Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

2024/ДШМ/20

 

 

 

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    Б.Н

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Ц.Б

            Хохирогчийн өмгөөлөгч                                           В.У

            Шүүгдэгч                                                                   Ц.Б

            Нарийн бичгийн дарга                                              Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, хохирогчийн өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Бд холбогдох 2312000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 0, нөхрийн хамт А аймгийн Х сумын Ц баг, Ж гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Цын Ц.Б /РД:00000000/ 

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А аймгийн Х сум Ц баг Ж гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхөр Д.Ды нурууны зүүн хэсгээр хутгалж зүүн бөөрийг гэмтээсний улмаас зүүн бөөрийг авсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Ц.Бд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

                                                                                                                                                                            А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б овогт Цын Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

                Хохирогчийн өмгөөлөгч В.У гаргасан давж заалдах гомдолдоо...Тус 2312000000138 дугаартай хэргийн зүйлчлэл нь яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, санаа сэдэлд тохирохгүй байна. Миний үйлчлүүлэгч Д.Д нь эхнэр Ц.Бд гомдсоны үндсэн дээр өөрийгөө түүнд хутгалуулсан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл бичиж өгсөн байдаг. Ингэж өргөдөл бичиж өгөх үедээ Д.Д нь согтуу байсан гэдэг бөгөөд түүнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах үедээ Ц.Б нь түүнтэй ямар хамааралтай эсэх, эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөх эсэхийг асууж тодруулаагүй мэдүүлэг авсан байдаг. Анхан шатны шүүх хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хассан атлаа Ц.Бгийн үйлдлийг санаатай гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Шүүгдэгч Ц.Б нь хэрэг болох цаг хугацаанд хутгатай мах хөшиглөж байсан нь тогтоогдог бөгөөд, хохирогчийг гэрээс гар зайл гэж гэрээсээ хөөсөн байх ба түүнийг гэрээс нь гаргах зорилгоор түүний араас түлхсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж байгааг хохирогч Д.Д болон түүний өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү гомдлоо гаргаж байна. Иймд Ц.Бгийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо... Надад нөхрөө хутгалах санаа зорилго байгаагүй. Тухай үед хутгалсан байсныг сүүлд мэдсэн. Нөхөр Д.Дыг санаандгүй хутгалсандаа маш их гэмшиж байна. Би тэр өдрөө машинаар Дыг Х сумын эмнэлэг хүргэж өгөөд маргааш нь А аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Би гэрээс хөөж гаргах үед хутгатай гараар түлхэх үед хутгалсан талаар цагдаад үнэн зөвөө хэл гэсэн чинь өөрөө миний буруу чи санаатай хутгалсан биш гээд хэлж яах юм гээд өөрийгөө төмөр дээр ойчсон гэж хэлсэн байсан. Мөн энэ талаар төрсөн охиндоо хэлээгүй. Иймд хэрэг болсон талаар үнэн зөвөөр нь мөрдөн шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Харин санаандгүй хутгалсан байсан.  Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Мөн миний нөхөр ч гэсэн намайг санаандгүй хутгалсан гэдэг дээр санал нэг байгаа. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Иймд хэргийн болсон явдлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. 03 сарын 04-нөөс цагдан хоригдож байгаа тул даралт ихсэж, зүрх өвдөж хавагнаж байгаа тул хэргийг минь хурдан шийдэж өгнө үү. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна...гэжээ.

 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо...Тухайн гэмт хэргийг үйлдсэн, нөхрийнхөө араас гэрээс түлхэж гаргах үйлдэл хийсэн. Д.Дд хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл дээрээ шүүгдэгч Ц.Б маргадаггүй. Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой юм. Харин гэмт хэрэг үйлдсэн субьектив талын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байгаа эсэхэд шүүх анхаарч , гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Монгол улсын Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ. Харин шүүгдэгч Ц.Бгийн хувьд ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэдэгт эргэлзээтэй. Түүний хувьд санаа зорилго бол гэрээсээ нөхрөө гаргах, санаа зорилготой байсан ба Д.Дыг хутгалах, хутгалчих, түүнд “хүнд” хор уршиг учруулах санаа зорилго агуулаагүй байдаг юм. Мөн Монгол улсын Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ. Хохирогч Д.Д өөрийг нь эхнэр нь санамсаргүй хутгалсан талаар гэрээс гарахдаа мэдээгүй бөгөөд хонь төхөөрч байгаа хүн дээр очсоны дараа нуруугаар нь бүлээн оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзээд хутгалагдсан талаар мэддэг бол, шүүгдэгч Ц.Б махаа хөшиглөж дууссаны дараа гэрээс гарч башингын үүдэн дээр очиход дүү О болон нөхөр Д.Д нар хутгалсан талаар хэлж анх удаа нөхрөө гэрээс хөөж гаргахдаа хутгалсан талаар мэддэг юм. Анхан шатны шүүхээс хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоос авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авч уг мэдүүлгийг нотлох баримтаас хасаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед зөвхөн нэг л удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй тул шүүхээс хохирогч Д.Ды зөвхөн шүүх хуралдаан дээр өгсөн “ манай эхнэр гар зайл гэсэн..араас түлхсэн..Тэгээд гадаа очтол бүлээн оргисон.Дээлээ тайлаад мэдсэн. Гэрийн хаалгаар гар гэж түлхсэн... санаатай тэгсэн биш гээд гомдол гаргаагүй. гэж шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэх ёстой. Тухайн гэмт хэрэг гарах үед байсан хохирогч, шүүгдэгч нар гэм буруугийн болгоомжгүй гэмт хэргийн талаар мэдүүлсээр байхад шүүхээс хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү...гэжээ.

 

          Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ... Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А аймгийн Х сум Ц баг Ж гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нөхөр Д.Ды нурууны зүүн хэсгээр хутгалж зүүн бөөрийг гэмтээсний улмаас зүүн бөөрийг авсан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс үзсэн. Анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байнгын шинжтэй үйлдэл байхгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, маргах зүйлгүй. Харин зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учраас А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Хохирогчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн санаа зорилгыг хангалттай тогтоож чадаагүй. Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж орж ирж байгаа боловч яагаад тухайн хутгаар хутгалах болсон, ямар зорилготой байсан бэ гэдгийг хэргийн газарт байсан гэрч нараас асууж тодруулаагүй. Энэ ажиллагааг хангалттай сайн хийгээгүй. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй. Шинжээчийн дүгнэлтээс харахад ардаас нь хутгатай гараараа гар зайл гэж хэлээд түлхсэн байдал нь тогтоогдож байна. Үүнээс санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж шийдэж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс шүүгдэгчид ашигтай байдлыг баримтлах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа...Прокурор 4 гэрчийн мэдүүлэг уншаад эдгээр гэрч нарын мэдүүлгээс харахад санаатай гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Хэргийн үйл явдлыг зөв дүрсэлж зөв харах ёстой. Өөрөөр хэлбэл О нь Д.Дыг аяга далайхад гараад явсан. Бусад гэрчүүдийн мэдүүлэг гэрт болсон үйл явдлыг гэрчилсэн гэрч нар биш. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр Ц.Бг санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тэд нар санаатай юу болгоомжгүй юу гэдгийг мэдэхгүй. Д.Д гэрээс гарах гэхэд нь хутгалсан гэж яриад байна. Тийм биш, гэрээс гарах зорилго хэнд байсан гэхээр Ц.Бд байсан. Учир нь Д.Д үглээд аяга авч далайгаад байсан. Түүнээс бол Ц.Б, Д.Д хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, гэрээс гаргах зорилго Ц.Бд байсан. Үүнийг ялгаж, салгаж зөв ойлгомоор байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан. Хүний эрүүл мэндэд хор учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад маргаагүй. Харин субьектив санааны хувьд яаж хандсан гэдэгт маргаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч санаатай уг хэргийг үйлдээгүй, объектив нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харахаар хөнгөрүүлэн шийдэх боломжтой байна. Шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд 55 настай эмэгтэй, ар гэрийн амьдрал хэцүү, өөрөө энэ зүйл ангиар ял авсан учраас сэтгэл санаа нь хэцүү байна. Хэрвээ санаатай хутгалсан үйл явдал байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэх байсан. Гэтэл хэрэгт ийм үйл явдал байхгүй. Нөхөр нь ч санаатай үйлдээгүй, өөрөө ч санаатай үйлдээгүй гэдэг. Иймээс гэмт хэргийн зүйл ангид эргэлзээ төрж байна. Эргэлзээтэй нөхцөл байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Цагдан хорих байранд хоригдож байхад даралт ихсэж, хавагнаж, зүрх өвдөж хэцүү байна. Иймд ялыг хөнгөлж өгнө үү...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

            Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй, түүний үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн нэг удаагийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж, А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

  Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А аймгийн Х сум Ц баг Ж гэх газар нөхөр Д.Ды нурууны зүүн хэсгээр хутгалж зүүн бөөрийг гэмтээсний улмаас зүүн бөөрийг авсан хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Ды шүүх хуралдаанд мэдүүлсэн ...2020 оны 11 сард идэш хийж байсан. Гадаа ойр зуурын ажил хийж байхад мах ид гээд орж мах идээд байж байтал гаднаас хүн хашхираад байсан. Тэгэхээр нь би яасан сүртэй пизда вэ гэж хэлсэн чинь эхнэрийн дүү О чамд ямар хамаатай юм гэхээр нь мах идэж байсан дүрлэгнийхээ шөлийг түмпэн рүү асгаад, аягаа цохих гэж байгаа болоод далайтал манай эхнэр гар зайл гэсэн. Тэгээд би гардаг юм билүү гэж байтал эхнэр миний араас түлхсэн. Тэгээд би гараад явж байтал бүлээн оргисон, юу билээ гээд дээлээ тайлаад харсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Оийн...хүргэн ах Ды гэрт орж ирээд байж байтал гэрийн гаднаас манай хүргэн дүү Алдаржав гадна байгаа махныхаа шуудайны амыг оёчих гээд эгч Ц.Бд хэлтэл манай хүргэн ах Д өөрөө оёхгүй юу гээд гэрт уурлаж байтал эгч Ц.Б намайг оёчих гэж хэлэхээр нь би хүргэн Дд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд удалгүй Д ах гэрээс гарах шиг болсон. Удалгүй би ардаас нь гартал Д ах гэрийн гадна бөөн цус болчихсон байж байхаар нь яасан юм гэтэл Ц.Б сая гэрээс гарахад хутгалчихлаа гэж ярьж байсан. Харин сүүлд нь манай эгч Ц.Б би гэрээс гарахад нь ардаас нь хутгаар хутгалсан гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Алтанзулын... Ц багийн Ж гэх газар очоод малын гэдэс арилгахад нь тусалж байгаад гэр рүүгээ хариад нэг хоночхоод маргааш нь Ц.Б эгч рүү юм асуух гээд гар утас руу нь залгатал Ц.Б эгч Х сумын төвд байна гэхээр нь би сумын төвд юу хийж яваа юм бэ гэтэл өчигдөр чамайг явсны дараа Дыг хутгалчхаад эмнэлэгт үзүүлж явна гэж хэлсэн. Надад хутгалсан хутганы талаараа болон биед нь ямар гэмтэл учруулсан талаар хэлээгүй. Харин хэд хоногийн дараа ярьсныг санахгүй байна. Би Ц.Б эгч рүү гар утсаар залгаад Д ахын бие яаж байна гайгүй юу гэж асуутал А аймгийн эмнэлэгт ирж үзүүлж байна хутга бөөрөнд нь хүрчихсэн юм шиг байна мэс засалд орж бөөрийг авна гэж байна гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг, гэрч П.Дгийн...Ц.Б эгч залгаад манай хүү Бгийн гэрт идэш идэх гэсэн юм малын гэдэс арилгаад туслаад өгөөч гэхээр нь Ц багийн Ж гэх газар очоод малын гэдэс арилгахад нь тусалж байгаад гэр рүүгээ 16 цагийн багцаа явчхаад хариад нэг хоночхоод маргааш орой нь Ц.Б эгч рүү утсаар залгаад манайх маргааш хоолоо хийх гэсэн юм та малын гэдэс арилгахад туслаад өгөөч гэтэл утасны цаанаас Ц.Б эгч их дуу муутай Х сумын төвд байна өчигдөр чамайг явсны дараа Дыг хутгаар хатгачихсан чинь бие нь муу байна аймаг авч явах гэж байна гэсэн. Харин сүүлд Д ах манайд ирээд 2020 оны 11 дүгээр сард идэш хоол хийхэд Ц.Б эгч чинь намайг хутгалаад би өрөөсөн бөөрөө авхуулсан гээд цамцаа сөхөөд надад биеэ харуулах гээд байсан...гэсэн мэдүүлэг,  гэрч Ц.Аын...Х сумын Ц багт хадам дүү Бийнд Ж гэх газар идэш хоолоо авах гэж очоод хадмуудтай цуг идэш хоолоо хийж дуусаад Бгийн гэрийн гадна Бтай малын махаа шуудайлж байтал Д ах гэрээс гэнэт гарч ирснээ Ц.Б гэрээс гарахад намайг хутгалчихлаа гээд гараад ирсэн. Би тэгэхээр нь худлаа байлгүй гэж бодоод нээх тоолгүй шуудайлсан махаа машиндаа ачиж байтал нээрээ Ц.Б эгч хутгалсан болоод Д ахыг Х сумын эмнэлэг рүү гэрийнхэн нь авч  явна гэхээр нь би шууд Ө аймаг руу буцаж яваад маргааш өдөр нь аймгийн төвөөс Б руу гар утсаар залгаад юу болсон гайгүй юу гэтэл Б Х суманд эмнэлэгт Д ахыг хэвтэж байгаа бие нь гайгүй гэхээр нь утсаа салгасан...гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бийн ...2020 оны 11 дүгээр сард хөдөө буюу А аймгийн Х сумын Ц багийн Ж гэх газар нутгийн хүмүүсийн хамт өвлийн идэш хоол хийж байгаад аав, ээж хоёр маргалдаад улмаар ээж Ц.Б нь аав Д.Ды нуруу хэсэг руу хутгалсан гэдэг. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, аав, ээж хоёр эмнэлгээр явж, аав зүүн бөөрөө мэс ажилбараар авхуулсан...гэсэн мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ц.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн...2020 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. А аймгийн Х сумын Ц баг Ж гэх газарт нөхөр, хүүхдүүдийн хамт өвлийн идэш хоолоо бэлдэж байгаад мах шуудайлах гэж байгаад маргалдсан. Тэгээд аяга угааж байгаад түмпүүшиг дээр байсан жижиг хутгыг аваад нөхөр Ды араас хатгасан. Тэгсэн цус гараад орилоон, уйлаан болсон. Тэгээд сумын эмнэлэг авч яваад, тэндээсээ аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Эмч Ды зүүн бөөрөнд хутганы үзүүр хүрсэн учир зүүн бөөрийг авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд зүүн бөөр авах хагалгаанд орж бөөрөө авхуулсан юм. Би өөрийн хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Ды биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4  дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.                   

 

           Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар…хохирогчийг шүүгдэгч санаатай хутгалаагүй. Гэрээс гаргах гэж түлхэх явцад хутгалагдсан тул болгоомжгүй  гэмт хэрэг. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү…гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн мэдүүлэг эдгээр нотлох баримтын эх сурвалжийг заасан шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн...2020 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. А аймгийн Х сумын Ц баг Ж гэх газарт нөхөр, хүүхдүүдийн хамт өвлийн идэш хоолоо бэлдэж байгаад мах шуудайлах гэж байгаад маргалдсан. Тэгээд аяга угааж байгаад түмпүүшиг дээр байсан жижиг хутгыг аваад нөхөр Ды араас хатгасан…гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     

               Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэлд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан үйлдэл тогтоогдоогүй, болгоомжгүй үйлдсэн гэх шүүгдэгчийн мэдүүлгийг баталсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь түмпүүшиг дээр байсан жижиг хутгыг авч өөрийн үйлдэл болох хутгаар бусдыг хутгалахад ямар нэгэн байдлаар гэмтэл учирна гэдгийг ухамсарлаж, улмаар хохирогчийг хутгалж, үйлдлээрээ хохирогчид хүнд хохирол зориуд хүргэсэн байх тул болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

               Хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Б нь 57 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Н.Э