Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 109/ШШ2025/0042

 

 

 

 

 

 

                                                                                   109/ШШ2025/0042

    

 

                                 Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, нэхэмжлэгч Л.Д-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийн оролцогч нараас ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Д нь “С” ХХК-ийн хэрэгжүүлсэн тус аймагт баригдаж Сайхан хотхон нэртэй 56 айлын орон сууцнаас 57.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 2.650.000 төгрөгөөр тооцон орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, нийт төлбөр болох 152.004.000 төлбөрийг, гэрээнд бичигдсэн “С” ХХК, Ц.М, Ц.О нарын данснуудад 29 удаагийн гүйлгээ хийж бүрэн төлж барагдуулсан. Тухайн орон сууцыг 2023 оны 12 сард бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээж авснаас хойш өөрийн өмчлөл, эзэмшилдээ бүрэн авч бодитоор эзэмшин, ашиглалтын болон бусад холбогдох бүх зардлыг төлөн амьдарч байна. Миний хувьд анх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаж, нүүж орсны дараа гүйцэтгэгчээс шаардлагатай бүх бичиг баримтуудыг авч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хүсэхэд миний өмчлөлийн орон сууцны өмчлөгч, эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргаж иргэн миний МУ-н Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хууль ёсны дагуу эд хөрөнгө өөрийн өмчлөлдөө авах, түүнийгээ баталгаажуулах, захиран зарцуулах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаагаас чадахгүйд хүрч эрх ашигт хохирол учраад байх тул харьяаллын дагуу танай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд . тоот хаягт байрших, 57.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: ... . тоот хаягт байршилтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд Л.Д-н өмчлөлийн . тоот хаягт байршилтай орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно гэжээ.

3. Гуравдагч этгээд Ц.М, Ц.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Д нь орон сууцны үлдэгдэлтэй байх тул хариуцагч, нэхэмжлэгч нар эвлэрсэн тохиолдолд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.О, Ц.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК, Н.Б нарт холбогдох иргэний хэрэгт . тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгах болно гэжээ.

4. Гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: . хаягт барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй, зоорины давхартаа авто зогсоолтой, 9 давхар 56 айлын орон сууцны . м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л.Д захиалж бариулсан бөгөөд төлбөрийг Ц.М, Ц.О нарын дансанд бүрэн төлж дуусгасан боловч үл хөдлөхийн  гэрчилгээгээ гаргаж авч чадахгүй хохироод байна. Компанийн зүгээс уг иргэний гэрчилгээг гаргахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

5. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.Д би тус шүүхэд анх 2025 оны 9 дүгээр сарын 15-нд, бүрдүүлбэр хангуулж 2025 оны 9 дүгээр сарын 18-нд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий орон сууцны м.кв талбайг “.” гэж буруу бичсэн байна. Анх 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр С ХХК-тай байгуулсан 32 дугаар “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “. м.кв талбай” гэж зааснаар доорхи эвлэрлийн гэрээг хариуцагч болон гуравдагч этгээд “С” ХХК-тай байгуулав. Үүнд: “С” ХХК 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 25/78 тоот албан бичгээр иргэн Л.Д-д . м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг Л.Д-д гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нар нь 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “С” ХХК /Н.Б/-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Л.Д-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор Л.Д-н . талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт төлбөр болох 152,004,000 төгрөгийг “С” ХХК болон Ц.М, Ц.О нарт бүрэн төлсөн учраас өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1. Иргэн Л.Д, “С” ХХК-ийн захирал Н.Б нар 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” 29 дугаартай гэрээ байгуулж, Л.Д . тоот орон сууцыг захиалжээ. (хавтаст хэргийн 7-12 дахь тал)

2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 30% буюу 45,000,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 21-нд, үлдэгдэл 70% буюу 107,004,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан тус тус төлж дуусгахаар тохирсон байна. (хавтаст хэргийн 8 дахь тал)

3. Л.Д нь гэрээний төлбөрт нийт 152,004,000 төгрөгийг Ц.О-н данс руу шилжүүлсэн болох нь гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн “Л.Д нь орон сууцны төлбөрийн үлдэгдэлгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 103 дахь тал)

4. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 11/584 дүгээр албан бичгээр “... Л.Д таны өмчлөлийн . м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэсэн татгалзсан хариуг Л.Д-д хүргүүлжээ. (хавтаст хэргийн 5 дахь тал)

5. Л.Д нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “. м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.

6. Уг хэрэгт хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... . тоот хаягт байршилтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд Л.До-н өмчлөлийн . тоот хаягт байршилтай орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж тайлбарлажээ. (хавтаст хэргийн 53 дахь тал)

7. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 11/633 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (хавтаст хэргийн 54 дэх тал)

8. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 109/ШЗ2025/0307 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ц.О, Ц.М, “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулжээ. (хавтаст хэргийн 82 дахь тал)

 

9. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:

 

9.1. “С” ХХК 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 25/78 тоот албан бичгээр иргэн Л.Д-д . м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг Л.Д-д гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “С ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын  хэмжээг Л.Д-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор Л.Д-н . м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт төлбөр болох 152,004,000 төгрөгийг С ХХК болон Ц.М, Ц.О нарт бүрэн төлсөн учраас өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв.

 

9.2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

 

9.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б, Ц.О, Ц.М нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

10. Дээрхээс дүгнэхэд, хэргийн оролцогч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

11. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С” ХХК, Ц.О, Ц.М нар эвлэрч маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж буй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн  19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх хуулийн дагуу үүсэх боломжтой. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхээс татгалзсан эл шалтгаан үндэслэл ийнхүү арилсан тул бүртгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу хийх боломжтой гэж үзнэ.

12. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд Ц.О Ц.М, “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

13. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн  19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б, Ц.М Ц.О нар нь “нэхэмжлэгч Л.Д нь . м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт төлбөр болох 152,004,000 төгрөгийг “С” ХХК болон Ц.М, Ц.О нарт бүрэн төлсөн учраас “Гуравдагч этгээд Ц.О Ц.М нар нь 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “С” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын  хэмжээг Л.Д-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасгаж татгалзсан шалтгаан үндэслэл арилсантай холбоотойгоор . м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.Д-г бүртгэх”-ээр харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                А.ТҮВШИНТУЛГА