| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0049/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,
Шүүгдэгч: Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Тад холбогдох 1829000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Гоёотын 9-4 тоотод 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Батзаяатай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Батзаяагийн өгсөн: “...Найз Нараатай таарахад ажлаасаа буугаад явж байна гэхээр нь би гэрт нь хүргэж өгөөд, гэрт нь ороход Т тэдний гэрт нь цай уугаад сууж байхад Т намайг чи хэн билээ гээд дээрэлхсэн өнгөтэй асуухаар нь хариу хэлээгүй сууж байгаад гэрээс нь гарсан чинь Т араас дагаж гарч ирээд шууд мөргөсөн чинь миний доод талын үүдэн шүд хугараад унасан. Тэгээд гэрээс Нараа гарч ирээд гэрлүүгээ аваад орсон, би шууд харьсан. Тэгээд шүд хийлгэхэд үнэтэй гэж сонсоод цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Нармандахын өгсөн: “...гэрийн гадаа Т пиздаа минь гэж орилохоор нь гараад очтол Батзачаг мөргөсөн байсан. Би Тыг болиулаад Батзаяаг харь гээд машинд нь суулгаж өгөөд явуулсан. ...Батзаяаг сайн уу? гэж мэндлэхэд Т чи юу гээд байгаа юм гэж хэлсэн, тэгээд харилхаад байна танай нутгийнхан гээд Т Батзаяа руу уурлаж байсан.”гэх мэдүүлэг /хх-11-12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 23-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Хохирогч П.Батзаагийн амбулатороор эмчлүүлэгчийн картны хуулбар /хх-ийн 16-18-р хуудас/,
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын 2018 оны 04 сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/
- Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 27, 33-р хуудас/,
- Шүүгдэгч Б.Тын арилжааны банкуудад харилцах болон хадгаламж, зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 36-52-р хуудас/
- шүүгдэгч Б.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/
- Шүүгдэгч Б.Тын 3 талаас харуулсан зураг /хх-ийн 28-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Батзаяагийн өгсөн. “Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Тад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд буюу Гоёотын 9-4 тоотод 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Батзаяатай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Батзаяагийн өгсөн: “...Т намайг чи хэн билээ гээд дээрэлхсэн өнгөтэй асуухаар нь хариу хэлээгүй сууж байгаад гэрээс нь гарсан чинь Т араас дагаж гарч ирээд шууд мөргөсөн чинь миний доод талын үүдэн шүд хугараад унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 23-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “П.Батзаяагийн биед баруун дээд 1 шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайт тооцох нь зүйтэй.
Хохирогч П.Батзаяа нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 09-10-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Б.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Батзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хохирогч П.Батзаяа нь цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чонос овгийн Баттөмөрийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тад оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Батзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА