| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00429/И |
| Дугаар | 320/ШШ2025/00749 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2025/00749
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 320/ШШ2025/00749 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б***-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00457/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***,(цахим)
Хариуцагч О.Б***, түүний өмгөөлөгч Б.М***,
Иргэдийн төлөөлөгч: И.Ц***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** хариуцагч О.Б***т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Даатгуулагч “Х*** банк” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай Н*** ХХК-тай АGR22-1616/2069 дугаартай “Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ”-г байгуулж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2306 0701 - 4105 дугаартай даатгалын баталгааг байгуулж, *** улсын дугаартай, тоёото приус 50 маркийн автомашины тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн үед иргэн О.Б*** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мицубиши маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчиж, даатгуулагч компанийн ажилтан (жолооч) Х.М*** жолоодож явсан *** улсын дугаартай, тоёото приус 50 маркийн автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь холбогдох байгууллагуудын баримтаар тогтоогдож байна. Манай компанийн зүгээс даатгалын гэрээний үүргийн дагуу даатгуулагч Х*** банк ХХК-д учирсан хохирлыг 100 хувь нөхөн төлсөн.
Иймд даатгуулагч Х*** банк ХХК болон тус компанийн жолооч Х.М*** “Н***” ХХК-д нэхэмжпэх эрхээ шилжүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, Монгол Улсын Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 болон даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалааролгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг тул дээрх төлбөрийг даатгалын буруутай этгээд болох О***ийн Б***ээс 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Х*** банк манайд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1 жилийн хугацаатай *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байдаг. 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шинээр *** маркийн авто машин авч 9125 дугаартай тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн. Уг даатгалыг ашигласан тохиолдол нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагт иргэн О.Б*** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мицубиши маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Манайх даатгалын нөхөн төлбөр олгохдоо цагдаагийн газрын тодорхойлолтыг үндэслэж 100 хувь төлбөрийг шилжүүлсэн. Х*** банк хувьцаат компанийн жолооч Мөнхөөгийн Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэхэмжлэх эрхээ шилжүүлэх тухай бичгийг үндэслэн Монгол Улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх даатгуулагчийн эрх буюу нөхөн төлбөр түүнтэй холбогдсон зардлын үнэлгээг даатгалын компанид буруутай этгээд төлөх гэсний дагуу 15,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг дэмжиж байна. Цагдаа дуудаад шалгаад тодорхойлолт гаргахдаа хариуцагчийн буруугаас осол гарсан гэсэн байдаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Одоо буруугүй гэж байна. Тухайн үедээ цагдаа шалгаж тогтоосон байгаа. 4105 гэсэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй хугацаатай гэх сүүлд өгсөн гэрээгээр нэхэмжилж байгаа. Даатгалын баталгааг үндэслэн нэхэмжилж байгаа. Манайх өмнө нь Х*** банктай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хийж байсан. Энэ жагсаалт дээр ороогүй. Машинаа 6 дугаар сард шинээр аваад даатгалын гэрээ хийсэн. Даатгалын баталгаагаар гэрээ хийсэн учраас өмнө нь хийсэн гэрээнд машины дугаар ороогүй. Шинээр машин аваад манайд даатгуулъя гээд баталгааны гэрээ хийгдсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т нөхөн төлбөр олгох гээд даатгуулагчийн өргөдөл, баталгааны эх хувь, учирсан хохирлын үнэлгээний баримтыг бичгээр ирүүлсэн дүгнэлт акт, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, тодорхойлолт гэж заасан байгаа. Энэ шаардлагуудыг хангасан учраас манайх олгох нь үндэслэлтэй гэж үзсэн. Тухайн хэрэг гарч цагдаа дуудсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн цагдаагийн тодорхойлолт манайд ирсэн. Энэ тодорхойлолтоор тухайн үед замын цагдаа дээр шалгагдаж байсан юм байна, буруутай нь тогтоогдсон юм байна гэж үзсэн. Үүний дараа замын цагдаагаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргахад 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2659 дугаартай албан тоот өгсөн байгаа. Үүнээс үзэхэд шалгагдсан гэж харагдаж байгаа. Тухайн үед замын цагдаагийн тодорхойлолтоор хариуцагчийн буруутай нь тогтоогдож ирсэн учраас гэрээнийхээ дагуу манайхаас олгохгүй байх үндэслэлгүй байсан. Үнэлгээгээр 15,440,000 төгрөгийн хохирол гарсан учраас үүнийг бид нар нэхэмжилж байгаа. Харилцагчийн дансанд нийт 13,896,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга байгаа. Яагаад дутуу шилжүүлсэн бэ гэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо үнэлгээгээр гарсан хохирол 15,440,000 төгрөг гэж үзэж олгоод шилжүүлэхдээ албан татварыг даатгуулагч компани суутгаж авна гэсэн заалтын дагуу суутгаж аваад улсын орлого болгосон. Үлдэгдэл төлбөрийг даатгуулагч компанийн данс руу шилжүүлсэн. Манайхаас нийтдээ гарсан зардал учраас татварт өгсөн мөнгийг оруулаад 15,440,000 төгрөгий нэхэмжилсэн. ...гэв.
Хариуцагч О.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.Б*** нь Н*** ХХК-ийн “Даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.Учир нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед болсон гэх зам тээврийн осолд миний бие одоог хүртэл өөрийгөө буруутай гэж боддоггүй. Миний буруугаас уг зам тээврийн осол болсон гэж үзээд, намайг буруутгаж шийдвэрлэсэн хууль хяналтын байгууллагын шийдвэр ч огт байдаггүй. Харин ч тус өдрийн зам тээврийн осолд Х*** банкны *** улсын дугаартай , Рrius 50 маркийн жолооч Х.М*** нь буруутай гэдгээ тухайн үед мөн хүлээн зөвшөөрч, “...хоёулаа хэн хэн нь хариуцлага алдсан юм чинь дундаа хийгээд өөр, өөрсдийн эрсдлээ даагаад явчихья...” гэдэг зүйл ярьж байсан. Миний хувьд тус зам тээврийн осолд өөрийгөө буруугүй гэж бодож байсан ч түүнийгээ дээрх байдлаар гуйгаад байхаар нь “за, за” гэж хэлээд тухайн үед маргааныг эцэслүүлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь “...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг...” гэх үл ойлгогдох гэрээний заалтаар иргэн миний хуулиар хамгаалагдсан эрх, ашигт бүдүүлгээр халдаж байна. Хамгийн гол нь намайг тус зам тээврийн осолд буруутай гэж хэн тогтоогоод байгаа эсэхийг маш их гайхаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед намайг хөдөлгөөнд ороод чиглэлээ өөрчлөхөөр хөдөлгөөнөө эхэлсэн байхад нөгөө машин гарч ирж мөргөсөн. Цагдаа ирээд бид хоёрыг хэн хэнийх нь буруу учраас өөрсдийнхөө хохирлыг өөрсдөө шийд гэж хэлсэн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийгөө буруугүй гэж бодож байна. Тухайн үед цагдаа ирээд хэмжилт огт хийгээгүй. Өөрсдийнхөө машинд учирсан хохирлоо өөрсдөө хариуцаад шийд гэж хэлээд явсан. Бичиж өгсөн зүйл нь даатгалаас мөнгөө авахын тулд ингэж бичих хэрэгтэй гээд надад хэлж өгөөд би бичсэн. Надад худлаа ярьж, даатгалаас мөнгөө гаргуулахын тулд тэрийг бичүүлсэн гэж бодож байна. М*** гэдэг жолооч Н***аас мөнгөө гаргуулж авахын тулд ийм утгатай зүйл бичиж өгөх хэрэгтэй юм байна гэж хэлж өгөөд надаар бичүүлсэн. Цагдаа өөрсдийн хохирлоо өөрсдөө шийд гэсэн учраас гаргуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зөрчил гаргасан гэж надад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. ...гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан гэрээнүүдийг үзэхэд *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл даатгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар үүрэг болгосон. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 443 дугаар зүйлд заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгалын нөхөн төлбөрийг ямар баримт үндэслэж олгодог талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан. Үүнд учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргасан дүгнэлт, акт, материал гэсэн байгаа. Ашид билгүүн компанийн хохирлын үнэлгээг хохирол үнэлэгчийн акт, дүгнэлт гэж тайлбарлаад байх шиг байна. Энэ нь Даатгалын тухай хууль болон түүнээс салбарлан гарсан Даатгалын оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль зэрэг дээр тодорхой дурдсан. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т даатгалын хохирол үнэлэгч гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Даатгалын хохирол буюу хохирол үнэлэгчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна. Даатгалын тухай хуулийн 8.4.4 “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт” гэж заасан. С.Б***ын замын цагдаагийн тодорхойлолтыг уншсан. Энэ дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан мэтээр бичсэн байгаа. Хоёр жолоочийн мэдүүлэг авагдсан, үүгээр О.Б*** буруутай байсан, О.Б***ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад согтуу биш байсан гэж бичсэн байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.15-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар хуульчилж өгсөн. Зөрчлөө нотлох үүргийг эрх бүхий албан тушаалтанд олгосон. Гэтэл энэ ажиллагаа явагдаагүй байна. Тодорхойлолт гэж замын хөдөлгөөний дүрмийг ингэж зөрчөөд, жолооч О.Б***т Зөрчлийн тухай хуулийн хэдийн хэдэд зааснаар хариуцлага хүлээлгэж, тэд дугаартай шийтгэлийн хуудсаар тэдэн төгрөгийн торгууль оногдуулсан байна гэсэн байгааг хэлнэ. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байж тодорхойлолт гаргаж өгсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан үгүйг цагдаагаас өмгөөлөгчийн зүгээс би өөрөө тодрууллаа, шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд үндэслэж шүүгчийн захирамж гарсан. Үүнд юу гэсэн хариу өгдөг вэ гэхээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг замын цагдаа н.Батбаатар тайлбарласан байдаг. Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан үндэслэл байдаг. Энэ нь зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хүлээх үүрэг болохоос биш замын цагдаагийн алба хаагчийн хүлээх үүрэг биш. Тус заалтад хэрвээ ямар нэгэн даатгалын байгууллагад эсвэл хоёр жолооч хоорондоо маргаангүй бол 3.5.г-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно гэж заасан. 3.5.г-д осол болсон талаар цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж цагдаагийн ажилтны хүлээх үүргийг зааж өгсөн. Хоёр жолооч маргаантай байсан учраас замын цагдаа С.Б*** очсон учраас энэ заалт хамаарахгүй гэж харагдаж байна. Маргаантай байсан учраас цагдаагийн байгууллагаас ажиллагаа хийж миний үйлчлүүлэгчийн хэлсэнчлэн 50, 50 хувийн буруутай байсан гэж яригдсан байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд даатгалын тохиолдлыг шалгах гэж заасан. Даатгагч жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй. Хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлэхгүй байвал жолооч, хохирогч хоёр өөрсдөө даатгалын хохирол үнэлэгч этгээдэд Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2-т заасан даатгалын хохирол үнэлэгч этгээдэд хандах эрхтэй гэж заасан. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 1.1 “хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс” нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Даатгуулагч буюу Х*** банкны жолооч н.М***ийн буруу юу, миний үйлчлүүлэгч О.Б***ийн буруу юу гэдгийг тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй. Тодорхойлолт бол шийдвэр биш. Энэ бол ойлгомжгүй тодорхойлолт байгаа. Ийм баримтад үндэслэж байна, мөн даатгалын хохирол үнэлэгчийн албан ёсны үйлдсэн баримт байхгүй. 8073 улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрээний хавсралтад байхгүй. Даатгалын баталгааг барьж байна гэсэн тайлбар хэлж байгаа учраас энэ нь тогтоогдохгүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол буюу гэм буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Иргэдийн төлөөлөгч хохирлыг гаргуулж олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Нэхэмжлэгчээс: Н*** ХХК-ийн захирлаас Т.Г***ад 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл 1 хуудас, Н*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 6 хуудас, Н*** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 5 хуудас, Н*** ХХК-ийн №2306 0701-4105 дугаартай Даатгалын баталгаа, Тэгш-4 авто тээврийн гэрээний эх хувь 1 хуудас, Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №AGR22-1616/2069 дугаартай гэрээ, түүний хавсралтын хуулбар 5 хуудас, Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан 6 хуудас, Х*** банк ХК-аас” Н*** ХХК-д хандсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №39/5306 дугаартай “Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичиг 1 хуудас, Х*** банк ХК-аас” Н*** ХХК-д хандсан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №39/5579 дугаартай “Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичиг 1 хуудас, түүнд хавсаргасан *** улсын дугаартай Тоёото приус –XW30 маркийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Х.М*** жолоочийн үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Жолооч Х.М***өөс Н*** ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт 1 хуудас, ЦГ-ын ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б***ын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт 1 хуудас, Тэгш 4 авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн №202303010212 дугаартай шийдвэрийн хуулбар, О.Б***ээс Н*** ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт 1 хуудас, О.Б***ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 2 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банкны 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн цахим гүйлгээний баримт, Татвар төлөгчийн цахим системээр олгосон төлбөрийн даалгавар 1 хуудас, зэрэг баримтуудыг,
Хариуцагч О.Б***ээс хариу тайлбар, өмгөөлөгч Б.М***ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 50/4-1726 дугаартай албан бичиг зэргийг тус тус шүүхэд гаргаж өгчээ.
Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***ын хүсэлтээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар нотлох баримт шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н*** хязгаарлагмал хариуцлагатай компани нь даатгалын нөхөн төлбөрт Х*** банк хувьцаат компанид олгосон 15,440,000 төгрөгийг зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох О.Б***ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: а. Х*** банк хувьцаат компани нь манай компанитай авто тээврийн хэрэгслүүдээ даатгаж даатгалын гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулагдах үед Х*** банкны эзэмшилд *** улсын дугаартай авто машин байхгүй байсан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан дээрх машинаа Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид даатгуулж манай компаниас даатгалын баталгаа олгосон.
б. Даатгалын баталгааны хугацаанд энэ даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдол үүссэн. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас манай компанид даатгагдсан *** улсын дугаартай авто машинд эвдрэл, хохирол бий болсон.
в. Даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч байгууллагаас холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгснөөр манай байгууллага нөхөн төлбөрт 13,896,000 төгрөгийг даатгуулагч байгууллагад шилжүүлсэн.
г. Даатгуулагчаас гаргаж өгсөн баримтад О.Б***ийн буруугаас зам тээврийн осол гарсан талаар замын цагдаагийн байцаагчийн тодорхойлолт, үнэлгээний компанийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэргээр төлбөрийн хэмжээ гэм буруу нь тогтоогдсон гэж үзсэн учир манай байгууллагаас нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэлгүй. Зөрчил шалгагдсан нь Замын цагдаагийн тасгаас ирүүлсэн албан бичгээр мөн нотлогдож байгаа.
д. 15,440,000 төгрөгийн нөхөн төлбөр гарсан бөгөөд үүнээс НӨАТатвар суутгагдаад даатгуулагч компанид 13,896,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ нэгэнт манайхаас гарсан зардал учраас нийт гаргасан төлбөр болох 15,440,000 төгрөгийг нэхэмжилсэн.
е. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар нэгэнт манай байгууллага даатгуулагчийн нөхөн төлбөрийг шилжүүлж гэм хорыг арилгасан тул шаардах эрх манай байгууллагад шилжсэн гэв.
3. Хариуцагч О.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
Үүнд: а. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр М*** гэж жолооч нь намайг машинаа жолоодоод дохиогоо өгөөд /гудамж руу эргэж орох гэж байсан/ цагаан зураас давчихсан байхад хойноос гүйцэж түрүүлэхдээ миний машиныг мөргөсөн. Үүнд миний буруу байхгүй гэж бодож байна.
б. Замын цагдаагийн байцаагч ирээд хэмжилт хийгээгүй, шалгаж биднээс тайлбар юм аваагүй. Та хоёрын 50, 50 хувийн буруу байгаа учраас өөрт учирсан хохирлоо өөрсдөө хариуц гэж хэлсэн. Тийм учраас би хохирлоо гаргуулах талаар гомдол гаргаагүй. Миний машинд ч хохирол учирсан. Одоо хүртэл засварлаагүй байгаа.
в. Мөнхөө гэж жолооч нь даатгалаас төлбөр гаргуулахад хэрэгтэй гэж надаас бичиг хийлгэж, миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг хуулбарлаж авсан. Замын цагдаагийн байцаагч хоёулаа буруутай гэсэн нэг бичиг өгсөн байсныг Мөнхөө гэж жолооч аваад явсан. Гэтэл өөр бичиг болчихсон байна. Даатгалын төлбөр авах гэж л ийм бичиг хийлгэж авсан байх. Б*** гэж байцаагчтай уулзах гээд цагдаа дээр очтол тэтгэвэртээ гарсан гэсэн.
Надад энэ ослыг гаргасан нь буруутай гэж арга хэмжээ авсан зүйл байхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н*** ХХК-ийн №2306 0701-4105 дугаартай Даатгалын баталгаа, Тэгш-4 авто тээврийн гэрээний эх хувь, Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Х*** банк ХК-аас” Н*** ХХК-д хандсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №39/5306 дугаартай “Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичиг, Х*** банк ХК-аас” Н*** ХХК-д хандсан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №39/5579 дугаартай “Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичиг, түүнд хавсаргасан *** улсын дугаартай Тоёото приус –XW30 маркийн Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Х.М*** жолоочийн үнэмлэхийн хуулбар, Жолооч Х.М***гөөс Н*** ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, ЦГ-ын газрын ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Б***ын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт, Тэгш 4 авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн №202303010212 дугаартай шийдвэрийн, О.Б***ээс Н*** ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт, О.Б***ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.
Х*** банк хувьцаат компанийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х*** овогтой М***, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч О.Б*** нар тус тус жолоодож замын хөдөлгөөнд оролцон 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1,2 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарчээ.
Уг зам тээврийн ослын улмаас Х*** банк хувьцаат компанийн эзэмшлийн *** улсын дугаартай тоёота приус-30 маркийн авто машинд эвдрэл үүсэж түүнийг засварлах, эд ангийг солих, засварлах ажлын хөлс зэргийн үнэлгээ 15,440,000 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Даатгагч байгуулага болох Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид Х*** банк хувьцаат компани даатгалын нөхөн төлбөрийн тохиолдол үүссэн талаар хандаж, холбогдох баримтаа хүргүүлснээр Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нөхөн төлбөрт 13,896,000 төгрөгийг Х*** банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлжээ.
Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй.
5.Харин хариуцагч нь О.Б*** нь тухайн зам тээврийн осол гарсанд өөрийн буруу байгаагүй, эрх бүхий албан тушаалтнаас надад хуулийн дагуу арга хэмжээ тооцоогүй, Зам тээврийн осол, зөрчил гарахад замын цагдаагийн байцаагч ирээд хоёр жолоочийн хэн алины нь буруу байгаа учраас өөрсдийн хохирлоо хариуцна гэж хэлсэн тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Даатгалын тухай хуулинд эрх бүхий байгууллагын тодорхойлолт гэж хуульчилсан бөгөөд замын байцаагчийн О.Б***ийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн учраас осол гарсан гэж тодорхойлсон тул түүний гэм буруутай нь нотлогдсон гэж үзээд даатгалын төлбөрийг даатгуулагчид олгосон гэж зохигч гэм буруугийн талаар маргасан болно.
6. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж хуульчилсан.
Хэргийн үйл баримтаар даатгагч Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь даатгуулагчид гэм хорыг нөхөн төлсөн нь тогтоодсон тул гуравдагч этгээд буюу гэм буруутай этгээдэд шаардлага гаргах эрх нь Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын зөрчлийн улмаас үүсэх үүргийн хувьд хууль бус үйлдлийн хувьд хуулиар тогтоосон хориглосон хэм хэмжээг зөрчих үйлдэл хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруутай байх нөхцөлөөр тодорхойлогдоно.
Хэрэгт нэхэмжлэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар Цагдаагийн Газрын Замын Цагдаагийн Тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Б***ын үйлдсэн “...О***ийн Б*** нь...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж...” гэсэн тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж,
Мөн зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж хуульчилсан.
Гэтэл тухайн зөрчлийн шалган шийдвэрлэсэнтэй холбоотой баримтыг гаргуулахаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандахад зөрчлийн хэрэг нээсэн, шалгаж шийдвэрлсэн баримтгүй талаар албан бичгийг ирүүлсэн ба хариуцагчид шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан талаар нотлох баримтгүй тул тус зам тээврийн осол, зөрчил гарсанд хариуцагч О.Б***ийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтыг хүн, хуулийн этгээдийн гэм бурууг нотолсон баримт гэж үзэхгүй.
Иймд Х*** банк хувьцаат компанийн эзэмшлийн авто машинд учирсан хохирол нь хариуцагч О.Б***ийн гэм буруутай, хууль бус үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.Б***ээс даатгалын гэм хоын хохиролд нөхөн төлсөн 15,440,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х*** банк хувьцаат компанитай Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр даатгалын гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр даатгуулагч нь 49 тээврийн хэрэгслийн даатгуулахад 8073УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулаагүй. Тухайн үед Х*** банк тус машиныг худалдаж аваагүй байсан. Харин дараа нь буюу 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр машинаа даатгуулж манайхаас даатгалын баталгаа олгосон. Энэ баталгааг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан.
Хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Н*** ХХК-ийн №2306 0701-4105 дугаартай Даатгалын баталгаанд даатгалын эхлэх хугацааг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр, дуусах хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон, даатгуулагчийн мэдээлэлд эзэмшигч Х*** банк, улсын дугаар *** ...гэсэн, Тэгш-4 авто тээврийн гэрээнд даатгуулагчийг тодорхойлоогүй, гэрээг байгуулсан хугацааг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэсэн нь тухайн тээврийн хэрэгслийг даатгуулахаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, гэрээг байгуулсан хугацаа нь тухайн тээврийн хэрэгслийг Х*** банк хувьцаат компани өөрийн эзэмшилд авсан хугацаанаас өмнө үйлдэгджээ.
Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох гэж даатгагчийн үүргийг тодорхойлсноос үзвэл даатгалын баталгаа нь тухайн даатгагдсан баталгааг хангах талуудын хоорондын итгэлцлийг бий болгосон баримт болохоос биш талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хариуцагч О.Б***ээс 15,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
10. Иргэдийн төлөөлөгч нэхэмжилж буй хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохироогүй ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
11. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,150 (хоёр зуун гучин таван мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б***ээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол 15,440,000 (арван таван сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулах тухай Н*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,150 (хоёр зуун гучин таван мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН