Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Л.О-н 2 тооны алдуул адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж мотоцикль ашиглан завшиж, 20,000,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй гэв,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумаас уруудаж ирсэн 22 тооны адуу манай хөдөө гэрээс 5 орчим км зайд байхаар нь би тухайн адуунаас ганц хоёр адуу махалж заръя гэж бодоод өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой хөөсөн боловч адуу тасрахгүй байхаар нь тухайн 22 тооны адууг бүгдийг нь тууж хороон дээрээ авчирч тухайн адуунаас 5 тооны адууг хашаад 2 тооны зээрд болон хүрэн зүсмийн адууг барьж нядлаад үлдсэн 20 тооны адууг нутаг руу нь хөөсөн... Тухайн 2 тооны адууны махыг би сүүлд нь аймагт үл таних хүнд 1,000,000 төгрөгөөр зарж мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө адуугаа үзэхэд хонгор азаргатай зөв талын гуяндаа хөндөлтэй дан саран тамгатай 22 тооны адуу байхгүй байсан... Би Г-н гэрээс гараад ертөнцийн зүгээр урагшаагаа Хөндлөн гэх газар луу явж очиход манай хонгор азаргатай адуу бэлчээрт байсан. Манай адууны хажууд хонь хариулж байсан үл таних мотоцикльтой залуу байж байхаар нь очиж уулзаж энэ хонгор азаргатай адуу хаанаас ирэв, уг адуунд байсан 2 тооны зээрд морь алга байна салж сарнисан адуу үзэгдэв үү гэж асуухад үл таних залуу хараагүй, сая хонин дээрээ ирээд энэ адууг харлаа гэж хариулахаар нь би тэр залууд адууг түр харж байгаач гэж хэлчихээд 2 адуугаа хайчихаад ирье гэж хэлээд урагшаагаа явж 2 зээрд адуугаа хайсан. Тэгээд 2 зээрд морио олдохгүй болохоор нь буцаж адуун дээрээ очиход нөгөө үл таних залуу явчихсан байсан. Тэгээд би хонгор азаргатай 20 тооны адуугаа хөөгөөд Хэнтий аймгийн Галшар сум руу буцсан... Манай адуу Дэлгэрэх, Галшар сумын нутгийн зааг дээр бэлчдэг... Тухайн үед манай адуу уруудаж Дэлгэрэх сумын нутагт орсон байхад нь хүн хулгайлсан юм шиг байсан... Б гэх хүний хөдөө гэр нь Дэлгэрэх Галшар сумын нутгийн зааг буюу манай адууны бэлчээрээс 10 гаруй км-т байдаг юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18-19 цагийн үед манай хүү Б өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльтой ертөнцийн зүгээр зүүн зүгээс хонгор азаргатай 10 гаруй тооны адуу тууж гэртээ ирсэн. Манай хүү Б гэртээ ирээд надад хэлэхдээ хүнтэй наймаа хийгээд 2 адуу авлаа гэж хэлсэн ба 10 гаруй адууг хашаа руу тууж оруулаад тэр адуунаас зээрд бүдүүн морь, хүрэн зүсмийн бүдүүн морь барьж авсан юм. Манай хүү Бхуучин тамган дээр нь давхар саран тамгатай адуу байсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр адууг гэрийнхээ гадаа Б бид хоёр нядалж янзлаад маргааш өглөө нь машиндаа адууны мах, арьс, шийр, толгойг ачсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах 2018 оны 01 сарын 26-ны орой өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикльтой яваад ирэхдээ адуу тууж ирээд тухайн адуунаас хэдийг нь тасдаж хашаанд хашиж байгаад 2 адууг нь барьсан тухайн үе орой болсон байсан болохоор би гарч хараагүй сүүлд нь хоёр адуу барьж хашсан байхыг харсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б машины мотор эвдэрчих шиг боллоо, сум руу чирээд өг гэж гуйгаад би машиныг нь чирээд сумын төв дээр авч ирэхэд сумын цагдаа шалгасан. Б-н машинаас мах гарсан юм шиг байна лээ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 55/01 дугаартай: "...Галшар үүлдрийн Шилбэ угшилтай зээрд морь 15,000,000 төгрөг, Галшар үүлдрийн Шилбэ угшилтай зээрд морь 5.000,000 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэсэн нэмэлт дүгнэлт /хх-ийн 54 дугаар хуудас/,

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Л.О-н 2 тооны алдуул адууг Хэнтий аймгийн Галшар сумын урд байрлах булгаас Дорноговь аймгийн ....гэх газар уруудаж ирснийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж мотоцикль ашиглан завшиж, 20,000,000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумаас уруудаж ирсэн 22 тооны адуу манай хөдөө гэрээс 5 орчим км зайд байхаар нь би тухайн адуунаас ганц хоёр адуу махалж заръя гэж бодоод өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой хөөсөн боловч адуу тасрахгүй байхаар нь тухайн 22 тооны адууг бүгдийг нь тууж хороон дээрээ авчирч тухайн адуунаас 5 тооны адууг хашаад 2 тооны зээрд болон хүрэн зүсмийн адууг барьж нядлаад үлдсэн 20 тооны адууг нутаг руу нь хөөсөн... Тухайн 2 тооны адууны махыг би сүүлд нь аймагт үл таних хүнд 1,000,000 төгрөгөөр зарж мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан...“ гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө адуугаа үзэхэд хонгор азаргатай зөв талын гуяндаа хөндөлтэй дан саран тамгатай 22 тооны адуу байхгүй байсан. Манай адуу Дэлгэрэх, Галшар сумын нутгийн зааг дээр бэлчдэг... Тухайн үед манай адуу уруудаж Дэлгэрэх сумын нутагт орсон байхад нь хүн хулгайлсан юм шиг байсан... Б гэх хүний хөдөө гэр нь Дэлгэрэх Галшар сумын нутгийн зааг буюу манай адууны бэлчээрээс 10 гаруй км-т байдаг юм билээ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18-19 цагийн үед манай хүү Б өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльтой ертөнцийн зүгээр зүүн зүгээс хонгор азаргатай 10 гаруй тооны адуу тууж гэртээ ирсэн. Манай хүү Б гэртээ ирээд надад хэлэхдээ хүнтэй наймаа хийгээд 2 адуу авлаа гэж хэлсэн ба 10 гаруй адууг хашаа руу тууж оруулаад тэр адуунаас зээрд бүдүүн морь, хүрэн зүсмийн бүдүүн морь барьж авсан юм. Манай хүү Б хуучин тамган дээр нь давхар саран тамгатай адуу байсан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр адууг гэрийнхээ гадаа Б бид хоёр нядалж янзлаад маргааш өглөө нь машиндаа адууны мах, арьс, шийр, толгойг ачсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах 2018 оны 01 сарын 26-ны орой өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикльтой яваад ирэхдээ адуу тууж ирээд тухайн адуунаас хэдийг нь тасдаж хашаанд хашиж байгаад 2 адууг нь барьсан тухайн үе орой болсон байсан болохоор би гарч хараагүй сүүлд нь хоёр адуу барьж хашсан байхыг харсан. Б ах аавд хүнээс хоёр адуу авсан юм тэр хоёр адуугаа барина гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б машины мотор эвдэрчих шиг боллоо, сум руу чирээд өг гэж гуйгаад би машиныг нь чирээд сумын төв дээр авч ирэхэд сумын цагдаа шалгасан. Б машинаас мах гарсан юм шиг байна лээ....” гэсэн мэдүүлэг, Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 55/01 дугаартай нэмэлт дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байдал болон хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар маргаангүй, улсын яллагчийн ялын саналтай танилцсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан  гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-т холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал нь шүүгдэгчийн хохирогчид худал ярьсан, алдуул малыг завших зорилгоор туусан зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэм хэмжээ зэрэг байдалд тохироогүй байх тул шүүхээс шүүгдэгч Б.Б-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.О нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ 20000000 төгрөг нэхэмжилж байна, надад учирсан хохирол төлбөрийг барагдуулж өгвөл гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн ба шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Л.О-н ... дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-с хохирогчтой тохиролцсон үлдэгдэл хохирол 10 000 000 / арван сая / төгрөгийг гаргуулж хохирогч Л.О-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас мах борлуулж олсон орлого болох 1 000 000 төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 500 / таван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 10 000 000 / арван сая / төгрөгийг гаргуулж хохирогч Л.О-д олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлүүлэх зорилгоор Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1 000 000 / нэг сая / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД