| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08167/И |
| Дугаар | 191/ШШ2025/06059 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/06059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, Боржигон овогт ы ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, Ногоон оройт овогт ы ******* /рд:/-д холбогдох,
Арилжааны гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б.*******, гэрч Н. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ж.******* нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкнаас 60,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ХААН БАНК-иас ЗГ-202248425205 дугаартай зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийн зээл авч удмаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Галмандахаас 130,000,000 төгрөгөөр Toyota Land Cruiser Prado 150, арлын дугаар *******, гаалийн дугаар , 4000сс, Сувдан цагаан, Автомат, Бүх дугуй хөтөлнө (AWD), Бензин хөдөлгүүртэй, км, Үйлдвэрлэсэн он 2014 оны 01 дүгээр сард, орж ирсэн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр орж ирсэн автомашиныг худалдан авсан. Улмаар уг авто машиныг Хариуцагч Б.*******тэй 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хуульд заасан арилжааны гэрээ байгуулж 120,000,000 төгрөгөөр зарж, хариуд нь Б.Бат-эрдэнийн өмчлөлийн Audi All Road Quatro, арлын дугаар *******, Гаалийн дугаар *******, 2967сс, Цагаан, Автомат, Бүх дугуй хөтөлнө (AWD), Дизель, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017 оны 06 сарын 28-ны өдөр орж ирсэн авто машиныг 50,000,000 төгрөгт тооцон өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Улмаар талууд Иргэний хуулийн 275.1-т "Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно." гэж заасны дагуу зөрүү төлбөр болох 70,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ж.*******ын Голомт банкны 3******* тоот дансанд 3,000,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үнийн зөрүүг төлөөгүй. Нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр "БАН ХАС" ХХК-иар нэхэмжлэлд дурдагдаж буй 2 авто машинд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд уг "Авто машин техникийн үнэлгээний тайлан"-аас харахад Audi A6 All Road Quatro авто машин нь 52,522,342 төгрөгөөр, Toyota Land Cruiser Prado 150 авто машин нь 105,615,554 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон бөгөөд хариуцагчаас төлбөрийн үүргээ биелүүлэхийг шаардахад худал тайлбар хэлж, төлбөрөө төлөхөөс зайлсхийсээр өнөөдрийг хүрч байна. Иймд гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр болох 67,000,000 төгрөгийг Б.*******эс гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 9 дүгээр сард өөрийн таньдаг ******* гэх хүнтэй машин худалдан борлуулж, наймаа хийсэн. Тэр үед ******* 2016 онд үйлдвэрлэсэн 2017 онд орж ирсэн Audi A6 машиныг авъя, харин зөрүүнд нь 2014 онд үйлдвэрлэгдсэн Prado 150 загварыг өгье гэж тохирсон. Тэгээд тухайн үед ******* Prado 150 загварын машины зөрүү мөнгө гэж нэлээд өндөр үнэ хэлэхээр нь би зөвшөөрөх боломжгүй, наймаа хийгдэхгүй гээд татгалзсан. Тэгээд ******* хэд хэдэн удаа гуйсаар байгаад наймаа тохирсон. Зөрүү 12,000,000 төгрөг өгье гэж яригдсан юм. Тэгээд харилцан тохиролцоод тухайн үед өөрийнхөө Audi A6 загварын машинаа *******д өгөхөөр болсон. ******* Prado 150 загварын машиныг миний хуурай дүү Ж.******* гэдэг хүний нэр дээр байгаа, бүгдээрээ очоод гэрээ хийгээд, тэгээд Авто тээврийн газар очиж шилжүүлье гэсэн. Тухайн үед Prado 150 загварын машины эзэмшигч Ж.******* бас энэ ******* гэдэг хүн ямар холбоотой юм бэ гэж асуухад ******* бол миний хуурай ах гэж хэлж байсан. Ингээд 2024 оны 6 дугаар сарын орчим гэнэт Ж.******* над руу залгаад ******* намайг залилчихлаа, нөгөө машины зөрүү мөнгийг өг гэхээр нь би тэр үед нь юун машины зөрүү яриад байгаа юм бэ, тухайн үед ******* аль хэдийн тооцоо нийлээд, наймаа хийгдчихсэн. Зөрүү мөнгийг ч гэсэндээ өгчихсөн шүү дээ гэсэн. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслээ арилжааны гэрээгээр шилжүүлсэн. Бид өөрийн биеэр ирээд эд зүйлээ солилцсон. Эд зүйлээ солилцоод 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буюу 2 хоногийн дараа ******* Прадо тооцоо гээд 8,000,000 төгрөгийг өөр Болор-Эрдэнэ гэх хүний данс руу шилжүүлдэг. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ж.*******ын дансанд хэлсэнийх нь дагуу 3,000,000 төгрөгийг *******д гэдэг гүйлгээний утгатайгаар шилжүүлдэг. Үүгээр зөрүү мөнгө гээд ярьж байсан 12,000,000 төгрөг нь тухайн үед яаралтай өгөх юм бол хямдруулчихна гэснээр 11,000,000 төгрөг өгснөөр тооцоо дуусчихдаг. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэнэт шүүхэд 67,000,000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Тухайн үед ******* гэдэг хүн тээврийн хэрэгслийг шилжүүлж авъя гэж анх тохиролцоог Ж.*******тай хийсэн. Тэгээд ******* нь Ж.*******ын картыг авч явж байсан. Яагаад гэвэл өөрийн гэсэн дансгүй, картгүй. Ж.*******ын картыг нь аваад, эзэмшээд явж байсан. Дараа нь нийт 3,000,000 төгрөгийг бид нарт өгсөн гэж өөрөө мэдүүлсэн. Бусад мөнгийг ******* нь өөрийн мэдлээр юм шиг зарцуулсан үйл баримт тогтоогддог юм. Зөрүү мөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 10 дугаар сараас хойш ахиж яагаад нэхэмжлээгүй вэ. Үнэхээр 67,000,000 төгрөгөөр тохирсон юм бол таньж мэдэхгүй хүмүүс энэ талаар бичгийн гэрээ байгуулахгүйгээр машинаа солилцоно гэж байхгүй шүү дээ. Ж.******* өнөөдөр магадгүй *******гаас мөнгөө нэхээд, зөрүү мөнгөний асуудлыг ямарваа нэгэн байдлаар өөр байдлаар тохирсон ч юм уу нөхцөл байдал байж болзошгүй. Яагаад вэ гэвэл *******тай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа, энэ нь нэлээн их хэмжээний мөнгөөр бид нарыг хохироосон гэсэн мэдүүлгийг гэрч Ю.Энхчимэг буюу Ж.*******ын эхнэр нь мэдүүлдэг. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, Бан хас ХХК-ийн үнэлгээ, худалдах-худалдан авах гэрээ, хадгаламж барьцаалсан гэрээ,
3.2 хариуцагчаас гаргасан дансны хуулга,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн хэрэг бүртгэлтийн 250600796 тоот хэргийн материал, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...130,000,000 төгрөгөөр худалдсан авч байсан өөрийн өмчлөлийн Toyota Land Cruiser Prado 150 маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслээ Б.*******д 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр арилжааны гэрээ байгуулж 120,000,000 төгрөгөөр зарж, хариуд нь Б.Бат-эрдэнийн өмчлөлийн Audi All Road Quatro маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгт тооцон авч, зөрүү 70,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр тохирсон. Б.******* нь зөрүү төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 67,000,000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ...Би өөрийн танил *******аар дамжуулан Ж.*******ын өмчлөлийн Audi All Road Quatro маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ж.*******ын өмчлөлийн Toyota Land Cruiser Prado 150 маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслээр сольсон. Зөрүү төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тохиролцсон. Уг 12,000,000 төгрөгийг *******ийн данс руу хий гэсний дагуу шилжүүлсэн. Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед 120,000,000 төгрөг хүрэхээргүй, Араб улсад буюу халуун газар унаж хэрэглэсэн, Монголын хүйтэн нөхцөлд явахад хэцүү үнэ нь буурсан тээврийн хэрэгсэл байсан гэж тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Зохигчдын хэн аль нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ж.******* нь өөрийн өмчлөлийн Toyota Land Cruiser Prado 150 маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Бат-эрдэнийн өмчлөлийн Audi All Road Quatro маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслээр харилцан солилцохоор тохирч, Автотээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн байна.
Дээрх тээврийн хэрэгслүүдийг талуудын хэн аль нь солилцож авсанаас хойш бусдад худалдан борлуулсан талаар тайлбарласан, уг үйл баримт нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон.
Голомт банк дахь Ж.*******ын эзэмшлийн 3******* тоот данс руу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг хуягаад Б.******* гэх гүйлгээгээр шилжүүлсэн байна. Уг мөнгөн хөрөнгийг талуудын хэн аль нь хариуцагч Б.*******эс тээврийн хэрэгслийн зөрүү төлбөрт тооцон шилжүүлсэн болохыг тайлбарласан. /хх-7, 212/
Мөн Хаан банк дахь Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн ******* тоот данснаас 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг хуягаад прадо тооцоо гэх гүйлгээгээр 5027863223 тоот данс руу шилжүүлсэн байна. Хариуцагч Б.*******эс дээрх гүйлгээг ...биднийг тээврийн хэрэгсэл солилцоход зуучилж танилцуулсан ******* руу прадо машины зөрүү үнэ 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч Ж.*******аас ...дээрх 8,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тус тус тайлбарласан. /хх-213/
4. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан. Зохигчдын хэн аль нь Ж.******* нь өөрийн өмчлөлийн Toyota Land Cruiser Prado 150 маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Бат-эрдэнийн өмчлөлийн Audi All Road Quatro маркийн, ******* арлын дугаартай тээврийн хэрэгслээр харилцан солилцож авсан үйл баримтыг тайлбарлаж, маргаагүй. Тэдгээрийн хооронд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн өмчлөлийн Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийг 120,000,000 төгрөгийн үнэтэй байсан, Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн Audi All Road Quatro маркийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр тооцож, надад зөрүү 70,000,000 төгрөг төлөхөөр тохирсоноос 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 67,000,000 төгрөгийг төлөөгүй гэж шаардсан.
Хариуцагч Б.*******эс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ...тээврийн хэрэгслийн зөрүү төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тохирсоныг бүрэн төлж барагдуулсан. Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгсэл 67,000,000 төгрөгийн үнэ хүрэхгүй байсан гэж маргаж байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
Талууд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр арилжааны гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээг амаар байгуулах замаар Автотээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг харилцан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Солилцож байгаа хөрөнгийн үнийг зөрүүг мөнгөөр тооцох буюу 67,000,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ж.*******аас ...Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн баримтад маргааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийн үнэ харилцан зөрүүтэй байгаа, мөн гэрч нарын мэдүүлгээр зөрүү үнийг 67,000,000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдоно гэж тайлбарласан.
Монгол Улсын гаалийн хилээр маргааны зүйл болох тээврийн хэрэгслүүд орж ирсэнээс хойш хэд хэдэн удаагийн өмчлөгч өөрчлөгдөж, бусдад ашиглагдсаны дараа талуудын эзэмшилд шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон. Иймд зохигчдыг арилжааны гэрээ байгуулах үеийн тээврийн хэрэгслийн үнийг өмнө нь Монгол Улсын гаалийн хилээр орж ирсэн баримтыг үндэслэн тогтоох боломжгүй.
Мөн гэрч нарын мэдүүлгээр талуудын хооронд харилцан солилцсон тээврийн хэрэгслийн үнийг 67,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Арилжааны гэрээний зүйлийн үнийг хэдэн төгрөгөөр тогтоох нь тухайн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд хамаарна. Иймд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулсанаас хойш тээврийн хэрэгслийг хэн аль нь бусдад худалдан борлуулсаны дараа Бан хас ХХК-иар гаргуулсан үнэлгээгээр гэрээний үнийг тогтоох боломжгүй.
Нэхэмжлэгч Ж.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг хуягаад Б.******* гэх гүйлгээгээр шилжүүлснийг тээврийн хэрэгслийн зөрүү үнэд тооцон хүлээн авсан гэж тайлбарлах атлаа 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг хуягаад прадо тооцоо гэх гүйлгээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан нь учир дутагдалтай байна.
Дээрх мөнгөн гүйлгээнүүдийг хариуцагч Б.*******эс *******д прадо тооцоо гэх утгаар шилжүүлсэн нь талуудын маргааны зүйл болох Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийн үнийг төлсөн гэж үзэхээр байна. Талуудын хэн аль нь арилжааны гэрээг ******* гэх иргэнээр дамжуулан, зуучлуулж байгуулсан үйл баримтын талаар тайлбарласан. Үүнээс дүгнэхэд хариуцагч Б.******* нь тээврийн хэрэгслийн зөрүү үнэд 12,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь 8,000,000 төгрөгий хүлээн аваагүй хохирсон гэж үзвэл ******* гэх иргэнээс уг мөнгөн хөрөнгийг шаардах эрх нь нээлттэй.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдох 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ