Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2021/00025

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум

дундын ******* газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2021/00173/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч

О.*******

Хариуцагч ******* ******* ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын ******* газрын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль экологид учруулсан 9,971,475 төгрөгийн хохирол, хор уршгийг гаргуулах тухай 149/2021/00173/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч байгууллагаас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* царам ХХК нь 2020 оны 06 дугаар сард ойн мэргэжлийн байгууллагын ойн арчилгаа цэвэрлэгээ хийх гэрчилгээ болон мод бэлтгэх гэрээнд зааснаас өөр газраас буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид учруулсан 9.971.475 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь хэрэг бүртгэх ажиллагааны явцад тогтоогдсон. Тус прокурорын газраас хэргийг шалгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгуулж шийдвэрлэсэн байна. ******* царам ХХК-ний дээрх үйл ажиллагааны улмаас байгаль экологид 9.971.475 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тус хуулийн этгээд нь уг хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байна. Иймд ******* тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1, 41 дүгээр зүйлд тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд ******* царам ХХК-иас байгаль экологид учруулсан хохирол болох 9.971.475 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* царам ХХК-ий захирал ******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь ойгоос мод бэлтгэхдээ 2020 онд Хараа бүсийн сум дундын ойн ангиас мод бэлтгэх №055743 тоот эрхийн бичгийн зөвшөөрөл авч 1.281.630 төгрөгийн ойн нөөцийн төлбөрийг тушаасан. №203200115 тоот дугаартай хэрэг бүртгэлийн явцад манай компанийг гэмт хэрэг үйлдээгүйг тогтоож зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгж буй 3.000.000 төгрөгийн торгуулийг ногдуулж, манай компани бүрэн төлж барагдуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоос олгосон хуваарийн дагуу мод бэлтгэх зөвшөөрлийн төлбөр төлсний үндсэн дээр авч мод бэлтгэлийн ажлыг явуулахдаа технологийн зөрчил гаргаж арга хэмжээ ноогдуулсан. Иймд манай байгууллага нь огт зөвшөөрөлгүй мод бэлтгээгүй мөн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хохирол нөхөн төлбөрийг төлүүлнэ гэж заагаагүй тул 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурор О.*******ийн нэхэмжилсэн 9.971.475 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-******* ХХК-иас 3.323.825 /гурван сая гурван зуун хорин гурван мянга найман зуун хорих таван/ төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.647.650 /зургаан сая зургаан зуун дөчин долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 68.131 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулахыг даалгасугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 262 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй нотлох баримтыг үнэлж, шийдвэр гаргасан гомдолтой байна. Үүнд: ******* ******* ХХК нь ойгоос мод бэлтгэсэн үйлдэлд Мандал сум дахь ******* газрын хяналтын прокурор О.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 93 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, өөр газраас мод бэлтгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтад ...Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршиг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасан байдгийг үндэслэж Бугант ******* ХХК-н байгаль экологид учруулсан хохирлыг гаргуулна гэж прокурор шүүх хуралдаанд тайлбарласан боловч зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0144895 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Бугант ******* ХХК-ийн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,000,000 төгрөгөөр торгосон бөгөөд уг шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон 3,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг Бугант ******* ХХК бүрэн төлсөн. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хохирол нөхөн төлбөр гаргуулах тухай заалт байхгүй байхад прокурор Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирол нөхөн төлбөр гаргуулахаар заасан гэж тогтоол үйлдэж, шаардлагаа буруу тайлбарлаж, нотлох баримтаар нотолж чадаагүй байхад шүүд 3,323,825 төгрөгийг Бугант ******* ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс... учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хохирол, нөхөн төлбөр гаргуулах заалт байхгүй байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлд прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллагаар хүсэлтээр оролцохоор заасан ч төрийн байгууллагын хүсэлт ирүүлээгүй байхад прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргасан нь уг хуулийг зөрчиж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2020 оны 06 дугаар сард байгаль экологид хохирол учруулсан гэж үзсэн. Уг хэрэг нь 2020 онд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ойн технологийн горим зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж, ******* ******* ХХК-н жолооч нар өөрсдийн зөвшөөрөл бүхий газраас өөр *******т мод бэлтгэсэн байсан. Тэгвэл ******* ******* ХХК-н зүгээс жолооч нарт мод бэлтгэх ******* болон бэлтгэл хангамжийг зааж өгөх ёстой байсан ч уг үйлдлийг хийгээгүй тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Хуулийн этгээдийн зүгээс ч ямар нэг маргаан гараагүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсанд ямар нэг гомдол гаргаагүй. Харин нэхэмжлэлийн тухайд бол хохирол, нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэгт байгаль орчинд учирсан хохирол 3 дахин нэмэгдүүлж нийт 9,971,475 төгрөгийн хохирол тогтоогдсон байгаа. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд учирсан хохирол, нөхөн төлбөрийг барагдуулна гэж зохицуулалт байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хохирол, нөхөн төлбөрийг арилгуулна гэж заагаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн төр учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг ******* тухай хуульд зааж өгсөн байдаг тул нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын ******* ******* нь Мандал суманд байрлах ******* ******* ХХК-д холбогдуулан тус компаний байгаль экологид учруулсан хохиролд байгаль орчны улсын байцаагчийн тавьсан 9.971.475 төгрөгийн актын биелэлтийг хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч ******* ******* ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ээс ...манай байгууллага нь огт зөвшөөрөлгүй мод бэлтгээгүй мөн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хохирол нөхөн төлбөрийг төлүүлнэ гэж заагаагүй тул 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мандал сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжилсэн 9.971.475 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргасанд тулгуурлан хавтаст хэргийг бүхэлд нь судлан үзэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай 178 тоотод бүртгэлтэй ******* ******* ХХК нь 2020 оны 06 дугаар сард ойн мэргэжлийн байгууллагын ойн арчилгаа цэвэрлэгээ хийх гэрчилгээ болон мод бэлтгэх гэрээнд зааснаас өөр газраас буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 3.323.825 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Хэрэг бүртгэх ажиллагааны шатанд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас ******* ******* ХХК-ий гаргасан зөрчилд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ...ойн санд учирсан хохирлыг ойн экологиэдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасны дагуу 9.971.475 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж 18-04-329/10 тоот акт тавьжээ.

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8-д Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна гэж заасны дагуу уг актын хангалтыг хариуцаж ажиллах эрх бүхий этгээд нь Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Мандал сум дахь байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Волоож бөгөөд хуульд заасны дагуу өөрийн үүргийг гүйцэтгэх боломжгүй бол хүсэлтээ гаргаж өөрийн эрхийг ******* *******т шилжүүлж болно.

******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж, 41.2-д ******* нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна гэж тус тус заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан бөгөөд тухайн зүйл хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөн найруулах тухай хуулиар прокурор.... эсхүл өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрхтэй байхаар хуульчилж тухайн нэмэлт өөрчлөлт оруулсан заалтын хэрэгжиж эхлэх хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Гэтэл дээрхи хуулийн заалт хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад прокурор нь зохих байгууллагын хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр түүний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын ******* газрыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд түүний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлохгүйгээр шууд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 18-04-329/10 тоот Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт нь өөрөө үл маргах журмаар биелэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд хэрвээ ******* царам ХХК нь уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд акттай танилцсан өдрөөс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандаж гомдлоо шийдвэрлүүлэн улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй болохыг дурьдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаад, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан давж заалдах гомдлын шаардлага хангагдаж байгаа тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.131 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Мандал сум дахь сум дундын ******* газраас хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан давж заалдах гомдлын шаардлага хангагдаж байгаа тул хариуцагч ******* ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.131 төгрөгийг шүүгчийн захирамжаар олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 Б.ЭРДЭНЭХИШИГTop of Form