| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2025/0007/з |
| Дугаар | 119/ШШ2025/0040 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 119/ШШ2025/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **, **
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газар
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, **, **
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, **/цахимаар/, хариуцагч **, **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нар нь “**” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын актаар 68,493,212.31 төгрөгийн төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/ ногдуулж, захиргааны акт буюу нөхөн ногдуулалтын акт гаргасан.
3. Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагч нарын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын актаар 68,493,212.31 төгрөгийн төлбөр ногдуулсныг 64,730,806.46 төгрөг болгон багасгаж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Манай компанид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №2024402143 тоот томилолтын дагуу 2021.05.21-2023.12.31 онуудын татварын тайланд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн шалгалтыг Орхон аймгийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч **, ** нар хийж гүйцэтгэсэн.
Уг шалгалтын 2024 оны 09-р сарын 18-ны өдрийн №НА-20240000063 тоот актын ТОГТООХ хэсэгт “...нийт 126,939,218.79 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 45,41,431.56 төгрөгийн нөхөн татвар, 15,164,572.61 төгрөгийн торгууль, 4,917,208.14 төгрөгийн алданги, нийт 68,493,212.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов.” гэсэнд дараах үндэслэлийг зөрчил тус бүр эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж байна.
Зөрчил 1. Нөхөн ногдуулалтын акт дээр Апбан татвар ногдох жилийн борлуулалтын орлого 50,0 сая төгрөгт хүрсэн боловч НӨАТ төлөгчөөр бүртгүүлж суутган татвар төлөөгүй гэсэн зөрчилд Татварын байцаагч нарын ногдуулсан 29,037,146.36 төгрөгийн зөрчил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 819,471,352.32 төгрөгийн орлогоос тус хуулийн 13 дугаар зүйлд зааснаар албан татвараас чөлөөлөгдөх 733,201,200 төгрөгийн орлогыг хасаж нийт 86,270,152.3 төгрөгийн орлого албан татвараас чөлөөлөгдөхөөргүй байна гэж үзжээ.
Маргаан таслах зөвлөл дээрх зөрчлийг НӨАТ тухай хуулийн 4.1.8-н заалтыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх эрх үүссэн гэж үзэн тухайн өдрөөс хойшхи орлогод НӨАТ ногдохоор байна хэмээн шийдвэрлэсэн. Татварын хяналт шалгалтын байцаагч нарын НӨАТ ногдох орлого гэж үзэж буй дүнгийн задаргаа нь дараах борлуулалт билээ.
| Энгийн борлуулалт | Харилцагч | ||
| 2023-07-04 | 2,403,717.00 | ** цахилгааны төлбөр | 5512984 ** |
| 2023-08-22 | 1,064,933.00 | ** цахилгаан төлбөр | 5512984 ** |
| 2023-08-24 | 11,050,000.00 | 23/181А ГЭРЭЭ ГҮЙЦЭТГЭЛЭЭРХ ТӨЛБӨР | 000019 ** ХХК |
| 2023-09-15 | 1,644,967.00 | ** цахилгааны төлбөр | 5512984 ** |
| 2023-10-04 | 2,000,000.00 | үйлчилгээний төлбөр | 000019 ** ХХК |
| 2023-10-30 | 1,993,992.80 | Цахилгааны төлбөр 09 сар | 5512984 ** |
| 2023-12-22 | 1,112,542.50 | ** 11 сар | 5512984 ** |
| Чөлөөлөгдөх борлуулалт | |||
| 2023-08-30 | 50,000,000.00 | 23/191-А гэрээний орлого /хашаа/ | 000019 ** ХХК |
| 2023-11-15 | 10,000,000.00 | 23/270 А ГЭРЭЭ 100% ТӨЛБӨР /өвс хадах ажил / | 000019 ** ХХК |
| 2023-12-29 | 5,000,000.00 | 23/146-А тоот гэрээг гүйцэтгэлийн сараар бодож/8сар 20 хоног/ орлого гэж хүлээн зөвшөөрөв. /хашаа/ | 000019 ** ХХК |
| Нийт дүн | 86.270.152.30 | ||
Манай компани энгийн борлуулалт баганад байгаа цахилгаан, үйлчилгээ, гүйцэтгэлээрх төлбөрийг НӨАТ ногдох борлуулалтаар шивсэн. Харин 2023.08.30-ны хашааны борлуулалт, 2023.11.15-ны өвс хадах ажлын борлуулалт, 2023.12.29-ны хашаа хүчитгэлийн ажлын борлуулалтыг НӨАТ ногдох борлуулалт гэж үзэхгүй байна. Дээрх борлуулалат нь мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулахад шууд хамаарал бүхий ажилбар юм. НӨАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална”, 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах барааг албан татвараас чөлөөлнө: ... 13.1.15. газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;” гэж тус тус зохицуулсан байна.
Суулгац гэдэг нь үрээр үрслүүлж бойжуулж бий болгосон тарьцыг ойд, болон цэцэрлэгт суулгасныг хэлнэ. Суулгацыг суулгац чигээр нь авч үлдэхэд ойн туслах үйл ажиллагаанууд шууд хамаарал бүхий байдаг. "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ. Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолын хавсралт.
Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, үр, суулгацын нөөц бүрдүүлэх, түймэр, хөнөөлт шавьж, хууль бус мод бэлтгэл зэргийг бууруулах ой хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажилбарууд болно.
Ойн тухай хууль. 23 дугаар зүйл. Ойн мэргэжлийн байгууллага, түүний үйл ажиллагаа
23.1. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан байгууллага нь өмчийн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
23.2.1. ойн баялгийн нөөцийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх;
28 дугаар зүйл. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, хилийн зурвас гаргах, сэргээх ТАВ. ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
5.3.7.Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зориудын шатаалт хийх, халз болон харлуулсан зурвас гаргах;
1) Хашаа: Монгол орон нь МАА-н орон бөгөөд мал нь шинэ тарьсан модны хамгийн том сүйтгэгч. Хашаа нь шинээр ойжуулж бий болгосон ойг мал, мэргэч амьтан болон бусад гадны биетийн халдлагаас хамгаалдаг.
2) Хашаа хүчитгэлийн ажил: Модны хамгаалалтын өмнө жил хийгдсэн хашааны эвдрэл, гэмтэл засварлах, хүчитгэх ажил гүйцэтгэсэн.
3) Өвс хадах ажил: нь галын аюулаас сэргийлэх, модыг шим тэжээл дутагдлаас хамгаалдаг. Мөн малаас хамгаалах зорилготой.
Тодруулбал. “**” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 30-аар Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасагдсан бөгөөд тухайн хугацаанаас хойш нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангасан хангаснаар 29,037,146.36 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8. "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, 5 дугаар зүйл. Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч 5.2.Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна: 5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 7 дугаар зүйл.Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; гэж заасанг зөрчсөн гэжээ.
Бид тухайн үед төлбөрийн баримтын системд борлуулалтын орлогыг тухай бүр шивж байсан бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална”, 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах барааг албан татвараас чөлөөлнө: ... 13.1.15.газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;” гэж тус тус зохицуулсан байна.
Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 319 / А/160 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолтыг баталсан.
| 0013 | 0130 |
| Үр, суулгац тариалалт |
| 0021 | 0210 |
| Мод тарих үйл ажиллагаа болон ойн аж ахуй |
| 0024 | 0240 |
| Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа |
0130 Энэ ангид найлзуур, залуу мөчир, дараачийн суулгацад зориулж ишийг залгаж ургуулдаг хөрсөнд суулгах эсвэл залгаж ургуулах ургамал бий болгох иш тариалалтыг хамааруулна. Энэ ангид дараах тариалалт орно: үрлэгч, суулгасан ургамал тариалалт, хөрсөнд шилжүүлэх ишрэгийг оруулаад гоёл чимэглэлийн зориулалтаар ургамал тарих, булцуу, болцуу, гол үндэс; шилбэ, мөчир; дээд зэргийн мөөг авахын тулд амьд ургамал тарих, мод үржүүлэх газраас бусад модны үүлдэр үржүүлгийн газрын үйл ажиллагаа.
0210 Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: ургуулсан тарьц, суулгацыг арчлах, услах, зэрлэг ургамлыг устгах үйл ажиллагаа, -гуалин бэлтгэх зориулалттай мод тарих үйл ажиллагаа: суулгах, дахин суулгах, шилжүүлэн суулгах, зүсэх, ой хамгаалах, ойн зурвас байгуулах үйл ажиллагаа, зулзаган ой, жимсний төгөл, эх ургамлын төгөл тарих үйл ажиллагаа, навчит болон шилмүүст ойн үржүүлгийн үйл ажиллагаа
0240 Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: ойн аж ахуйн мод бэлтгэхэд туслах үйл ажиллагаа: ойн бүртгэл, үнэлгээ, ойн аж ахуйн удирдлагын зөвлөгөө өгөх үйлчилгээ, гуалингийн үнэлгээ, ойн гал түймэртэй тэмцэх, ойг хамгаалах, -ойн хөнөөлт шавж, өвчнийг судлах, тэмцэх, хянах үйл ажиллагаа: ой дотор мод тээвэрлэх үйл ажиллагаа хамааруулан ойлгож болохоор байх тул бидний суулгац болон түүнийг тарихтай холбогдсон үйлчилгээг НӨАТ-өөс чөлөөлж болох үндэслэлтэй байна. Иймээс Татварын улсын байцаагчийн тавьсан актаас нэмэгдсэн өртгийн албан татварт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
2. Зөрчил. Гурав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2023 онд модны үр, суулгац нийлүүлсэн орлогод ногдуулсан албан татварыг “үр тариа” гэсэн заалтанд хамруулан 40,057,224.71 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлсэн зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйл. Апбан татварын хөнгөлөлт. 22.5. Дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ: 22.5.10. доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар: 22.5.10.а.үр тариа, төмс, хүнсний ногоо; гэж заасанг зөрчсөн гэжээ.
Манай компанийн үйлдвэрлэлийн процесс үрээс нь эхлэн суулгацад бэлтгэдэг учир энэ хуулийн заалтанд хамрагдах боломжтой гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан хяналт шалгалтын явцад байцаагч нарыг ажлын байр дээр авчран танилцуулсан, мөн татварын байгууллагад холбогдох нэмэлт тайлбарыг өгсөн. Тайлант жилд татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар нягтлан бодогч татварын албанд өөрийн биеэр очин хариуцсан байцаагчаас лавлаж асууж байсан ба Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр манай компаний зүгээс хөнгөлөгдөх боломжтой, аль нэгийг нь сонгох чиглэл өгсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Зургаадугаар бүлэг. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 22. Албан татварын хөнгөлөлт
Нэг. 22.5.6.хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг; /тухайн тайлант жилд манай компани хөдөлмөрийн гэрээ байгуулсан 6 сараас дээш ажилласан 8 үндсэн ажилтантай түүний 3 нь 50 болон түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй байсан ба хөнгөлөгдөх хувь 37,5% болж байсан./
Хоёр. 22.5.10.доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар:
22.5.10.а.үр тариа, төмс, хүнсний ногоо;
Хөнгөлөлтийг эдлэхдээ аль нэгийг нь эдлэнэ гэсний үндсэн дээр хөнгөлөлт эдлэх хувь өндөр заалтыг авч үзэн тайлангаа илгээсэн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Байгаль орчны газар хүлээлгэж өгсөн актаа хавсаргасан. Манай компани татварын алба тайланг хүлээж авах, буцаах асуудал дээр эргэлзээтэй байсан учир тайлан буцаахыг хүлээж байсан. Тооцоолол хийгдэх үед хөнгөлөлт ашгийн татвараас шууд хасагдаж байсан учир татварын ногдолоо төлөхөөр хүлээсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг татварын улсын байцаагч 2024.02.14 17:16:54-д хүлээн авсан. Татварын албанаас 2024.04.29-ны өдөр утсаар холбогдон татварын ногдолоо төлөх талаар мэдэгдсэн ба тэр даруй манай компани төлөлтөө хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар үүссэн нэхэмжлэхийн дүн нь хөнгөлөлт хассан дүн байсан ба энэ нь татварын байгууллага манай компаний хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохуйц байгаа юм. Татварын албанаас залгаж төлөлтөө хийсэн өдөр нь 2024.04.29 буюу татварын хяналт шалгалт орсоны дараах үе ба тайлант жил хаагдсанаас хойшхи 2 сарын дараах үйл явдал юм.
Татварын алба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон журмын дагуу Татварын алба дээр хөнгөлөлт чөлөөлтөнд хамаарагдах ААН-үүдийн жагсаалт гарч, хамаарагдахгүй ААН-үүдийн тайланг буцаадаг. Татварын тайлант жил хаагдсанаас хойш өнөөдөр хүртэл татварын албанаас татварын тайлан буцаах, хөнгөлөгдөхгүй зүйл заалтыг засварлах шаардлага, мэдэгдэл утсаар болон албан тоот ямар нэгэн байдлаар манай компанид ирүүлээгүй бөгөөд одоог хүртэл тайланг хүлээж авсан төлөвтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 30.2-т Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын хөнгөлөлтийг эдлэхдээ аль нэгийг нь эдлэнэ гэсний үндсэн дээр хөнгөлөлт эдлэх хувь өндөр заалтыг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ:
30.2.27. тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх;
30.3. Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно.
30.4. Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.
30.5. Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна. гэсний дагуу татварын алба тайлан ирүүлсэний дараа хөнгөлөлт, чөлөөлөлтийг шалган зөрүүтэй бол тайланг буцаах ёстой байсан. Хэрэв илгээсэн тайланг буцаасан бол манай компани 3 хоногийн дотор засварлан, холбогдох бусад хөнгөлөлт /22.5.6/-г сонгож тайлангаа илгээх бүрэн боломж байсан.
Татварын ерөнхий хуулийн 75.1. Татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд:
75.1.1. татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах;
75.2. Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Гэтэл татварын албаны зүгээс дээрх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс манай компани хуулийн төөрөгдөлд орж 2023 оны ААНОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжоо алдах гэж байгаа явдалд гомдолтой байна.
Иймд бидэнд хуулиар олгогдсон эрхийн дагуу хөнгөлөгдөх боломжтой заалтад үндэслэн тайлант жилийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож өгнө үү.
3. Хяналт шалгалтын хугацаа
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №2024402143 тоот томилолтын дагуу ажлын 14 хоног шалгах удирдамж анх илгээсэн. Үүний дараа 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 сарын 27-ны өдрийг дуустал 66 ажпын өдөр томилолтын хугацаа сунасан мэдэгдэл, Сунгасан шалтгаан нь ажлын цар нэмэгдсэн гэсэн тайлбар бүхий имэйл хүлээн авсан.
Бид үүссэн зөрчилтэй танилцан холбогдох асуудлаар татвараас шаардсан материал, нэмэлт тайлбар, мэдүүлгийг тухай бүр өгч байсан. Гэвч хяналт шалгалтын явцад мэдүүлэг авч байх хугацаанд сүүлийн томилолтын хугацаа буюу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх үүссэн, танилцуулсан зөрчлөөс хойшхи сунгасан хугацаанд нэмэлт зөрчил үүсээгүй байхад татварын алба томилолтын хугацааг сунгаж нөхөн ногдуулалтын актыг 2024.09.22-р дуусгавар болгосон нь бидний төлөх алданги, торгуулийг тооцох хоногийг ихэсгэж ногдолын хэмжээг нэмэгдүүлж байна. Дээрх асуудлын талаар маргаан таслах зөвлөлийн хуралд хариуцсан хяналт шалгалтын байцаагч **-с тодруулахад дээрээс сунга гэдэг чиглэл өгсөн хэмээн хариулсан байдаг. Хяналт шалгалтын хугацааг сунгаж төлөх ногдлын хэмжээг ихэсгэж буйд гомдолтой байна.
Иймд Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална” гэж заасан байдаг. Манай чөлөөлөгдөх боломжтой гэж үзээд байгаа хуулийн заалт бол суулгац. Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалын тодорхойлолтоос суулгац гэдэг үгийг хайхад 0210 дугаарт “...суулгацыг арчлах...” гэдэг үг байгаа. Энэ хууль зүйн үндэслэлээр манайх хашаа болон өвс хадахаа НӨАТ-с чөлөөлөгдөх боломжтой борлуулалт гэж үзэж байгаа. НӨАТ-н тухай асуудал дээр манайх эдийн засгийн ангиллыг баримтална. Бүх салбарын ангиллын жагсаалт дээр “суулгацыг арчлах” гэж байгаа бөгөөд үүнд нь чөлөөлөгдөж болохгүй гээд байгаа хашаа, өвс хадах үйл ажиллагаа орно. Энэ нь тусдаа орлого олж байгаа хэлбэр биш манай үндсэн үйл ажиллагааны цогц шууд хамааралтай хэлбэр гэдгийг хэлье. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргахдаа би Орхон аймгийн Татварын газарт очоод тухайн үед хариуцаж ажиллаж байсан байцаагчаасаа тайлбар авсан. Манай “**” ХХК мод үржүүлгийн газар үүссэн нөхцөл байдлаа хэлээд хөнгөлөлтийн заалтууд байна гэдгийг хэлсэн. Үр гэдгийг сонгосон шалтгаан нь манай үйлдвэрлэлийн процесс үрээс эхэлдэг, үр өөрсдөө бэлтгэдэг компани учраас үр тариа гэдгээр хөнгөлөгдөх боломжтой гэж бодоод байцаагчаас манайд хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын хөнгөлөх заалт байна гэдгийг хэлж байсан. 2 хөнгөлөлтийн заалтын аль нэгийг нь эдэлнэ гэсэн учраас үр тариа 50 хувь, нөгөө заалт нь 37.5 хувь болж байсан учраас бид аль илүү хөнгөлөлтийн заалтаараа тайлангаа илгээсэн. Орхон аймгийн Татварын газрын хариуцсан байцаагч тайлан хүлээж авсан. Тайлан илгээсний дараах процесс нь татварын тайлан хяналт шалгалтын боловсруулалт гэдэг хэсэг юм. Хэрэв тайлан үнэхээр алдаатай, буруу байсан бол буцаах эрх зүйн зохицуулалт татварын албанд байгаа. Манайх зүгээр нэг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан биш хөнгөлөлт эдэлсэн тайланг илгээсэн. Хөнгөлөлт эдэлсэн тайлан, чөлөөлөлтийн тайлан бүгд тусдаа журмын дагуу явдаг. Хяналт шалгалтын явцад байцаагч асууж хариулаад бид хоорондоо ярилцаж байсан. Орхон аймгийн Татварын газар хөнгөлөгдөх аж ахуйн нэгжийн жагсаалт гаргадаг. Тэр хөнгөлөлт эдлэх жагсаалтад “**” ХХК байгаагүй бол танайх энэ хөнгөлөлтөд орохгүй юм байна гээд хэлэх эрх зүйн зохицуулалт нь Орхон аймгийн Татварын газарт байсан. Хэрэв тайланг тухайн үед буцаасан байсан бол бидэнд гарцаагүй нотлох баримттай хөгжлийн бэрхшээлтэй иргэний 50 хувь гэдэг үндэслэлээр хөнгөлөлтөө эдлэх боломж байсан. Бидний хүсээд байгаа гол зүйл нь бид татварын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас, буруутай үйлдлээс болоод аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөгдөх боломжтой эдлэх эрхээрээ бид хохирмооргүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй ажилчдынхаа хөгжлийн бэрхшээлтэй үнэмлэх, хувийг баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Иймд эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү.” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч ** миний бие татварын эрх зүйн харилцаа мэддэг гэдэгтээ биш энэ маргааныг анхнаасаа сонирхож орсон юм. Орхон аймгийн Татварын газар бол Монгол улсдаа анхдагч, жишиг болох маргаануудыг үүсгэж, шийдэж явсан. Тухайлбал үнэ шилжилтийн тайлан анх удаа Орхон аймгийн Татварын газраас маргаан гаргаж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нь Монголын татварын алба тэр чигтээ хуулбарлаж байх жишээтэй. Маргаан таслах зөвлөлөөр өнөөдрийн маргаан бүхий захиргааны акт шийдвэрлэгдсэн. 4.9 сая төгрөгөөр буурсан. Хэдийгээр буурч байгаа дүн бага боловч мөн адил Монгол улсын татварын маргааныг урьдчилан шийдвэрлэдэг татварын маргаан таслах зөвлөлөөс их онцлог шийдвэр гаргасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 28.3-т байгаа и-баримт аваагүй, тайлан ирүүлээгүй бол хэрхэх вэ гэдэг зохицуулалтыг анх удаа маргаан таслах зөвлөл дээр хэрэглэсэн байдаг. И-баримт аваагүй бол шууд татварын хасагдах зардалд оруулахгүй гэдгийг татварын алба өөрөө тодорхойлох эрхтэй, үүрэгтэй гэдэг хуулийн зохицуулалтыг ашиглаад 4.9 сая төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн нь өмгөөлөгч миний хувьд олзуурхууштай шийдвэр болсон. Татварын улсын байцаагч нарын хувьд би үйлчлүүлэгчийнхээ эсрэг болох гээд байна гэдгээ маргаан таслах зөвлөл дээр хэлж байсан. Байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой нотлох баримт судалж байгаа нь онцлог болсон гэдгийг онцолж хэлснээ давтан хэлье. Шүүх бүрэлдэхүүнд ** байцаагчийн асуудал үүсээд байгаа нь Татварын ерөнхий хуулийг боловсруулахдаа хэлтэс бүр өөр өөрсдөө базаад ерөнхий хуулийг нэгтгэхэд хийдэл үүссэн. Үүнийг даван туулах гээд Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж байгаа. ** байцаагчийн хэлээд байгаа тайлбар нэг талаас зөв боловч нөгөө талаас хуулийн зохицуулалтын 30 дугаар зүйлд зааснаар хөнгөлөлт чөлөөлөлтийн тооцоо тайланг үнэн зөв эсэхийг хяна гэдэг үүргийг татварын албанд өгсөн байгаа. Нөгөө талд татвар төлөгч өөрөө татвар ногдлоо тайлагнах онцгой бүрэн эрхтэй. Энэ хоёр хоорондоо зөрчилддөг. Энэ зөрчлөөс асуудал үүснэ гэж тухайн үед олон жилийн туршлагатай байцаагч нар хэлж байсан. Хянана гэдэг нь тайлангийн ногдуулалтыг ч гэсэн хяна гэсэн ойлголт болно гэдэг асуудлыг хэлсэн боловч хууль тогтоогч баталсан. Манай хэрэгжүүлэгч агентлагийн албан хаагч нарт өнөөдөр ийм кэйс үүсээд, хянаж авсан тайланг буруу гээд байдаг, та хариуцлага хүлээх юм уу, би хүлээх юм уу гээд хоорондоо чичлээд байгаа нь хууль тогтоомжтой нэг талаараа холбоотой гэдгийг дурдъя. Ийм байдаг учраас нэхэмжлэгч татвар төлөгчийн хувьд хүн төрөлхтний мөн чанар болох арай бага татвар төлөх гэдэг агуулгаараа өндөр хөнгөлөлт чөлөөлөлт рүү л явсан байгаа юм. Үр тариа 50 хувь хөнгөлөлт гэдэг агуулгаар явсан. Байцаагч нар бол үр тариаг тариалан эрхлэх, холбогдох нарийн хуулиудаас, тайлбар толиос үг зүйн үндсийг хайсан байсан нь хариу тайлбарт ирээгүй боловч маргаан таслан зөвлөлийн баримтаас харагддаг гэдгийг дурдъя. Одоо яах вэ гэдэг асуудал яригдана. Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг гэж бий. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан нь хэрэглээний хувьд жишиг боллоо. Жишээ нь 2023 оны зөрчил хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бол 2027 онд анх нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. Үүнтэй адил татвар төлөгч 2023 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн эрхээ 2027 онд эдлэх нэг талаасаа үүрэгтэй, нөгөө талаас эрхтэй гэсэн зохицуулалт нь адил байх юм. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим шүүхийн практик хэрэглэгдээд явж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсан нь шүүгчид заавал ингэж шийд гэж нөлөөлж байгаа юм биш шүү. Процессын хуульд өөрчлөлт ороод дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн бол гэсэн учраас өмгөөлөгч хуулийг хэрэглэж байгаа этгээдүүдэд зайлшгүй шүүхийн практик уншиж судлах шаардлагатай болоод байгаа учраас ярьж юм. Энд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 492 дугаар магадлал байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг яаж хэрэглэх, 4 жилийн хугацаанд эрх нь хадгалагдана гэдгийг сайн тайлбарлаад өгсөн байна. Улсын дээд шүүх хариуцагчийн гомдлыг хүлээж аваагүй энэ практик хэвшсэн юм. Өөр тохиолдол бас олон байна. Хувь хүний орлогын татвартай холбоотой хүүхдийн сургалтын төлбөр, орон сууцны хөнгөлөлт гэж байдаг. Ирэх жил их орлоготой буюу 2023 онд өндөр хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг, энэ оныхоо хөнгөлөлтийг 2025 онд нөхөж авъя гэхэд хуулиар хязгаарлахгүй шүү гэсэн агуулга хэрэгжээд ирсэн гэдэг утгаараа татвар төлөгч маань хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Даалгах гэсэн агуулгаар гаргаагүй. Харилцаа байгааг тогтоогоод өгөхөд захиргааны байгууллагад онцгой эрх байгаа. Хөнгөлөлт эдэлнэ, эдлэхгүй гэдэг нь тайлангаар л харагдана. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй байхаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Магадгүй захиргаа өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлээд хөнгөлөлт эдлэхгүй байна гэж үзэх боломж нь нээлттэй шүү. Байцаагч бол яах аргагүй л хууль тогтоомжийн өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлалаа. Бид шүүх хурал орохоос өмнө бас ярилцаж байсан. Байцаагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж бидний талд байгаа юм шиг боловч хууль нь яах аргагүй ийм байгаа. Бид тайланг хүлээж аваад баталгаажуулсан. Энэ бол хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болсон. “Системд тайлан шалгуур хангасан төлөвтэй бол байцаагч алдааг судалж тайланг хүлээж авдаг тул үүний дагуу тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шалгуур хангасан төлөвтэй байсан учир байцаагч хүлээж авсан үйлдэл нь хууль дүрэм журмыг зөрчөөгүй” гэж яг л бодит байдалд нийцсэн тайлбар гаргасан байна. Хожим ийм эрх зүйн ийм үр дагаварт хүрсэн байгаад нэхэмжлэгч маань гомдоод байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эцсийн дүгнэлтэд нэг л зарчим байдаг. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” зарчим байна. Энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тодорхой төлбөр хураамж, торгуультай холбоотой асуудалд хэрэглэж болох юм шүү. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хяналт шалгалтын үйл ажиллагаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байна. Акт гаргах хүртэл хугацаанд алданги бидний тооцоогоор 4.9 сая төгрөг болж байгаа. Энэ алдангийг харгалзан үзээсэй. Хууль тогтоогч Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон хяналт шалгалтын ажил дээр хэрэв илэрсэн бол алданги тооцохгүй гэсэн зохицуулалт орсон байдаг. Хяналт шалгалтын ажил гэдэг нь төрийн захиргааны байгууллагын хүсэлт зоригоос хамаараад урт удаан хугацаанд явдаг. Урт удаан хугацааны үр дагаврыг татвар төлөгч алданги гэдэг байдлаар үүрч байгаа нь хэр зохимжтой вэ? Энэ байдал буруу байна гэж харагдаад байгаа учраас хэлж байна. Манайхаас 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш идэвхтэй хяналт шалгалт явагдсан нь үндэслэлтэй биш гэдгийг нотлох баримттай .” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** өмгөөлөгчтэй санал нэг байна. Монгол компаниудаа шалгадаг, нугачин дардаг. Татварын шалгалт хийх шалтгаан нөхцөл бол ямар нэг байдлаар, ямар нэг зүйл илрүүл гэсэн үүргийг татварын байгууллагад өгсөн гэдгийг би мэдэж байгаа. Үүнийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Жишээлбэл 05 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сар хүртэл хугацаагаар нэхэмжилнэ гэдэг нь эрүүл бус үзэгдэл гэж би харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. “**” ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани байдаг. Ийм байдлаар мод тарих зөв зүйл хийж байгаа компанийг дарамтлаад байх юм бол татан буугдах боломжтой. Төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ерөнхийлөгчид тавьсан байгаа. Татвар төлөгчдийн татвар дээр улс орон тогтворжиж явдаг. Энэ хүмүүсээ яагаад удаа дараа шалгаад байгаа юм, татвар төлөгчөө дэмжих бодлого яасан юм, яагаад хөнгөлөлтийг нь эдлүүлэхгүй байгаа юм, Монголоо л дэмжихгүй бол гадныхан эзлэх нь тодорхой. НӨАТ-н хууль бол албан татвар гэдгийг хавтгайруулан тавьсан төсөв бүрдүүлэх үндэслэл болоод байгаа. НӨАТ-аар, торгуулиар, цагдаа нар төсөв бүрдүүлдэг болсон. Татвар төлөгчийнхөө хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх ёстой. Татварын байгууллага эс үйлдэхүй гаргаад буруу зөрүү асуудал гаргадаг. Нохойд барьдаг мод гэдэг шиг ийм байж болохгүй. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д татвар төлөгчийн эрхийг заасан байгаа. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалыг татварын алба гаргаж өгөх ёстой. Татварын байгууллага татварт өөрчлөлт оруулах, нөхөн ногдуулалт, залруулга хийх эрх олгоогүй нь энэ актыг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна.” гэв.
8. Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч **, ** бид ** регистрийн дугаартай “**” ХХК-ийн 2021.05.21-2023.12.31-ны өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2024402143 тоот томилолтоор иж бүрэн хяналт шалгалтыг 2023.04.24-2024.09.18-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн.
2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын актаар 126,939,218.79 төгрөгийн зөрчилд 45,411,431.56 төгрөгийн нөхөн татвар, 18,164,572.61 төгрөгийн торгууль, 4,917,208.14 төгрөгийн алданги нийт 68,493,212.31 төгрөгийн төлбөр ногдуулсан.
1. Нөхөн ногдуулалтын актын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн зөрчлийн талаар: Тус компани нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасагдсан боловч 2023 онд нийт 1,959,597,840.62 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Татварын хяналт шалгалтаар нийт орлогоос чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцсон бөгөөд А1001 зам дагуу Эрдэнэт хотын хаалганы орчимд ногоон зурвас байгуулах талбайн 540 м хашаа барих 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж эхэлснээр нэмэгдсэн өртгийн албан суутган төлөгчийн болзол хангасан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.8-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж зааснаар “**” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн байсан.
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангаснаас хойш “**” ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэрийн 10.8 км хайрган хучилттай автозамын усалгаа хийх 11,050,000.00 төгрөгийн, “**” ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэрийн 14 га талбайн зэрлэг өвс хадах 10,000,000.00 төгрөгийн, эко нойлын түрээс 2,000,000.00 төгрөгийн, “**” ХХК-ийн кемпд цахилгаан хэрэглүүлсний төлбөр 8,890,861.00 төгрөгийн, нийт 31,940,861.00 төгрөгийн НӨАТ-ын тухай хуульд зааснаар чөлөөлөгдөхгүй, албан татвар ногдох ажил үйлчилгээг гүйцэтгэсэн.
Эдгээр ажлууд нь НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөх”, 13.1-д “дараах барааг албан татвараас чөлөөлнө” 13.1.15-д “газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил”, 8.2-т "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал" гэж заасан заалтуудад хамаарахгүй тул дээрх 31,940,861.00 төгрөгийн /НӨАТ-тай дүн/ төгрөгийн орлогод нэмэгдсэн албан татвар ногдуулан 29,037,146.36 /цэвэр дүн/ төгрөгийн орлогод 2,903,714.64 төгрөгийн нөхөн татвар, 1,161,485.85 төгрөгийн торгууль, 355,705.04 төгрөгийн алданги нийт 4,420,905.53 төгрөгийн төлбөр ногдуулсан болно. Суулгацтай холбоотой “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д багтаж буй бусад туслах үйл ажиллагаанууд нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөгдөх заалтанд хамаарахгүй бөгөөд хуулинд чөлөөлөгдөх орлогыг тодорхой заасан гэж үзэж байна.
Тус компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйл. Албан татварын хөнгөлөлт. 22.5.10.доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар: 22.5.10.а.үр тариа, төмс, хүнсний ногоо; заалтад хамруулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж төсөвт төлөх татварыг 40,057,224.71 төгрөгөөр бууруулан тайлагнасан. Гэтэл үр тариа гэсэн ойлголт нь Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 319 / А/160 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолт”-ын 111-д Үр тариа (цагаан будааг оруулахгүйгээр), буурцагт болон тосны ургамал тариалалт: Тухайн ангид байгалийн (органик) болон генетикийн хувьд сайжруулсан хөдөө аж ахуйн ургамал ургуулах хэлбэрийг оруулаад задгай талбайд үр тариа, буурцагт болон тосны ургамал тариалалтын бүх хэлбэрийг хамруулна. Эдгээр ургамал тариалалт нь хөдөө аж ахуйн нэгжүүдэд хосолсон хэлбэрээр хийгдэх нь олонтой. Энэ ангид дараах ургамал тариалалт орно:
-үр тариа тариалалт: буудай, эрдэнэ шиш, сорго будаа, арвай, хөх тариа, овьёос /хошуу буудай/, бог будаа /шар будаа/ болон бусад үр тариа,
-буурцагт ургамал тариалалт: шош, тэжээлийн шош, хонин вандуй, үхэр вандуй, сэвэг зарам, чонон шош, вандуй, тагтаа вандуй болон бусад буурцагт ургамал,
-тосны ургамлын үр тариалалт: шар буурцаг, газрын самар, тосон туулган шош, хөвөнгийн үр, гичийн үр, тосон нуг, сармагийн үр, гүргэмийн үр, гүнждийн үр, наранцэцэгийн үр, тосны ургамлын бусад үр гэж тодорхойлсныг үндэслэн “үр тариа”-д модны үр суулгацыг хамруулан төлөх татвараа 50 хувь хөнгөрүүлсэн тул дээрх зөрчилд хариуцлага тооцсон болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг татвар төлөгч өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан эдлэх боломжтой бөгөөд хоорондоо харилцан хамааралгүй заалтыг сонгон хөнгөлөлт буруу эдэлж төсөвт төлөх татвар бууруулсан зөрчилд 40,057,224.71 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн татварыг нөхөн төлүүлж 16,022,889.88 төгрөгийн торгууль, 4,298,540.78 төгрөгийн алданги нийт 60,378,655.37 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Татварын хяналт шалгалт нь тайлант хугацаа дууссаны дараа, өнгөрсөн хугацааны баримтанд хийгддэг бөгөөд татвар төлөгч тайлангаа үнэн зөв гарган хуулийн хугацаанд ирүүлсэн эсэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуулийн дагуу зөв эдэлсэн эсэх, тайлангаар ногдуулсан татварыг хуулийн хугацаанд төлсөн эсэхийг шалгадаг процесс бөгөөд татвар төлөгчийн алдааг хяналт шалгалтын явцад залруулан хариуцлагаас чөлөөлөх болон хөнгөлөлт нөхөн эдлэх боломж олгодог процесс биш.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд. “Татвар ногдуулалт, төлөлт: 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, гэж заасан.
Татварын хуулиудад заасан татвар төлөгчийн эрх үүргийг бүрэн, зөв хэрэгжүүлээгүйгээ зөвтгөн татварын албыг буруутгаж буй нь зүйд нийцэхгүй байна.
Мөн татварын хяналт шалгалтаар тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн доорх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн:
13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага:
13.1.1. тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;
13.1.2. албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;
13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;
Мөн хуулинд бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: гэж заасан.
18 дугаар зүйл.Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох: 18.2 Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
Тус компани 2022 онд 30,436,211.00 төгрөгийн, 2023 онд 27,408,636.72 төгрөгийн баримтгүй зардлуудыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулсан нь бид татварын тайланг тогтоосон хугацаанд тогтмол илгээдэг байсан бөгөөд хугацаа хоцроож тайлагнаж байсан удаагүй гэсэн тайлбартай нийцэхгүй байна. 2020 оноос цахим төлбөрийн баримтын /татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем/ системийг Монгол улсад нэвтрүүлснээр татвар төлөгчид цахимаар баримт үйлдэж түүний дагуу татварын тайлангаа илгээн татвараа тодорхойлдог болсон.
3. Хяналт шалгалтын хугацаа: Тухайн татвар төлөгчийг ЦЕГ-ын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10а-1/5208 тоот албан бичгийн дагуу татварын хяналт шалгалт хийхээр олгогдсон томилолт, удирдамжын дагуу хийгдсэн бөгөөд тухайн компанитай харилцан хамааралтай шалгагдаж буй татвар төлөгчдийн шалгалтын явц, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн албанд нэмэлт мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлсэнтэй холбоотойгоор томилолтын хугацааг сунгасан.
4. Маргаан таслах зөвлөлийн тогтоол: 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчсөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогын 29,037,146.36 төгрөгийн зөрчлийг 12,285,644.06 төгрөгөөр бууруулж нөхөн татварыг 1,228,564.41 төгрөгөөр, торгуулийг 491,425.75 төгрөгөөр, алдангийг 148,857.49 төгрөгөөр нийт төлбөрийг 1,868,874.66 төгрөгөөр бууруулсан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль зөрчсөн баримтаар нотлогдоогүй зардлын 2023 оны 27,408,636.72 төгрөгийн зөрчлийг 12,562,500.00 төгрөгөөр бууруулж нөхөн татварыг 1,256,250.00 төгрөгөөр, торгуулийг 502,500.00 төгрөгөөр, алдангийг 134,808.19 төгрөгөөр нийт 1,893,558.19 төгрөгөөр бууруулж тогтоосныг үндэслэлгүй гэж хяналт шалгалт хийсэн байцаагчдын зүгээс үзэж байна.
Иймд НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын акт нь татварын хуулиудын холбогдох заалтуудад нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий тул нөхөн ногдуулалтын акттай холбоотой 2025 оны 02 сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийн нэгдүгээр шаардлага бол бүх орлогоос чөлөөлүүлэх гээд байгаа. Нэхэмжлэгч компани нь 2023 онд 1,900,000,000 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Өөрсдөө чөлөөлөгдөх орлогоороо тайлагнасан, манайх ч хяналт шалгалтаараа суулгацтай холбоотой орлогыг чөлөөлсөн. Хуульд суулгацтай холбоотой орлогыг л нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж зааснаас биш түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг чөлөөлнө гэсэн заалт байхгүй. “**” ХХК чөлөөлөгдөх орлогоо тайлагнаад явж байсны хувьд А1 замын дагуу Эрдэнэт хотын хаалганы орчимд ногоон ххх байгуулах тал 540 метр талбайд хашаа барина гээд 50,000,000 төгрөгийн ажил эхэлснийг нь бид НӨАТ-н болзол хангасан гэж үзээд тэр 50,000,000 төгрөгийг чөлөөлөөд, тэрнээс хойших ажиллагаа “**” ХХК-ийн Орхон аймаг дахь Катодын зэсийн үйлдвэрийн 10.8 км хайрган хучилттай авто замын усалгаа хийх 11,000,000 төгрөг гэдэг нь суулгац мөн үү? мөн тус компанийн 14 га талбайн зэрлэг өвс хадах 10,000,000 төгрөг, эко нойл түрээслүүлэх 2,000,000 төгрөг, “**” ХХК-д цахилгаан хэрэглүүлсний төлбөр 8,000,000 төгрөг гэсэн үйл ажиллагаанд нь бид НӨАТ ногдуулсан. Хэдий үндсэн үйл ажиллагаа гэж үзсэн ч гэсэн дотор нь ялгаад НӨАТ-н хуулиар чөлөөлөх ёстой орлогоо чөлөөлсөн хэр нь яагаад бусад ажилдаа НӨАТ Чөлөөлөөд явсан байж яагаад бусад үйл ажиллагаагаа ногдуулаад явсан юм бэ? Энэ нь хяналт шалгалтаар зөрчил гэж үзсэн учраас бид нар НӨАТ ногдох орлого гэж үзсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.10-т заасан үр тариа гэдэг үндэслэлээр 50 хувь хөнгөлөлт эдэлж тайлагнасан байна. Тэр хэмжээгээр татвар нь 50 хувиар буурч төлөхөөр гарсан байсан. Хяналт шалгалт орох хугацаанд татвараа төлөөгүй байсан. Хяналт шалгалт эхлүүлж байгаагийн хувьд “Танайх ямар ч байсан татвараа төлнө шүү, төлөхгүй бол алданги бодогдоно” гэдэг үүднээс бид татварыг нь төлүүлж байсан. Хяналт шалгалт эхлэхэд энэ компани бүгдийг нь хөнгөлөгдөх орлого гэж үзсэн. Хяналт шалгалт явахад суулгацын орлого болон бусад үйл ажиллагааны орлогоо 22.5.10-т зааснаар хөнгөлөгдөх орлого гэж тайлагнасан байсан. 22.5.10.а заалтад “үр тариа, төмс хүнсний ногоо” гэж заасныг баримтлаад хөнгөлөлт эдэлж байгаа учраас энэ бол зөрчил. Эдийн засгийн ангилал дээр хүртэл үр тариа гэдгийг нарийн тайлбарлаж өгсөн байгаа. Түүнээс биш модны үр гэсэн зүйл байхгүй. Хувь хүний орлогын албан татварт модны суулгацыг чөлөөлдөг. Аж ахуйн нэгж учраас энэ заалтад хамаарахгүй. Мөн энэ компани хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр хөнгөлөлт эдлэх ёстой 37.5 хувь гэдгээ яаж гаргаж ирж байгаа юм бол. Би шалгахад 2023 онд 49 ажилтантай, үүгээрээ нийгмийн даатгал татварын тайлангаа гаргаад явж байсан. Эндээс 5 нь хөдөлмөрийн чадвар алдалттай гэдгээр хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөж байсан. Тэгэхээр эднийх яаж тооцоод байгаа юм бол. Энэ бол тайлангаа өгөөд, тайлагнах явцдаа хөнгөлөлтөө эдлээд, хөнгөлөлтийнхөө шугамаар манай Орхон аймгийн Татварын газрын даргын тушаал гарч хөнгөлдөг. Тэр хөнгөлөлтөд энэ компани ороогүй. Ийм учраас нөхөн татвар тавигдсан.” гэв.
10. Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрт хамааралтай хэсэгт тайлбар өгье. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би итгэмжлэгдсэн төлөөлөгч ** тай хамт хариу тайлбар ирүүлсэн. Үүн дээр тодорхой байгаа. Миний хийсэн үйлдэл бол яг хариу тайлбар дээр бичсэн шиг систем дээр би арифметик алдааг л хянадаг. Татварын нэгдсэн программ нь татварын тайлангийн алдаа, мэдээллийн зөрүү, материаллаг алдааг хянаад боловсруулдаг. Хуульд зааснаар тайлангаа боловсруулаад тухайн орон нутгийн харьяаллын алба руу нь системээр шилжүүлэх процесс явагддаг гэсэн үг. Татварын улсын байцаагч ** “**” ХХК-ийн 2023 оны тайланг би авна гэж авдаггүй. Эрх бүхий албан хаагчдад санамсаргүй байдлаар очдог. Тайлан ирэхэд миний үүрэг бол тайлангаа хараад, систем дээр шалгуур хангасан байвал арифметик алдаа, тооны зөрүү байгаа эсэхийг хянадаг. Татвар төлөгч тэр тоог мянгатаар, төгрөгөөр янз янзаар илэрхийлдэг. Жишээлбэл 50,000,000 төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50.0 гэж 50 мөнгө юм шиг илэрхийлсэн байх тохиолдол байдаг. Энэ тайлан дээр бичигдсэн цэг таслалын алдааг хянадаг. Ийм алдааг систем дээр шалгуур хангаснаар авчихдаг. Яагаад гэвэл тэнд тоо тавигдсан байгаа. Нэхэмжлэгчийн аж ахуйн нэгжийн тайлан хамгийн дээр нь шалгуур хангасан гэж гарч ирсэн, хүлээн авч болно гэсэн тайлан. Би тайлангаа доош гүйлгээд тоо мэдээллүүд мөр мөрөндөө зөв тавигдсан эсэхийг л хянадаг. Би цааш ухаад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж болохгүй. Тайлан шаардлага хангасан байхад би ямар нэг ашиг сонирхлоор хандахгүй. Надад тийм ч зав байхгүй. 4,000-5,000 тайлан ирээд түүнийг нь би 72 цагийн дотор бушуухан хүлээж авах л үүрэгтэй. Шалгуур хангасан тайлангийн хөнгөлөлтийн мөрөнд тоо зөв тавигдсан эсэхийг л хянадаг. Үүнд намайг буруутгах үндэслэл байхгүй. Хэрэв ** байцаагч 22.5.10-аар танайх буруу шүү дээ гэж хэлсэн бол манайх 5.6-аар тайлагнах байсан гэж нэхэмжлэгч хэлээд байгаа. Ийм сонголт байхад яагаад заавал 22.5.10-аар тайлагнасан юм. Би тухайн цаг үедээ хүлээгээд авсан. Би та нарын эрх зүйн байдлыг нь дордуулаагүй. Би ирээдүйд буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гарна гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Намайг үүнийг мэдээд ийм байдал гаргасан мэтээр яриад байна. Өөрт байгаа боломжоо зөв ашиглах гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нягтлан бодогч нь татварын улсын байцаагчаас асуусан гэж тайлбартаа хэлж байна. Татварын улсын байцаагч ямар ч мэдээлэл өгч болно. Буруу зөвлөгөө өгсөн бол буруугаар нь тайлагнах уу. Ийм байдал үүсэж байна шүү дээ. Би хариу тайлбартаа маш тодорхой бичсэн байгаа.” гэв.
11. Хариуцагч Орхон аймгийн Татварын газар болон татварын улсын байцаагч **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Товчхондоо 2023 оны гаргасан тайлан дээр хөнгөлөлт эдлэх боломжтой юу, ийм хууль зүйн зохицуулалт байна уу гэж байгаа юм байна. Татварын тайлан нөхөн ногдуулалтыг хуульд тодорхой заасан байдаг. 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог. Та бүхэнд тодруулж хэлэхэд 2023 оны тайланг тухайн тайлант хугацаандаа засварлах боломжтой байсан боловч өнөөдрийн маргааны энэ шатанд хөнгөлөлт эдлэх тухай асуудал ярих ямар ч боломжгүй. Нөгөөтээгүүр татварын хяналт шалгалтын байцаагч акт үйлдэхдээ үндэслэл болгосон хуулийн заалт нь Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 22.5.10 гэж тодорхой тайлбарлаж ярьсан. Татвар төлөгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой аливаа асуудлуудаа нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, дээд шүүхийн тайлбар гараагүй байхад өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал 22.5.10-т “Үр тариа” гэж байгаа. Магадгүй хоорондоо таслалтай байсан бол нэхэмжлэгч талын яриад байгаагаар ойлгож болох юм. Гэтэл үр тариа гэдгийг зөвхөн үр гэдгээр салгаж авч үзэх боломжгүй ойлголт юм. Энэ харилцаа байх боломжгүй. Тайлантай холбоотой асуудлыг татварын улсын байцаагч мөн товч тодорхой байдлаар хэллээ. Та бүхний гаргасан тайланд зөрчил илэрсэн тул хяналт шалгалт хийгдээд тодорхой дүн дээр нөхөн ногдуулалтын акт тогтоогдсон. Тиймээс энэ харилцаа өнөөдөр үүсэх боломж байхгүй. Тэгэх хуулийн зохицуулалт байхгүй. Нягтлангийн ярьж байгаагаар алданги тооцсон тооцоолол нь Татварын ерөнхий хуулийн 41-р зүйлийг бид зөрчсөн гэж хариу тайлбарлаж болохоор байна. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасан. Гагцхүү энэ эрх татварын улсын байцаагчид олгогдсон байна. Магадгүй зарим алдаатай тооцоолол яригдах байх. Хэрэв давхар хянан шалгалт, эсвэл шинжээч томилогдох үед яригдах ёстой асуудал шүү. Бид ингэж тооцсон, биднийхээр байх ёстой гэж ярих нь хуульд нийцэхгүй. Маргаан таслах зөвлөлөөс эхлээд өнөөдрийн энэ шат хүртэл бид татвар руу удаа дараа очиж байсан гэдэг асуудал нэхэмжлэгч ярьдаг. Очиж байсан асуудлаар өмнө яригдсан. Та бүхнийг цагаа зарцуулсныг татварын алба ойлгох боловч яг ямар ярилцлага хийж, ямар зөвлөгөө авч байсныг тодруулах боломжгүй учраас бид очсон, бид асуусан гэж яриад байгаа нь учир дутагдалтай. ” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **, ** нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Татварын газар, Татварын газрын татварын улсын байцаагч **ыг тус тус хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагыг “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.“ гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах”, “2023 оны “**” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” гэж нэмэгдүүлсэн.
3. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №НА20240000063 дугаар нөхөн ногдуулалтын актын тухайд:
3.1. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10а-1/5208 дугаартай албан бичгийн дагуу “**” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024402143 дугаар томилолтоор Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нарыг томилжээ.
3.2. Уг хяналт, шалгалтаар “**” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 30-наар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан хугацаанаас хойш нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангаснаар 29.037.146.36 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй,
-аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2022 онд 30.436.211.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг бууруулсан, 2023 онд 27.408.636.72 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг бууруулсан
-аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2023 онд модны үр суулгац нийлүүлсэн орлогод ногдуулсан албан татварыг “үр тариа” гэсэн заалтад хамруулан 40.057.224.71 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлсэн зөрчил илрүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн № НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 45,411,431,56 төгрөгийн нөхөн татвар, 18,164,572,61 төгрөгийн торгууль, 4,917,208,14 төгрөгийн алданги, нийт 68,493,212,31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
3.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Орхон аймаг Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээг нийт 64,730,806,46 төгрөг болгон багасгасан байна.
3.4. Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Орхон аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023601937 дугаартай томилолтын үндсэн дээр хяналт шалгалтыг хийжээ.
3.5. Иймд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.”, 41.4-т “ ...татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.” гэж тус тус зааснаар хуульд заасан журмын дагуу эхлүүлж, шалгалтын явцыг 3 удаа сунгаж, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
3.6. Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ...шалтгаангүйгээр хяналт шалгалтын хугацааг сунгаж байсан ...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ ... 05 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдөр баримт бичиг цуглуулахгүй байж байгаад наана нь адаглаад 06 дугаар сарын 02-ны өдөр нөхөн ногдуулалтын актыг үйлдэх боломжтой байсан” гэсэн тайлбарууд үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
3.7. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус зааснаар татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцжээ.
3.8. Тодруулбал, шийдвэр гаргах ажиллагааг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, татвар төлөгч “**” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулсан бөгөөд гаргасан шийдвэрээ хүргүүлсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байна.
3.9. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5 дугаар зүйлийн 5.2-д “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.”,5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, “Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ” гэсэн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заажээ.
3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.”, 13 дугаар зүйлийн 13.1.15-д “газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил” нь албан татвараас чөлөөлөгдөх байтал суулгацаа хамгаалж хийсэн хашаа барихад зарцуулагдсан 50 сая төгрөгийг албан татвараас чөлөөлөөгүй.” гэж тайлбарласан.
3.11. Нэхэмжлэгч “**” ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасагдсан боловч 2023 онд нийт 1.959.597.840.62 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан ба 29.037.146.36 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь “**” ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэрийн 10.8 км хайрган хучилттай автозамын усалгаа хийх 11,050,000.00 төгрөгийн, “**” ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэрийн 14 га талбайн зэрлэг өвс хадах 10,000,000.00 төгрөгийн, эко нойлын түрээс 2,000,000.00 төгрөгийн, “**” ХХК-ийн кемпд цахилгаан хэрэглүүлсний төлбөр 8,890,861.00 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан болох нь хэрэгт авагдсан компанийн 2023 оны Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогын жагсаалтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
3.12.Түүнчлэн нэхэмжлэгч татварын хяналт шалгалт явуулах хугацааг удаа дараа сунгаснаар хяналт шалгалтын акт гарах хүртэл алданги тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
3.13. Учир нь Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Алданги тооцох хугацааг доор дурьдсанаар тодорхойлно:”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор” гэж заасан тул татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцсон алдангийг багасгах, өөрчлөх боломжгүй гэж шүүх үзлээ.
3.14. “**” ХХК Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн “Албан татварын хөнгөлөлт” гэсэн 22 дугаар зүйлийн 22.5.10-д “доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар”, 22.5.10.а-д “үр тариа, төмс, хүнсний ногоо” гэсэн заалтаар татварын хөнгөлөлт эдэлж, төсөвт төлөх татварыг 40.057.224.71 төгрөгөөр бууруулан тайлагнажээ.
3.15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага” гэсэн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэснийг нэхэмжлэгч компани тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
3.16. Түүнчлэн Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319,А/160 дугаар “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтын 111-д “Үр тариа (цагаан будааг оруулахгүйгээр), буурцагт болон тосны ургамал тариалалт”, “Тухайн ангид байгалийн (органик) болон генетикийн хувьд сайжруулсан хөдөө аж ахуйн ургамал ургуулах хэлбэрийг оруулаад задгай талбайд үр тариа, буурцагт болон тосны ургамал тариалалтын бүх хэлбэрийг хамруулна. Эдгээр ургамал тариалалт нь хөдөө аж ахуйн нэгжүүдэд хосолсон хэлбэрээр хийгдэх нь олонтой. Энэ ангид дараах ургамал тариалалт орно:
-үр тариа тариалалт: буудай, эрдэнэ шиш, сорго будаа, арвай, хөх тариа, овьёос /хошуу буудай/, бог будаа /шар будаа/ болон бусад үр тариа,
-буурцагт ургамал тариалалт: шош, тэжээлийн шош, хонин вандуй, үхэр вандуй, сэвэг зарам, чонон шош, вандуй, тагтаа вандуй болон бусад буурцагт ургамал,
-тосны ургамлын үр тариалалт: шар буурцаг, газрын самар, тосон туулган шош, хөвөнгийн үр, гичийн үр, тосон нуг, сармагийн үр, гүргэмийн үр, гүнждийн үр, наранцэцэгийн үр, тосны ургамлын бусад үр.” гэж тус тус тодорхойлсон байна.
3.17. Дээрхи тушаалын хавсралтаас үзэхэд “**” ХХК-ийн модны үр суулгацыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.10.а-д заасан үр тариа, төмс, хүнсний ногоо гэсэнд хамруулан хөнгөлөлт эдлэх эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
3.18. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-д “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн” гэж тус тус заасны дагуу “**” ХХК-ийн гаргасан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн байна.
4. Нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.“ гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах”, “2023 оны “**” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” шаардлагын тухайд:
4.1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”,29.1.3-д “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах”, гэж татвар төлөгчийн үүргийг тодорхойлсон.
4.2. Мөн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.”, 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.1-д “тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх”, 30.2.2-т “тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх”, 30.2.3-т “тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэх” гэж тус тус заасан ба татварын улсын байцаагч **ыг Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.“ гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.3. Иймээс Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
4.4. Харин нэхэмжлэгч “**” ХХК-ийн “2023 оны “**” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.5. “**” ХХК нь 2023 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.6-д “хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг”, 22.5.10.а-д “үр тариа, төмс, хүнсний ногоо” тус тус зааснаар аж ахуй нэгжийн орлогод албан татварын хөнгөлөлтөд хамрагдах байсан ба 2 шаардлагаар хөнгөлөлт эдлэх боломжгүй учраас “үр тариа”-с олсон орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлэхээр татвараа тайлагнасан байна.
4.6. Гэвч Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.10.а-д заасан албан татварын хөнгөлөлт эдэлсэнийг зөрчил гэж үзэн татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн учраас мөн хуулийн 22.5.6-д “хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг” заасан тул татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хязгаарлах боломжгүй.
4.7. Учир нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.3-д “шударга байх”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” заасан тул 2023 оны “**” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
4.8. Иймээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “2023 оны “**” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”, “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.“ гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
4.9. Нэхэмжлэгч ** шүүхэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газар, Мэдээлэл технологийн хэлтсээс эрсдэлийн оноо, эрсдэлийн үнэлгээг back up файлаас гаргуулах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий захиргааны актын хувийн хэргийг гаргуулах хүсэлт гаргасан ба хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, Татварын ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/1607 дугаартай албан бичгээр 2023 оны эрсдэлийн үнэлгээтэй холбоотой нотлох баримт ирүүлсэн учраас эрсдэлийн үнэлгээг back up файлаас гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болохыг тус тус дурьдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.4 -т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.1, 30.2.2, 30.2.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.6, 22.5.10, 22.5.10.а-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “2023 оны “**” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”, “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.“ гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА