Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0059/З |
Дугаар | 221/МА2017/0425 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2017/0425
2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2017/0425 | Улаанбаатар хот |
Т Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг баримтлан Т Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгажээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн Т Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Т Х ХХК нь Б аймгийн А, Б сумдын нутаг А нэртэй 18749,93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр тус компанид ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 тоот тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүрэлдэхүүн урьдчилан төлнө гэж зааснаар Т Х ХХК нь ХВ-00000 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байх бөгөөд Т Х ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлөх боломж хуулиар олгогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3469 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцална гэж зааснаар Т Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан байна.
Цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2025 тоотоор хүргүүлж байсан байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдө гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан байдаг.
Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлүүд нь компанидаа очсон ба буцалт хийж ирсэн талаарх тэмдэглэгээ шуудангийн дэвтэрт тэмдэглэгдээгүй байгаагаас харахад Т Х ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй аж ахуй нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байх бөгөөд үүнд Т Х ХХК-ийн XV-000000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хамаарч байна.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Т Х ХХК-аас өөрийн XV-000000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Т Х ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байтал ийнхүү цуцалсан нь хуульд нийцээгүй, түүнчлэн тусгай зөвшөөрөл цуцалсан талаар мэдэгдэл ирүүлээгүй гэж тайлбарлажээ.
Харин хариуцагчаас Тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлүүд нь компанидаа очсон ба буцалт хийж ирсэн талаарх тэмдэглэгээ шуудангийн дэвтэрт тэмдэглэгдээгүй байгаагаас харахад Т Х ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй хэмээн маргасан байна.
Нэхэмжлэгч Т Х ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын нутаг Алтан нэртэй 18749,93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-00000 тоот тусгай зөвшөөрөл олгосон байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөхөөр, хэрэв төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлөх хууль зүйн боломжтой байсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т Х ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшдэг XV-00000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 5,715,000 төгрөгийг төрийн сангийн 0000000 тоот дансанд төлсөн байх ба ийнхүү төлбөрөө төлсөн болохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тодорхойлолтоор баталгаажуулжээ.
Нэхэмжлэгчээс XV-00000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө Төрийн сан дахь Улсын төсвийн 0000000 тоот дансанд тушаах ёстой байсан боловч дээрх 0000000 тоот тусгай зөвшөөрлийн эрх олгосон үйлчилгээний хөлс тушаах дансанд тушаасан тул буцаагдсан байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... шинэ дансанд төлбөрөө төлсөн нь манай байгууллага дээр харагдаж байна. Энэ талаар хянаж шалгаагүй буруу байна. Кадастрын хэлтсийн дарга шинээр томилогдсон, бүтцийн орон тоо зарим албан хаагчид солигдож шинээр хүмүүс ажилласантай холбоотой байх гэж тайлбарласан болон хариуцагч байгууллагаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримтыг хүлээн авч баталгаажуулан тодорхойлолт гаргаж өгсөн зэргээс үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг данс андуурч төлсөн тухай нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байх бөгөөд үүнээс шалтгаалан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд буюу хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх боломжоо нэхэмжлэгч алдсан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Т Х ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг данс андуурч төлсөн тухайгаа 2016 оны 10 дугаар сард мэдэж, 6,693,537 төгрөгийг төрийн сангийн 0000000 тоот дансанд төлсөн байхад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр XV-00000 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасантай тус тус нийцэхгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 ... -д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч байгууллага нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3469, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2025 дугаар мэдэгдлүүдээ Т Х ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд гардуулах, эсхүл хүргүүлж, энэ талаараа баталгаажуулсан байх шаардлагатай.
Гэтэл хариуцагч байгууллагын явуулсан бичгийн бүртгэлд мэдэгдлүүдийг Т Х ХХК-д хэмээн хаягласан боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авсан хүний албан тушаал, нэр, гарын үсэг хүснэгтэд шуудан Янжиндулам гэж тэмдэглэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдлийн тухайд хэн хүлээн авсан талаарх тэмдэглэгээ байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа баталгаажуулсан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.ШҮ
ШҮҮХ БҮРЭЛДЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ