| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2025/0015/З |
| Дугаар | 121/ШШ2025/0013 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 121/ШШ2025/0013
2025 10 28 121/ШШ2025/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2838/,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагч Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Х, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. Нэхэмжлэгч Х нь “Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Анх Хөөс Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д зааснаар “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журмын өөрчлөлтийн дагуу Уянга сумын Тамгын газрын босоо удирдлагатай 11 төрийн албан хаагчдын хамт орон нутгийн нэмэгдлийг олгуулах тухай хүсэлтийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт тус тус гаргажээ.
2.2. Улмаар Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол хийх үеэр 2025 оны орлого хэрхэн биелснээс шалтгаалж та бүхэнд нэмэгдэл олгох асуудлыг хэлэлцэх талаар мэдэгджээ.
2.3. Ингээд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/01 дугаар “Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын Тогтоох нь: хэсгийн 7 дахь заалтаар “Сумын Засаг даргын дэргэдэх улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хувиар олгохоор тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.
2.4. Нэхэмжлэгч Х нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авахаар тус шүүхэд хандан 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан
3. Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
3.2. Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурал албан хаагчдаа 2024 оны 04 дүгээр сараас хойш улсын төсвөөс өгч байгаа 40 хувийн нэмэгдэл дээр 50 хувь нэмж нийт 90 хувиар нэмэгдэл олгоод явж байна . Гэтэл орон нутагт адилхан ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад тус нэмэгдлийг огт олгоогүй Энэ нь төрийн албан тухай хуулийн 7.1.4-т зааснаар Монгол улсын иргэн төрийн алба хаах, адил тэгш боломжоор хангагдах, хөдөлмөрийн тухай хуулийн 102.1.1-т ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил гэж заасныг тус тус зөрчиж байна .
3.3. Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэмэгдэл олгох тогтоол гарсан үеэс энэ асуудлаар удаа дараа уулзаж, орон нутагт ажиллаж байгаа Төрийн захиргааны ангиллын албан тушаалд хамрагдах албан хаагчид
өргөдөл хүсэлтээ хүргүүлсэн боловч Төрийн албаны цалингийн системд өөрчлөлт хийгдээгүй, яаж олгохыг мэдэхгүй байна төсөвт суугаагүй болохоор шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Сумын Засаг даргаас 2025 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар олгох болсон талаар №02/218 тоот ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна . Энэ шийдвэр нь орон нутгийн удирдлагууд хууль тогтоомж биелүүлдэггүй дураараа авирладаг, төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхдагийн тод илрэл харагдаж байна .
3.4. Иймд орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч татварын улсын байцаагч ажилтай Х миний бие Уянга Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нар орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож , Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулахаар , цаашид ч нэмэгдлээ үргэлжлүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “Нэхэмжлэгч Хийн орон нутагт ажиллах нэмэгдэл гаргуулах, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлагын үндсэндээ дэмжиж оролцож байна. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид нэмэгдэл олгох талаар гарсан тогтоолын хэрэгжилт хэрэгжээгүй гэдэг нь Хийн нэхэмжлэлийн шаардлагаас ойлгогдож байгаа.
4.2. Гэхдээ Засаг даргын тамгын газрын ажилчдыг хэвтээ болон босоо гэж ангилж байгаа. Хэвтээ удирдлагынхан нь үндсэндээ энэ орон нутгийнхаа нэмэгдлийг 2024 оны 1 дүгээр сараас аваад хэрэгжээд явчихсан байгаа. Энэ нь асуулт, хариултын явцад тодорхой болоод явах байх. Гэтэл босоо удирдлагатай төрийн захиргааны албан хаагчид энэ мөнгийг огт авч чадаагүй. Өөрсдөө таг дуугүй байсан юм уу гэвэл үгүй. Амаар болон бичгээр хүсэлтүүдийг тавьж байсан боловч тодорхой шийдвэрийг өгдөггүй.
4.3. Энэ нь төрийн албан хаагч нарын цалингийн системд өөрчлөлт ороогүй, өгөх эрх зүйн орчин бүрдээгүй, яаж олгохоо мэдэхгүй байна гэсэн хууль зүйн үндэслэлгүй тайлбар татгалзлаар нэмэгдлийг олгохгүй өдийг хүрсэн байдаг. Энэ оны 08 дугаар сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд 30 хувийн нэмэгдлийг олгох боломжтой юм гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн хувьд мөн адил зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Тамгын газрын ажилчид өөрсдөө 50 хувийн нэмэгдэл авчхаад төрийн захиргааны албан тушаалтнууд яахаараа 30 хувийг авдаг юм, адилхан орон нутгийн албыг хашиж байгаа байж яагаад ялгавартай хандаж байгаа юм гэсэн ийм асуудал энэ дээр давхар хөндөгдөж байгаа.
4.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд орон нутгийн төсвийн орлого давж биелсэн тохиолдолд энийг олгох боломжтой юм байна. Давж биелээгүй тохиолдолд олгох боломжгүй. Ер нь өгч өстөн болсноос өгөхгүй өстөн болсон нь дээр ямар нэгэн бичиг баримт гаргасан гэх зэргээр дараа нь шүүхэд дуудагдаад бөөн асуудал болдог гэсэн цааргалсан үндэслэлүүд хэргийн материалтай танилцаж байхад харагдаж байсан.
4.5. Энэ нь төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим зөрчсөн орон нутгийн нэмэгдэл олгоогүй эс үйлдэхүй байна. Нөгөө талаар бодитоор гар дээрээ авч байх ёстой орон нутгийн нэмэгдлийг одоо болтол аваагүй.
4.6. Ийм байгаа учраас хууль тогтоомжийн дагуу нэмэгдлээ олгуулахаар гаргаж байгаа нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа учраас дэмжиж байна. Шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байгаа” гэв.
5. Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Тус сумын татварын улсын байцаагч Х нь босоо удирдлагатай албан хаагч буюу сумын Засаг даргын дэргэдэх албадын албан хаагч бөгөөд цалин, нэмэгдэл нь аймгийн Татварын хэлтсээс олгогддог. Х нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан батлуулдаггүй.
5.2. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг тухайн харьяалах хэлтэс нь үнэлдэг. Тухайн нэмэгдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлдэг албан хаагчдад олгож байна.
5.3. Тухайн нэмэгдлийг дэргэдэх албадын албан хаагчдад олгох нөхцөл бүрдээгүй. Хүний нөөцийн систем, Төрийн албаны цалингийн системд дэргэдэх албадын албан хаагчийг бүртгэх боломжгүй (харьяалах хэлтэс, албадаас цалин олгогддог, тухайн байгууллагын хүний нөөцийн системд бүртгэгдсэн байдаг) байдаг. Тухайн албан хаагчид байгууллагын хүний нөөцийн системд бүртгэгдсэн төрийн албаны цалингийн системд шууд мэдээлэл нь татагдах боломжтой албан хаагчдад олгодог.
5.4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9- д заасны дагуу “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах” гэсэн заалтын дагуу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9 дэх удаагийн бүрэн эрхийн 7 дугаар хуралдаанаар сумын Засаг дарга, түүний Тамгын газраас өргөн барьсан “Сумын 2025 оны төсөвт тодотгол оруулах” асуудлыг хэлэлцэн баталсан. Тус хуралдаанаар сумын Засаг даргын дэргэдэх албадын албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгохоор тогтоолын төсөлд тусган оруулж ирж байсныг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан.
5.5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийг хэлэлцэн баталж, нэмэлт, өөрчлөлт оруулж батлан төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу батлагдсан төсвийг захиран зарцуулах шийдвэр гаргадаг болохоос төсвийг захиран зарцуулж, сумын төрийн албан хаагчдад цалин олгодог байгууллага биш юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд дээрх нөхцөл байдлууд болон татварын улсын байцаагчид нэмэгдэл олгох нөхцөл, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй тул орон нутагт ажилласны нэмэгдэл олгогдохгүй байсан.
5.6. Харин 2025 оноос зарим сумд олгож эхэлсэнтэй холбогдуулан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн зүгээс бусад сумд өгч байгаа бол өгч болох байх, эрх зүйн орчноо судлаад тогтоолын төсөлд тусгасан юм байна гэж үзээд дэргэдэх албадын албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар олгохоор төсвийн шууд захирагч болох Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон” шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Миний бие ялгаварлан гадуурхсан, хууль тогтоомж биелүүлээгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
6. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Ц-оос шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. “Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-д Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн нутгийн хөгжлийн бодлогын захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур,Багахангай,Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно”, 2.5-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно” гэж тус тус заасан бөгөөд орон нутагт ажилладаг албан хаагчдад буюу сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамрагдаж байгаа албан хаагчдад сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт тусган төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системээр олгож ирсэн бөгөөд улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох асуудал нь эрх зүйн орчин нь бүрдээгүй, тэгээд ч сумын Татварын байцаагчийн хувьд сумын Засаг даргын Тамгын газар тухайн байгууллага нь биш гэж үзэж байгаа тул олгох ёстой зүйлийг олгохоос татгалзсан эс үйлдэхүй гэж үзэхгүй байна.
6.2. “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол улсын засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25 ны өдрийн 238 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “ Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ ”-ээр суманд ажиллаж байгаа Татварын улсын байцаагч Хийн зөвхөн үндсэн цалин нь гэхэд л орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид /өөрийнх нь ижил үнэлэмжтэй гэж үзэж байгаа/-аас 19.9 хувиар илүү олгогдож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.” Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, Хөдөлмөрийн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1.” Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх” заалтууд зөрчигдөөгүй гэж үзэж байна.
6.З. Татварын байцаагч Х болон бусад босоо удирдлагатай төрийн албан хаагчид нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон нутагт ажилласны нэмэгдэл авах тухай хүсэлтийг сумын Засаг даргад хандан ирүүлсэн тул 2025 оноос зарим сумд олгож эхэлсэн болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” сумдын Засаг дарга нарт ирүүлсэн албан бичиг зэргийг судалж орон нутгийн орлогын бүрдэлттэй уялдуулан орон нутагт ажилласны нэмэгдлийг 30 хувиар олгох саналтайгаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж “Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 31 -ний өдрийн 07/01 тогтоолын 7 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргын дэргэдэх улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан хаагчдад 30 хүртэл хувиар олгохоор шийдвэрлүүлсэн боловч төсвийн тодотгол нь аймгийн төвлөрүүлэн захирагчид нэгтгэгдээгүй байгаагийн улмаас одоогоор олгогдоогүй байна.
6.4. Иймд миний бие орон нутагт төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхсан, хууль тогтоомж биелүүлээгүй болон зөрчсөн үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. “Миний хувьд холбогдож байгаа шалтгаан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийг Засаг даргад хэдийгээр үүрэг болгосон боловч орон нутагтаа эдгээр тогтоолын дагуу 40 хувийг олгох албан тушаалтан нь миний бие байгаа. Тийм учраас энэ асуудалд өөрийнхөө хамаарсан асуудлаар албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд холбогдож орохоос өөрцгүй. Нөгөө талаасаа энэ талаарх мэдээллийг хангалттай хэмжээнд мэдэж байгаа.
7.2. Х улсын байцаагчийн гаргасан нэхэмжлэлд төрийн албан хаагчийг ялгаварлан гадуурхаж байна гэдэг дээр би бол өөр байдлаар хандаж байгаа. Яагаад гэвэл Х нь хэдийгээр төрийн захиргааны албан хаагч ч гэсэн орон нутагт угаасаа ялгавартай байгаа алба. Яагаад гэвэл нэг нь босоо удирдлагатай буюу татварын газраасаа цалин хөлсөө авдаг, тэдний ажлын чиг үүргийн хүрээнд үүргээ гүйцэтгэж байгаа. Орон нутагт ажиллаж байгаа албан хаагчид цэвэр орон нутаг дээр ажиллаж байгаа орон нутаг дээр төсөв нь батлагдаж ирж байгаа албан хаагчид үүргээ гүйцэтгэж байгаа. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн бодлогод оролцож байгаа оролцоо нь хийж байгаа албан тушаалынхаа чиг үүргийн хувьд шал өөр. Энийг ялгавартай хандсан гэж үзэхгүй байгаа.
7.3. Тамгын газрын албан хаагчдын хувьд нэмэгдэл авч байгаа нь орон нутгийн нэмэгдлийг журмын дагуу манайх төсвийнхөө хөрөнгийн боломжид тулгуурлан шийдвэрлэсэн. Манайх саяын гаргасан журмыг Х байцаагч захиргааны хэргийн шүүхэд хандсантайгаар журам гаргасан гэдэг нь тийм биш. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол гарсантай холбоотойгоор энэ журмыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин юу байна, энийг боломжит хэмжээгээр хэрэгжүүлэх боломж юу байна гэдгийг судалсныхаа үндсэн дээр манайх сая журам боловсруулан эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийг өөрсдийг нь байлгаж байгаад энийг яаж өгвөл боломжтой вэ гэдэг байдлаар хуралдаанаа хийгээд тэмдэглэл үйлдээд, саналыг нь сонсоод сонсох үйл ажиллагаа хангалттай байж энэ журмуудыг боловсруулан оруулж ирсэн.
7.4. Энэ журмын хэрэгжилтийн хүрээнд сумын Засаг даргын захирамж гаргаж гарч энийг мөн хэрэгжүүлсэн. Энэ хэрэгжилтийн хүрээнд манай тусгай босоо удирдлагатай албан хаагчид маань гүйцэтгэлийнхээ төлөвлөгөө дээр нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа учраас бид нар Х-д саяын гарсан журмын хэрэгжилтийг та өөрөө хангаж ажиллаач, тэр тохиолдолд манайх нэмэгдлээ өгөх боломж байна гэсэн байдлаар хандсан. Түүнээс энэ журмаар гацаачих юм бол энэ хүний нэмэгдлийг өгөхгүй байж болох юм байна гэдэг байдлаар тэгж хандаж гаргаагүй. Журмаас энэ нь харагдана.
7.5. Нөгөө талаас төрийн албан хаагч бол бүгд гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ маань тухайлах ямарваа нэгэн ажил үйлчилгээ хийлээ, тэрийг төр санхүүжүүлэхэд тэр ажил үйлчилгээний тоо, чанар, хэмжээг харж байж санхүүжүүлдэг. Түүнтэй адилхан төрийн албан хаагчдын хийж байгаа ажил үйлчилгээ болон тоо чанартай, төлөвлөгөөтэй, тэрэнд нь тохирсон санхүүжилт буюу тухайн албан хаагч нарт цалин гэж очиж байгаа. Тэгэхээр энэ нь ямар эрх зүйн орчноор дамжиж суманд хэрэгжиж байна вэ гэхээр Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, түүнийг баталж хэрэгжүүлэх журам гээд байж байгаа. Энэ маань улс орны хэмжээнд өгнө, өгөхгүй гэсэн байдалтай байж байгаа. Би ч өөрөө Сангийн яамнаас хэрэгжүүлэхийн тулд зөвлөмж авах гэж албан тоот хүргүүлсэн. Энэнд эцэслэн шийдвэр өгөөгүй янз янзаар тайлбарлаж хэлж байгаа.
7.6. Хурлын шийдвэр тогтоолыг хэрэгжүүлье гэж харж байгаа ганц гарц маань энэ журам байх юм байна. Энэ журам дээр орон нутагт ямар бүтээгдэхүүн, ямар ажил үйлчлэлийг нийлүүлэх вэ гэдгийг гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр бид харж байж гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангаж нэмэгдлийг олгож, санхүүжүүлж хангаж явах юм байна гэдгийг ярилцаж тохирч саяны журмыг боловсруулсан байгаа. Манайх яагаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд энийг санал болгож оруулсан бэ, түрүүнд нь яагаад санал болгохгүй байсан юм бэ гэдэг асуудал мэдээж асуудал яригдах байх. Орон нутагт ажиллаж байгаа албан хаагчид түлхүү орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа учраас бид нар эхний ээлжид орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдаа нэмэгдлийг нь шийдээд, дараа нь хөрөнгө санхүүгийнхээ боломжид тулгуурлан дараагийнхаа шатанд босоо удирдлагатай албан хаагчдынхаа асуудлыг шийдье гэдгээр аймгийн төсөв, төрийн сангийн санхүү, албаны даргаас ирсэн чиглэл, саяын яриад байгаа Засгийн газрын 82 дугаар тогтоолоор батлагдсан журам, тэдгээрийг үндэслээд орлого, зарлагадаа тулгуурлаж байгаад 07 дугаар сарын 31-нд суманд 30 хувиар өгөх боломжтой юм байна гэдэг тооцооллыг манай санхүү албанаас боловсруулаад бид нар хөрөнгийн боломжид тулгуурлах ийм саналыг оруулсан.
7.7. Энэ нь эрх зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл төрийн албанаас орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох журам дээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн нэмэгдлийг олгохоор тогтоож өгч болно л гэчихсэн байгаа юм. Заавал энийг сумын хурал тогтоо, тогтоохгүй энийг эс үйлдэхгүй гэж тооцно гэсэн юм байхгүй. Тухайн хөрөнгийнхөө боломжид тулгуурлаад боломжтой болсон үедээ тогтоох учраас бид нар боломжтой боллоо гэдэг үедээ л энийг санаачилж оруулсан гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах шаардлагын тухайд.
1.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор төрийн албан хаагч нарт олгох нэмэгдэл хөлс олгох журмыг 6 дугаар хавсралтаар баталсан. 6 дугаар хавсралт нь анх “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам” гэж батлагдсанаас хойш дараах өөрчлөлтүүд орсон байна:
1.2. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар 57 дугаар зүйлийн 57.17 “Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно." гэсэн заалт нэмж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж өөрчлөлт оруулсныг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2022 оны 489 дүгээр тогтоолоор 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан дээрх журмын гарчгийн “үйлчилгээний албан хаагчид” гэсний өмнө “захиргааны болон” гэж нэмж, дугаарлалтын “4” гэснийг “6” гэж өөрчилж, дараах агуулгатай 4, 5 дугаар заалтыг нэмсэн:
1.3. Үүний дараа Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор дээрх 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дахь заалтын “орон нутгийн захиргааны” гэсний дараа “болон улсын төсвийн” гэж нэмсэн,
1.4. Мөн Засгийн газрын 2023 оны 272 дугаар тогтоолоор уг 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
1.5. Харин 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор дээрх 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан журмыг бүхэлд нь өөрчилж баталсан байх ба уг журмыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.
1.6. Дээрх журмын 2.1-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно”, 2.3-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно.”, 2.5-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.” гэж тус тус заажээ.
1.7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Хийн 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн картын мэдээллээс харахад орон нутагт ажилласны нэмэгдэлд 2024 оны 1, 2, 3 дугаар сард 20 хувиар, 2024 оны 4 дүгээр сараас эхлэн 40 хувиар тооцогдон олгогдож байсан баримт авагдсан байна.
1.8. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг; 4.1.27-д "орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” ойлгохоор тус тус заасан.
1.9. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д “орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх; 6.6.6-д “тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх зарчмыг баримтлахаар заасан.
1.10. Эдгээр хуулийн дагуу улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг хариуцагч нарт хуулиар ногдуулаагүй байна.
1.11. Мөн нэхэмжлэгч нь нэгэнт өөрийн харьяалан ажилладаг улсын төсвийн байгууллагаас орон нутагт ажилласны 40 хувийн нэмэгдлийг авч байх тул орон нутгийн төсвөөс давхардуулан авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгохгүй ямар ч үндэслэлгүй шалтаг зааж ялгаварлан гадуурхаж хуулийн заалтыг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй гаргаж байна гэх тайлбар үндэслэлгүй байна.
1.12. Иймд нэхэмжлэгч Хийн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Орон нутгийн нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд
2.1. Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар 1. Сумын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай, 2. Бусад гэсэн асуудлыг хэлэлцсэн байх ба бусад асуудлаар сумын Засаг даргын дэргэдэх улсын төсвийн байгууллагын төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох асуудлыг хэлэлцэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 94.7%-ийн саналаар 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутагт ажилласны нэмэгдлийг 30 хүртэл хувиар олгохоор шийдвэрлэсэн байна.
2.2. Орон нутгийн нэмэгдлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн төсөвт эсхүл, тухайн төсвийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэж болохоор буюу эрх бүхий захиргааны байгууллагуудаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд хэрэгжүүлэх агуулгатай цалин хөлсний бүрдэл гэж үзэхээр байна.
2.3.Тодруулбал, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн нэмэгдлийг орон нутгийн болон улсын төсвийн аль аль байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид олгох асуудлыг орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэх бүрэн эрхийг, мөн тухайн төрийн албан хаагчийн ажиллаж буй байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нар нь орон нутгийн нэмэгдлийг олгох асуудлыг тухайн жилийн төсөвтөө тусган шийдвэрлэх бүрэн эрхийг тус тус сонгох боломжийн хүрээнд хэрэгжүүлэхээр заажээ.
2.4.Иймээс орон нутагт ажилласан нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй, тодруулбал, орон нутгийн нэмэгдлийг тухайн жилийн төсөвтөө тусган, олгох эсэх асуудлыг хариуцагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад буюу орон нутгийн хөгжлийн бодлого, төсвийн хүрэлцээтэй байдлын хүрээнд үндэслэн шийдвэрлэх, тэдэнд хуулиар олгогдсон сонгох боломж байх тул орон нутагт ажилласан нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Төсвийн тухай хуулийн 4.1.6, 4.1.27, 6 дугаар зүйлийн 6.6.5, 6.6.6, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журмын 2.1, 2.4, 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ