Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                                                     Б.Оюунцэцэг

Амь хохирогч ын  хууль ёсны төлөөлөгч                          *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч          М.Энхтуяа

Хохирогч гийн  хууль ёсны төлөөлөгч                                      *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                                              А.Ганбат

Шүүгдэгч                                                                                                     *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2321001720535 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 2002 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаартай, Toyota Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгслийг улсын чанартай авто замаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт онхолдож, зам тээврийн осол гаргаснаас , нарын амь нас хохирч, гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******гийн *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 32,502,456 /гучин хоёр сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч овогт гийн т 12,406,338 /арван хоёр сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг, хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн тоотод оршин суух овогт ын д 3,504,118 /гурван сая таван зуун дөрвөн мянга нэг зуун арван найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч овогт д 16,592,000 /арван зургаан сая таван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоож,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 18,583,290 /арван найман сая таван зуун наян гурван мянга хоёр зуун ер/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******, амь хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Хавтаст хэргээс үзэхэд миний үйлчлүүлэгч ******* нь дөнгөж 22 настай гэнэн томоогүй, хууль зүйн мэдлэг дутмаг зандаа хөтлөгдөн сонирхож тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон нь энэхүү аймшигт осол гаргаж хоёр хүний амь насыг хохироож, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан.

Зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэгээрээ санаатай үйлдлээс ялгагдах онцлогтой байдаг билээ.

******* нь 3 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүл зохиогоод удаагүй эгэл жирийн шударгаар хөдөлмөрлөн мөнгө олж амьдралаа авч явах гэж байгаа олон олон залуусын төлөөлөл юм. Хэрэв шүүхээс ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэвэл ялаа эдэлж гарч ирээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулах асуудалд дөхөм болно.

Иймд *******ид оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг өмгөөлөгчийн хувьд хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Залуу хүнд алдаж онох зүйл байлгүй л яахав. Гэхдээ жаахан ч гэсэн сэтгэл гаргаач гэж хүсч байна. Эзнийг нь босгоод ирж чадахгүйгээс хойш ядаж эвдсэн машинаа аваад ирээч гэж хүсч байна. Миний хувьд ял хариуцлагыг нь хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй ч ялаа эдэлж дууссаны дараа хохирол төлнө гэж хэлж байгааг зөвшөөрөхгүй.” гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар хүсэл зоригтой байгаагаа илэрхийлж байна. Өмгөөлөгчийн хувьд эсрэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Энэ гэмт хэргийн улмаас бүхэл бүтэн хоёр хүний амь нас хохирсон байгаа. Дээрээс нь нэг хүнд маш хүнд гэмтэл учирсан. Шүүгдэгчийн хувьд энэ бүх хохирлыг дааж хариуцах нь хэцүү гэдгийг ойлгож байна. Гэсэн хэдий ч ял хариуцлагыг хөнгөрүүлэх талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүгдэгч тал гаргахгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй.” гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би хохирогч гийн ээж байгаа юм. Миний охин одоог хүртэл хэвтэрт байгаа бөгөөд биеийн байдал нь ерөөсөө дээрдэхгүй байна. Уг нь хэд хэдэн удаа ирж уулзаж байсан ч өмгөөлөгч авснаас хойш дахиж ирэхээ больсон. Нэгэнт хэргээ үүрээд явчих юм чинь хохирол төлөөд яах юм гэж бодсон юм шиг байна лээ. Бид хоёр одоо байнга памперс зүүдэг. Байнга шингэн хоол иддэг болсон. Ямар их хэцүү байгааг бүх хүмүүс мэдэж байгаа гэж бодож байна. Би өөрөө охиноо хардаг учраас хуулийн байгууллагаар сайн явж чадаагүй. Гэтэл бидэнд 3.5 сая төгрөгийн хохирол гаргасан байна лээ. Би өөрт хэрэгцээтэй байгаа зүйлсээ бүгдийг нь бичиж Дорнод аймгийн Цагдаагийн газар руу явуулсан. 14 сая гаран төгрөгийг нэхэмжилсэн. Ах, дүү нартайгаа нийлж байж арай гэж охиноо амьтай байлгаж байна. Зөвхөн нэг сард л 1,410,000 төгрөгөөр шингэн хоол хэрэглэж байна. 7 хоногт л 30 ширхэг памперс хэрэглэж байна. Одоо гар хөл нь чангаралтай маш хэцүү байдалтай амьдарч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирлын хэмжээг дахин харж үзээч гэж хүсч байна. Би анхандаа ч *******ид их сайн хандаж байсан. Гэвч үнэхээр сэтгэл гаргахгүй байгаа учраас маш их гомдож байна. Ийм гомдол гаргахаасаа ичихгүй байна уу гэж асуумаар байна. Хорих ялын хэмжээг багасгах саналыг зөвшөөрөхгүй байна.” гэв.

9. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийдвэрээ ойлгомжтой, хуулийн дагуу гаргасан гэж үзэж байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн талаар баримт хэрэгт байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

10. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

11. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдолдоо саналаа бүрэн хэлж илэрхийлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

3. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, “Чулуут” гэх газар Toyota Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, , А.Алтайхүү нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******ийн “ ...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим миний гар утас руу ... дугаараас залгаж “Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, таны хүү Мөнхжаргал нь зам тээврийн осолд өртөж нас барсан” гэж хэлэхээр нь мэдсэн ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31, 2 хх-ийн 11-12/,

- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн амь хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч ийн “ ...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж зам тээврийн ослын улмаас миний хүү г нас барсан байна гэж мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 17-18/,

-хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн “ ...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим Урангоотой хамт явсан Даагий гэх хүүхэд над руу “холбогдох дугаараа өгөөч, Урангоогийн талаар холбогдох шаардлагатай байна” гэж бичсэн байхаар нь гар утасны дугаараа явуулахад удалгүй Дорнод аймгийн эмнэлгээс над руу залгаж “Урангоогийн ээж мөн үү, регистрийн дугаар нь хэрэгтэй, осолд орсон байна” гэж хэлэхээр нь мэдсэн. ...Манай охин зам тээврийн осолд ороод тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд осолд орсон цагаас хойш байнгын асаргаанд, өөрөө хоол унд идэж чадахгүй, гар хөл нь хөдлөхгүй татсан байдалтай, хэзээ сэргэх нь тодорхойгүй, нүд нь хөдлөөд, ярьж хэлж чадахгүй одоог хүрээд байна” ...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-39, 2хх-ийн 13-14/,

-мөрдөн шалгаж ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “ ...******* руу залгаж юу болсон талаар асуухад “Мөнхжаргал өөрийн машинаа шөнөжингөө бариад өглөө зогсож бүгдээрээ бие засчихаад жолоо солихоор болж Мөнхжаргал, Алтайхүү, Урангоо нар шампанск хувааж уугаад би жолоо барьж хөдлөөд явж байтал замд гэнэт нүх харагдахаар нь зогсож амжихгүй тул дайраад гарсан. Тэр үед машины нэг дугуй салж өнхрөөд машин хэд хэдэн удаа эргэлдэж, нэг мэдсэн машиндаа ганцаараа байсан. Тэгээд би буугаад харахад нөгөө хэд газар дээрээ нас барчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68/,

- мөрдөн шалгаж ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “ ...******* “ ...би жолоо баръя гэж хэлээд жолоогоо солиод цааш хөдлөөд явж байх үед нэг нүх таарахаар нь тоормозоо гишгээд зогсохгүй, тэрнээс хойш санахгүй байна, нэг ухаан орсон чинь машин дотроо ганцаараа сууж байсан. Машинаас буугаад нөгөө гурваа хайсан чинь Мөөжиг, Алтайхүү хоёр зам дээр шидэгдчихсэн, Урангоо шороон дээр шидэгдсэн байсан” гэж хэлэхээр нь би “нөгөө хэд осолд орчихоод ухаантай байсан юм уу” гэж асуухад “Мөөжиг дээшээ харчихсан аахилаад гийнаад байсан, тэгэхээр нь би арай гайгүй байна гэж бодсон. Алтайхүүгийн ноос нь цус гарсан байдалтай байсан” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72/,

- мөрдөн шалгаж ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “ ...осолдсон машин дээр ирэхэд манай машиныг замд гүйцэж түрүүлсэн хар өнгийн Prius-41 маркийн тээврийн хэрэгсэл замын хойд талд уначихсан, зам дээр хоёр эрэгтэй хүний цогцос, замын хажууд нэг эмэгтэй газар хэвтчихсэн, нэг залуу эмэгтэйгийнхээ хажууд хайраа гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаар аймгийн төвийн 103 утас руу залгаж дуудлага өгөөд цааш явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79/,

- Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 313 тоот дүгнэлт /1хх-ийн 90-94/,

- Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33, 34 тоот дүгнэлт /1хх-ийн 168-178/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 166-167, 186-187/,

- “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 23/59 тоот дүгнэлт /1хх-ийн 212-214/,

- мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаа /2хх-ийн 73-74/,

- Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот дүгнэлт /1хх-ийн 134-143/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-23/,

- зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /1хх-ийн 24-25/,

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26, 143/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

4. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

5. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тухайн зүйл хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэлээ.

6. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын “ ...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас нэг 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр 2 хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

9. Шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгчээс машиныг биет байдлаар хүргүүлэн авах талаар тайлбарлах боловч анхан шатны шүүх шүүгдэгч *******оос тээврийн хэрэгслийн үнэ 15,838,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.д олгохоор шийдвэрлэсэн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд “ ... охиныхоо эмчилгээ болон бусад зардалд 14 сая төгрөгийн нотлох баримтыг мөрдөн байцаагчид хүргүүлсэн, шүүхээс 3,5 сая төгрөгийн хохирол гаргасныг шалгаж өгнө үү. ...” гэж тайлбарладаг боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нотлох баримтаар 3,504,118 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэл бүхий болжээ. 

11. Иймд шүүгдэгч *******ид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 69 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 69 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ГАНЧИМЭГ

 

                             ШҮҮГЧИД                                    Г.УРТНАСАН

 

                                                                                  Ц.ЭРДЭНЭЗУУ