Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01635

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01635

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01529 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй, ЧХ банк ХХК-ийн холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С- миний бие 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс ЧХ банк ХХК-д гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс бизнес хариуцсан дэд захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Манай банкны онцлог, бизнес хариуцсан дэд захирлын үүргийн хувиараас шалтгаалан миний хувьд өдөр тутмын ажлыг банкинд ажлын өрөөндөө сууж ажиллахгүй, бизнесийн хамтрагч бусад байгууллага, иргэдтэй уулзах зэргээр ажилладаг байсан. Гэтэл бизнес хариуцсан дэд захирал С.С- 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд аливаа зөвшөөрөл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Мөн тушаалд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дотор багтаан ажил хүлээлцэхийг ажлын хэсэгт даалгасугай гэсэн хэдий боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгүүлэх цалин, өглөг, авлагын тооцоог хийхгүй, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг буцаан олгохгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаад гомдолтой байна. Цаг бүртгэлийн хувьд бүртгэх төхөөрөмжөөр тус байгууллагын 6 захирал бүгд цагаа бүртгүүлдэггүй байсан гэдэг. Өмнө нь бүртгүүлж байсан удаагүй. Хөдөлмөрийн дотоод журамд бүртгүүлэх боломжгүй ажилтны ажлын цагийг нэгтгэн тооцохоор заасан. Энэ нь ажлын цагийг бүтнээр тооцдог байсан. Тус байгууллагад ажлын цаг нэгтгэн бодох, цагийн бүртгэл хөтлөх талаар батлагдсан журам байхгүй. Иймд С.С-ийг үндэслэлгүйгээр халсан тул бизнес хариуцсан захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо сарын үндсэн цалин 9 000 000 төгрөгийн цалинтай байсан тул энэ дүнгээр тооцож нэхэмжилж байгаа. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч улирлаар ажлаа тайлагнадаг байсан. Түүний ажиллах хугацаанд буюу 2021 оны 01, 02 дугаар сарын цалин хөлсийг мөн олгоогүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 8 сараар тооцон 72 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оноос тус банканд гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан ба 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс бизнес хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан болно. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29 тоот тушаалаар С.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 57 өдөр захиргааны чөлөө аваагүй ямарваа нэгэн зөвшөөрөл байхгүй үндэслэлгүйгээр ажлаа тасалсан нь захиргааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Цагийн бүртгэлийг хэрэгт баримтаар өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.1-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар тасалсан, захиргааны чөлөө хэтрүүлсэн, удаа дараалан сануулсаар байхад ажлаас байнга хоцорсон гэж заасан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 57 өдөр ажлаа тасалсан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалсан. Нэхэмжлэгч өөрөө ирж ажлаа хүлээлцээгүй бөгөөд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг ажил хүлээлцэн ирж аваагүй болно. Тэрээр гадуур ажилладаг гэж тайлбарлаж байх боловч ажил дээрээ уулзалт хийх, уулзалтын өрөөг ашиглах бүрэн боломжтой байсан. Мөн гадуур ажлаа гүйцэтгэх бол энэ тухай мэдэгдэх тэмдэглүүлэх боломжтой. Иймд дээр дурдсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар С.С-ийг ЧХ банк ХХК-ийн бизнес хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 43 116 315 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 883 685 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 373 531 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэболор, Б.Төрбадрах нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлдэггүй, ажил таслаагүй, ажлаа хийж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй гэж үзэв" гэх асуудалд хариуцагч талаас шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудад буюу Хөдөлмөрийн гэрээний 1.2, 2.2, 3.1, 4.1-т тус тус заасан байна. Гэсэн хэдий ч С.С- нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа огт ирээгүй, гүйцэтгэх удирдлагатай холбогдож хүндэтгэн үзэх шалтгаан болон аливаа тайлбар мэдээлэл ирүүлээгүй огт ажил үүрэг гүйцэтгээгүй болно. Нэхэмжлэлдээ дурдсанчлан "...манай банкны онцлог, Бизнес хариуцсан дэд захирлын ажил үүргийн хуваариас шалтгаалан миний хувьд өдөр тутмын ажлын банкин дээр ажлын өрөөндөө сууж ажиллахгүй, бизнесийн хамтрагч бусад байгууллага, иргэдтэй уулзах зэргээр ажилладаг" гэж тайлбарыг шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд тайлбарладаг хэдий ч ямарваа нэгэн ажил үүрэг гүйцэтгэсэн баримт, тайлан огт байхгүй, хэрэв тухайн тайлбарт дурдсан ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд гүйцэтгэх захирлаас огт тухайлан үүрэг даалгавар, шийдвэрийг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд цаг бүртгүүлэхгүй байх зохицуулалт огт байхгүй бөгөөд ажилдаа ирэхгүй зайнаас өөрийн дураар ажиллах зохицуулалт үг үсэг байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байхын сацуу нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн цаг бүртгэлийн тайланд ажил тасалсан төлөвтэй байгаа нь илт тодорхойлогдсон. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбаруудад ажилдаа очоогүй болохыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь илт байна. Хэрэв нэхэмжлэгч тухайн 2 сар гаруй хугацаанд хийсэн тайлан мэдээллийг ажил олгогчид цахим шуудан болон утсан харилцаагаар мэдэгдэж болох байсан хэдий ч огт тийм баримт ажил олгогч талд болон шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Ажил үүргийн онцлогоос хамаарч өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй ээлжийн ажилтай харуул, үйлчлэгч, оператор зэрэг ажилтнуудад Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Ажлын цагийг нэгтгэн бодох журам"-ыг хэрэглэдэг. Уг журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болохын хувьд байгууллага өөрийн шийдвэрээр дахин батлах болон тухайлан ийм журамтай байх хуулийн шаардлага огт байхгүй. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангалгүй хурлыг үргэлжлүүлсэн. Уг баримтаар нэхэмжлэгч ажилдаа ирсэн эсэхийг тогтоох, цагдан хоригдсон эсэхийг тогтоох үндэслэл бүхий баримт байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүх хурлын үеэр мэдэгдсэн боловч шүүгч хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч ЧХ банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09ий өдрийн 29 тоот тушаалаар С.С-ийг бизнес хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлөхдөө 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. / хх-ийн 53 /

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар тасалсан, захиргааны чөлөө хэтрүүлсэн, удаа дараа сануулсаар байхад ажлаас байнга хоцорсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. / хх-ийн 24 /

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.1-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар тасалсан... бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж заасан байна. /хх-ийн 67/

Хариуцагч тал ...нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 57 өдрийн турш ажилдаа ирээгүй, ажил тасалсан тул ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж, бизнес хариуцсан дэд захирал С.С-ийн 2021 оны 01, 02, 03 дугаар саруудын цагийн бүртгэлийн нэгдсэн тайлан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 34-37/ Нэхэмжлэгч тал ...С.С- нь цаг бүртгүүлэх шаардлагагүй байсан, ажлыг заавал ажлын байран дээрээ, ажлын өрөөнд хийнэ гэдэг ойлголт бизнес хариуцсан дэд захирлын хувьд хамааралгүй, гадуур харилцагч түншүүдтэй уулзах, ажил төлөвлөх гэх зэргээр ажил үүргээ гүйцэтгээд явж байсан... гэсэн тайлбар /хх-ийн 1, 87, 88/, гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог, хариуцагчийн тайлбарыг няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 159 дүгээр зүйлийн 159.3 дах хэсэгт зааснаар гаргаж ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал, гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29 тоот тушаалд заасан дээрх хугацаанд нэхэмжлэгч С.С- нь цагаа бүртгүүлэлгүйгээр ЧХ банк ХХК-ийн бизнес хариуцсан дэд захирлын ажил үүргийн тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллагын тайлбар, татгалзлын үндэслэл болгосон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч няцаасан баримт гаргаагүй байхад анхан шатны шүүх ...цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлдэггүй, ажил таслаагүй, ажлаа хийж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй... хэмээн нотолгооны үүргийг буруу хуваарилж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 5.2-т ажил үүргийн онцлогоос шалтгаалан зарим ажилтны хувьд өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогчийн шийдвэрийг баримтлана гэж заасан.

Гэтэл ажил олгогчийн зүгээс бизнес хариуцсан дэд захирлын хувьд тухайлсан шийдвэрийг гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг баримтлах боломжгүй ажилтанд хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй болсноос гадна хөдөлмөрийн гэрээний 4.2-т Ээлжийн ажлын онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй учир ажлын цагийг нэгтгэн бодох журмын дагуу ажлын цагийг тооцно гэсэн заалт ээлжийн ажлын онцлогоос шалтгаалан хэрэглэгдэхээр байхад энэ тохиолдолд хэрэглэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч С.С- нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ЧХ банк ХХК-ийн бизнес хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2-т тус тус нийцсэн байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхцөл байдлаа хариуцагч тал шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт хамааруулах нь мөн зүйлийн 91.2 дахь хэсэгт нийцэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ЧХ банк ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ