Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0756

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар 1260******* нэгж талбарын дугаар бүхий 39000м2 талбай бүхий М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ХХК нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжийн 1260******* нэгж талбарын дугаартай 39000м2 талбай бүхий М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай 165 дугаар захирамжаар М******* ХХК-ийн хүсэлтийн дагуу 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр-Туул голын хойно О******* ХХК-ийн баруун урд талд аялал жуулчлалын зориулалтаар 3,9 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

3. Улмаар Налайх дүүргийн Газрын алба М******* ХХК-тай 2010 оны 04 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 3 жилийн хугацаагаар байгуулж, мөн өдөр 1867******* тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн №02 дугаар гэрчилгээг олгосон,

4. Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6, 40.2, 61 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай А/343 дугаар захирамжийг тус тус үндэслэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 40 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай. гэж шийдвэрлэсэн бөгөөд хавсралтын 2-т М******* ХХК, хүчингүй болгох үндэслэл: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дугаар зүйлийн 61.1 гэж заасан,

5. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/165 дугаар захирамжийн дагуу 1867******* (хуучин) нэгж талбарын дугаар бүхий 39000 м2 газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар манай компанийн эзэмшлийн газрыг хүчингүй болгосон тухай Налайх дүүргийн газрын албан дээр очиж газрын гэрээ, гэрчилгээний хугацааны талаар тодруулга авах явцад хариуцсан мэргэжилтнээс мэдсэн бөгөөд тухайн захирамжийг 2025 02.04-ны өдөр тус дүүргийн архивт хүсэлт гарган танилцан, хүлээн авсан болно.

Манай компани Аялал жуулчлал-ын зориулалттай эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуульд зааснаар эзэмших эрхийн гэрчилгээ үнэ төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсан дараахь байдлаар үндэслэлгүй гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу тухайн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон тухай мэдсэнээс хойш хуулийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 заасан үндэслэлээр эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй тухайд: Хуулийн тухайн зохицуулалтанд ... заасан хугацаанд үнийг төлөөгүй бол гэж зохицуулсан байна. Манай компани тухайн газрын эзэмшиж эхэлсэн хугацаанаас хойш хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээ, гэрчилгээний төлбөр төл гэсэн аливаа шаардлага, хугацаа тогтоосон ажиллагааг 14 жилийн хугацаанд Захиргааны байгууллагаас хийж байгаагүй бөгөөд энэ талаар мэдэгдэж байгаагүй. Хэрэв захиргааны байгууллагаас эрхийн гэрчилгээний үнэ төлөхтэй холбоотой шаардлага, болон захиргааны үйл ажиллагаа явуулсан тохиолдолд манай компанийн зүгээс тухайн үнийн асуудлыг захиргааны байгууллагын шаардлагын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасны дагуу зориулалтын дагуу ашиглаагүй гэх нь үндэслэлгүй тухайд: Тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш манай компанийн зүгээс хавар, зун, намрын улиралд тухайн газартаа компанийн ажиллагсдыг цэвэр агаар 5-10 гэр түр байршуулах байдлаар ашиглаж байсан. Аялал жуулчлалын зориулалт бүхий газарт заавал байшин барилга барих зохицуулалт байхгүй тул эзэмших эрх олгосон гэрчилгээ, гэрээнд заасан нөхцөлөөр зөвхөн дулааны улиралд компанийн болон хамтран ажиллагч байгууллагуудын зуны үйл ажиллагааг зохион байгуулах, морь унуулах зэргээр зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан.

Гэтэл Дүүргийн газрын албаны зүгээс Аялал жуулчлал зориулалт бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж захирамжийн хавсралтдаа хуулийн заалтыг тэмдэглэн газрын гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон нь илтэд үндэслэлгүй. Учир нь Аялал жуулчлал зориулалт бүхий газар тухайлан барилга байшин барих зэрэг хуулийн зохицуулалт байхгүй буюу харин манай компанийн зүгээс тухайн газрын байгалийн тогтоц, төлөв байдлыг алдагдуулсан аливаа үйл ажиллагаа явуулаагүй, түр гэр, адуу мал байршуулан ажиллагсад, хамтран ажиллагч байгууллагууд болон жуулчлалд унуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байсан нь зориулалтын дагуу газрыг эзэмшээгүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3. Газрын эрх хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан Сонсох ажиллагаа хийгээгүй тухайд: Манай компанийн эзэмших газартай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасны дагуу мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах; үүрэгтэй байна. Гэтэл нийт 54 тусдаа иргэний асуудлыг шийдэж байгаа захирамжинд миний асуудлыг оруулж хуулийн 27.2.2-т заасны дагуу олон иргэний асуудал тул сонинд мэдээлсэн гэж байгаа нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна

Дүүргийн Газрын албанаас тухайн сонсох ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан бол миний бие газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой захиргааны байгууллагын ажиллагаанд оролцох бүрэн боломжтой байсан.

4. Газар эзэмших эрх хүчингүй болгосон тухай шийдвэрийг мэдэгдээгүй тухайд: Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжийн 2 дах заалтаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэхийг Газар зохион байгуулалтын албанд даалгасан байдаг. ч захиргааны байгууллага нь шийдвэрээ мэдэгдэх үүрэгтэй байна. Манай компанийн зүгээс газрын албанаас Газрын гэрээ, гэрчилгээ сунгалт, газрын төлбөрийн асуудлаар мэдээлэл тодруулахаар очихдоо архиваас нь захирамжийг хуулбарлан авсны үндсэн дээр мэдсэн нь захиргааны байгууллага дээрх мэдэгдэх үүргээ биелээгүйн улмаас манай компанийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар 1260******* нэгж талбарын дугаар бүхий 39000м2 талбай бүхий М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны Газар эзэмших эрх олгох тухай 165 дугаар захирамжаар М******* ХХК-д Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар 39000 м2 газрыг олгож, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн.

Газрын тухай хуулийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас М******* ХХК-тай 2010 оны 04 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, 1867******* тоот нэгж талбарын дугаар бүхий №02 тоот гэрчилгээг олгосон.

Гэвч газар эзэмшигч М******* ХХК нь тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасан гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй өдийг хүрсэн тул дээрх үндэслэлээр гэрээний 3.3 дахь хэсэг заасны дагуу дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалж, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар дүүргийн Засаг дарга газар эзэмшигчээс газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй бөгөөд газар эзэмшигчийн үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зарчимд нийцсэн байх шаардлагатай.

Сонсох ажиллагааны тухайд: Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн, мөн газар эзэмших, ашиглах үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Өдрийн сонин-ы №116 (7382) дугаарт нийтлүүлж сонсох ажиллагааг явуулсан болно.

Тухайн мэдэгдлийн дагуу заасан хугацаанд М******* ХХК хариу тайлбарыг ирүүлээгүй, маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд ямар нэг тайлбар, саналаа захиргааны байгууллагад гаргаагүй болно.

Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны А/288 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болсон талаар мэдэгдсэн албан бичгийг захирамжийн хамт тус компанид шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10. газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарласан.

Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хийсэн үзлэг, холбогдох ажиллагааны хүрээнд дээрх хүндэтгэн үзэх ямар нэгэн нөхцөл байдал байхгүй ба гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу эзэмшил газраа ашиглаагүй нь тогтоогдсон байна.

Мөн Масклайн ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ 343,472,766 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан байна. Газрын тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв-аас дээш талбай дээр газар эзэмших эрх олгож байгаа тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх олгоно гэсэн заалтад үндэслэн тухайн бүсчлэлээсээ хамаараад дуудлага худалдааны үнэ төлж газар эзэмших эрх үүсэх ойлголт юм.

Тус компани нь тухайн газрыг эзэмшсэнээс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд буюу нийт 14 жилийн турш зориулалтын дагуу огт ашиглаагүй, газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдээгүй, гэрээг дүгнүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/343 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд М******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...14 жилийн хугацаанд захиргааны байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй, 5-10 гэр түр байршуулах байдлаар ашиглаж байсан, аялал жуулчлалын зориулалт бүхий газарт заавал байшин барилга барих зохицуулалт байхгүй, захиргаа мэдэгдэх үүргээ биелээгүйн улмаас компанийн эрх ноцтой зөрчигдсөн гэж тайлбарласныг, хариуцагчаас гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, дуудлага худалдааны анхны үнэ 343,472,766 төгрөгийг төлөөгүй, мэдэгдлийг Өдрийн сонин-ы №116 (7382) дугаарт нийтлүүлж сонсох ажиллагааг явуулсан... гэж маргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6, 40.2, 61 дугаар зүйлийн 61.1, Нийслэлийн Засаг даргын 2024 оны Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай А/343 дугаар захирамжийг тус тус үндэслэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 40 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хавсралтын 2-т М******* ХХК, хүчингүй болгох үндэслэл: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дугаар зүйлийн 61.1 гэжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан...асуудлыг...нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:, 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;, 40 дүгээр зүйлийн 40.1-д ...Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан.

Уг захирамжид үндэслэл болгосон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 дугаар Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн, тухайн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь тогтоогдов.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Налайх дүүргийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/404 дүгээр захирамжаар М*******" компанид аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, экологийн тэнцвэрт байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх зориулалтаар Туул голын хойно О******* компанийн баруун талд 3,9 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж 301 дугаар гэрчилгээ олгосон ба Газрын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан тус компаниас 2010 оны 4 дүгээр сарын 01-нд ...39000 м2 газрыг аялал жуулчлал, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэх зориулалтаар...шинээр гэрээ гэрчилгээ гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргасныг үндэслэн мөн дүүргийн засаг даргын, 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай 165 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр-Туул голын хойно О******* ХХК-ийн баруун урд талд байршуулан 3.9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн, мөн өдрөөс Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г шинэчлэн 3 жилийн хугацаатай байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон байна.

Нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрхийг авахдаа тодорхой төсөл сонгон шалгаруулалтанд ороогүй, мөн дуудлага худалдааны журмаар уг эрхийг олж аваагүй боловч 2002 оны Газрын тухай хуулийн /шинэчилсэн найруулгын/ дагуу гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсоноор уг хуульд заасан газар эзэмшигчийн үүрэг хүлээж гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа эзэмшиж ашиглах үүрэгтэй, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/343 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх үүрэгтэй байжээ.

Гэвч нэхэмжлэгч нь гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй /захиргаанд хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлаа нотлоогүй/ газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байх ба шүүхээс үзлэг хийхэд тухайн газар дээр хашаа хатгасан, харуулын байр байршуулснаас өөрөөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдоогүй тул эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, Налайх дүүргийн Газрын алба болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2.1-д газрын зориулалт-аялал жуулчлал, 3.3-д газар эзэмшүүлэгч нь Газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар болон гэрээний 3.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэйг, 4.1-д Газар эзэмшигч нь гэрээний нөхцлийн дагуу газрыг эзэмших ашиглах үүрэгтэйг тус тус талууд тохиролцсон байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдвол шүүх түүнийг хүчингүй болгох бөгөөд Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д газар эзэмших эрх олгох, цуцлах асуудлыг Нийслэлийн засаг дарга хариуцан шийдвэрлэхээр заасан боловч Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны А/451 дүгээр Эрх шилжүүлэх тухай захирамжаар ...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын хэмжээ нэмэхээс бусад газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, эрхийг дуусгавар болгох, хэмжээг хасах болон байршил, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн, маргаан бүхий захиргааны актыг ийнхүү эрх шилжүүлсний үндсэн дээр гаргасан нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасантай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт...гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27.2-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан.

Хариуцагч нь Зууны мэдээ сонины 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №118(7362) дугаарт Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ-ийн төлбөр төлөөгүй жагсаалтад дурдсан газар эзэмшигч, ашиглагч нарт төлбөрийг нөхөж төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож , газрын эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдож байна,...шийдвэр гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 305 дугаар өрөөнд 12:00-15:30 цагийн хооронд явагдах-ыг мэдэгдсэн, жагсаалтын 7-д М******* гэж тэмдэглэжээ.

Үүнээс үзвэл тухайн сонсох ажиллагааг зөвхөн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй этгээдүүдийн тухайд хүргэж буй мэдэгдэл гэж үзэхээр байх бөгөөд энэ нь хуулийн 27.2.2-т заасан арга хэрэгсэлд хамаарах тул хариуцагчаас мэдэгдэл хүргэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзнэ.

Тус шүүхийн, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******аас ...дуудлага худалдааны анхны үнийг төлөх байдлаар эвлэрэн хэлэлцэх...боломжит хугацаа олгон хойшлуулж өгнө үү гэх, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******аас ...эрүүл мэндийн асуудал үүссэн тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх, ...Компанийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Ц******* миний биеийг оролцуулахаар итгэмжлэл олгож...шүүх хуралдааныг боломжит хугацаанд хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч хойшлуулсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, Н.Ц******* нарт энэ өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******ын шүүхэд мэдүүлсэн 88014303 дугаар гар утсанд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ярьж мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*******т шүүх хурлын товыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр биечлэн мэдэж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэн аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэгэн хүсэлт санал ч ирүүлээгүй.

Харин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул тэдгээрийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан, шүүхэд нотлох баримт хангалттай цугларсан тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар шүүх хуралдааныг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-иас Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар захирамжаар 1260******* нэгж талбарын дугаар бүхий 39000м2 талбай бүхий М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН