* ХХК-аас 75,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгч талтай уулзаж, төлбөр барагдуулах тухай хэлэлцсэн бөгөөд нийт нэхэмжилсэн 75,000,000 төгрөгийг дараах нөхцлөөр барагдуулахаар тохиролцсон болно. Манай байгууллага нь Б ХХК-ийн Б******* дүүргийн ****** хотхон барилгын байрнаас худалдан авч буй 75,000,000 төгрөгйин үнэ бүхий 30 м.кв орон сууцны зориулалттай 1 өрөө байрны захиалгын гэрээг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгнө гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Автомашин худалдах-худалдан авах гэрээ, автомашины фото зураг, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У 2024.05.07№111 мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэрээний төлбөрийн тооцоолол, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий тэгээд Б.У иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ /нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/ Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/ 2024.09.02 Эвлэрлийн гэрээ,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Т******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт автомашины үнэ 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй ба Б ХХК-ийн Б******* дүүргийн ***** хотхон барилгын байрнаас худалдан авч буй 75,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 м.кв орон сууцны зориулалттай 1 өрөө байрны захиалгын гэрээг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгнө хэмээн тайлбарлаж, өөр этгээдтэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

4. Гэвч тухайн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ болон гүйцэтгэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, эвлэрлийн гэрээг батлах боломжгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэл болон зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 300-ны өдөр дугаартай Автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь Т******* ******* ******* ХХК-иас 50,000,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг худалдан авч, тээврийн хэрэгслийг хүлээн авсан боловч төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

6. Худалдан авагч тал нь дээрх гэрээний 3.2-т зааснаар 2023 оны 8 дугаар сарын 31-ний дотор 10 хувь буюу 5,000,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний дотор 45 хувь буюу 22,500,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний дотор 45 хувь буюу 22,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр байх ба төлбөр хийх үе шатны хугацаа хэтэрсэн хоног тутамд харгалзах хувь хэмжээ болох үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр гэрээний 4.3-т заасан байна.

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги ... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй ба худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн шаардаж буй тээврийн хэрэгслийн үнэ, гэрээнд заасан алдангийн хэжээ нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь З сумаас Улаанбаатар хот руу зорчиж явах замд 2025 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл эвдэрсэн хэмээн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай албан бичигт өөрөө гарын үсэг зурж, тус шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй.

10. Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар хэн аль нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т тус тус зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-иас 75,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ******* ХХК-д олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 534,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 534,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ******* ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У