Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 26

 

109/2016/0017/З                      2016-10-03                               №26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Д.Батсайханы нэхэмжлэлтэй 
    Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны даргад хариуцагдах 
2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, миний биеийг нэр дэвшигчээр бүртгэхийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсайхан, хариуцагч О.Жавзансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч Д.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Дэлхийн Банк, Монгол улсын Сангийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой Амжиргаа 3 "төслийн Архангай аймаг дахь сум дэмжих багт санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлтийн мэргэжилтэнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах болсон тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн хүн амын өрхийн бүртгэлд бүртгүүлэн 5 дугаар баг Наранбулагийн 14-р гудамж 01 тоотод оршин суугч өөрийн хамаатан Т.Долгоржавынд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн байнгын оршин суугчаар амьдарч байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын хорооноос 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болох тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд миний нэрийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлэх материалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нэр дэвшигчидын материалыг хянаж үзээд 2016 оны 09 дүгэр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор намайг шаардлага хангаж байна гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэж хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр олон нийтэд мэдээлсэн.
Гэтэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 158 дугаар зүйлийн 158.1.2 , 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтуудыг үндэслэн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 180 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийлгээгүй гэх шалтгаанаар намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтаар “хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, 16 дугаар зүйлийн 16.18 дахь заалтаар “ улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох”, 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтаар “төрийн байгууллагад сонгох, сонгогдох ” иргэний үндсэн эрхийг эдлэх эрхээ эдэлж чадахгүй хохирч байна.
Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 200 гаруй хоног ажиллаж, амьдарч, өрхийн бүртгэлд бүртгэгдэн явж байгаа учраас миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу баг, хорооны Засаг дарга нь өрх, хүн амын тооллого явуулж, бүртгэл судалгаа хөтлөн шаардлагатай үед тодорхойлолт олгож болно” гэж заасны дагуу би Архангай аймгийн 5 дугаар багийн нутагт хүн амын бүртгэлд бүртгэгдэн байнгын оршин суугчаар амьдарч байна. Мөн тус хуулийн 25 дугаар зүйлд “Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ” гэж заасан байдаг. Энэ заасан хуулийн заалтаас харахад миний бие 5 дугаар багт 180 хоногоос илүү хугацаагаар амьдарч байгаа тул энэ заалт мөн хамаарна. 
Сонгуулийн хорооны зүгээс миний нэрийг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх хэдэн хэдэн хуулийн заалтыг авсан байна. Жишээ нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу. Нэгдүгээрт “Санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан байдаг. Энэ хуулийн заалтыг би 180 хоногоос доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй амьдарсан байхыг шаардаж байгаа хуулийн заалт гэж үзэж байна. Мөн байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж сонгуулийн хорооноос үзсэн. Харин  Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг авч үзвэл миний бие иргэний үнэмлэхэд тэмдэг тэмдэглэгээ хийлгээгүй боловч иргэний үнэмлэх дээр шилжилт хөдөлгөөн хийгээгүй гэх үндэслэлээр намайг Архангай аймагт 180 хоногоос дээш хугацаагаар амьдраагүй, байнгын оршин суугч бус гэж хассаныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Би 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжиж ирсэн бол 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эрхэлсэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй. Би энд байнга ажиллаж байгаа учраас надад амьдрах газар хэрэгтэй. Тийм учраас би өрхийн судалгаанд бүртгүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан гол шийдвэр маань сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй хохирох байдалд хүрээд байна гэв.
Хариуцагч О.Жавзансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээ сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Батсайханыг нэр дэвшигчээр бүртгэсэн. Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчидтэй холбоотой судалгаа, материалыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн.
Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж үзээд Д.Батсайхан, С.Раднаадорж, Б.Буян-Ундрах нарын иргэний оршин суугаа харьяаллыг тодруулахаар Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэлийн лавлагаа авч үзэхэд нэхэмжлэгч Д.Батсайхан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэбулган суманд шилжин ирсэн нь лавлагаагаар гарч ирсэн. Энэ талаар аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Соёлмөнхөд нэр дэвшигч Д.Батсайханы материалыг дахин нягталж үзэх талаар мэдэгдсэн. Улмаар сумын сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж нэр дэвшигч Д.Батсайханы асуудлыг авч хэлэлцсэн.
Д.Батсайхан сумын сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн нэр дэвшигчийн материалдаа 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Эрдэнэбулган суманд шилжиж ирсэн бүртгэлийн хуудсыг хавсаргасан мөн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/005383 дугаар иргэний үнэмлэхийн лавлагаагаар 2016 оны 08 дугаар сарын 19-нд шилжиж ирсэн байсан. Энэ нь сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалт буюу ... санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байсан тул сумын Сонгуулийн хороо хуулийн дагуу бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
Мөн Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д ..иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ гэсэн хуулийн заалт байна. Д.Батсайханыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр  сарын 12-ны өдөр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоол гаргаж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтад ... сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно; 16.18 дахь заалтад ... гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл гадаадад явах, оршин суух эрхийг хуулиар буюу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, , Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан «Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам» -аар зохицуулдаг.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.13-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.. гэж заасны дагуу сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18, 19 дугаар албан бичгээр “Архангайн толь”, “Архангайн амьдрал” сонинд тус тус хүсэлт гаргаж нийтэд мэдээлсэн. 
 Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалт буюу нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар албан бичгээр аймгийн сонгуулийн хороонд хүсэлт гаргаж нэр дэвшигчдийн нэрсийг залруулан дахин нийтэд Архангайн амьдрал сонины 2016 оны 09 дүгээр сарын 16-ны №29 /485/, Архангай толь сонины 2016 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн №22 /228/ дугаарт мэдээлсэн.
Багийн Засаг дарга бүртгэхдээ тухайн иргэнийг улсын бүртгэлд бүртгэж шилжих хөдөлгөөн хийлгэхдээ бидний ярьж сурснаар тасалбараа авч очоод бүртгүүлдэг. Тэрнээс чи манайд оршин сууж байгаа юм чинь чамайг бүртгэнэ гэж хэлээд шууд бүртгэж авдаггүй. Нэг багаас нөгөө баг руу шилжихэд ч гэсэн заавал багийн Засаг даргын тодорхойлолттой түүгээрээ шилжих хасахыг зааглаж өгдөг. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн газар эхэлж очиж бүртгүүлээд тэндээсээ иргэний үнэмлэх нь дээрээ тэмдэглээ хийлгээд, хийлгэсэн тэмдэг тэмдэглэгээг баг дээрээ аваачиж өгөөд бүртгүүлдэг. Тийм учраас би 5 дугаар багийн бүртгэл, мэдээлэлийг сайн мэдэхгүй байна. Улсын бүртгэлийн газар өмнөх газраасаа хасагдсан эсэхийг мэдсэний дараа, өргөдлийг харж бүртгэсэн байх ёстой. Үүнийг улсын бүртгэлийн газраас лавлагаа авч харж үзэх боломжтой гэв. 
Гэрч Г.Бат-Эрдэнэ шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Дэлхийн банк, Сангийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран 2015 оны 12 сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж Тогтвортой амьжиргаа 3 төсөлд ажиллах ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж тус сонгон шалгаруулалтанд Д.Батсайхан нь орж тэнцэн Архангай аймаг дахь Сум дэмжих багийн санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлтийн ажилтнаар 2016 оны 02 дугаар сарын 01-нээс ажиллаж эхэлсэн гэжээ.
Гэрч Б.Энхцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Д.Батсайхан нь 2016 оны 01 дүгээр сарын 15-наас хойш манай гэрт амьдрах болсон. Тогтвортой амьжиргаа 3 төслийн Архангай аймаг дахь багт ажилладаг. Анх ирсэн даруйдаа манай хаяган дээр шилжилт хөдөлгөөн хийлгэсэн. Эрдэнэбулган сумын 5 дугаар баг дээр манай хаяган дээр ам бүлийн бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.
    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч, нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батсайханы  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Уг маргаан гарах болсон үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Эрдэнэбулган Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэхэмжлэгч Д.Батсайхан нь Ардчилсан намаас нэр дэвшиж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэр дэвшүүлсэн намаас нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хүргүүлжээ. /х.х-28-45/
Тус Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигч нараас ирүүлсэн материалыг нягтлан үзээд нэхэмжлэгч Д.Батсайханыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн байна. /х.х 50-51/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчээр бүртгэгдсэн Д.Батсайханыг 180 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийлгээгүй гэсэн үндэслэлээр  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолоор 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын 17-д бичигдсэн Д.Батсайханы нэрийг хассан өөрчлөлт оруулсанаар маргаан үүсжээ. /х.х53-54/ 
Маргаан бүхий захиргааны актыг /10 дугаар тогтоол/ хянаж үзэхэд: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.....” ; 
Мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дэх хэсэгт зааснаар “улсынхаа нутаг дэвсгэрт .. түр буюу байнга орших суух газраа сонгох, ...” гэж хуулчилсан бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийг зөрчсөн гэж үзлээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5 дахь хэсэгт зааснаар” ...,үндэслэлтэй, хуулийн хүрээнд” сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчмийг зөрчжээ. 

Нэхэмжлэгч Д.Батсайхан нь Тогтвортой амьжиргаа 3 төслийн Архангай аймаг дахь сум дэмжих багт Санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлтийн мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-нээс ажиллаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наран булагын 14-01 тоотод амьдарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. /х.х 5-13, 96-97/ 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ” зааснаар нэхэмжлэгч Д.Батсайхан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхой хаягт бүртгэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт “Иргэн .... гол төлөв амьдран суудаг ... газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж  болно” зааснаар оршин суугаа газар болох нэхэмжлэгч Д.Батсайханыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суугч гэж үзэх үндэслэлтэй байна. /99-100/

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Батсайхан нь 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй оршин сууж, ажиллаж, амьдарч байсан байнгын оршин суугчаар бүртгүүлсэн нь орон нутгийн Хуралд сонгуульд сонгогдох эрхтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолын үндэслэл болгосон Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.2 дахь заалтыг баримталсан нь хууль бус гэж үзлээ.

Учир нь: дээрхи хуулийн заалтанд зааснаар нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй байхыг хэлнэ.

Хариуцагч болох Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Батсайханыг нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа нэр дэвшигчээс хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийг баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Шүүх нэхэмжлэгч Д.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.4, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батсайханыг Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэхийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батсайханд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА