Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Энхтуяагийн Бт холбогдох 1829000810052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Э.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Гантулгатай хувийн таарамжгүй харилцаанаас маргаж, улмаар заазуураар түүний нуруун тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б: “Цагдаа дээр байхад болсон үйл явдлын талаар ярьсан. Өөр нэмж ярих зүйлгүй. Тэр мэдүүлгээ дэмжиж байна” гэв.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гантулгын өгсөн: “...Би 2018 оны 03 сарын 12-ны өдөр Цагаан хаданд Ганбаа, Мөнхөө гэдэг хоёр залуутай Ганбаагийн гэрт нь нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд 17-18 цагийн үед Ганбаагийн хойд талын хашаанд байдаг Бийн гэрт орсон. Намайг гэрт ороход гэрт Очирхуяг, Батжаргал, Б нар байсан. Би ороод гэрийн зүүн талд ор зуух хоёрын голд сууж, Б зүүн талын орон дээр мах хэрчээд сууж байсан. Намайг ороод удаагүй байхад Очирхуяг, Батжаргал нар гараад явахаар нь би Бт чи миний найзыг хуурлаа, өөр хүнтэй явалдлаа гээд банзал, пизда, янхан гэх мэтээр доромжлоход Б чи намайг хаана тэгж байхыг харсан юм бэ гээд орилохоор нь би хүн болгон ярьж байна, нөхрийн чинь ах дүү нар мэдэж байна гээд хэрэлдсэн. Тэгээд Б заазуураа барьж босч ирээд 4 удаа нуруу руу цохьсон. Миний нуруу руу нойтон  зүйл мэдрэгдэхээр нь би заазуурыг нь салгах гэж ноцолдоод орон дээр дарж байгаад заазуурыг нь булааж авч газар хаяад гараад явсан. ...Миний биед учирсан гэмтэл эдгэрсэн учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн13-16-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бадамхандын өгсөн: “...2018 оны 03 сарын 12-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би Цагаан хаданд байдаг гэрээсээ гараад дэлгүүр орчихоод 10 орчим минутын дараа гэртээ ирэхэд Гантулга манайд ирчихсэн гэрийн хоймор хэсэгт дөрвөн хөллөөд хэвтэх маягтай байж байгаад Бадмаа хөгшиндөө түргэн дуудаад өгөөч гэхээр нь би нөхөрлүүгээ утсаар ярьж дуусаад Гантулгыг босч чадах уу хоёулаа эмнэлэг рүү явъя гэхэд чи дуудаад ирээч гэхээр нь би Гантулгын нурууг үзэхэд өмссөн зузаан малгайтай цамц нь зүсэгдчихсэн, нуруунаас нь цус гарч байхаар нь сандраад Цагаан хаданд байдаг эмчийг дагуулж ирээд үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-21-22-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Батжаргалын өгсөн: “...2018 оны 03 сарын 12-ны өдөр би Цагаан хаданд  Бтэй хамт хадам ээжийн гэрт байж байхад орой 18 цагийн үед Гантулга гаднаас согтуу орж ирээд Бийг янхан, гичий гээд доромжлоод байсан. Б чи юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр хэрэлдээд нэлээд удаан суусан. Тухайн үед Б гэрийн зүүн талд мах хэрчээд, би хоёр баганын голд хоймор хэсэгт ногоо арилгаад сууж байсан. Гантулга орны хажууд суугаад хэрэлдэж байгаад Б уурлахад Гантулга Бийг орон дээр дараад хэвтчихсэн. Б Гантулгыг босгох гээд баруун гартаа барьсан заазуураараа Гантулгын нуруу руу цохиж байгаа харагдсан. Тэгээд би Гантулгыг боль гээд татаж босгоход Б цагдаа дуудлаа гээд гэрээс гараад явсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 15-ны өдрийн №65 дугаартай шинжээчийн

  1. Г.Гантулгын биед ар нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

- Эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,

-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Засаг даргын 2018 оны 03 сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/

- Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38-р хуудас/,

- Шүүгдэгч Э.Бийн арилжааны банкуудад харилцах болон хадгаламж, зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 48-54-р хуудас/

- шүүгдэгч Э.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/

- Хохирогч Г.Гантулгын согтуурлын зэргийг шалгасан байдал /хх-ийн 40-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гантулгын  гаргасан: “Надад одоо санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт  /хх-ийн 55-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн хохирогч Г.Гантулгатай хувийн таарамжгүй харилцаанаас маргаж, улмаар хохирогчийг заазуураар нуруун тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гантулгын өгсөн: “...Б заазуураа барьж босч ирээд 4 удаа нуруу руу цохьсон. Миний нуруу руу нойтон зүйл мэдрэгдэхээр нь би заазуурыг нь салгах гэж ноцолдоод орон дээр дарж байгаад заазуурыг нь булааж авч газар хаяад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р хуудас/,  

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бадамхандын өгсөн: “би Гантулгын нурууг үзэхэд өмссөн зузаан малгайтай цамц нь зүсэгдчихсэн, нуруунаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Батжаргалын өгсөн: “...2018 оны 03 сарын 12-ны өдөр би Цагаан хаданд  Бтэй хамт хадам ээжийн гэрт байж байхад орой 18 цагийн үед Гантулга гаднаас согтуу орж ирээд Бийг янхан, гичий гээд доромжлоод байсан. Б чи юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр хэрэлдээд нэлээд удаан суусан. Гантулга Бийг орон дээр дараад хэвтчихсэн. Б Гантулгыг босгох гээд баруун гартаа барьсан заазуураараа Гантулгын нуруу руу цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 15-ны өдрийн №65 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Г.Гантулгын биед ар нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Г.Гантулга нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 55-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Э.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдээгүй зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Гантулга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 16 см, бариулын урт 10 см, ногоон өнгийн 3 ширхэг хадаастай, ажлын хэсэг нь махны шүүс мэт зүйлээр бохирлогдсон заазуур 1 ширхэг, нурууны хэсэгтээ 3 см урагдалтай, улаан өнгийн ханцуйтай, хар өнгийн өвлийн дотортой юүдэнтэй цамц 1 ширхэг, нурууны хэсэгтээ 3 см урагдаж цус мэт зүйлээр бохирлогдсон хар хөх өнгийн нимгэн цамц 1 ширхэг, шар ногоон өнгийн нурууны хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон футволк 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 16 см, бариулын урт 10 см, ногоон өнгийн 3 ширхэг хадаастай, ажлын хэсэг нь махны шүүс мэт зүйлээр бохирлогдсон заазуур 1 ширхэг, нурууны хэсэгтээ 3 см урагдалтай, улаан өнгийн ханцуйтай, хар өнгийн өвлийн дотортой юүдэнтэй цамц 1 ширхэг, нурууны хэсэгтээ 3 см урагдаж цус мэт зүйлээр бохирлогдсон хар хөх өнгийн нимгэн цамц 1 ширхэг, шар ногоон өнгийн нурууны хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон футволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА