2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х******* дүүрэг, ***** тоотод байрлах, Б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, **** тоотод байрлах, Н******* А******* Ресорс ХХК /РД:/-д холбогдох,

 

Алданги 135,487,213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* ХХК нь Н******* А******* Ресорс ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Шатахуун худалдах, худалдан авах тухай №22/03 дугаартай гэрээ байгуулагдсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч Б******* ХХК-иас худалдан авагч Н******* А******* Ресорс ХХК-д чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун нийлүүлэх, худалдан авагчаас үнийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулж, гэрээний 2.1-т ... Худалдагч нь Худалдан авагчийн үйл ажиллагаа явуулж буй талбай дахь зөөврийн шатахуун түгээх станц, эсхүл түлшний зориулалттай сав нөхцөлөөр шатахуун нийлүүлхээр ... тохиролцсон.

Гэрээнд талуудын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн.

Худалдагч Б******* ХХК нь гэрээний 3.1-т ... Худалдан авагчтай харилцан тохиролцсоны дагуу гэрээнд заасан нэр төрөл, хэмжээ бүхий шатахууныг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй ...

Худалдан авагч Н******* А******* Ресорс ХХК нь гэрээний 4.6-д ... Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-т заасан нөхцөлөөр авсан шатахууныг хүлээн авсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор буюу дараа сарын 25-ны дотор шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй ... гэж зааж өгсөн.

Мөн гэрээний 4.7-д ... Худалдан авагч нь шатахууны үнийг гэрээний 4.6-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги ... төлөхөөр тохиролцсон.

Н******* А******* Ресорс ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн түлш худалдан авсан. Үүнд:

>       2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр улсын дугаартай авто машинд 143.113.300 төгрөгийн түлш,

>       2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр улсын дугаартай авто машинд 153.781.000 төгрөгийн түлш,

>       2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын дугаартай авто машинд 169.915.400 төгрөгийн түлш,

>       2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын дугаартай авто машинд 190.587.600 төгрөгийн түлш тус тус худалдан авсан.

Б******* ХХК нь гэрээнд заасны дагуу нэр төрөл, хэмжээ бүхий шатахууныг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүргийг цаг тухайд биелүүлсээр ирсэн боловч Н******* А******* Ресорс ХХК нь шатахууныг хүлээн авсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор шатахууны үнийг үнийг бүртэн төлж барагдуулах үүргийг удаа зөрчсөн.

Тодруулбал:

>       2022 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн түлшний төлбөрийн үлдэгдэл 43 113 300 төгрөгийг 32 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги /32 хоног/-оор тооцож 6.898.128 төгрөгийн алданги;

>       2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн түлшний төлбөрийг 6 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги /6 хоног/-оор тооцож 4.613.430 төгрөгийн алданги;

       3 дугаар сарын 8-ны болон 4 дүгээр сарын 02-ны түлшний төлбөрийн үлдэгдэл болох 46 894 300 төгрөгийн алданги /50 хоног/-оор тооцож 11 723 575 төгрөгийн алданги;

>       2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн түлшний төлбөрийг /06.10-ний өдрөөс 06.30/-ны өдрийн хооронд 20 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги /20 хоног/-оор тооцож 16,991,540 төгрөгийн алданги;

>       2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн түлшний төлбөрийг /07.02-ны өдрөөс 08.25/-ны өдрийн хооронд 85 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги /85 хоног/-оор тооцож 7.144.123 төгрөгийн

алданги;

>       2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түлшний төлбөрийг /07.17-ны өдрөөс 10.04/-ний өдрийн хооронд 79 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги /79 хоног/-оор тооцож 75.282.102 төгрөгийн

алданги;

>       2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түлшний төлбөрийг /2022.10.06-ны өдрөөс 2023.04.25/-ний өдрийн хооронд 201 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги /201 хоног/-оор тооцож 7.434.287 төгрөгийн

алданги;

>       2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түлшний төлбөрийг /2023.04.26-ны өдрөөс 2023.07.06/-ний өдрийн хооронд 72 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги / 72 хоног/-оор тооцож 2.663.028 төгрөгийн

алданги;

>       2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түлшний төлбөрийг /2023.04.26-ны өдрөөс 2023.07.06/-ний өдрийн хооронд 72 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги / 72 хоног/-оор тооцож 2.663.028 төгрөгийн

алданги;

>       2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн түлшний төлбөрийг /2023.07.07-ны өдрөөс 2023.09.18/-ны өдрийн хооронд 74 хоногоор хэтрүүлсэн;

       түлшний алданги / 74 хоног/-оор тооцож 2.737.001 төгрөгийн

алданги;

Н******* А******* Ресорс ХХК нь гэрээний 4.6-д ... Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-т заасан нөхцөлөөр авсан шатахууныг хүлээн авсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор буюу дараа сарын 25-ны дотор шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан байх ... үүргийг удаа дараа зөрчсөн байх тул Б******* ХХК нь гэрээний 4.7- д заасны дагуу шатахууны үнийг гэрээний 4.6-т заасан хугацаанд төлөөгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг дээрх байдлаар тооцсон болно.

Н******* А******* Ресорс ХХК-иас нийт 135,487,213 төгрөгийн алданги гаргуулаж Б******* ХХК-д олгуулах нэхэмжлэл гаргасан ба алдангийн хэмжээ 50 хувиас хэтрээгүй болохыг харуулах зорилгоор алдангийн тооцооллыг дахин хүргүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 3,517,793 төгрөгөөр багасгаж, нийт 131,969,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах Ө овоо төмрийн хүдрийн төслийн үйл ажиллагааг 2021 оны 8 дугаар сараас эхлэн явуулж, 2022 оны 7 дугаар сард зогсоосон. Учир нь манай компанитай хамаарал бүхий аж ахуйн нэгж Монгол Улсын банкнаас зээл авсан шалтгаанаар 2022 оны 04 сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэнтэй холбоотойгоор манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө, банкны харилцах бүх дансыг битүүмжилсэн. Иймээс компани бизнесийн үйл ажиллагаа хэвийн явуулж орлого, зарлага хийх боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Бид үйл ажиллагаа явуулах хугацаандаа Б******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 07- ны өдөр №ВГ-22/08 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шатахуун худалдан авсан.

Тус гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрт 2022.04.04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022.05.10 өдөр 150,000,000 төгрөг, 2022.06.30, 2022.07.01-ны өдрүүдэд 200,000,000 төгрөг, 2022.10.05-ны өдөр 200,000,000 төгрөг тус тус төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Ийнхүү бид Б******* ХХК-иас гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрийг төлж үүргээ биелүүлсэнээр адцанги төлөх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Одоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 7,397,300 төгрөг байгаа. 7,397,300 төгрөгийн 50 хувь болох 3,698,650 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс өөр 131,969,420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

Хариуцагчийн хамаарал бүхий компани болох М Т ХХК нь банканд холбогдуулан эрүүгийн хэргээр шалгагдаж байсан. Н******* а******* ресорс ХХК-ийн хувьцааг М ХХК эзэмшдэг. М ХХК-г 100 хувь н.Л гэх хүн эзэмшдэг. н.Л нь М Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан тул бүх хамаарал бүхий компаниудын арилжааны банкны дансыг битүүмжлэхээр 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гарсан. Данс битүүмжлэх тухай Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/3485 дугаартай хариу хүргүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан. М Т ХХК-тэй хамаарал бүхий ч тусдаа компанийн үйл ажиллагаанаас болж хариуцагч компанийн дансыг хаах, шалгагдах тухай таамаглах боломжгүй байсан. банкны хэрэг нь Н******* а******* ресорс ХХК-д хамаагүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 1/2361 дугаартай хариу хүргүүлсэн М Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий хуулийн этгээдийн хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкны дансны шилжилт хөдөлгөөнийг хаах тухай албан бичгээр тодорхой болж байгаа. Н******* а******* ресорс ХХК нь уг хэрэгт шууд хамааралгүй, шүүгдэгч болох М Т ХХК-ийн хамаарал бүхий компаниудын дансыг хааснаас болж, хариуцагч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан нөхцөлд хамаарч байна гэж үзэж байна. Мөн яагаад дансны шилжилт хөдөлгөөнийг зогсоосноор компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухайд компани шинээр байгуулахад хөрөнгө нотлох баримт гэдгийг бүрдүүлсний дараа хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлдэг. Хөрөнгө нотлох баримт гэдэг нь арилжааны банканд хуулийн этгээдийн түр данс нээн, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэний дараа түр данснаас байнгын харилцагч данс болдог. Худалдан худалдан авах гэрээнд тусгагдсан. Компанийн бүх ажиллагаа дансаар буюу банкаар бэлэн бусаар хийгдэж байгаа. Тухайн компанийн гол үйл ажиллагааны хэрэгсэл болох арилжааны банкны дансны хөдөлгөөн хаагдахад хуулийн этгээд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог. Манай компанийн данс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хаагдсан. 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан тухайд гүйцэтгэх захирал шатахууны төлбөрийг төлж байсан. Мөн бусад авлагатай компаниудаас авлагын оронд төлбөрийг шилжүүлүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 05 дугаар сарын 10-ний өдөр н.Б захирал 150 сая төгрөг төлсөн. Худалдах худалдан авах гэрээний дагуу харилцагч компанийн авлагад гэрээний төлбөрийг төлүүлсэн. Хариуцагчийн зүгээс боломжит аргаар гэрээний үүргийг гүйцэтгэж байсан. 07 дугаар сарын 01-нээс хойш үйл ажиллагаа явуулах боломжгүй, өөр компаниудаас авах авлага байхгүй болсон тул төлбөрийг төлөх боломжгүй, төлбөр төлөх явц удааширсан. Иргэний хуулийн 222.2 дугаар зүйл болон 232.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага 131,969,420 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шатахуун худалдах-худалдан авах гэрээ 2022.03.07№22/03, Х.Л, А.Ц нарт олгосон 2023.09.21№23/06 итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н******* а******* ресорс ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тооцоо /2022.03.-2023.09 сар/, 2022.03.07 Зарлагын баримт В22-01, Зарлагын баримт 2022.04.01№136, Зарлагын баримт 2022.05.10№221, Зарлагын баримт 2022.06.16№321, Б******* ХХК-ийн дансны хуулга, нэхэжлэлийн багасгасан шаардлага, Н******* а******* ресорс ХХК 2022.03-2024.04 сар алдангийн тооцоол, Л.С олгосон 2024.11.13№24/05 итгэмжлэл, Ц.Б 2022.03 сараас үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилллаж байгаа тухай 2024.12.09№16/24 тодорхойлолт, Ц.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Нийслэлийн прокурорын газрын 2024.11.21№4/3485 хариу мэдэгдэх хуудас,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Бт олгосон 2023.10.23№21/23 итгэмжлэл, хариу тайлбар, С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.06№356 тоот, Нийслэлийн прокуроран газрын 2022.08.18№1/2361 хариу мэдэгдэх хуудас, Ц.Бд олгосон 2024.09.25№11/24 итгэмжлэл, З.Нд олгосон 2024.10.28№13/24 итгэмжлэл, нэхэмжлэгч Н******* а******* ресорс ХХК болон хариуцагч Р ХХК-ийн 2021.11.01-2022.09.30, 2021.11.01-2022.12.31 хугацааны Тооцооны үлдэгдлийн баталгаа, Н******* а******* ресорс ХХК-иас Б******* ХХК-д гаргасан 2023.09.13№16/23 хүсэлт, Лхагвасүрэн Б эзэмшдэг дансны хуулга,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч Н******* А******* Ресорс ХХК-д холбогдуулан, Шатахуун худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 135,487,213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагын 3,517,793 төгрөгөөс татгалаж, 131,969,420 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байсан ба гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,397,300 төгрөг алданги болох 3,698,650 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 131,969,420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд тайлбарласан.

4. Нэхэмжлэл болон зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 22/03 дугаартай Шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Н******* А******* Ресорс ХХК нь Б******* ХХК-иас чанар стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун худалдан авах, гэрээнд заасан нэр төрөл, хэмжээ бүхий шатахууныг тогтоосон хугацаанд нийлүүлэх, тогтоосон хугацаанд үнийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардахаар талууд тохиролцсон байна.

5. Дээрх гэрээний 4.6.-д Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-т заасан нөхцлөөр авсан шатахууныг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор буюу дараа сарын 25-ны дотор шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй, гэрээний 4.7-д Худалдан авагч нь шатахууны үнийг гэрээний 4.6-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тус тус заажээ.

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги ... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

7. 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 22/03 дугаартай Шатахуун худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 657,397,300 төгрөгийн шатахуун нийлүүлсэн буюу худалдан авсан талаар зохигч талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 143,113,300 төгрөгийн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 153,781,000 төгрөгийн, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 169,915,400 төгрөгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 190,587,600 төгрөгийн нийт 657,397,300 төгрөгийн шатахуун худалдан авсан байна.

8. Нэхэмлжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан Н******* а******* ресорс ХХК-ийн 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны алдангийн тооцоолол болон хариуцагчийн тайлбар, Б******* ХХК-ийн эзэмшдэг Голомт банк дахь дугаартай дансны хуулга зэргээс үзэхэд, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөг тус тус төлсөн байна.

9. Хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан Н******* а******* ресорс ХХК-ийн 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны алдангийн тооцоололд тусгасан алдангийн тооцоолол нь дээр дурдсан хүлээн авсан шатахуун, түүний төлбөр төлөгдсөн цаг хугацааг үндэслэл болгосон байх бөгөөд нийт 131,969,420 төгрөгийн алдангийн тооцоолол нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

10. Харин 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр данс хаагдсанаар төлбөрөө хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2024.11.21№4/3485 тоот мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

11. Хариуцагч нь дансны зарлагын хөдөлгөөн хязгаарлагдсан боловч нийт авсан 657,397,300 төгрөгийн 650,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн талаар талууд маргаагүй ба төлбөрийн үлдэгдэл 7,397,300 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн.

12. Дээр дурдсанаар, үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд хариуцагч буруугүй гэх хариуцагчийн татгалзал нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасантай нийцнэ.

13. Гэвч данс нь хаагдсан атлаа нэхэмжлэгчээс шатахуун авсаар байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагчийг алданги төлөх үүргээс бүхэлд нь чөлөөлөхгүй байх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагагыг хэсэгчлэн хангана.

14. Тодруулбал, Б******* ХХК-д хүргүүлсэн Н******* а******* ресорс ХХК-иас 2023.09.13№16/23 тоот албан бичигт, Н******* а******* ресорс ХХК-ийн банкны бүх дансыг битүүмжилснээс орлого зарлага хийх боломжгүй болж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс төслийг зогсоон үйл ажиллагаа явуулаагүй гэснээс үзэхэд, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлэхээр нөхцөл байдалд орсноо нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь тогтоогдож байна.

15. Иймд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд гүйцэтгээгүй үүргийн дүнд тооцсон 88,955,283 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

16. Нэхэмжлэгч нь нийт 135,487,213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагын 3,517,793 төгрөгөөс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлйн 106.5-д зааснаар баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК нь нийт 135,487,213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3,517,793 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Н******* а******* ресорс ХХК-иас 43,014,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,955,283 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 835,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н******* а******* ресорс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 373,020.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай. 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА