Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                           С.Ариунаа

Шүүгдэгч                                                                          Ч.Бадамцэцэг

                                                                                          Г.Цэрэннадмид

Шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн өмгөөлөгч                          Д.Урансувд

Шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч                          Д.Галтогтох             

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарт холбогдох эрүүгийн 2321000000408 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, Үхэрт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖМ83103166/

2. Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, Мухлагийн шанд гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖМ82120462/

3. Шүүгдэгч Ч.Бадамцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, Мухлагийн шанд гэх газарт оршин суух Г.Цэрэннадмидын гэрт таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдан улмаар Г.Цэрэннадмидын биед тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Цэрэннадмид нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, Мухлагийн шанд гэх газарт оршин суух гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Бадамцэцэгтэй маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

4. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг, Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Бадамцэцэг, Ганболдын Цэрэннадмид нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цэрэннадмидын нэхэмжилсэн 371,000 төгрөгөөс зурагт, гар утасны үнэ, эд зүйлийн үнэлгээ тогтоосон хөлс нийт  251,800 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамцэцэгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэрэннадмидад, шүүгдэгч Г.Цэрэннадмидаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бадамцэцэгт тус тус олгож,

Хохирогч Г.Цэрэннадмид нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Ч.Бадамцэцэгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ ... Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хуруунд тухайн цаг хугацаанд гэмтэл учирсан байсан болох нь гэрч Д.Батмөнх, Т.Одонтуяа нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Цэрэннадмид болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн дээрх дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Г.Цэрэннадмидыг Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэхдээ Ч.Бадамцэцэгийн нөхөр Д.Батмөнх, бэр дүү Т.Одонтуяа нарын буюу ашиг сонирхол нэгдмэл хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн Г.Цэрэннадмидыг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй.

Ч.Бадамцэцэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Цэрэннадмидад хэрхэн хазуулж хохирол авсан талаараа тогтвортой, оновчтой тайлбарлаагүй нь Г.Цэрэннадмидыг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн. Тухайлбал Ч.Бадамцэцэг нь “... Г.Цэрэннадмид нь миний хурууг араа шүд хэсгээрээ хазсан.” гэсэн агуулгатай мэдүүлэг өгч байсан боловч удалгүй өөрчилж шүдний урд хэсгээрээ хазсан мэтээр мэдүүлдэг.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас үүссэн гэх хохирлыг шүүгдэгч Г.Цэрэннадмид хазаж учруулсан эсэхэд хэт өнгөц дүгнэлт хийсэн. Тухайлбал хүний шүдээр хазуулсан тохиолдолд ямар ул мөр үүсэж болох, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогчийн чигчий хуруунд ямар ул мөр үүссэн болохыг харьцуулан дүгнэлт хийсэнгүй.

Хохирогч нь Г.Цэрэннадмидад хазуулсны улмаас өөрийнх нь зүүн гарын чигчий хуруунд хөнгөн хохирол учирсан гэж заадаг боловч уг хохирлыг Г.Цэрэннадмид учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддоггүй.

... Шүдний бүтэц гэдэг зүйлийг талууд хэлж тайлбарлаж байна. Энэ тайлбараас харахад хиймэл шүд нь гэмтэл учруулахааргүй зүйл гэж тайлбарлаад байна. Хэдийгээр хиймэл ч гэсэн шүдний үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Дээд, доод хэсэг яг ижил хүч үүсгэж байж тасдана. Анхнаасаа хазаагүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хэлж ирсэн. ... Бадамцэцэг хэлэхдээ гарыг маань хазаад тавихгүй байсан гэж ярьдаг. Гэтэл тухайн зураг дээрээс харахад зөвхөн нэг талын шарх л харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Цэрэннадмидад холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгч Г.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүн хазаагүй, их гомдолтой байна.” гэв.

8. Шүүгдэгч Ч.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэрэннадмид намайг хазаж гэмтээсэн нь үнэн. Гэтэл одоо юу ч болоогүй юм шиг хазаагүй гэж хэлээд сууж байгааг нь гайхаж байна. ... Шинжээчийн дүгнэлтээр миний гарыг хазсан болох нь тогтоогдсон. Харилцан зодолдчихоод хэргээ хүлээхгүй байгаад нь гомдож байна.” гэв.

9. Шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Шүдний яг аль хэсгээр хазсан нь хазуулсан гэх гэмтэлтэй хамааралгүй гэж үзэж байна. ... Энэ хүний биеийн байдал, шүдний бүтэц зэрэг нь нөлөөлнө гэж бодож байна. Яг хазуулсан үеийн зураг нь хэрэгт хавсаргагдсан байгаа. ... Цэрэннадмидын хувьд шинжээчийн дүгнэлтээр түүний уруул аман дээр шарх үүссэн гэдгийг нотолж өгсөн. Түүний гарыг хазсан гэх шүүхийн дүгнэлт зөв юм.

... Түүний хазсан үйлдэл нь хэд хэдэн баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хазаагүй гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Энэ хоёр этгээдийн нэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба нөгөө нь зөвшөөрдөггүй. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдтэй ижил ял шийтгэгдэж байгаа. Энэ нь зохимжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Манай талаас анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ илэрхийлсэн. Мөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

10. Прокурор С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Цэрэннадмид, Ч.Бадамцэцэг нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдсон болох нь Г.Цэрэннадмидын нөхөр, Ч.Бадамцэцэгийн нөхрийн мэдүүлэг, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Хэргийн хувьд 11 сарын 02-ны өдөр болсон байдаг. Үүнээс 6 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарсан. ... Д.Галтогтох өмгөөлөгчийн хувьд өглөө 9 цагийн үед хэрэг болсон ба 14 цагийг хүртэл цусаа дусаагаад явах боломжгүй гэж хэлж байна. ... Ингэхдээ 14:00 цаг гэж хэлсэнийг анхаарч авч үзээд байх шиг байна. Хавтаст хэрэгт авагдсан зургийг харвал хэлсэн зүйлс нь бүрэн нотлогдож болохоор байна. ... Ч.Бадамцэцэгийн эмнэлэгт хэвтэх үе таарсан учраас эмчилгээ хийлгэж байсан. Тиймдээ ч эдгэрэлт сайн байсан гэж харагдахаар байна. Мөн шүүгдэгч Цэрэннадмидын хувьд хиймэл шүдтэй гэж хэлж байсан. Гэхдээ яг аль хэсэгтээ хиймэл шүдтэй эсэхийг мэдэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарт холбогдох эрүүгийн 2321000000408 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч Ч.Бадамцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, Мухлагийн шанд гэх газарт оршин суух Г.Цэрэннадмидын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Г.Цэрэннадмидыг зодож биед нь тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч Г.Цэрэннадмид нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, Мухлагийн шанд гэх газарт оршин суух өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Бадамцэцэгтэй маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.Цэрэннадмид, Ч.Бадамцэцэг, гэрч Г.Ширнэн, Д.Батмөнх, Т.Одонтуяа, Ц.Цэндсүрэн, шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарын мэдүүлгүүд, Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 612 тоот, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ч.Бадамцэцэгийн хазуулсан гэх гарын зураг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

4. Шүүгдэгч Ч.Бадамцэцэг,  Г.Цэрэннадмид нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Г.Цэрэннадмидыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Г.Цэрэннадмидын  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, Ч.Бадамцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын газраас шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 7. Шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтох: “...шүүх Г.Цэрэннадмидыг Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэхдээ Ч.Бадамцэцэгтэй ашиг сонирхол нэгдмэл хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ...хазуулсан тохиолдолд ямар ул мөр үүсч болох талаар дүгнээгүй, ...Ч.Бадамцэцэгийн биед хазуулсны улмаас үүссэн гэх гэмтлийг Г.Цэрэннадмид учруулсан болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй учир Г.Цэрэннадмидад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, 4 дэх хэсэгт заасан “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 5 дахь хэсэгт заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” болохыг тусгайлан тайлбарласан байвал зохино.

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Д.Батмөнх, Т.Одонтуяа нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг тайлбарлан худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд анхан шатны шүүх тэдний мэдүүлгийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Цэрэннадмид нь хохирогч Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хуруунд тухайн цаг хугацаанд гэмтэл учруулсан болох нь хохирогч Ч.Бадамцэцэг, гэрч Д.Батмөнх, Т.Одонтуяа, Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоноос гадна эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

9. Иймд шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан шийтгэх тогтоолын Г.Цэрэннадмидад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол,тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                                       С.ГАНЧИМЭГ

Ц.ЭРДЭНЭЗУУ