| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0046/э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.А-н араас тэврэн, газар унагаж 650000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр архи уусан байсан, согтуудаа хэрэг үйлдсэн байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэв,
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэнжийн дэлгүүрийн баруун талд зогсож байтал настай эгч гар утасныхаа гэрлийг асаачихсан гэрэлтүүлээд явж байхаар нь хойноос нь дагаж явж байгаад харанхуй газар очихоор нь араас нь тэвэрч газар унагаагаад гар утсыг нь булааж аваад, тэгээд утсаа авчихаад зүүн урагш зүгт гүйж байгаад хамаатны дүү З-н гэрт нь очиж гар утсыг төвөөс олсон гэж хэлээд барьж байсан Самсунг S-4 маркийн гар утсаар сольж тамхины 3000 төгрөг нэмж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн орчимд Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Эрүүл мэндийн газраас ажил тараад гэр лүүгээ буюу 39 дүгээр байр луу алхаж явах замдаа Самсунг Жи-7 маркийн гар утасны гэрлийг асаагаад баруун гартаа бариад явж байсан чинь миний араас үл таних эрэгтэй хүн ирээд ардаас тэвэрч аваад намайг газар унагааж гар утсыг булааж аваад зугтаасан. Тэгээд би араас нь хөөсөн боловч хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болохоор би болсон явдлын талаар хэлээд тэр эмэгтэйн гар утсаар нь цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З-н охин дүү нь /нэрийг нь мэдэхгүй/ З-н фэйсбүүк зар дээр зарна гээд тавьсан байсан. Шаргал өнгийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг манай ажил дээр барьж ирээд та энэ утсыг сонирхсон юм уу гэхээр нь би 2 симтэй утас сонирхож байгаа юм гэсэн чинь та энэ утсыг 2 ширхэг Ай Поне-5 маркийн гар утсаа сольчих гэхээр нь би энэ яг чиний утас мөн үү гэж асуусан чинь манай эгч З-н утас гэхээр нь би 2 ширхэг шинэ, хайрцагтай Ай поне-5 маркийн гар утас мөн дээрээс нь 30000 төгрөгч өгч сольж авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч М.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 1 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Орой 20 цагийн орчим гэртээ ганцаараа байж байсан чинь гаднаас манай ээжийн хамаатан Л.Б гэдэг хүн гаднаас орж ирэхдээ гадуураа саатай гялтганасан өнгөтэй, арын хэсэгт бөөрөнхий төмөр цагираг оосортой шаргал өнгийн Самсунг Жи 7 маркийн гар утас барьчихсан би олсон, энэ гар утсыг зарна надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь...би өөрийнхөө барьж байсан Самсунг S-4 маркийн гар утсыг өгч дээрээс нь 20000 төгрөг өгч авсан. ...дүү О-тай Ай поне-6 маркийн гар утсаар сольж барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 сарын эхээр төрсөн эгч Золзаяагийн ажил дээр буюу Үлэмж төвийн 2 давхрын үсчинд өөрийн барьж байсан Ай поне-6 маркийн гар утсыг өгөөд Самсунг Жи 7 маркийн гар утсыг сольж авсан ба уг Самсунг Жи 7 маркийн гар утсыг тухайн өдрөө ... тоотод худалдаа эрхэлдэг Т эгч дээр очиж 2 шинэ Ай поне-5 маркийн гар утсаар сольж зөрүүд нь нэмж 30.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт ...: Б.А-н биед зүүн эгэмний доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн шинжээч эмч Э.А-н дүгнэлт /хх-ийн 25 р хуудас /,
Хөрөнгө үнэлгээний Ашид Билгүүн ХХК ны Samsung J7 маркийн гар утасны үнэлгээ гаргасан дүгнэлт /хх-ийн 28 р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Бнь Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.А-н араас тэврэн, газар унагаж 650000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Б өгсөн: “...дэнжийн дэлгүүрийн баруун талд зогсож байтал настай эгч гар утасныхаа гэрлийг асаачихсан гэрэлтүүлээд явж байхаар нь хойноос нь дагаж явж байгаад харанхуй газар очихоор нь араас нь тэвэрч газар унагаагаад гар утсыг нь булааж аваад, тэгээд утсаа авчихаад зүүн урагш зүгт гүйж байгаад хамаатны дүү З-н гэрт нь очиж гар утсыг төвөөс олсон гэж хэлээд барьж байсан Самсунг S-4 маркийн гар утсаар сольж тамхины 3000 төгрөг нэмж авсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...39 дүгээр байр луу алхаж явах замдаа Самсунг Жи 7 маркийн гар утасны гэрлийг асаагаад баруун гартаа бариад явж байсан чинь миний араас үл таних эрэгтэй хүн ирээд ардаас тэвэрч аваад намайг газар унагааж гар утсыг булааж аваад зугтаасан. Тэгээд би араас нь хөөсөн боловч хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болохоор би болсон явдлын талаар хэлээд тэр эмэгтэйн гар утсаар нь цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...та энэ утсыг 2 ширхэг Ай Поне-5 маркийн гар утсаа сольчих гэхээр нь би энэ яг чиний утас мөн үү гэж асуусан чинь манай эгч З-н утас гэхээр нь би 2 ширхэг шинэ, хайрцагтай Ай поне-5 маркийн гар утас мөн дээрээс нь 30000 төгрөгч өгч сольж авсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас манай ээжийн хамаатан Л.Бгэдэг хүн гаднаас орж ирэхдээ гадуураа саатай гялтганасан өнгөтэй, арын хэсэгт бөөрөнхий төмөр цагираг оосортой шаргал өнгийн Самсунг Жи 7 маркийн гар утас барьчихсан би олсон, энэ гар утсыг зарна надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь...би өөрийнхөө барьж байсан Самсунг S-4 маркийн гар утсыг өгч дээрээс нь 20000 төгрөг өгч авсан... гэсэн мэдүүлэг, Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 сарын эхээр төрсөн эгч Золзаяагийн ажил дээр буюу Үлэмж төвийн 2 давхрын үсчинд өөрийн барьж байсан Ай поне-6 маркийн гар утсыг өгөөд Самсунг Жи 7 маркийн гар утсыг сольж авсан ба уг Самсунг Жи 7 маркийн гар утсыг тухайн өдрөө ... тоотод худалдаа эрхэлдэг Т эгч дээр очиж 2 шинэ Ай поне 5 маркийн гар утсаар сольж зөрүүд нь нэмж 30.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт ...: Б.А-н биед зүүн эгэмний доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн шинжээч эмч Э.А-н дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний Ашид Билгүүн ХХК ны Samsung J7 маркийн гар утасны үнэлгээ гаргасан дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Б-рт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б-т холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жил 2 сар хорих ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдох ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж буюу 1 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ надад одоо мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн анх удаа гэмт үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД