Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 Х.Ган-Одод холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                    Ж.Мөнхчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Галтогтох

Шүүгдэгч                                                                 Х.Ган-Од

Нарийн бичгийн дарга                                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Х.Ган-Одод холбогдох эрүүгийн 2321003930393 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шарайд овогт Халтарын Ган-Од, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 25-44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД: ЖЕ89070173/.

2. Шүүгдэгч Х.Ган-Од нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Адуунчулуун уурхайн баруун хойд талын замаар Тоёота марк-2 маркийн 08-64 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож, зам тээврийн осол гарган зорчигч Г.Мөнхбаярын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ган-Одын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Шарайд овогт Халтарын Ган-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Халтарын Ган-Одын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ган-Одод оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ган-Одын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах  ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ган-Одоос гэм хорын хохиролд 84,181,795 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхчимэгт олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхчимэг нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Х.Ган-Одоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

... шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ган-Одод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн нэмэгдэл ял 5-8 жил хүртэл байсныг өөрчлөн найруулж, 8-12 жил хүртэл болгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмэгдүүлсэн бөгөөд 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.

Шүүгдэгч Х.Ган-Одын үйлдэл нь 2023 оны 10 сарын 09-ний өдөр үйлдэгдсэн ба шүүх хэргийг 2024 оны 02 сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 50 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан. Мөн түүнд 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ... нэмэгдэл ялын доод хэмжээг оногдуулж, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ. ...Шүүгдэгч Х.Ган-Одын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж нэмэгдэл ял оногдуулсан нь хуулийн заалтыг өөрчлөн найруулахаас өмнө, эсхүл өөрчлөн найруулсан үеийн алинаар нь шийтгэсэн болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцож, Халтарын Ган-Одын тээврийн хэрэгсэл жолоодох … хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Хуулийг буцаан хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

7. Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг шинээр хэрэглэж эхэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсвэл мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг яг алийг нь баримталж шийдвэрлэх нь тодорхой бус тогтсон шинжгүй явж байгаа. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэдэг эсэргүүцлийг бичсэн. Эсэргүүцэл бичигдсэнээс хойш энэ талаарх практикийг судалж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримталж шийдвэрлэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлагад нийцэж байна гэж харж байна. Тиймээс 50 дугаар шийтгэх тогтоолын 1, 2 дугаар заалтад хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ган-Одод холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч  Х.Ган-Од нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Адуунчулуун уурхайн баруун хойд талын замаар Тоёота гранд марк-2 маркийн 08-64 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Г.Мөнхбаярын амь насыг  хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Ган-Одын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 123-124/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхчимэг /1хх 29-30, 2хх 06/, гэрч Ж.Жавхлан /1хх 34-37/,  Б.Мөнхтулга /1хх 39/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 109 дугаар дүгнэлт /1хх 57-61/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 213 дугаар дүгнэлт /1хх 74-75/, “Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаар дүгнэлт /1хх 66-67/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн  2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот дүгнэлт /1хх 102-105/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал /1хх 14-23, 26/, замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 24/, зам тээврийн осолд холбогдсон Toyota Grand mark-2 маркийн 08-64 ДОУ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 52-54/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх 138-140/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 148 дугаартай шийтгэврийн хуулбар /1хх 142-145/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1хх 148-153/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Ган-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Шүүх шүүгдэгч Х.Ган-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

6. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн амь хохирогчийн оршуулгын болон буяны зан үйлд зарцуулсан зардлын баримтуудыг шинжлэн судлан хохирогчид учирсан бодит хохирол, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг үндэслэлтэй тогтоож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511.5-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас  хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 84 181 795 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7. Аймгийн ерөнхий прокуророос “... анхан шатны шүүх ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах ёстой байтал журамлаагүй нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл болно. ... Түүнчлэн ... Эрүүгийн хуулийн заалтыг өөрчлөн найруулахаас өмнө, эсхүл өөрчлөн найруулсан хуулиар алинаар нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь эргэлзээтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. .... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

8. Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулсан байх ба мөн зүйлийн гарчигт “ Автотээврийн хэрэгслийн ... ” гэснийг “ Тээврийн хэрэгслийн ...” гэж өөрчилснөөс гадна мөн зүйлийн 4 дэх хэсгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялын хэмжээг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл болгон нэмэгдүүлж өөрчилжээ.

Эрүүгийн хуульд дээрх нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2023 оны 10 сарын 09-ний өдөр шүүгдэгч Х.Ган-Од нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд  4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн, шүүх түүнийг мөн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл шүүх тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ган-Одод тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөн байсан хуулиар тодорхойлно.” гэсэн нийтлэг хэм хэмжээг баримтлан шийдвэрлэх байтал уг зүйлийг журамлаагүй нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх хууль хэрэглээний алдааг зөвтгөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

9. Түүнчлэн шүүгдэгч Х.Ган-Одод холбогдох хэргийг зүйлчлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх нөхцөл байдал байхгүй бөгөөд хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн шинээр гарсан хууль нь хуучин үйлчилж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үед гарсан хэрэгт буцаан хэрэглэх явдал юм.  

Иймд 2023 оны 12 сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл болохгүй байна.

10. Дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1,2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.Ган-Одын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтуудад  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ...” гэсний өмнө “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан,” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ган-Одын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЗУУ

             ШҮҮГЧИД                                                         С.ГАНЧИМЭГ

                                                                                              Г.УРТНАСАН