| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 168/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ДШМ/24 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/24
Б.Хорлоод холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Б.Хорлоо
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хорлоо, хохирогч Б.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Хорлоод холбогдох эрүүгийн 2221001820368 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Бямбадоржийн Хорлоо, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 9-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ЖЗ85042018/
2. Шүүгдэгч Б.Хорлоо нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Баржгар” гэх газарт нутаглаж байсан хохирогч Ч.Амартүвшингийн хашаатай хониноос 2 хонь, 2 ямааг бусадтай бүлэглэн “Toyota crown” маркийн 40-05 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хорлоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Боржигон овогт Бямбадоржийн Хорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Бямбадоржийн Хорлоог 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Хорлоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 21 хоногийн хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хорлоод оногдуулсан 2 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хорлоогийн энэ хэрэгт цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хорлоогоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,640,625 /дөрвөн сая зургаан зуун дөчин мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хорлоогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 88,000 /наян найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хорлоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Б.Хорлоо давж заалдах гомдолдоо: “Миний бие Очирбаттай 2022.01.06-нд Өргөн гудам гэх газар таарсан. Намайг хөдөө Амартүвшингийнх рүү яваад өгөөч, би малыг нь харж байгаа мөнгөний хэрэг байна, Амартүвшин мэдэж байгаа гэхэд нь эгч, дүү нарын хүүхдүүд юм байна гэж бодоод итгээд явсан. Тэгээд 2 хонь, 2 ямаа авсан. 1 хонь, 1 ямааг Бунханы төвд Чинбат гэх хүнд өгсөн.” гэж 2022 оны 4 дүгээр сард мэдүүлэг өгсөн, хавтаст хэрэгт байхгүй байна. Эхнэр Загдхорлоогийн 1 хонь, 1 ямааны мөнгө авсан дансны хуулгыг Сэргэлэн сумын цагдаад өгсөн, мөн байхгүй байна.
Очирбат нь 1 хонь, 1 ямааг такситай ирээд аваад явсан. Гэрч Шоовдор нь худал мэдүүлэг өгөөд байхад прокурор гэрчийн мэдүүлэг чамайг нотолж байна гэж үзээд байна. Мөн Загдхорлоогийн мэдүүлэгт “... 1 сарын дараа Амартүвшин залгаад хонь, ямаа авсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байна. Энэ нь 1 сарын дараа биш 3-4 хоногийн дараа болсон.
Ийм зөрүүтэй мэдүүлгээр миний үйлдлийг нотлогдож байна гэж үзээд байна.” гэжээ.
6. Хохирогч Ч.Амартүвшин давж заалдах гомдолдоо: “…Миний хувьд Хорлоог сайн мэднэ, багаасаа нэг нутаг усанд өссөн багын найзууд. Тэгээд ч Хорлоо нь олон нялх хүүхэдтэй амьдрах гэж яваа залуу. Хэрэв хулгай гэж мэдсэн бол манайд хэзээ ч ирэхгүй. Иймд хэргийн гол эзэн Очирбат нас барснаас болж хамт явсан гэж Хорлоод оногдуулсан хоёр жилийн ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
8. Шүүгдэгч Б.Хорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх Бунханд очиж малыг өгсөн нь үнэн. Чинбат гэдэг хүний дансны хуулгыг шалгахад л бүх зүйл тодорхой болно. Тухайн үед би машинтайгаа очсон. Камерт хүртэл бичигдэж үлдсэн байгаа. Гэтэл миний үгийг үл тоосоор өдийг хүрч хугацаа алдсан байгаа. Очирбат хүртэл “нэг хонь, нэг ямааг Хорлоо авсан. Хаана өгсөн гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Шөнө очсон гэж тайлбарлаад байх юм. Би Очирбаттай 4 цагийн үед таарсан. Очих гэсээр байтал 6 цаг болж харанхуй болох гэж байсан. Би “Амараа яасан юм бэ” гэхэд “Аймагт архи ууж яваа биз. Би өөрөө ярьчихна” гэж хэлсэн. Бид ул мөр баллах гэж оролдоогүй. Ийм баримтууд байсаар байтал ганц Очирбатын өгсөн мэдүүлгээр намайг тулгаж яллаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Гэрч Ж.Шоовдорын данснаас шүүгдэгч Б.Хорлоогийн эхнэрийн данс руу 418,000 төгрөг шилжүүлсэн нь харагддаг. Ингэхдээ 27 кг, 21 кг гэсэн утгаар шилжүүлсэн байна. Үүнийг хоёр хонь, хоёр ямааны жин гэж үзэх боломжгүй. Энэ хэрэг бүрэн дүүрэн нотлогдохгүй байх тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Хорлоог гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2,4-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хорлоогийн гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч Б.Хорлоо нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Баржгар” гэх газарт нутаглаж байсан хохирогч Ч.Амартүвшингийн хашаатай хониноос 2 хонь, 2 ямааг бусадтай бүлэглэн “Toyota crown” маркийн 40-05 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ч.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Дорнод аймгийн төвд салсан эхнэр Эрдэнэжаргалын бие нь муудаад, эргэхээр явах үед мал дээр манай 2 хүү үлдсэн. Ингээд би буцаж очиж малаа тоолоход 2 хонь, 2 ямаа дутаж байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Хэсэг хугацааны дараа Очирбат ирээд манай 2 хонь, 2 ямааг очиж авсан гэдгээ үнэнээр нь хэлсэн. Харин Очирбат нь манай 4 тооны бог малыг авахдаа Хорлоо гэх залуугийн хамт түүний машинтай ирж авсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37, 39-40/,
- гэрч У.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“ ...Би Хорлоод хандаж Амартүвшингийн гэр рүү очиж хонь аваад ирье гэж хэлэхэд зөвшөөрч Хорлоо бид 2 орой нар орж байхад Сэргэлэн сум руу хөдөлж харанхуй болсны дараа Амартүвшингийн гэрийн гадаа очиход хонь нь хашаатай, гэрт нь хүн байхгүй бололтой байхаар нь хонины хашаанаас нь зүүн чигт 200 метр орчим зайд зогсоод би ганцаараа хонины хашаа руу алхаж очиод 2 хонь, 2 ямаа барьж нэг нэгээр нь машин руу чирч очиод Хорлоо бид 2 машиныхаа багажинд нэг хонь, нэг ямаа хийгээд, ар талын суудал дээр нь нэг хонь, нэг ямаа хийж Дорнод аймаг руу хөдөлсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84/,
- гэрч Д.Загдхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...хөдөө яваад 2 хоногийн дараа /шөнө 04 цагийн орчим/ Б.Хорлоо, Очироо нар архи уусан байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд өглөө нь манай хашаанд авч ирсэн 2 хонь, 2 ямаа ажиллахаар нь би Очироогоос “хэний хонь, ямаа юм бэ” гэж асуухад Очироо “би хүнээс авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд Очироо, Хорлоо нар ажиллаж дуусаад 4 гулууз болгоод машинд ачаад аваад явсан. ...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд 418,000 төгрөгийн орлого орсон. Би тус мөнгийг нь эгчийн охин Чагцалын 5422137622 тоот данс руу хийсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88/,
- гэрч Ж.Шоовдорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би хувиараа мал мах худалдан авч зах зээлд борлуулдаг бөгөөд ХААН банкны 54220003835 тоот дансаараа мал мах худалдан авсан гүйлгээгээ хийдэг. Дээрх 418,000 төгрөгийн гүйлгээг би өөрөө хийсэн. Жил гарны өмнөх учир хэн авчирч өгсөн талаар тодорхой сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2 жижиг хонины мах, 2 жижиг ямааны мах авч ирж зарсан шиг санаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86/,
- иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... “Toyota crown” маркийн 40-05 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Эрдэнэбаатар гэдэг хүнд зарсан бөгөөд төлбөр тооцооны асуудал байхгүй боловч эзэмшигчийн эрхийг надаас шилжүүлэн авалгүйгээр өнөөдрийг хүрсэн. Миний хувьд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн одоо энэ тээврийн хэрэгслийг хэн албан ёсоор эзэмшиж байгаа талаар мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48/,
- гэрч Д.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Хорлоогийн унаж явсан “Toyota crown” маркийн 40-05 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа 1 сая төгрөгийг Хорлоод өгсөн. Тэр цагаас хойш 2 сарын дараа Сэргэлэн сумын иргэн Мэргэнбүүвэй гэдэг хүн надтай таараад “би наад машиныг чинь Хорлоод түр унаж бай гээд өгсөн машин, энэ машины мөнгийг би авна гээд үлдэгдэл 2 сая төгрөгийг надаас авсан. ...” гэх мэдүүлэг 1хх-ийн 61/,
- иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тус Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас хэрэг бүртгэлтийн 222100182 дугаартай хэрэгт тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахад зарцуулсан 88,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 101/,
- гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 13/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 30-31/,
- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 91-97/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 104-108/,
-г эрч Д.Загдхорлоогийн ХААН банкны 5421301844 тоот дансны хуулга /1хх-ийн 213/,
- гэрч Ж.Шоовдорын ХААН банкны 5422003835 тоот дансны хуулга /1хх-ийн 216/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
4. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
5. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Б.Хорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 21 хоногийн хорих ялаар тооцож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэлээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.
7. Шүүгдэгч Б.Хорлоогийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшилд бүртгэлтэй “Toyota crown” маркийн 40-05 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,640,625 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
8. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгч Б.Хорлоогийн “ ...зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн яллаж байгаад гомдолтой байна...” гэх, хохирогч Ч.Амартүвшингийн “ ...Б.Хорлоогийн хувьд хулгай гэдгийг огт мэдээгүй, мэдсэн бол манайд хэзээ ч ирэхгүй. Иймд Б.Хорлоод оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9. Иймд шүүгдэгч Б.Хорлоо болон хохирогч Ч.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хорлоогийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 71 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Хорлоо болон хохирогч Ч.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хорлоогийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 71 хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ