Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 226/МА2021/00022

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19-ний өдөр            226/МА2021/00022                                    Хэрлэн сум

 

 

 

 

Э-гийн нэхэмжлэлтэй,

Ц-, Г- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00022/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Э-гийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ /цахимаар/,

Хариуцагч Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 156/ШШ2021/00403 дугаар шийдвэртэй Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц-, Г- нарт холбогдох “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй 1 хавтас 229 хуудас бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт байрлах Ү-1814000367 дугаар гэрчилгээтэй Бэрх 69-р байрны 07 тоотын 47 мбүхий 4 өрөө орон сууцыг 2000 онд өмчилж авсан. Уг орон сууцанд миний бие 2003 он хүртэл эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаад ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот руу шилжихдээ тус байраа ээждээ захиж үлдээгээд явсан. Ээж маань амьд сэрүүн байхдаа тухайн орон сууцыг одоо амьдарч байгаа Г-, Ц- нарт түрээслүүлсэн гэж ярьж байсан. Миний ээж 2011 онд нас барсан бөгөөд Г-, Ц- нарыг байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлөөгүй. Иймд Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт байрлах Бэрх 69-р байрны 07 тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1992 онд Г-тай гэр бүл болсон. 2001-2004 онуудад Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг Бэрхийн уурхайн үйл ажиллагааны доголдол, хувьчлалаас шалтгаалж  олон ажилтан, иргэд ажлын байргүй болж шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ үед иргэдийн дунд “Э- орон сууцаа зарна” гэсэн мэдээлэл гарсны дагуу түүнтэй утсаар холбогдож байрны үнийг асуухад 250.000 төгрөг гэж хэлсэн. Э-гийн ээж над руу утсаар ярьж 200.000 төгрөгөөр байраа зарах болсон тухайгаа хэлэхэд нь би М-н хамт гэрт нь очиж 200.000 төгрөгийг бэлнээр өгч байрыг худалдан авсан. Би Бэрх тосгоны 69 дүгээр байрны 1 дүгээр орц 7 тоот орон сууцанд амьдарч эхлэхээсээ өмнө 2 өрөөний ханыг нурааж нийлүүлэх зэргээр иж бүрэн засвар хийсэн. Тухайн үед засварын ажлыг Г, У, Г нар хийж гүйцэтгэсэн. Э-гийн ээжид орон сууцны үнийг бүрэн төлсөн бөгөөд амьд сэрүүн байхад нь “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлье” гэж олон удаа хэлсэн боловч “хүү Э- нь хөдөө ажилладаг тул ирэхээр нь шилжүүлье” гэж хойшлуулдаг байсан. Мөн Э-тай утсаар холбогдож энэ талаар хэлж байсан. Байрны үнэ 200.000 төгрөгийг авсан ээж нь нас барсан учир Э- санаатайгаар залилан хийж, орон сууцыг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан байна. Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 69-р байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууцанд бид гэр бүлээрээ 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ амьдарч байна, энэ хугацаанд байр чөлөөлөх талаар нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй атлаа ээжийгээ нас барснаас хойш энэ асуудлыг хөндөн нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Харин ч орон сууцны үнийг төлсөн атал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлээгүй байгаад бид хохирч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бид Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 69-р байрны 07 тоот 49 м2 талбайтай орон сууцыг хуулийн дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Уг байрны үнэ 200.000 төгрөгийг Э-гийн ээжид бэлнээр өгч худалдан авсан бөгөөд орон сууцанд нүүж орсон цагаасаа хойш засвар үйлчилгээ, СӨХ-ийн төлбөрийг өмчлөгчийн байр сууриас бид бүрэн хариуцан төлж ирсэн. Тус байранд бид 2004, 2009, 2014, 2018 онуудад засвар хийсэн бөгөөд нийт 25.000.000 төгрөг  зарцуулсан.

Бид Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 69-р байрны 1 дүгээр орцны 7 тоот 49 м2 талбай бүхий орон сууцанд гэр бүлээрээ 2004 оноос эхлэн 17 дахь жилдээ амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Э- нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй атлаа ээжийгээ нас барснаас хойш 10 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 89, 90, 92 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 69-р байрны 07 тоот 49 м2 талбай бүхий орон сууцны шударга өмчлөгч Ц-, Г- нар мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 156/ШШ2021/000403 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны 69-р байрны 07 тоот орон сууцыг хариуцагч Г-, Ц- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г-, Ц- нарыг Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх тосгоны 69-р байрны 07 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Ц- нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 269.900 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 282.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э-гаас 282.950 төгрөг гаргуулан хариуцагч Ц- нарт олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигчдын хооронд 2005 онд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж иргэний өмчлөх эрхийг баталгаатай эдлэхээр заасан. Нэхэмжлэгч нь энэхүү үндсэн эрхийнхээ дагуу Хэнтий аймгийн Батноров сум 7-р баг Бэрх 69-р байрны 1-р орцны 7 тоот хаягт байрлах орон сууцыг өнөөдрийг хүртэл өмчилж байна.

Аливаа хөрөнгийн өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг хэрхэх асуудлыг зөвхөн өөрөө л шийдвэрлэх эрхтэй. Орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэх 2005 онд нэхэмжлэгч нь хэнтэй ч ямар ч худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгээгүй, орон сууцны үнийг хүлээж аваагүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 2 тал биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно”, 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэсэн хуулийн заалтууд байсаар атал ямар ч гэрээ, хэлцэл байхгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг төлөөлөх бүрэн эрхгүй, өмчлөгч бус этгээдэд 200.000 төгрөг өгсөн гэх үндэслэлээр “...хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдохгүй байна. ...хэлцэл хийгдсэн...” гэж хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж өмчлөгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.

Худалдах, худалдан авах гэрээний шинж нь хууль ёсны гэрээ, хэлцлийн үндсэн дээр худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй аливаа хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь уг эд хөрөнгийн үнийг худалдагчид бүрэн төлөх байдаг. Орон сууцны өмчлөгч нь гар дээрээ нэг ч төгрөг аваагүй байхад хариуцагчийг бусдын өмчилж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг маш ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Хэлцлийг нотариатаар гэрчлүүлж байгаа нь нотолгооны л ач холбогдолтой. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т заасан зохицуулалт нь хэлцэл хийснийг талууд хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд хэрэглэгдэх заалт бөгөөд нэхэмжлэгч тал хэлцэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байхад энэхүү заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэрэглэх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүх энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд улсын бүртгэлийг шууд үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм”, “нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг тодорхойлж буй улсын бүртгэлийг дээр дурдсанаар үнэн зөв гэж үзэх нь эргэлзээтэй...” гэж дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэсэн зохицуулалт нь зөвхөн улсын бүртгэлд бүртгэх ёсгүй этгээдийг бүртгэсэн зэрэг шинэ бүртгэл үүсгэх, өөрчлөхдөө алдаа гаргасан улсын бүртгэгчийн алдааг засахад чиглэсэн зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч Э- нь энэхүү заалтад дурдсан шиг бүртгүүлэх эрхгүй этгээд бүртгүүлсэн асуудал огт байхгүй, уг орон сууцыг анхнаас нь өмчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч юм.

Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэл “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчим, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд...” гэх зэргээр “улсын бүртгэл үнэн зөв” байх зарчмыг Иргэний хууль, бусад салбар хуулиудад маш тодорхой заасан байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн хавтаст хэргийн материалд гэрч Э, хариуцагч Ц- нарын тайлбарт “...энэхүү орон сууцыг чөлөөлүүлэх асуудлаар 2013, 2015 онуудад болон удаа дараа маргаан үүсч байсан...” талаар дурдсан ба шүүх хуралдааны явцад энэ талаар ханГ-тай нотлон мэтгэлцсээр байхад “...нэхэмжлэгчийн эрх 2011 оноос эхлэн зөрчигдөөд байхад энэхүү хугацаанд чөлөөлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч байсан эсэх нь тодорхойгүй байна...” гэж дүгнэж, зөвхөн хариуцагч, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн тодорхойлоогүй гагцхүү “...ээж маань түрээсэлсэн гэж ярьж байсан. Орон сууцнаас гарахыг удаа дараалан шаардсан боловч гараагүй” гэж л тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хэргийн бодит үйл баримт, өмчлөх эрхээ хуульд заасны дагуу шилжүүлээгүй асуудлаа зориуд орхигдуулж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхээс зохигч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг гэх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаар үнэн зөв үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн бүртгэгдсэн байдлаас үл хамааран өмчлөх эрх шилжсэн эсэх асуудлыг тодруулах нь чухал байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалт нь эрх шилжүүлэхээр хэлцэл хийсэн этгээдийн үүргийн зөрчлийг хамгаалах хэрэгсэл болохгүй бөгөөд бүртгэлд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасан “бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэсэн зохицуулалтын аргаар буруу бүртгүүлсэн тохиолдлын нэгэн адил хэрэглэгдэж, шүүх энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд улсын бүртгэлийг шууд үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь дээрх улсын бүртгэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн заалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ. Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгох боломжгүй юм” гэж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, бүртгэл үнэн зөв байх учиртай гэх зарчмыг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон түүний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй болно. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс орон сууц худалдах-худалдан авах гэрээгээ хуулийн дагуу байгуулж, орон сууцаа шилжүүлэх зорилгоор орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчид эх хувиар нь өгсөн талаар хариуцагч нар тайлбар мэдүүлэгтээ тодорхой дурддаг. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч нь эрээд олохгүй байгаа тухайгаа хариу тайлбартаа тодорхой бичсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид худалдан борлуулсан, улмаар тэдний хууль ёсны эзэмшилд шилжүүлсэн болох нь үүгээр давхар нотлогдож байна. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй юм.

Давж заалдах гомдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн мэтээр бичжээ.

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалт нь эрх шилжүүлэхээр хэлцэл хийсэн этгээдийн үүргийн зөрчлийг хамгаалах хэрэгсэл болохгүй бөгөөд бүртгэлд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд... буруу бүртгүүлсэн тохиолдлын нэгэн адил хэрэглэгдэж, шүүх энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд улсын бүртгэлийг шууд үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм” гэж дүгнэсэн байдаг.

Шүүхийн энэхүү дүгнэлт нь Иргэний хуулийн холбогдох заалтыг тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд тун оновчтой, төсөөтэй хэрэглэн, нотлох баримтуудад тулгуурлан бүтээлчээр ашиглан дүгнэсэн үндэслэлтэй шийдэл бөгөөд харин гомдол гаргагчийн зүгээс шүүхийн хийсэн дээрх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй няцаагаагүй, өөрт ашигтай байдлаар хуулийг тайлбарласан байна.

Шүүхээс нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан талаар 2005 болон 2011 оны үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Үнэхээр нэхэмжлэгч нь 2020 онд нэхэмжлэлээ шүүхэд гаргах үед эрхээ хамгаалуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь нэгэнт өнгөрсөн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ дурдсан “орон сууц түрээслүүлж” байсан гэх асуудлаа нотолж чадаагүй, хэргийн материалд энэ талаар ямар ч баримт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй болно. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарт худалдсан болохыг хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Зохигч талын хэн алины нь гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, холбогдох гэрчүүдийн мэдүүлгүүдийг хуульд заасан ёсоор авч нотлох баримтын хэмжээнд бэхжүүлсэн. Энэ ажиллагаанд ямар нэг байдлаар холбогдох хуулийн заалт зөрчигдөөгүй, нотлох баримтад тавигдах шаардлага бүрэн хангагдсан тул хууль ёсны нотлох баримт болно. Харин ямар агуулгаар гомдогч нь “ашиг сонирхлын зөрчил бүхий гэрч” гэж бичээд байгаа нь ойлгомжгүй энэ талаар тэрээр нотлоогүй болно.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Ц-, Г- нарт холбогдуулан “хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ц-, Г- нар нь нэхэмжлэгч Э-д холбогдуулан “орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх нь зөвхөн гомдолд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Г-, Ц- нарт холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч зөвхөн хариуцагч Ц-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ. /хх-7х/

Өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцдог. Тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой эсэхийг хэрэг хянан шийдвэрлэсний эцэст шүүх шийдвэрлэдэг учир нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдагдаж буй нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар нэрлэн заасан Г-ад холбогдуулан  иргэний хэрэг үүсгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэснийг зөрчсөн байна.

Г- иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй хирнээ хариуцагч Ц-тай хамтран сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан  нь дээрх хуулийн заалттай нийцээгүйгээс гадна хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тодорхой бус байна.

Шүүх Г-, Ц- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь сөрөг нэхэмжлэлийн хувийг гардан авах этгээд мөн эсэх нь нэхэмжлэгч Э-гаас Э-д 2020 оны 10 дугаар сарын 29 ний өдөр олгосон итгэмжлэлээр тогтоогдох ёстой бөгөөд итгэмжлэлд “ ...намайг төлөөлөн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, татгалзах, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, шийдвэр гардан авах, давах гомдол гаргах  ... зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхэд төлөөлөх бүрэн эрхийг” олгожээ.

Энэхүү итгэмжлэлээр сөрөг нэхэмжлэлийн хувийг гардан авах, тайлбар гаргах,  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах зэрэг хариуцагчийн эрхийг нэхэмжлэгч Э-гаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-д олгогдоогүй байхад шүүх Э-д сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн нь нэхэмжлэгч Э-гийн эрх ноцтой зөрчигдсөн байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 403 дугаартай шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Ц-, Г- нарт холбогдох хэргийг шийдвэрлэснээр тусгагдсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 156/ШШ2021/000403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА

                                      ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                                             

                                                                                                     Я.АЛТАННАВЧ