Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 241

 

Т.Мийн нэхэмжлэлтэй, АТГ, МХЕГ-т тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа

                                                         Д.Мөнхтуяа

                                                        П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:                        Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:          Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “АТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, МХЕГ-ын  даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Т.Мийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгохыг МХЕГ-ын  даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0252 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Т.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч Т.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д заасныг баримтлан АТГ-аас нэхэмжлэгч Т.Мийн гаргасан зөрчлийн шинж байдлыг дахин хянаж, шинээр акт гаргах хүртэл АТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 дугаар албан бичгийг 2 /хоёр/ сарын хугацаатай түдгэлзүүлж, МХЕГ-ын  даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг АТГ-аас шинэ акт гарах хүртэл тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0252 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс АТГ-ын дүгнэлтийг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчөөгүй явдал болно. Энэ талаар анхан шатны шүүх “Т.М нь ... албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, үйлчилгээтэй холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин байгууллагын ажилтнуудыг өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууцтай болгох зорилгоор гэрээ байгуулсныг шууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамааруулж үзэх үндэслэлгүй” гэж хуульд нийцсэн дүгнэлт гаргасан.

5. Эндээс үзвэл АТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичгээр гаргасан дүгнэлт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зөрчсөн болох нь тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болох бүрэн үндэслэлтэй байсан.

6. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол захиргааны хэргийн шүүхээс түүнийг хүчингуй болгох” шийдвэр гаргахаар хуульчлан тогтоосон байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу “маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж дахин шинээр акт гаргахыг даалгаж” шийдвэрлэсэн байна.

 7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хэлэлцэх явцад хариуцагч талаас “нэхэмжлэгч Т.М хууль зөрчсөн, ашиг сонирхлыг зөрчил үүсгэсэн” гэж тайлбарлан өөрийн гаргасан актыг эрс байр сууринаас хамгаалж маргаж байгаагаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахгүй гэдэг нь тодорхой байхад, нөгөө талаас хэргийн ямар нөхцөл байдлыг тодруулах нь тодорхой биш, энэ талаар дүгнээгүй атлаа шинээр акт гаргахыг даалгаж байгаа нь шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамласан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, маргааныг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байна.

8. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

8.1 Маргаан бүхий актын талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа, анхан шатны шүүх нь хариуцагч Авлигагай тэмцэх газрыг “нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал гэм бурууд нь тохирсон шийтгэл ногдуулах” чиглэл өгсөн, давж заалдах шатны шүүх нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хариуцагч хүлээлгэх үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна” гэж ямар шийтгэл ногдуулахыг зааж чиглэл өгч шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, ингэхдээ талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

9. Нэхэмжлэгчийн МХЕГ-ын  гаргасан захиргааны актыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэл бол “АТГ-ын гаргасан дүгнэлт хууль бус гарсан байхад хууль бус актыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газар намайг төрийн албанаас халсан нь хууль бус, хууль бусаар халсан тул учирсан хохирлоо нөхөн төлүүлэх” явдал байсан юм.

10. Анхан шатны шүүх маргааны гол асуудал буюу АТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичгийг “хууль бус” болох талаар зөв дүгнэлт хийсэн атлаа энэ хууль бус актыг үндэслэж гарсан МХЕГ-ын  даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь “хоорондоо зөрчилтэй дүгнэлт” хийсэн. Хууль бус актыг үндэслэн гаргасан аливаа шийдвэр, үйлдэл нь хууль бус байх эрх зүйн зарчимтай тул аливаа этгээдээс ийм актын үр дагавар, аливаа нөлөөллийг арилгаж байх ёстой.

11. Тодруулбал, анхан шатны шүүх энэхүү хууль бус актын үндэслэж гарсан өөр актын үр дагаврыг арилгаагүй, дагуулж түдгэлзүүлж шийдвэрлэснээр энэхүү маргаан бүрэн шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагагүй шийдвэрлэгдэхгүй үлдсэн нь нэхэмжлэгчийн шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх хэрэгжихгүй үлдсэн үр дагавар үүсгэж байна.

12. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж тодорхойлсон тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт нь нийтийн албан тушаалтан нь зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, оролцох зэргийг хориглосон гэж үзнэ, харин энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч Т.М нь байгууллагын ажилтнуудыг өөрсдийнх нь хөрөнгөөр орон сууцжуулах зорилгоор “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулахад оролцож, гарын үсэг зурсан нь албан үүргээ гүйцэтгэхдээ хийсэн үйлдэл гэж шууд дүгнэхгүй” хэмээн хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарласан байна.

15. Гэвч шүүхүүд маргаан бүхий актын үндэслэлд үл хамаарах хуулийн зүйл, заалт болон хэргийн оролцогчдын маргаагүй үйл баримтыг дурдан “нэхэмжлэгч нь гэрээ байгуулахдаа албан тушаалын нэр, байгууллагын тамга, тэмдгийг ашигласан, гэрээ байгуулахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсан” зэргээр буруутган хариуцагч АТГ-аас тухайн зөрчлийн шинж байдлыг дахин хянаж, шинээр акт гаргуулахаар түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 4-12/ бүхэлд нь хангах нь зүйтэй.

16. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг нь үндсэндээ тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” тухайн акт нь хууль ёсны байж болохуйц байх бөгөөд түүнийг шүүхээс тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ. Гэхдээ тэрхүү “өөр бусад үндэслэл” гэдэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад “бодит үндэслэл” байхаас бус, тухайн актын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм. Нэг үгээр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлэхийн зорилго нь хариуцагчаас хууль бус актын алдааг нь зөвтгүүлэхэд биш, харин тухайн акт хууль ёсны гэдгийг нь нотлуулахад орших бөгөөд хэрэв нотлогдохгүй бол маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай. Гэтэл шүүхүүд үндсэндээ хариуцагчаас маргаан бүхий актыг үндэслэлийг солиулж /зөвтгүүлж/, тохирох шийтгэлийг оногдуулуулахаар түдгэлзүүлсэн нь буруу юм.

17. Зөрчлийн эрх зүйд /зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд/ “зөрчил бүрт тухайн зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийтгэл оногдуулах” шударга ёсны зарчим[1] үйлчилдэг бөгөөд шүүхээс тухайн зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэлийг хүлээлгэдэг бол харин эрх бүхий захиргаанаас төрийн албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн тухайд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг зарчмын дагуу зөрчил тогтоогдохгүй бол шийтгэл хүлээлгэсэн акт хууль бус бөгөөд нэгэнт хууль бус бол шүүхээс түүнийг хүчингүй болгох учиртай.

18. Энэхүү агуулга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “шүүгчээс хүлээлгэх захиргааны хариуцлага”-ыг, харин 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтнаас /захиргаанаас/ хүлээлгэх сахилгын шийтгэлийг тусад нь зохицуулсан байгаагаас харж болно.

19. Иймд, шүүхүүдийн дүгнэсэнчлэн маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл буруу буюу тухайн үндэслэлд заасан зөрчил тогтоогдохгүй байх тул хүчингүй болгож, хууль бус актын улмаас үүссэн үр дагаврыг арилгаж /урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгох/, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй. Гэхдээ энэхүү тогтоол нь хариуцагчийн зүгээс дахин хууль ёсны акт гаргах эрхийг нь хязгаарлахгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0117 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0252 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, АТГ-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/10254 тоот албан бичиг, МХЕГ-ын  даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/185 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Мийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний нөхөн олговрыг олгохыг МХЕГ-ын  даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол  гаргахдаа  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн  70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

  

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                        Г.БАНЗРАГЧ

 


[1] Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл