| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0033/З |
| Дугаар | 109/ШШ2025/0043 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 109/ШШ2025/0043
109/ШШ2025/0043
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн С.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийн оролцогч нарын ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Сарантуяа нь “Сайхан тэрх” ХХК-ийн хэрэгжүүлсэн тус аймагт баригдаж Сайхан хотхон нэртэй 56 айлын орон сууцнаас 71.46 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-г 2.800.000 төгрөгөөр тооцон орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, нийт төлбөр болох 193.760.000 төлбөрийг, гэрээнд бичигдсэн Ц.Оюунбатын 5156438484 тоот дансанд хоёр удаагийн гүйлгээ хийж бүрэн төлж барагдуулсан. Тухайн орон сууцыг бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээж авсны дараа 2024 оны 2 сараас хойш өөрийн өмчлөл, эзэмшилдээ бүрэн авч бодитоор эзэмшин, ашиглалтын болон бусад холбогдох бүх зардлыг төлөн амьдарч байна. Миний хувьд анх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаж, нүүж орсны дараа гүйцэтгэгчээс шаардлагатай бүх бичиг баримтуудыг авч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хүсэхэд миний өмчлөлийн орон сууцны өмчлөгч, эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргаж Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хууль ёсны дагуу эд хөрөнгө өөрийн өмчлөлдөө авах, түүнийгээ баталгаажуулах, захиран зарцуулах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаагаас чадахгүйд хүрч эрх ашигт хохирол учраад байх тул харьяаллын дагуу танай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд С.Сарантуяа намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1, 107/1 “Сайхан хотхон” 107 дугаар байрны 3 давхрын 306 тоот хаягт байрших, 71.46 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч надад тус орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.
2. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж-1, 107/1 тоот хаягт байршилтай “Сайхан тэрх” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд , Гэгээрлийн гудамж-1, 107/1 дүгээр орон сууцны 3 давхрын 306 тоот хаягт байршилтай орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно гэжээ.
3. Гуравдагч этгээд Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: С.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст холбогдох Архангай аймгийн Эрдэнэбулган сум Гэгээрлийн гудамж 1, 107 дугаар байрны 306 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэх бүртгэл хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай захиргааны хэрэгт иргэн Ц.Оюунбат, Ц.Мөнхбат нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. С.Сарантуяа нь орон сууцны төлбөрт 193,760,000 төгрөгийг Ц.Оюунбатын данс руу шилжүүлсэн ба 2,26 м.кв-ын зөрүү төлбөр болох 6,328,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байгаа тул өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй юм. Үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
4. Гуравдагч этгээд “Сайхан тэрх” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 хаягт барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй, зоорины давхартаа авто зогсоолтой, 9 давхар 56 айлын орон сууцны 3 давхрын 306 тоот 71.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг С.Сарантуяа захиалж бариулсан бөгөөд төлбөрийг Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нарын дансанд бүрэн төлж дуусгасан боловч үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаж авч чадахгүй хохироод байна. Компанийн зүгээс уг иргэний гэрчилгээг гаргахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
5. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч С.Сарантуяа би гуравдагч этгээд Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нараас тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “... 2.26 м.кв-ын зөрүү төлбөр болох 6,328,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байгаа тул өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Үлдэгдэл төлбөрөө төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэх хариу тайлбартаа танилцаж 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.Мөнхбатын 5166048562 тоот данс руу 6,328,000 төгрөгийг шилжүүлсэн. /холбогдох баримтыг хавсаргав/. “Сайхан тэрх” ХХК 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 25/79 тоот албан бичгээр иргэн С.Сарантуяад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 дүгээр байрны 3 дугаар давхар 306 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Сарантуяад гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.Оюунбат, Ц.Мөнхбат нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “Сайхан тэрх” ХХК /Н.Баянмөнх/-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг С.Сарантуяагийн байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор С.Сарантуяагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 дүгээр байрны 3 дугаар давхар 306 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Иргэн С.Сарантуяа, “Сайхан тэрх” ХХК-ийн захирал Н.Баянмөнх нар 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх” 29 дүгээр гэрээ байгуулж, С. Сарантуяа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1, 107/1 дүгээр орон сууцны 3 давхрын 306 тоот орон сууцыг захиалжээ. (хавтаст хэргийн 7-12 дахь тал)
2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 100% болох 193,760,000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна. (хавтаст хэргийн 8 дахь тал)
3. С.Сарантуяа гэрээний төлбөрт 193,760,000 төгрөгийг Ц.Оюунбатын данс руу шилжүүлсэн болох нь гуравдагч этгээд Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нарын тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбараар, 2.26 м.кв талбайн зөрүү төлбөр 6,328,000 төгрөгийг Ц.Мөнхбатын ХААН банкны 5166048562 тоот данс руу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн болох нь С.Сарантуяагийн ХААН банкны 5135187772 тоот дансны зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 74, 83 дахь тал)
4. Иргэн С.Сарантуяа нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж, тус хэлтсээс 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 11/592 дугаар албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (хавтаст хэргийн 5, 13 дахь тал)
5. Ийнхүү иргэн С.Сарантуяа нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1, 107/1 “Сайхан хотхон” 107 дугаар байрны 3 давхрын 306 тоот хаягт байрших, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
6. Уг хэрэгт хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж-1, 107/1 тоот хаягт байршилтай “Сайхан тэрх” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд , Гэгээрлийн гудамж-1, 107/1 дүгээр орон сууцны 3 давхрын 306 тоот хаягт байршилтай орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж тайлбарлажээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)
7. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11/632 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Оюунбаатарыг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)
8. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 109/ШЗ2025/0306 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ц.Оюунбат, Ц.Мөнхбат, “Сайхан тэрх” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулжээ. (хавтаст хэргийн 64 дэх тал)
9. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:
9.1. Нэхэмжлэгч С.Сарантуяа нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.Мөнхбатын 5166048562 тоот данс руу 6,328,000 төгрөгийг шилжүүлсэн. “Сайхан тэрх” ХХК 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 25/79 тоот албан бичгээр иргэн С.Сарантуяад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 дүгээр байрны 3 дугаар давхар 306 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Сарантуяад гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Гуравдагч этгээд Ц.Оюунбат, Ц.Мөнхбат нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “Сайхан тэрх” ХХК /Н.Баянмөнх/-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг С.Сарантуяагийн байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор С.Сарантуяагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 дүгээр байрны 3 дугаар давхар 306 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв.
9.2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
9.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгч С.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаатар, гуравдагч этгээд “Сайхан тэрх” ХХК-ийн захирал Н.Баянмөнх, Ц.Оюунбат, Ц.Мөнхбат нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
10. Дээрхээс дүгнэхэд, хэргийн оролцогч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
11. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаатар, гуравдагч этгээд “Сайхан тэрх” ХХК, Ц.Оюунбат, Ц.Мөнхбат эвлэрч маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж буй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх хуулийн дагуу үүсэх боломжтой. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхээс татгалзсан эл шалтгаан үндэслэл ийнхүү арилсан тул бүртгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу хийх боломжтой гэж үзнэ.
12. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд Ц.Оюунбат, Ц.Мөнхбат, “Сайхантэрх” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
13. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаатар, гуравдагч этгээд “Сайхан тэрх” ХХК-ийн захирал Н.Баянмөнх, Ц.Мөнхбат, Ц.Оюунбат нар нь “Сайхан тэрх” ХХК 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 25/79 тоот албан бичгээр иргэн С.Сарантуяад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 дүгээр байрны 3 дугаар давхар 306 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Сарантуяад гаргаж өгөхийг зөвшөөрч, гуравдагч этгээд Ц.Оюунбат, Ц.Мөнхбат нар нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд байгаа “Сайхан тэрх” ХХК /Н.Баянмөнх/-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг С.Сарантуяагийн байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор С.Сарантуяагийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Гэгээрлийн гудамж 1, 107/1 дүгээр байрны 3 дугаар давхар 306 тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэх”-ээр харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА