| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2025/0025/З |
| Дугаар | 118/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 118/ШШ2025/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ын
Хариуцагч: Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг дарга
Хариуцагч: Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: гийн
нарын хоорондын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг шинээр сонгохтой холбоотой гарсан маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Баянхайрхан сумын Засаг дарга Б., Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Г., гуравдагч этгээд З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага: Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг зарлан явуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Минж багийн Засаг дарга Д.г ажлаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Минж багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон.
3. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.г Баянхайрхан сумын Минж багийн Засаг даргаар томилж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр явагдсан хуралдаанаар багийн Засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан З.ыг томилуулахаар 03 дугаар тогтоолыг гаргасан ба уг тогтоолыг үндэслэн Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар З.ыг багийн Засаг даргын албан тушаалд томилсноор маргаан үүссэн.
4. Нэхэмжлэгч нь “...Минж багийн Засаг даргаар ажиллах дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлох эрх сумын Засаг даргад хуулиар олгогдоогүй байхад зарлан хуралдуулж зохион байгуулсан нь хууль бус...” гэж, хариуцагч нар “...Минж багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах Зөвлөл байгуулагдаагүй тул тус Хурлын хуралдааныг сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулахаар хуульд заасны дагуу зарлан хуралдуулсан...” гэж, гуравдагч этгээд “...багийн Засаг даргад нэр дэвшиж хуралдаанд оролцсон иргэдийн саналаар сонгогдсон тул Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаан хуульд нийцсэн...” хэмээн тус тус тайлбарлан маргасан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баянхайрхан сумын Минж багийн 2021 онд болсон багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг сонгох ээлжит хуралдаанд Монгол Ардын намаас нэр дэвшиж Д., Л., Ч., Ч. гэх 4 хүнтэй өрсөлдөн 2 дахь санал хураалтаар 97 хувийн саналаар багийн Засаг даргын сонгуульд ялалт байгуулж, Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Багийн засаг даргыг томилуулах тухай" 01 тоот тогтоолоор сумын Засаг даргад уламжилсан. Баянхайрхан сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай" Б/02 тоот захирамжаар намайг тус багийн Засаг даргаар томилсон. Гэтэл надад мэдэгдэлгүй, миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад багийн Засаг даргыг сонгох хурал зарлаж, хийсэн байсан. Надад 2025 оны хуралдааны тогтоол болон зарыг хүргүүлж байгаагүй учраас энэ тухай мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргасан. 2024 оны сонгуулиар гарч ирсэн Баянхайрхан сумын Засar дарга Б. болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шууд манай багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зарласан. Тухайн зарласан тогтоолыг авч танилцах гэсэн боловч тийм тогтоол, захирамж гараагүй зүгээр зар тавьсан гэж хэлсэн. Дээрх хариуцагч нар ямар нэгэн тогтоол, захирамжгүй багийн өөрөө удирдах ёсны байгууллагын үндсэн эрхэд халдаж өөрсдийн чиг үүрэгт байхгүй асуудлаар зарлал явуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Улмаар сумын Засаг дарга миний бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад 2025 оны 06 сарын 18-ны өдрийн Б/19 тоот захирамжаар намайг хууль бусаар чөлөөлж, миний болон багийн иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Манай багийн иргэдийн Нийтийн Хурлыг сумын Засаг даргын зүгээс зохион байгуулсан гэж сонссон ба сумын иргэдийн Хурлын нарийн бичгийн дарга *******, сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэрэг ******* нараас багийн Хурлаас багийн Засаг даргад 3.ыг уламжилсан тогтоол, түүнийг үндэслэн 3.ыг багийн Засаг даргаар томилсон сумын Засаг даргын захирамжийг авах гэсэн боловч хувь хүний нууцтай холбоотой гээд гаргаж өгөөгүй учраас шууд шүүхэд хандсан... Багийн иргэдийн Нийтийн Хурал жилд 2 удаа хуралддаг байсан. Зөвлөл байгуулах талаар хэлэлцэж байгаагүй. Багийн Хурлын дарга н.******* хуралдаан хийх өдрөө товлон би хурлын зарыг иргэдэд цахимаар тараадаг байсан. 2022 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга гэх орон тоо байхгүй болсон...гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг дарга, Минж багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Минж багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, иргэдийн Нийтийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн З.ыг багийн Засаг даргаар томилсон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянхайрхан сумын Засаг даргад холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулаагүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна... Монгол Улсын Үндсэн хуульд заасан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа Засаг даргаар томилсны дараа яригдана. Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох нь тусдаа ойлголт. Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг Д.г багийн Засаг даргаар томилсон гэж ойлгох боломжгүй тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа хамаарахгүй. Багийн Засаг даргаар томилсон өөр захирамж байгаа. Тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хэдэн ч жилийн хугацаатай ажиллаж болно. Д.г 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр багийн Засаг даргаар томилсон бөгөөд энэ хугацаанаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа тоологдож эхэлнэ... Сумын Засаг дарга Минж багийн иргэд Нийтийн Хурлыг хуралдах талаар зар тараасан гэдгээ тайлбарласан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль бусаар зарлан хуралдуулсан гэж үзэж байна. Манай талаас сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татах гэж байсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ нь манайд хамааралгүй, сумын Засаг даргад хамааралтай гэх тайлбарыг бидэнд өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заасан заалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд мөн 4 жил байхаар заасан. Хариуцагчийн зүгээс Минж багийн Засаг даргаар ажиллаж байсан Д.гийн бүрэн эрхийн хугацааг 2021 онд үүссэн гэж тайлбарлаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2021 оны 3 дугаар сард багийн Засаг даргын сонгууль болоогүй. 2021 оны 11 дүгээр сард багийн Засаг даргын сонгууль болсон. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг дарга Минж багийн Засаг даргаар Д.г томилсон байна. Энэнээс хойш бүрэн эрхийн хугацаа хэрэгжинэ. Бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад багийн Засаг даргын ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Д.г ажлаас чөлөөлсөн нь хууль бус байгаа тул ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Минж багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, З.ыг сумын Засаг даргад уламжилсан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад багийн Засаг даргыг сонгох хуралдаан зарлаж хуралдуулсан гэж үзэж байна... Ажлаас чөлөөлсөн захирамжийн хууль бус шинжийг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргээгдэнэ гэж үзэж байна... гэв.
7. Хариуцагч Баянхайрхан сумын Засаг дарга Б. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Миний бие 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон сумын Засаг даргаар томилогдсон. Багийн Засаг дарга нарын сонгуулийн үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сараас эхлүүлэн 05 дугаар сарын 29-ний өдөр ээлж дараалалтайгаар зохион байгуулсан. Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны зарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгээс зарласан. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал өнгөрсөн 4 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй бөгөөд Хурлын зөвлөл байхгүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурал ирцийн хувьд бүрэн хуралдан багийн Засаг даргыг сонгосон... Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зарлан явуулах талаар зохицуулсан олон заалтууд байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх заалтыг авч үзэх юм бол багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах талаарх зарыг багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл тогтоох ёстой. Зөвлөл байгуулагдаагүй учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд би хүсэлт гаргаж тухайн хуралдааныг зохион байгуулсан. Багийн хуралдаан зохион байгуулагдахаас 14 хоногийн өмнө цахимд энэ талаарх мэдээллийг байршуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг цаг үеийн мэдээлэл хийхээр зохион байгуулсан. Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн хуралдааныг зохион байгуулах, цаг үеийн шинжтэй мэдээлэл хийхээр тухайн хуралд оролцсон. Мөн багийн Засаг даргын сонгууль явуулах ажиллагааг хариуцан ажилласан... Сумын Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлыг хуулийнхаа дагуу зохин байгуулна. Багийн иргэд Нийтийн Хурлын Зөвлөл байхгүй учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллага учир зохион байгуулж оролцсон. Сумын Засаг даргын хувьд үйл ажиллагаанд оролцсон. Сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах санал оруулах боломжтой, зохион байгуулах талаар зохицуулаагүй... Багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах, багийн Засаг даргын сонгуулийг зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга зөвлөмж өгсөн, албан бичгээр бол өгөөгүй. Энэ зөвлөмжийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах талаар саналаа гаргасан... Багийн Засаг даргын ажилласан хугацааг тогтоохдоо Монгол улсын Үндсэн хуульд Засаг даргын бүрэн эрх 4 жил байхаар заасан, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрх 4 жил байна”, мөн тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д “энэ хуулийн 57.1-д заасан хугацаа нөхөн томилогдсон Засаг даргад хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өмнө нь ажиллаж байсан Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн баг дээр үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон. 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал, мөн манай сумд малын гаралтай шүлхий өвчин гарсан. 2021 оны 11 сард багийн иргэдийн Хурлыг хуралдуулж багийн Засаг даргыг томилсон. Нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байна... 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот захирамжаар энэ багийн өмнөх Засаг дарга Р.*******ийг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад багийн Хурлыг зохион байгуулж сонгуулийг хийсэн тул хугацаанаас нь өмнө чөлөөлсөн гэж үзэж байна... Монгол Улсын Үндсэн хуульд бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар заасан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т дундаас нь томилогдсон Засаг даргад хамаарахгүй гэж хуульчилсан. Өмнө нь багийн Засаг даргаар ажиллаж байсан Р.*******ийг үүрэгт ажлаас нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлж, мөн өдөр Б.*******ыг Минж багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 2021 оны 11 дүгээр сард багийн даргын сонгууль зохион байгуулж Д.г багийн Засаг даргаар томилсон. Д. нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлөгдсөн. Өмнөх Засаг даргын үлдсэн бүрэн эрхийн хугацаанд Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж ойлгож байна. Багийн Засаг даргыг хуулийн дагуу шинээр томилсон... гэв.
8. Хариуцагчийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн хурлын дарга Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргаар З.ыг томилсон нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан Минж багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуульд нэр дэвшин олонхын санал авч сонгогдон ажиллаж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,7-д заасны дагуу багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулсан. Тухайн Минж багийн Засаг дарга Д. 4 жилийн хугацаанд ажиллахдаа багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулаагүйн улмаас багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлгүй байсан учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас нийт сумын хэмжээнд зар тавьж багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулсан. Дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргын тамгын газраас багийн дарга нарын сонгуулийн үйл ажиллагааг 2025 оны эхний хагас жилд зохион байгуулахыг хурал зөвлөгөөн, сургалтын үеэр чиглэл болгосон. 2017-2021 онд Минж багийн Засаг даргаар ажиллаж байсан ******* овогтой *******ийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот сумын Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлж, тус багийн Засаг даргаар *******гийн *******ыг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 тоот сумын Засаг даргын захирамжаар томилон ажиллуулсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1-д Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна, 57.2-д энэ хуулийн 57.1-д заасан хугацаа нөхөн томилогдсон Засаг даргад хамаарахгүй гэж заасан байгаа нь бүх шатны Засаг даргад хамааралтай бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн үндэслэлтэй. 2021 онд ковид болон манай суманд гарсан малын шүлхий өвчний улмаас багийн даргын сонгуулийг 11 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд өмнө ажиллаж байсан багийн Засаг даргыг 2021 оны 03 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн байгаа нь дараагийн багийн засаг даргын бүрэн эрхийн хугацаа 2025 оны 03 сард дууссан гэж үзэх үндэслэлтэй Дээрх үндэслэлүүдийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Минж хамгийн өндөр санал авсан З.ыг хууль дүрмийн дагуу тус албан тушаалд томилсон. Минж багийн Засаг даргын сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдсан гэж үзэж байгаа тул Д.г тус ажлын байранд томилох боломжгүй. Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж байна... гэв.
9. Гуравдагч этгээд З. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаан хуулийн дагуу явагдаж миний бие тус багийн Засаг даргаар сонгогдсон... Хариуцагч нартай тайлбар адилхан... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.гээс:
Хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг зарлан явуулсныг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Минж багийн Засаг дарга Д.г ажлаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Минж багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх;
Хариуцагч Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Тус Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулах тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг товлон зарлаж, хуралдуулсан тухайд:
Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сумын Засаг даргын тамгын газрын холбогдох ажилтнууд хүрэлцэн очиж, Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг нийт 115 өрхөөс 62 өрхийн төлөөлөл иргэн оролцсон ирцтэйгээр эхлүүлэн хуралдуулсан байх ба уг хуралдаанаар Хуралдааны дарга сонгох, дэг тогтоох, хэлэлцэх асуудал батлах, багийн Засаг дарга болон Хурлын даргыг сонгох, Зөвлөл байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны акт буюу “Багийн Засаг даргыг томилуулах тухай” 03 дугаар тогтоолыг гаргасан болох нь хуралдааны тэмдэглэл, тогтоол, хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн бүртгэл зэргээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 52, 65-70 дугаар хуудас/
Маргаан бүхий Захиргааны акт буюу Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулах тухай” 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.8 /Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуульд заасан бусад эрх/-д заасныг үндэслэн тус багийн Засаг даргаар З.ыг томилуулах саналыг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 70 дугаар хуудас/
Уг 03 дугаар тогтоолыг үндэслэн Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар З.ыг Минж багийн Засаг даргаар томилсон байна. /Хавтаст хэргийн 47 дугаар хуудас/
Монгол Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 2-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.2-д “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” 46 дугаар зүйлийн 46.4-д “Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус хуралдааныг Хурлын Зөвлөл, Засаг даргын санаачилгаар, эсхүл баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэдийн арваас доошгүй хувь нь санал болгосноор хуралдуулна...” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг ардчилсан, хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг иргэдийн өөрөө удирдах байгууллага байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тухайн сумын Засаг дарга шинээр томилогдсон үйл явдлаас хойш зохион байгуулах бөгөөд хуралдааныг Хурлын Зөвлөл, Засаг даргын санаачилгаар, эсхүл баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэдийн тодорхой хувийн санал болгосноор хуралдуулахаар байна.
Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг хуралдуулах санаачилга гаргах эрхийг хуулиар дээрх гурван субъектэд олгосон тул тэдгээрээс өөр бусад этгээд багийн иргэдийн нийтийн Хурлыг хуралдуулах, зохион байгуулах эрхгүй тул Баянхайрхан сумын Засаг даргын санаачилгаар Минж багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулсан нь хуульд нийцэхгүй байна.
Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулагдаагүй гэх шалтгаанаар тус Хурлыг хуралдуулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаснаар дээрх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр явагдсан болохыг хариуцагч Баянхайрхан сумын Засаг дарга өөрөө хүлээн тайлбарлаж бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэх эрх зүйн зохицуулалтын хүрээнд явагдсаныг тайлбартаа дурдсан.
“Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэдэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг цаг хугацааны хувьд сумын Засаг даргыг шинээр томилогдсон үйл явдлын дараа зохион байгуулах агуулгатай болохоос бус шинээр томилогдсон сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлыг санаачлан хуралдуулах, зохион байгуулах эрх олгож, үүрэг хүлээлгэсэн агуулгагүй юм.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ” гэж зааснаас үзэхэд зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүргийг ямар нэгэн шалгуургүйгээр хүлээлгэсэн байна.
Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас өмнө тус Хурлын Зөвлөлийг огт байгуулаагүй талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алин нь тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар маргаагүй, гэвч “...Зөвлөл байгуулаагүй...” гэх шалтгаан нь өөр бусад этгээдээс тухайн нэгжийн Хурлыг хуралдуулах, зохион байгуулах үндэслэл болохгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.
Хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргаас Минж багийн иргэдийн Нийтийн Хурлыг санаачлан хуралдуулсан үйл ажиллагаа нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, үр дагавар үүсгэсэн амаар гаргасан захиргааны актад хамаарахаар байна гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус захиргааны актад тооцогдохоор байна.
Тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг илт хууль бус гэж үзэх юм.
Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг Баянхайрхан сумын Засаг даргаас санаачлан түүний ажлын албаны болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудын оролцоотойгоор явагдсан болох нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /Хавтаст хэргийн 52 дугаар хуудас/
Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг санаачлан хуралдуулах бүрэн эрхийг хуулиар олгоогүй байхад хариуцагч Засаг даргаас Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг санаачлан ажлын албаны ажилтнуудаар зохион байгуулж хуралдуулсан нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн “Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг зарлан явуулсан Баянхайрхан сумын Засаг даргын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргын дээрх үйл ажиллагааг “илт хууль бус болох”-ыг шүүхээс тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэгэнт илт хууль бусаар явагдсан Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас гаргасан тогтоолууд гарсан цагаасаа үйлчлэлгүй тул З.ыг багийн Засаг даргаар томилуулах тухай 03 дугаар тогтоол мөн илт хууль бус байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн З.ыг тус багийн Засаг даргаар томилох талаар гарсан Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.г ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын 2025 оны Б/19 дүгээр захирамжийн хууль бус шинжийг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх шууд сэргээгдэнэ хэмээн үзэж, Б/20 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.гийн Минж багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх тухайд:
Маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 56 дугаар зүйлийн 56.5.2, 59 дугаар зүйлийн 59.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Д.г “...сонгуулийн үр дүнгээр...” хэмээн Минж багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. /Хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
Хариуцагч Баянхайрхан сумын Засаг дарга дээрх маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан “...Д. өмнө нь ажиллаж байсан Минж багийн Засаг даргын үлдсэн хугацаанд томилогдсон тул бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болсон...” гэж тайлбарласан.
Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна”, 57.2-д “Энэ хуулийн 57.1-д заасан хугацаа нөхөн томилогдсон Засаг даргад хамаарахгүй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.гийн тухайд, Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас тус багийн Засаг даргаар сонгогдон сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Минж багийн Засаг даргаар анх томилогдсон байна. /Хавтаст хэргийн 55, 92, 93, дугаар хуудас/
Түүний өмнө Минж багийн Засаг даргаар Р.******* ажиллаж байгаад Баянхайрхан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн байх ба чөлөөлсөн үндэслэлийг захирамжид “..бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон…” хэмээн тусгасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Д.г түүнээс өмнө ажиллаж байсан багийн Засаг дарга /Р.*******/-ын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд томилогдсон гэж үзэхээргүй байна. /Хавтаст хэргийн 63 дугаар хуудас/
Мөн Р.*******ийг Минж багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдмөгц Баянхайрхан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар дээрх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Б.*******ыг томилсноор дараагийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Б.******* 10 сар 13 хоног ажиллажээ. /Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/
Баянхайрхан сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Д.г Минж багийн Засаг даргаар томилох хүртэлх хугацаанд Б.*******ын түр орлон гүйцэтгэгчээр ажилласан 10 сар 13 хоногийн хугацааг нэхэмжлэгч Д.гийн багийн Засаг даргаар ажилласан дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд оруулан тооцож, бүрэн эрхийн хугацааг нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр захирамж хууль бус байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацааг тухайн Засаг даргыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан үеэс эхэлж тоолох тул нэхэмжлэгч Д.гийн тухайд Минж багийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн хугацааг Баянхайрхан сумын Засаг даргын 2022 оны Б/02 дугаар захирамжаар ажилд томилсон хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолох ба ийнхүү тоолоход нэхэмжлэгчийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болохоор байна.
Багийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө чөлөөлөх огцруулах, Засаг дарга огцрох асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлээр зохицуулсан ба үүнээс өөрөөр Засаг даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зохицуулалт хуульд байхгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “...баг, ..ны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга ...түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 64.2-д “Дээд шатны Засаг дарга, ...дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: 64.2.1.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон; 64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн; 64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан; 64.2.4.Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан; 64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр, 65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж заасан.
Энэ маргааны тухайд буюу Нэхэмжлэгч Д.гээс өмнө ажиллаж байсан Минж багийн Засаг даргын тухайд дээрх хуульд заасан хугацаанаас өмнө бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргаас маргаан бүхий 2025 оны Б/19 дүгээр захирамжаар “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр Д.г Минж багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн багийн Засаг даргаар ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “багийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх … зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй гэж” нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоог тодорхойлсон ба 31.2-т “Энэ хуулийн 31.1-д заасны дагуу гаргасан санал, зөвлөмжийг багийн иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэх үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Иргэдийн …Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна” гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах, товлон зарлах иргэдийн оролцоо хуулиар нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн ...хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг дарга болон Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваарилан гаргуулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, 32.9, 57 дугаар зүйлийн 57.1 хэсэгт заасныг үндэслэн Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргаас тус сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг санаачлан хуралдуулсныг, Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянхайрхан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Минж багийн Засаг дарга Д.г ажлаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.г Баянхайрхан сумын Минж багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчид олгож, мөн хугацаанд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу зохих санд нөхөн төлүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг дарга болон Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ