Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ониуд овгийн Намсрайн Мт холбогдох 1729000990035 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Н.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Гавилууд багийн Хөөврийн 9-10 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар иргэн Д.Болорцагаантай хувийн таарамжгүй харилцаанаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М: “ 2017 оны 11 сарын 25-ны өдөр Болорцагаан, Цэцэгсүрэн рүү утсаар залгаад дүүгийндээ байна. Гэрт хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд Цэцэгсүрэн бид хоёр цуг явж Болорцагааныг гэрт нь хүргэж өгөхөд манай нөхөртэй танилц гээд шил архи гаргаж ирсэн. Тэгээд Болорцагаан, түүний танилцуулсан хүний хамт 3-уулаа нөгөө шил архийг нь хувааж уусан. Цэцэгсүрэн уугаагүй. Болорцагаан нилээд согтсон. Тэгээд энэ хүн надад таалагдахгүй байна. Секс нь хүртэл таалагдахгүй байна гээд сонин юм яриад байхаар нь чи танихгүй хүн авч ирчихээд найз нөхөдийнхээ дунд доромжлоод байхаа болиоч гэж хэлсэн чинь Болорцагаан миний амьдрал чамд хамаагүй гээд өөдөөс салаавч гаргасан. Нөхөр нь гэж цуг дагуулж ирсэн хүнийхээ хажуу талаар гарч ирээд намайг хальт алгадаад авахаар нь миний дургүй хүрээд алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Алгадсан нь миний буруу” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болорцагааны өгсөн: “...2017 оны 11 сарын 25-ны өдөр Баяраа миний нүүрлүү гараа атгаж байгаад 2 удаа цохиход би газар унасан. Баярсайхан, Цэцгээ хоёр салгасан. Би босч ирээд чи ингэж болохгүй биз дээ гэхэд Баяраа чиний дүү миний дэвсгэр болсон гэхэд би чиний дэвсгэр болно гэж юу байсан юм бэ? гэхэд дахиад миний нүүрлүү гараараа цохихоор нь би хэлдэг газар нь хэлнэ гэсэн. Баярсайхан намайг гэртээ харья гээд гэрээс намайг аваад гарсан. Маргааш өглөө нь босоод харахад зүүн талын монетон ээсэг алга болсон байсан. ...Миний монетон ээмгийг төлөөд өгвөл би санал гомдолгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Зандангийн өгсөн “Би 2017 оны 11 сарын 25-ны өдөр 16 цагийн үед Мынд очиход М авгайтайгаа, Болорцагаан эгч бас нэг хүнтэй 4-үүл байсан. Ширээн дээр нь 1 шил Соёрхол нэртэй архи, стаканд пиво хийгээд ууж байсан. Намайг байхад М Болорцагаан эгчийг архиар шахаж байгаад маргалдсан. Тэгээд буцаад сууцгаасан.” гэх мэдүүлэг /хх-21-22-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цэцэгсүрэнгийн өгсөн: “Би 2017 оны 11 сарын 24-ний өдөр 20 цагийн үед Болорцагаан манай гэрт ганцаараа согтуу ирээд би чамд өнөө шөнөжингөө агсам тавина чи харж байгаарай гэж хэлээд би нөхөртэйгөө хамт явж байгаа хамт архи ууя гээд дэлгүүрээс архи авахаар явахаар нь хашааныхаа хаалгыг түгжээд тавьж өгөөгүй. Энэ үед М бид 2 гэртээ хамт байсан. Маргааш өглөө нь Болорцагаан над руу залгаад дүүгийндээ байж байна ирээд авчих гэхээр нь М бид 2 дүүгийнхээс нь очиж аваад гэрт нь хүргэж өгсөн. Болорцагааны гэрт очиход нөхөр нь гэх залуу нь Соёрхол нэртэй 1 шил архи гаргаж ирээд бид 4 хамт уусан. Ууж дуусгаад бид 4 хамтдаа манай гэрт очиж 1 шил Соёрхол нэртэй архи ууж байхдаа Болорцагаан согтоод энэ хүн надад таалагдахгүй байна гээд нөхөр гэх залууруугаа хуруугаараа заасан. Тэгэхээр нь би юу нь таалагдахгүй байна гэж асуухад Болорцагаан секс нь таалагдахгүй байна би энийг өөр хүнд борлуулна гэхэд нь М чи энэ хүнийг хүний газар дагуулж ирчихээд ингэж хэлж болохгүй шдээ гэж хэлэхэд Болорцагаан миний юу гэж хэлэх чамд хамаагүй гээд Мын өөдөөс салаавч гаргаад  чи юу юм бэ? чиний шоронгийн хадаас гэдгийг чинь мэдэх юм байна гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь нөхөр гээд хамт явж байсан ах Болорцагааныг чи их согтсон байна гэртээ харья гээд гэж хэлээд гэрээс аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №253 дугаартай шинжээчийн

  1. Д.Болорцагааны биед буйл завьжны салстад язарсаншарх, зүүн хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээнийкомиссийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №11 дүгээртэй дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/

- Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44-р хуудас/,

- Шүүгдэгч Н.Мын арилжааны банкуудад харилцах болон хадгаламж, зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 47-52-р хуудас/

- шүүгдэгч Н.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/

- Шүүгдэгч Н.Мын хохирол төлсөн баримтууд /хх-ийн 68-69-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болорцагааны “Миний хохиролыг М барагдуулсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Н.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Н.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Гавилууд багийн Хөөврийн 9-10 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар иргэн Д.Болорцагаантай хувийн таарамжгүй харилцаанаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болорцагааны өгсөн: “...Баяраа миний нүүрлүү гараа атгаж байгаад 2 удаа цохиход би газар унасан. Баярсайхан, Цэцгээ хоёр салгасан. Би босч ирээд чи ингэж болохгүй биз дээ гэхэд Баяраа дахиад миний нүүрлүү гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,  

- Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №253 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Болорцагааны биед буйл завьжны салстад язарсаншарх, зүүн хацар, шанаа, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн -р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Болорцагаан нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 49-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Н.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдсэн зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон торгуулийн ял түүнд тохирч байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Болорцагаан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Н.М урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Онгиуд овгийн Намсрайн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000/-найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000/-найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА