Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00666

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00666

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Э***-ын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00615/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н***ийн Э*** нь Ханх суманд 1970 онд Н***ийн 6 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөж Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 5 дугаар бригадад туслах малчнаар орсон билээ. Түүнээс хойш тус нэгдэлд 1988 оны 10 дугаар сар хүртэл ажиллаад хугацаат цэргийн албанд  1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугар сар хүртэл 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирэхэд Алтан тал нэгдэл  татан буугдсан байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, тамга тэмдэг дарагдаагүй, аймгийн архиваас холбогдох тушаал олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.Би улсаас 1990-2000 онуудад ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан.

Иймд Н.Э*** миний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар,  Хөвсгөл аймгийн Архивын тасгийн албан бичиг,  Цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн цалин хөлсний 70 дугаар дансны түүвэр, хуулбарын хамт, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр эх хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.М***аас  гэрчийн мэдүүлэг авсан байна.

                               

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Э***ын  ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа,  Хаягийн хуудас №7-ийн хуулбарыг, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас цэргийн албанд татагдсан болон халагдсан үеийн хувийн мэдээлэл зэргийг бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.

3.Хэрэгт:

Хөвсгөл  аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн захиргаанаас               1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н***ийн Э*** нэрээр  нээж олгосон

1987 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэгт:

1987 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацааны,

1988 онд  ажилласан хоног, авсан хөлс хэсэгт:

1988 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлс бичигдэж, гарын үсэг зурагдсан тэмдэг дарж баталгаажсан, улсад 7 сар ажилласан гэх бичилттэй Хөдөлмөрийн улсын байцаагчийн тэмдэг дарж  баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр  (хх-ийн 12  дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнуудаас 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаагаар ирүүлсэн нэхэмжлэгч Н.Э***ын  1987 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар, 1988 оны                 1 дүгээр сараас 10 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалин хөлсний баримтыг Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газар Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн баримт 3 хуудас (хх-ийн 6-8 дугаар хуудас), 

Н***ийн Э***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Бусад эх үүсвэр, ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил: ажилгүй, эрхэлж эхлэсэн он: 1986, оршдог, сум, район: Рэнчинлхүмбэ ...  гэж 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 27 дүгээр хуудас),

Н***ийн Э***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас  (хх-ийн 28 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08/231 дугаартай “Н***ийн Э***ын цэргийн албанд татагдсан талаарх архивын лавлагааг хүргүүлэв.  Хилийн ба ДЦУЕГ-ын *** дүгээр ангийн 1988-1990 оны цэргийн анкетыг тус архивд шилжүүлж ирүүлээгүй болно. Хавсралт 1 хуудастай гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 10 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08/1594  дугаартай Н***ийн Э*** нь  Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, *** дүгээр ангид алба хаагаад УАБАЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагджээ. Хилийн ба Дотоодын цэргийн  *** дүгээр ангиас Хөвсгөл аймагт 1990 онд халагдсан цэргийн бүртгэлд: “Н***ийн Э***, МХЗЭ-ийн гишүүн, Хөвсгөл аймгаас 1988 онд цэрэгт татагдсан, ББД боловсролтой, цэргийн батлахын дугаар ****, цэргийн мэргэжлийн дугаар ***” гэж бичжээ. гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 08/763 дугаартай “Н***ийн Э*** нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, *** дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ –ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагджээ.” гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 34 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11/343 дугаартай  “ Тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1987-1989 оны тушаал шүүж үзэхэд Н.Э***ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх албан бичиг 1 хуудас (хх-н 4 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 5 дугаар сарын                    08-ны өдөр  Урианхай дархад овогт Н***ийн Э*** нэрээр нээж олгосон *** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “*** дугаартай Урианхай дархад овогт Н***ийн Э*** (***)  нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар баталгаажуулав.” гэх бичилттэй, *** дугаартай Урианхай дархад овогт Н***ийн Э*** (***)  нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 0 сараар баталгаажуулав.” гэх бичилттэй Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас (хх-ийн 9-10 дүгээр хуудас),

 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч  П.М***ын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Н.Э*** нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 5 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сараас эхлэн малчнаар ажилласан. Тэгээд нэгдлийн малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан явсан юм. Түүнийг цэргээс халагдаж ирэхэд нь манай нэгдэл тарсан байсан.  Манай Ханх сум маань Хөвсгөл долгио нэгдэлтэй Тураг, Хороо гэсэн хоёр бригаддтай байсан бөгөөд Ренчинлхүмбэ сумтай Хороо бригадын ойрхон гээд Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 5 дугаар бригад болгон шилжүүлж авсан. Бид нар Ханх байршилтай хэдий ч харъяалал нь Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 5 дугаар бригадын малчин гэгддэг байсан.  ...” гэх мэдүүлэг 3 (хх-ийн 30-32 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

5.Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Н.Э***ын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч нь хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  У***  Н***ийн Э*** (***)-ын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1988 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,  119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА