Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01627

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01627

 

Б.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01724 дугаар шийдвэртэй

Б.Згийн нэхэмжлэлтэй хариуцагчТ ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал, М.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З нь байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж,Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл-ийг байгуулан, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. ГэтэлТ ХХК-ийн удирдлага Б.Зг илт хууль бус үндэслэлээр буюу үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан.Т ХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг тус тус зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гүйцэтгэх захирал Э.О гаргасан байна. Хэргийн 20-21 дэх талд авагдсан хариуцагчТ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний ар талд 2018 оны 3 дугаар сард Ж гэх БНХАУ-ын иргэнийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байгаа. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн 329/20 дугаартай англи, монгол хэлээр үйлдэгдсэн баримтад Ж-аас Э.Од шүүхэд төлөөлөх эрхийг бусдад төлөөлөх эрхтэйгээр олгосон. Үүнээс үзвэл Ж нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна. Иймд Э.О нь бусдыг ажилд авах, ажлаас халахтай холбоотой ямар нэгэн үйлдэл хийх эрхгүй гэж үзэж байна. Э.Од ажлаас халах эрх байсан эсэх нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлгүйгээр тушаал гаргасан гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 дугаартай дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн албан бичигт дээрх нэр бүхий 10 хүн тухайн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан буюу удирдах зөвлөлийн албан тушаалтай гэдгийг тодорхойлсон. Иргэний хуулийн 27 дугаар зүйлд хуулийн этгээд үүсгэн байгуулагдсанаар эрх зүйн чадамжтай болж, дуусгавар болсноор чадамж нь дуусдаг. Гэтэл өнөөдрийн байдлаарТ ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн эрх зүйн чадамж дуусгавар болоогүй. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа эдгээр ажилчдыг ажлаас халах үед хууль бусаар үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж худал ташаа мэдээлэл гаргасан гэж ирээдүйг зөгнөж тайлбарласан. Компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулсан гэдгийг ажлаас халах үндэслэл болгосон. Гэтэл Б.З нь оператор буюу хүнд даацын том оврын машин барьдаг. Компанийн эсрэг үйл ажиллагаа хийж нэр хүндэд халдсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаас харвалТ ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх нэртэй фэйсбүүк групп дээр гарсан нийтлэл нь 2020 оны 4 дүгээр сарын 07, 09-ноос хойш бий болсон, өөрөөр хэлбэл ажлаас халснаас хойш эдгээр нийтлэлүүд гарсан. Дээрх ажилчид сэтгэгдлээ бичсэний төлөөТ ХХК-ийн эрх ашиг, нэр хүндэд ямар хохирол учирсан бэ гэдэг сонин, ямар нэгэн байдлаар хохирол амсаагүй. Энэ 10 ажилчны үйлдлээс болж үйл ажиллагаа нь зогсоогүй, компани дампуурсан зүйл байхгүй. 2020 онд Э ХХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбарт албан тоот хүргүүлсэн. Үүнийг 2020 оны 4 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд жагсаал цуглаан хийх хүсэлт гаргасан гэдэг. Гэтэл цар тахлаас болж жагсаал цуглаан болоогүй. Хоёр гэрчээс асуухад лоозон барьж жагсаал цуглаан хийгээгүй гэдэг. Эдгээр ажилчид бусдыг өдөөн турхирсан бичлэг нийтэлсэн, өөрсдийн сэтгэгдэл бичсэн гэх боловч хүмүүс дуудаж яриа өгсөн зүйл байхгүй. Хариуцагч нарын зүгээс 2020 оны 2 дугаар сард гэрээний нэмэлт өөрчлөлт буюу та нар ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдтэй эвлэлдэн нэгдэхгүй зөвхөн дотооддоо эвлэлдэн нэгдэх үүрэгтэй гэж тайлбарласан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг нь зөрчсөн байна. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4, 5, 6 дугаар зүйлд заасан эрхүүдийг нь хязгаарласан. Н.Азжаргал гэрч хэлэхдээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд нэгдэж болохгүй. Иймээс гарын үсгээ зур гэсэн. Хэрвээ гарын үсгээ зураад энэ үйлдвэрчний эвлэлд нэгдвэл ажлаас чинь хална гэсэн. Иймд Б.Зг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхжин, Д.Энхчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Зг ажлаас халсан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 370/20 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Б.З нь өөр компанийн буюу Э ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч, компанийн нэр ашиглан хууль бус Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлсэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дэх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Б.З нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-д заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан. Ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох вэ гэдгийг тодорхой заасан. Тухайлбал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 14.2.14-т тухайн ажилтан нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа гуравдагч этгээдэд мэдээлэл өгсөн. Энэ үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажилагаа явуулсан гэх заалтад хамаарч ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогчийн зүгээс яагаад дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа вэ гэхээр манай компанийн 150 ажилчин хурал хийсэн гэсэн хуурамч бичиг баримт үйлдүүлээд компанид ажилладаггүй этгээдтэй нийлж, үйлдвэрчний эвлэл байгуулсан. Энэ үйлдвэрчний эвлэлээ байгуулсны дараа 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрчний эвлэлийн нэрээр фэйсбүүк хуудас нээсэн. Уг хуудсанд ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ажиллах нөхцлийг сайжруулах, цалин мөнгө нэмэгдүүлэх талаар нэг ч шаардлага тавиагүй. Харин эсрэгээрээ улс төржсөн, компанийн үйл ажиллагааг тасалдуулахад чиглэсэн, бизнесийн нэр хүндэд халдсан байнгын худал мэдээлэл тараасан. Тухайлбал манай захиалагч компани болох Э майнинг ХХК-ийг татан буулгах,Т ХХК-ийг Монголоос гарга, Хятадын хөрөнгө оруулалттайТ ХХК нь Э майнинг ХХК-тай нийлж, Монголын төрийн өмчит Э ХК-ийг бойкодолж, мөн хулгай хар мөртэй зэрэг нийтлэлээр Хятадын хөрөнгө оруулалттай компанийн уурхайн орлогч даргын дүү Э майнинг ХХК-д эдийн засагч хийж байна, Хятадын гар хөл болсон хүний нөөцийн дарга н.Батзаяа гэх зэрэг зүй бус үг хэллэгтэй компанийн нэр хүндэд халдсан худал хуурмаг мэдээлэл байнга тараах болсон. Гэтэл уг ажилтнууд нь хууль зөрчсөн үйлдвэрчний эвлэл байгуулж, уг үйлдвэрчний эвлэлээр дамжуулан нэр хүндэд халдах, компанийн үйл ажиллагаанд саад учруулах мэдээллийг түгээж байсан нь бизнесийн нэр хүндэд халдах нөхцлийг бүрдүүлсэн. Ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулахдаа манай компанид ажилладаггүй С.Эрдэнэ гэдэг хүнийг тэргүүнээр томилсон. С.Эрдэнэ нь Э ХК-ийн хүсэлтээр манай компанийг ажиллаж эхэлснээс хойш хууль бусаар тендер авсан, хууль зөрчигч мэтээр нотлогдоогүй худал мэдээллүүдийг олон нийтийн хэрэгслээр удаа дараа гаргаж байсан. Энэ нь өнөөдөр нотлох баримтаар авагдсан хэвлэлийн бага хурлын мэдээлэл болон фэйсбүүк хуудсанд хийгдсэн үзлэгийн баримтаар тогтоогдоно. Э майнинг ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Э ХК болонТ ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх 2 үйлдвэрчний эвлэл жагсаал цуглаан хийгээд байна. Үүн дээр яаралтай арга хэмжээ ав, хууль зөрчиж байна гэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Э ХК-иас энэ үйл явдал үүсээд үйл ойлголцолд хүрч байгаа тул уурхай руу нэвтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг түр зогсоож байна гэсэн агуулгатай бичиг ирсэн. Э майнинг ХК-иас ирсэн албан бичгээр жагсаал цуглаан хийсний хор уршгаар уурхай зогсоход хүрч байсан баримтууд байна. Бид зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг ажлаас халаагүй. Өнөөдөр компанийн ажилтан гэж явж байгаа бол компанийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд ажилтан бүр хичээх ёстой. Нэг хүний үйлдлээс нийт компанийн эрх ашиг нөлөөлдөг. Нэхэмжлэлд дурдаад байгаа шиг үйлдвэрчний эвлэл байгуулсан гэдэг шалтгаанаар ажилчныг халаагүй, халах ч боломжгүй. Тухайн үед үнэхээр үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж үзэж байвал Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчид хууль ёсны шаардлагын дагуу ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хөдөлмөрлөх нөхцөл сайжруулахтай холбоотой шаардлагууд тавих ёстой байсан. Гэтэл нэг ч удаа ийм шаардлага тавьж байгаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Б.З нь эхний удаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараагийн удаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлд С.Эрдэнийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зураад нэхэмжлэл гаргасан байсан учир өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээ татан авсныг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан уг хугацаа өнгөрсний дараа дээрх ажилтан нэхэмжлэл гаргасан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.ЗгТ ХХК-ийн уулын хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаарТ ХХК-иас 46 405 379 /дөчин зургаан сая дөрвөн зуун таван мянга гурван зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Зд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчТ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.З улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчТ ХХК-иас 389 977 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхжин, түүний өмгөөлөгч Ц.Батхүү нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор үнэлж дүгнээгүй. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал нь бүрээс нь авч үзэж, бодитойгоор үнэлж дүгнээгүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь компанийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн. ... мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсанчлан үйлдвэрчний эвлэл байгуулсантай нь холбогдуулан ажлаас халаагүй байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцож тогтоосон. Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажилтан нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн нь хавтаст хэргийн 26-34 дүгээр хуудаст авагдсан компанийн нэр хүнд, бизнесийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл бүхий фэйсбүүкийн нийтлэлүүдээр тогтоогддог. Компанийн нэр хүндэд халдсан нийтлэл тавигддаг фэйсбүүк группийн админ буюу зохицуулагчаар нэхэмжлэгч нар ажилладаг болох нь хавтаст хэргийн 34-35 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгч болон нэр бүхий бусад ажилчид хамтранТ ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгуулсан бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 дугаар дүгнэлтээр тогтоогддог. Компанийн зүгээс тухай ажилтныг үйлдвэрчний эвлэл байгуулсан, фэйсбүүк групп нээж ажиллуулсан гэх үндэслэлээр ажлаас огт халаагүй харин хөдөлмөрийн гэрээнд заасан дээр дурдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр М.Шаравнямбуу, А.Отгонжаргал нар оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч А.Отгонжаргалтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх №1720/20 дугаартай гэрээг байгуулсан байдаг. Харин өмгөөлөгч М.Шаравнямбууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулахаар нэхэмжлэгч нараас хүсэлт гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд уг баримтууд нь хэрэгт авагдаагүй байхад хэргийн оролцогч биш этгээд-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудыг зөрчигдөхөд хүргэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийгдэхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн байж хүчин төгөлдөр байх асуудал энд яригдах ёстой. Гэтэл шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т заасныг хэрэглэж, гэрээнд гарын үсэг зурах этгээд нь гүйцэтгэх захирал байх ёстой гэж үзсэн атлаа, байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр. гэрээг дуусгавар болгосон тушаал нь хууль зүйн хүчингүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалтын буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн уг заалтад хөдөлмөрийн гэрээ болон иргэний бусад төрлийн гэрээнээс хамааруулан ялгаатай хэрэглэх зохицуулалт байхгүй төдийгүй компанийн төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зураагүй бол гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үр дагаврыг шууд үүсгэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт дурдсанчлан Э.О нь эрх бүхий этгээд биш бол хөдөлмөрийн гэрээ нь эрх бүхий этгээдтэй байгуулагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус, үүнээс үүдэн анхнаасаа эрх зүйн дагавар үүсгээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үгүйсгэгдэх ёстой байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагчТ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэдТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 373/20 тоот тушаалаар Уулын хэлтсийн оператор ажилтай Б.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болгож, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 1, 13.4, 13.4.4, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21, Хөдөлмөрийн гэрээний нэмэлтийн 1.2-т заасныг тус тус баримталсан байна. /хх.4/

Ажил олгогч нь ажилтан Б.Зг ажлаас халсан үндэслэлдээ ...компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг удаа дараа явуулсан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д ...Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан, 13.3.2.21-т ...Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэж тус тус тайлбарлажээ.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.ЗгийнТ ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулах ажиллагаанд оролцсон, уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж үзэл бодлоо илэрхийлсэн, улмаарТ ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй фэйсбүүк /facebook/ групп нээж ажиллуулсан мэдээллийг нотлох баримтаар гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд ажилтанг ажлаас уг үндэслэлээр чөлөөлөхдөө сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай. Зөрчил гаргасан эсэх асуудлаар зохигчид маргаж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Згийн гаргасан зөрчлийг эргэлзээгүй баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагчТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 373/20 тоот тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм. /хх.7-8/

Иймд анхан шатны шүүх Б.ЗгТ ХХК-ийн уулын хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоож,Т ХХК-аас 46 405 379 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Зд олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...нэхэмжлэгч болон нэр бүхий бусад ажилчид хамтранТ ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, холбогдох хуулийн заалтыг зөрчиж байгуулсан гэсэн үндэслэл зааж байгааг хангах боломжгүй. Учир нь, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааралгүй бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 8/3634 тоот албан бичгээр ...Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг бүртгэсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэл, мөн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн 200317006 дугаартай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгосон 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдэгдсэн байна. /хх.58-59/

Мөн давж заалдах гомдлын ...нэхэмжлэгч нараас өмгөөлөгч М.Шаравнямбууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулахаар хүсэлт гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэсэн үндэслэлийг хангах боломжгүй. Нэхэмжлэгч өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд энэ нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт ...Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна... гэж тус тус заасныг зөв хэрэглэж, ажил олгогч хуульд зааснаар зохих өөрчлөлтийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг тус компанийн эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх зөв тооцож, ажил олгогчоос 46 405 379 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь заалттай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын төлсөн 390 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО