Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүүрэн овогт Энхдалайн Эд холбогдох 1829000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт 2018 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтуугаар хохирогч Г.Пүрэв-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар нүүрэн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Эд мөрийн баримтаар заазуур 1 ширхгийг хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-н 8-11-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн

  1. Г.Пүрэв-Эрдэнийн биед эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 12-р хавтаст/

Хохирогч Г.Пүрэв-Эрдэнийн өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 15-ны 19-20 цагийн үед Оргодол бид хоёр Тахидаг хайрханд орж нүүрс ачуулахаар ороход маргааш нь ачихаар болоод машин дотроо хоол хийгээд идэж байхад би Э рүү өөрийнхөө утсаар залгаад маргааш бүхэл өдөржингөө амрах юм шиг байна. Очер зөндөө байна манпистаа 2-3 хоногийн дараа тавих байх нойрны даруулга байвал аваад ирээч гэсэн... “Хүрэн хар” ХХК-ийн кемпийн өмнө Этэй уулзаад машин дотор нь ороход орон дээр нь 0,75 литрийн ерөөл архи байсан. Тэгээд юм ярилцангаа нөгөө шил архийг нь гурвулаа хувааж уугаад дуустал ярилцаж байгаад дахиад 1 юм уухаар болоод Э, Оргодол хоёр архинд яваад 0,75 литрийн ерөөл нэртэй архи маш хурдан авч ирсэн. Тэгээд гурвуулаа нэг нэг татсаны дараа Э намайг явж унтаж амар гэхээр нь Оргодолыг авч явна цуг байгаа юм чинь гээд Э би Оргодолтой юм яримаар байна. Би миний машинаас зайл гэж хэлсэн... Миний дургүй хүрээд гадаа унасан байсан архитай шилээ барьж аваад шидтэл жолооч талын кабины жижиг шилийг хагалсан. Тэгтэл Э заазуур бариад буугаад ирэхэд Эгийн бэлхүүсээр нь Оргодол очиж тэврээд болио хөгшөөн гээд салгах гээд байж байсан. Тэгээд Оргодол над руу Пүрэвээ хөгшөөн зугтаарай Э заазуур барьчихсан байна гэж байсан тэгэхээр нь би куртикээ тайлаад хутгыг нь салгаж аваад амраая гэж бодоод куртикээ бариад очиход эрүү рүүгээ заазуурдуулчаад шууд тэндээсээ зугтаагаад явж байхад такси зогсоод цагдаагийн газар хүргэж өгсөн...” /хх-ийн 21-23-р хуудас/

Гэрч Ч.Оргодолын өгсөн: “... Тэгээд 22 цаг 30 минутын үед Э ганц юм авчихлаа гэж Пүрэв-Эрдэнэ рүү хэлсэн. Тэгээд бид хоёр машинаа орхичоод “Хүрэн хар” ХХК-ийн кемпийн өмнө Этэй уулзаад машин дотор орж авч ирсэн нөгөө шил архийг нь гурвуулаа хувааж уухаар болоод хамт сууцгаасан. ...Эг машин руу нь оруулж байх үед Пүрэв-Эрдэнэ араас нь үлдсэн шилтэй архийг шидэж машиных нь цонхийг хагалсан. Тэгэхээр нь би Пүрэв-Эрдэнэ дээр очиж болиоч гэж хэлээд болиулж байх үед Э машин дотроосоо заазуур барьж бууж ирсэн. Тэгэхээр нь Пүрэв-Эрдэнэд наадах чинь заазуур барьчихсан байна зугтаарай гэж хэлээд Эг очоод суган доогуур нь тэврээд одоо боль тайвшир гэж хэлсэн чинь Э наадахыг чинь алаад өгье гэж хэлсэн. Пүрэв-Эрдэнэ ард талд чаддаг юм бол алчих гэж хэлж байсан. Тэгээд Этэй ноцолдож байгаад машинд нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч У.Мөнх-Ертөнцийн өгсөн “...Ханбогд сумын сум дундын нэгдсэн эмнэлгээс 2018 оны 03 дугаар сарын 15-нөөс 16-нд шилжих шөнө 02 цагийн үед дуудлага хүлээн авч Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах Энержиресус ХХК-ийн кемпийн байрнаас очиж авсан. Тухайн үед Ганболд овогтой Пүрэв-Эрдэнэ гэх хүнийг доод эрүүний урд хэсэгт 17 см урттай ясандаа хүрсэн гүн шархтай байсан тул цус алдаж байсан судсыг боож цусыг тогтоон шархыг цэвэрлэж Ханбогд сумын эмнэлэгт авч ирж шингэн сэлбэж, дотор талдаа 6 оёдол, гадна талд нь 18 оёдол тавьж хэвтүүлж эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

Э.Эгийн яллагдагчаар өгсөн: ”...Э.Э би 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой Гашуун сухайт боомтоор Монгол улс руу орж ирээд очерлоод явж байх үед 22 цагийн үед найз Пүрэв-Эрдэнэ утсаар над руу залгаад хаана явна гэж асууж байсан. Тэгээд ганц юм аваад ирээч гэхээр нь би 22 цаг өнгөрч байхад хаанаас олж авна гэж хэлсэн сэтгэлээрээ аваад ирээч дээ нойрны даруулга болно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан тэгэхээр нь би дэлгүүрээс орж архи худалдаж аваад Тахидаг хайрхан ХХК-ний урд талбайд очоод Пүрэв-Эрдэнэ рүү залгахад Оргодолын хамт гарч ирсэн. Тэгээд миний машины кабин дотор сууж юм ярилцангаа миний авч ирсэн 0,75 литрийн Ерөөл архийг ууж дуусгасан. Тэгээд дахиад архи авахаар болоод би Оргодолын хамт дахиад 1 шил архи авч ирсэн. Тэгээд тэрнээсээ бид гурав нэг нэг татаад байж байгаад Оргодол бие засах гээд буусны дараа Пүрэв-Эрдэнийг “чи машиндаа очиж амар” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн кабин дотор нэг барилцаж аваад Оргодолыг кабинд суух үед нь бид хоёр буусан. Тэгээд машинаас буунгуутаа барилцаж аваад зодолдож эхэлсэн. Тэгээд Оргодол салгах гэж оролдож байсан. Тэгээд Пүрэв-Эрдэнийг Оргодол барьж аваад салгах гэхээр нь би очиж цохиод, намайг Оргодол салгах гээд бариад авахаар Пүрэв-Эрдэнэ намайг цохиод барьцалдаж авч 2-3 удаа газар шорон дээр өнхөрч байгаад Оргодол намайг салгаж аваад машин руу оруулахад Пүрэв-Эрдэнэ сүүлд авч ирсэн архитай шилээ араас шидэж машины цонх хагалчихаар нь би кабин дотроос заазуур аваад буухад Оргодол намайг бүсэлхийгээр тэврээд чи ингэж болохгүй гээд намайг Пүрэв-Эрдэнэ рүү очуулаагүй. Тэгтэл Пүрэв-Эрдэнэ өөрөө ирээд миний гараас заазуур авах гэж оролдохоор нь өгөхгүй гэж байгаад эрүү рүү нь цохих шиг болсон. Тэгтэл Пүрэв-Эрдэнэ цаашаа гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/

Шүүгдэгч Э.Эгийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Эгийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-40, 54-р хуудас/,

Шүүгдэгч Э.Эгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 42-47-р хуудас/,

Шүүгдэгч  Э.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт 2018 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтуугаар хохирогч Г.Пүрэв-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар нүүрэн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Пүрэв-Эрдэнийн өгсөн: “...Тэгтэл Э заазуур бариад буугаад ирэхэд Эгийн бэлхүүсээр нь Оргодол очиж тэврээд болио хөгшөөн гээд салгах гээд байж байсан. Тэгээд Оргодол над руу Пүрэвээ хөгшөөн зугтаарай Э заазуур барьчихсан байна гэж байсан тэгэхээр нь би куртикээ тайлаад хутгыг нь салгаж аваад амраая гэж бодоод куртикээ бариад очиход эрүү рүүгээ заазуурдуулчаад шууд тэндээсээ зугтаагаад явж байхад такси зогсоод цагдаагийн газар хүргэж өгсөн...” /хх-ийн 21-23-р хуудас/, гэрч Ч.Оргодолын өгсөн: “...Э машин дотроосоо заазуур барьж бууж ирсэн. Тэгэхээр нь Пүрэв-Эрдэнэд наадах чинь заазуур барьчихсан байна зугтаарай гэж хэлээд Эг очоод суган доогуур нь тэврээд одоо боль тайвшир гэж хэлсэн чинь Э наадахыг чинь алаад өгье гэж хэлсэн. Пүрэв-Эрдэнэ ард талд чаддаг юм бол алчих гэж хэлж байсан. Тэгээд Этэй ноцолдож байгаад машинд нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч У.Мөнх-Ертөнцийн өгсөн “...Тухайн үед Ганболд овогтой Пүрэв-Эрдэнэ гэх хүнийг доод эрүүний урд хэсэгт 17 см урттай ясандаа хүрсэн гүн шархтай байсан тул цус алдаж байсан судсыг боож цусыг тогтоон шархыг цэвэрлэж Ханбогд сумын эмнэлэгт авч ирж шингэн сэлбэж, дотор талдаа 6 оёдол, гадна талд нь 18 оёдол тавьж хэвтүүлж эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Э.Эгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Пүрэв-Эрдэнэ нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.  

 Шүүгдэгч Э.Эгийн урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дүүрэн овогт Энхдалайн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эинд оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5.Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Эгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА