| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2021/00153/И |
| Дугаар | 208/МА2021/00026 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2021/00026
| 2021 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 208/МА2021/00026 |
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ******************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Л.Амарсанаа
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******
Хариуцагч *******
Хариуцагч нарын өмгөөлөгч *******
ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулав.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******, *******, ******* нарт холбогдох Хашаа байшинг буцаан өгч, бэлнээр өгсөн 40.000.000 төгрөг гаргуулах тухай ************индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...бид 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******, ******* нараас тус сумын 1 дүгээр багт байрлах 4 дүгээр гудамж 408 тоот 56 м2 бүхий хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг 50,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг өгөөд ордероо авах гэтэл ордер нь *******ы төрсөн дүү болох *******гийн нэр дээр байдгийг мэдсэн. Ярилцаж тохиролцсоны үндсэн дээр итгэж гэрээ байгуулахаар болж 40,000,000 төгрөгийг *******ы дансанд шилжүүлгээр хийсэн. Уг гэрээнд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл мөнгө болох 10,500,000 төгрөгийг төлж гэрчилгээг шилжүүлж авахаар тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанаас өмнө ******* нь удаа дараа үлдэгдэл мөнгийг их бага хэмжээгээр авах гэж утсаар ярьж мессеж бичиж янз бүрийн арга...хэрэглэж байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 01-нд гэрээнд заасны дагуу мөнгөө өгч ордероо авах гэсэн боловч өдийг хүртэл ордероо шилжүүлж өгөхгүй байна. Энэ хооронд асууж сурагласан банкны барьцаанд тавьсан байсныг мэдсэн. 2019 оны 03 дугаар сарын 01-ээс хойш утсаар ярьж биеэр уулзаж аргаа ядан гэрээгээ шинэчилье гэсэн боловч зөвхөн үлдэгдэл мөнгөө өгвөл гэрээ хийнэ гээд байсан учир одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Ийм байдлаар 2 жил гаран хугацаанд өнгөрсөн тул бид хашаа байшинг худалдан авахаа больж буцаан өгч бэлнээр өгсөн 40,000,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргасан төлбөр ба бусад зардлыг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч нар анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2018 оны 10 дугаар сард тухайн байшинг зарна гэсэн зар тавьсан. Зар тавиад удаагүй байхад нэхэмжлэгч тал байшинг чинь авъя гэж утсаар холбогдсон. Урьд нь нэхэмжлэгч нарыг мэддэг хүний хувьд байшингаа зарахаар болсон. Тухайн байрыг тохиролцохдоо 50,500,000 төгрөгт тохиролцсон. Би зарим зүйлийг сайн тодорхой санахгүй байна. Талбай дээр уулзаад нотариатаар орж баталгаажуулсан. Тухайн байшинг банканд барьцаалагдсан байсныг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Мөнгө нэхэж араасан хөөцөлдөж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийдвэрээр:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ойдовын Оюунгэрэлээс 2017.09.10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг, Гэрэлт хөшөөний * дүгээр гудамж, **** тоотод байрлах, 56 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг Ухнаагийн Сайнтуяад буцаан олгуулж, Ухнаагийн Сайнтуяагаас 40,000,000 төгрөг гаргуулж Ойдовын Оюунгэрэлд олгосугай,
2.Нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр бусад зардал гаргуулах болон хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас уг тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 899,900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,148 төгрөгийг *******, ******* нараас тэнцүү хуваан гаргаж *******, ******* тэнцүү хуваан олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хянуулах гомдол гаргаж байна.
Хариуцагч би шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэл хангаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
...1. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байхад шүүх өөрсдөө зөвтгөж худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр гаргасан үндэслэлгүй дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлд: Бид хашаа байшинг худалдан авахаа больж буцаан өгч бэлнээр өгсөн 40 сая төгрөг болон бусад зардлыг төлбөрийн хамт гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.3дахь заалтаар хариуцагч нэхэмжлэлийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Хариуцагчаар татагдсан *******гийн хувьд Лхагвасүрэн, Оюунгэрэл нарт ямар хор хохирол учруулсан бэ, үл хөдлөх хөрөнгөө худалдсан, хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, орон байраа хүлээлгээд өгсөн түүнд нэхэмжлэгч нар өөрийн худалдаж авсан байшин гэж амьдарч байна гэтэл яахаараа хор хохирол учруулсан гэж шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Тэгээд ч тухайн маргаан үүсч байгаа нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгөх гэхэд авахгүй гэдэг асуудал тавьж байгааг ойлгохгүй юм. Сүүлийн үед хүний байшин, хашааг худалдан авах нэрийдлээр урьдчилгаа мөнгө өгчихөөд орон байранд нь амьдарч амьжиргаагаа залгуулж сайн сайхан амьдарч байгаад хэрэгцээгээ хангасны дараагаар хүний байранд үнэ төлбөргүй амьдарч, урьдчилгаа болгож өгсөн мөнгөө буцаан авч худалдагч талыг хохироож байгаа үйл явдал дэлгэрч залилан мэхлэх шинж чанартай болж байгаа шүүх анхаарч үзэх ёстой.
Тэгээд миний бие 3 жил байрандаа амьдруулсныхаа төлөө энэ хүмүүсээс нэг ч төгрөг авч чадахгүй харин ч би өөрөө хохирч үлдэж байна.
Тухайн үед байшиндаа бүтэн засвар хийсэн, шинэ гал зуухны тавилга захиалж, шинэ хивс худалдаж авсан, жорлонгоо бүгдийг нь сольсон гэх мэт байшингаа гоё болгосон байсан.
Шинэ эд хогшлыг нь Лхагвасүрэн Оюунгэрэл хоёр 1.300.000 төгрөгөөр авахаар тохирсон. 2019 оны 04 сард хүргэн ахын том ах нь нас барсан. Энэ үед намайг Лхагвасүрэнтэй очиж уулзаад тавилга авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг өгөөч гэж эгч надаар хэлүүлсэн боловч 100.000 төгрөг өгвөл өгнө өөр мөнгө өгөхгүй гэж хэлүүлсэн.
Гэтэл одоо эдгээр хүмүүс байшин хашааг ямар муухай болгосныг харуулах зорилгоор үзлэг хийлгэсэн. Үзлэгээр банны өрөөний шал цөмөрсөн, таазны хуулга ангаасан, хашаанд адууны саравч барьсан хашаа руу ороход эвгүй үнэр үнэртсэн, банны өрөөнд бохир үнэртсэн гэх мэтээр хашааны онгон байгаль зүлэг малын хөлөөр үгүй болсон, дахиж хэзээ ч уг зүйлэг хэвийн байдалд орохгүй, малын шивтэр арилгахгүй бороо орох болгонд хамар нэвт цоргиж үнэртэй байгаа. Ийм сайхан зүлэг ногоотой хашаа, засвар хийсэн байшинг авчихаад 3 жилийн дараа буцааж мөнгийг нь өгөөд ийм муухай болсон хашаа байшингаа буцаан авна гэдэг нь үнэхээр харамсалтай байна. Нэхэмжлэгч нар худалдах худалдан авах гэрээний талаар огтоос дурсаагүй худалдан авсан байшинг авмааргүй байна 40 сая төгрөгөө буцаан авъя гэсэн шаардлагыг гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2.Шүүх хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Үүнд: гэрч , нарын мэдүүлэг, төрийн банкны 2018.10.9-ны өдрийн огноотой дансны хуулгыг хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй үлдсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэнэ гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байна.
3.Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэл хангаагүй нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох талаар хуульчилсан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.4 заасан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр гэж заажээ. Гэтэл худалдах худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бусад тооцож байгаа бол энэ гэрээнд 50сая 500 мянган төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсныг мэдсээр байж тэмдэгтийн хураамжийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга, шаардлагын хувьд 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан байрыг авахаа больж, 40,000,000 төгрөгөө бусад зардлын хамт гаргуулж авъя гэсэн байгаагаас өөр тодорхой шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-8 буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Гэтэл тогтоох хэсгийн 1 дэх заалтад байрыг *******д буцааж өгч, *******д 40,000,000 төгрөгийг гаргуулан өгье гэж заасан. Хэрвээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-8-г баримталж байгаа бол шүүх энэ хоёрын хоорондын хэлцэл хүчин төгөлдөр бус гэх агуулгаа тодорхойлох ёстой. Гэтэл шүүгч энэ хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаас нь хальж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрвээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож байгаа бол зохигчдын хооронд хийсэн хэлцлийн зөрчиж буй хуулийн заалтыг зааж, үүний дараа өгөх, авах ёстой зүйлсийг нь тогтоох байсан. Хоёрдугаарт анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-8 баримталж байгаа боловч энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрдүүлэх, хангах тухай асуудал байна. Хэрвээ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол хэдэн төгрөгийн үнэтэй гэрээнээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр хуульчилсан. Үүнийг анхан шатны шүүх огт анзаарсангүй. Гуравдугаарт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх эрх дуусгавар болох үндэслэлийг бүртгүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ хийж өмчлөлд шилжүүлсэн асуудал биш юм. Өөрөөр хэлбэл тухайн үед уг байр нь банкны барьцаанд байгааг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Эцсийн дүнд банкны зээлийн асуудал дуусгавар болж нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцон гэрээ хийсэн байдаг. Одоо уг байшин нь *******гийн нэр дээр байгаа болов яг эзэн нь н.Баярсайхан юм. Дүүгийнх нь хувьд барьцаанд тавьж зээл аваад бизнесээ эрхэлж байсан. Харин 40,000,000 төгрөг хэний дансанд орсон нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр ямар нэг байдлаар барьцаалсан бол тэмдэглэл хийх эрх нь Улсын бүртгэлийн тухай хуульд байгаа. Харин банкны барьцаанд байгаа хөрөнгийг талууд өөрсдөө тохирохоос биш улсын бүртгэлд бүртгүүлэх хуульчилсан заалт байдаггүй юм. Дөрөвдүгээрт хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх дүгнэж чадсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрч , нарын мэдүүлэг, Төрийн банк-с авсан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дансны хуулга зэрэг байна. Хариуцагчийн зүгээс уг байрыг банкны барьцаанд байгаа гэхэд нь ...төлөлтийг нь харъя гэж хэлсэн учраас банкнаас уг баримтыг авч ирэн харуулсан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрт уг баримтуудыг яаж үнэлсэн талаар тусгаагүй байна. Гомдол дээр тодорхой дурдсан учир товч тайлбар хийлээ. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаж чадсангүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч гэж ямар хүн байх ёстойг хуульчилсан байдаг. Хариуцагчийн ямар үйлдлээр энэ хүн хохирсон бэ? нэхэмжлэгчийн хувьд 3-4 жил худалдаж авсан байрандаа үнэгүй амьдарсаар байна. Байшингийн хувьд тодорхой хэмжээнд засвар үйлчилгээ орно. Энэ мэт бодит байдалд нийцэхгүй шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж буй зүйлс бодит байдал болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудад огт байдаггүй зүйлсийг зохиож ярьдаг. Бид 2 агуулгаар маргадаг. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байсан юм биш үү? хуульд нийцээгүй учир үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэсэн. Өмгөөлөгчийн тайлбарлаж буй нь гэрээ хүчин төгөлдөр бус байсан ч гэсэн бид нэхэмжлэл гарган гэрээг хүчингүй болгоно гэж ойлгоод байна. Тийм зүйл байхгүй. Анхнаасаа хүчин төгөлдөр гарсан эрх зүйн акт хууль зөрчсөн чигээрээ явдаг болохоос заавал шүүхээс хууль зөрчсөн гэж тогтоох шаардлагагүй. Нөгөөтэйгөөр 40,000,000 төгрөгийн асуудлыг тайлбарлавал ...бид худалдаж авсан ч надад мөнгөө өгсөнгүй би 3 жилийн дараа энэ хүнээс байрны гэрчилгээг нэхээд өгөхгүй байгаа болохоор арга ядаад шүүхэд өгсөн юм. Одоо мөнгөө авъя, та нар байраа ав... гэсэн л санаа. Гэтэл хариуцагч тал хэрэгт байхгүй зүйлийг тайлбарлаад байдаг. Гэтэл гэрээний агуулга бол хэрэв хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ гэрээнд заасан тодорхой заалтууд бий. Ямар гэвэл уг гэрээний 2.1-д 50,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Манай үйлчлүүлэгчийн үүрэг бол 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг төлнө. Бидний зүгээс төлсөн. Үлдэгдэл мөнгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Гэхдээ энэ мөнгө төлөгдөөгүй. Хариуцагч тал нэг зүйлийг ярихгүй байгаа нь гэрээний 3.7-д ...энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно, үлдэгдэл гэрээг төлөхөөс өмнө улсын бүртгэлийн байгууллагад уг гэрээг шилжүүлж өгнө гэж байгаа. Тэгэхээр гэрээний 3.7-д заасан үүргийг биелүүлж, гэрчилгээг шилжүүлээгүй учир бид гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлэх боломжгүй болж байгаа юм. Нөгөөтэйгөөр ******* өмгөөлөгч 2 гэрчийн талаар ярьж байгаа ч энэ гэрчүүд гэрээний тохиролцооны талаар ямар нэг ойлголтгүй гэдгийг хэлдэг. Мөн бичгийн нотлох баримттай харшилж, өөр агуулгыг нотолдоггүй. Мөн хүний байранд үнэгүй амьдарчхаад гэж байна. Хэрэв энэ байрны гэрчилгээ шилжиж энэ хүний өмчлөлд ирсэн бол дахиад ирээдүйд бий болох хэлцэл байгаа. Гэхдээ энэ талаар яриагүй. Эсрэгээрээ хариуцагч тал 40,000,000 төгрөг аваад хэрэглэж байна. Мөн байрыг нь барьцаанд тавьж ашиглаад байна. Энэ агуулгыг л зөвшөөрөхгүй байгаа юм. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг огт ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талыг нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн. Бид ямар хэлцэл, ямар үндэслэлээр тэр тавилгыг буцааж төлөх вэ? Шүүх ямар үндэслэлээр шийдвэрлэж байна вэ? Бидний зүгээс нотлох баримт болох гэрээг гаргаж өгсөн. Тухайн үед тавилгыг тохиролцсон үнэ, гэрээ гэх мэт зүйл огт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр зөв ч гэсэн сөрөг нэхэмжлэлийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх хөрөнгийг буцааж, 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо ....Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаараа дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нартай аман хэлцэл хийж Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гэрэлт хөшөөний 4 дүгээр гудамж, 408 тоотод байрлах, 56 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг худалдан авахаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 40.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл төлбөр болох 10.500.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгч дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч ******* өөрийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 1425 мкв 40 жилийн хугацаатай ******* сумын 1 дүгээр баг Гэрэлт хөшөөний 4 дүгээр гудамж 408 тоотод байрлах газрыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эзэмших эрхээ шилжүүлэхээр, харин гэрчилгээний дугаар бүхий, улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг, Гэрэлт хөшөөний * дүгээр гудамж, ***тоотод байрлах, 56 мкв талбайтай орон сууцны зориулалт бүхий хашаа байшинг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдахаар нэхэмжлэгч *******тэй тус тус тохиролцож гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулжээ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан ба худалдан авагч тал үл хөдлөх хөрөнгийн үнийн ихэнх хувийг төлж, хашаа байшинг өөрсдийн эзэмшилд авсан боловч зохигчдын хооронд хийгдсэн гэрээ улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байна.
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.7-д ...Үлдэгдэл төлбөрийг төлөхөөс өмнө Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээг шилжүүлэхийг талууд зөвшөөрсөн болно... гэж заасан боловч талууд энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй 3 жил гаруй хугацаа өнгөрчээ.
Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн хуулийн 56.3-д ...Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байдаг боловч худалдагч тал уг гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийг буцаан өгч, өгсөн мөнгөө буцаан авахыг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч баримталбал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн зохих өөрчлөлтийг хийв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаараа дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой, анхан шатны шүүх хавтаст хэрэгт талуудын гаргаж ирүүлсэн баримтуудад тулгуурлан зохих дүгнэлтийг өгч шийдвэрлэжээ.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 357.950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож байгаа тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 379.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ойдовын Оюунгэрэлээс 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гэрэлт хөшөөний 4 дүгээр гудамж, 408 тоотод байрлах, 56 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг Ухнаагийн Сайнтуяад буцаан олгуулж, Ухнаагийн Сайнтуяагаас 40,000,000 төгрөг гаргуулж Ойдовын Оюунгэрэлд олгосугай гэж,
3 дахь заалтыг:
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
4 дэх заалтыг:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 357.950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн найруулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 379750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Б.ЭРДЭНЭХИШИГ