| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00023/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 29
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Хохирогч П.Д ,
Шүүгдэгч Б.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Болдын Б ид холбогдох эрүүгийн 1826000060013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ямаат овогт Б.Б
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22-23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн задгай тоотод хохирогч П.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 905580 төгрөг төлсөн. Үүнээс 200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хохирогч П.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би 16 цагийн үед байх гэрээсээ тамхи авах гээд дэлгүүр рүү гарсан. Ингэхдээ бол би машинтайгаа явж байсан юм. Тэгээд тамхи авчихаад буцаад явж байгаад Б тай таарсан юм. Б мотоцикльтой эхнэр, хүүхдээ сундалчихсан явж байсан. Тэгээд тэнд уулзаад өмнө нь надад нэг нохойн гөлөг өгнө гэж байсан ба тэрийг нь би асуухад Б манайд гөлөг байна очоод ав гэхээр нь би дагаад Б ийн гэр рүү нь явсан. Тэдний гэрт нь очсон, тухайн үед надад 0.5 литрийн хэмжээтэй “Нутгийн буян” нэртэй архи байсан ба тэрийгээ тэдний гэрт уусан. Үүний дараа Б эхнэртэйгээ хамт дэлгүүр рүү явсан. Ирэхдээ төмөр лаазтай хоёр ширхэг пиво авч ирсэн. Тэрийг нь бас уусан. Б нэг хүнтэй утсаар ярьж байгаад айлд очих болоод Б бид хоёр цуг явсан. Ингэхдээ би Б ид машинаа унуулсан. Би ангилалтай гээд байхаар нь машинаа бариулчихсан юм. Тэгээд тэр утсаар ярьсан айлд нь очсон ба одоо гэрийн хаяг нь хаана гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан 10 дугаар хороонд байсан байх. Тэгээд тэр айлд нь ороход нөгөө хүн нь ганцаараа архи уугаад сууж байхаар нь Б бид хоёр хамт уусан. Тэр гэрээс тухайн ахын хамт гараад 1 дүгээр хороонд байдаг “Арвайн тал” гэх бааранд очсон. Тэр баарнаас нөгөө хамт явсан ах ороод 1 шил 0.5 литрийн архи бас нэг 2.5 литрийн пиво аваад буцаад Б ийн гэр рүү явсан. Ингээд гэрт нь ирээд нөгөө авч ирсэн архиа уугаад байж байхад нөгөө хамт явсан ахтай нь би маргалдсан. Одоо яг юунаас болж маргалдсан гэдгээ бол санахгүй байна. Тэгээд Б намайг алгадаад авчихшиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан. Тухайн үедээ ухаан алдчихсан байсан. ...Гомдолтой байна. Гэртээ бол ганц ажил хийж ар гэрээ авч явдаг хүн нь би байсан. Тиймээс эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролдоо мөнгө нэхэмжилнэ. Үүнтэй холбоотой баримтыг тусад нь гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Г.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өчигдөр 16 цаг өнгөрч байхад би нөхөр хүүхдийн хамт хадам аавынхаасаа гараад гэр рүүгээ явж байтал тэр Д гэж хүнтэй таараад тэр хүн манайхаас гөлөг авна гээд манайх руу явсан. Ингээд манай гэрт ороод удалгүй Д гэж хүн нь Б ийг машинд суучих хө ярих юм байна гээд дагуулаад гарсан ба 30 орчим минутын дараа хоёулаа архи үнэртүүлчихсэн орж ирээд цай уучихаад гараад явсан. Ингээд 21 цагийн орчим Д , Э, Б гурав орж ирээд том савтай боргио пиво, 500 граммын Хараа архи гаргаж ирээд архинаас нь Б уугаагүй бөгөөд Д , Э хоёр хувааж уусан ба харин пивоноос нь Б уусан. Ингэж ууж байх явцдаа Д нь Э ах руу дайраад гуйлгачин, пизда гэх мэтээр хэлээд мөн Б руу бас дайрч давшлаад хэрүүл өдөөсөн. Ингээд байж байтал Д нь Э ахыг нэг удаа гараараа толгой руу цохьсон. Тэгтэл Б Д-г боль гээд гараа зангидаж байгаад хоёр талын шанаа руу нь нэг нэг удаа цохьсон. Тэгтэл Д нь газар унасан ба Б дээрээс нь мордож байгаад нилээд хэдэн удаа алгадсан. Тэгтэл Д амнаас цус гарсан. Ингээд би болиулах гээд салгах гэтэл Б уурлаж орилж байгаад униа татаж хугалсан. Тухайн үед Э орон дээр таталт өгөөд хэвтэж байсан. Ер нь татдаг хүн юм байна лээ. …Ямар нэг зодоон цохион хийдэггүй, жаахан надтай хэрэлдэж байгаад л унтчихдаг юм. Архи их уудаггүй, пиво бол уудаг. ...Архинаас л болж бие биенийхээ үгийг даахгүй муудалцсан. Доржсэнбэ нь өөрөө эхэлж хэрүүл маргаан үүсгэсэн. ...Д нь Б ийг цохиж зодсон асуудал огт байхгүй. ...Ямар нэг гэмтэл шарх байхгүй байсан. Архи уугаагүй эрүүл байсан. Энд тэнд өвдөж байна гэж огт яриагүй. Зүгээр ирсэн. ...Зүгээр орж ирсэн ямар нэг байдлаар бусадтай маргалдаж зодолдсон шинж тэмдэг байхгүй байсан. Ямар нэг бэртэл гэмтэл авсан шинж байхгүй байсан. Хувцасыг нь би анзаараагүй юм. ...Зүүнбаян-Улаан суманд 4 дүгээр анги л төгссөн. Төлөв даруу, хүнд тусархаг, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, мотоциклиороо таксинд явдаг ба гэртээ орой ирэхдээ байнга л гурил будаа гэх зүйл авч ирдэг, нэг ёсондоо бид нарыг тэжээдэг хүн юм. Бид хоёр 2015 онд танилцсан ба 2016 онд хамт амьдарч эхэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэдтэй болсон. Хүүхэд Б аар овоглодог юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие 2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим гэртээ өмнөх өдөр нь архи уучихсан шартаад хэвтэж байтал Б над руу утсаар яриад та хаана байна дүү нь яваад очих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б ийг ганцаараа явж байгаа юм байх гэж бодоод гэртээ байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Б нэг үл таних миний үеийн залуутай /Д / орж ирэхээр нь би орны ард байсан жаахан архиа гаргаж өгөөд бид гурав нэг нэг аяганы ёроолоор уучихаад манайхаас гараад нэг жижиг саарал өнгийн машинд суугаад Батбаянхангай модны захын ард талд нэг айлд очтол нөгөө уулзах хүн нь байхгүй байсан. Тэгтэл тэр хоёр нэг том савтай пиво гаргаж ирээд надад аягалж өгөхөөр нь би үнэрийг нь аваад шууд бөөлжсөн ба тэр хоёр пивоо хувааж уусан байх. Би ямар ч тэнхэлгүй байсан. Тэгээд талбай орж Б нэг хүнтэй хальт уулзчихаад 11 дүгээр хороо руу манай ээжийнд очоодхъё гэхээр нь бид хэд Б ийн ээжийнд очоод Б , Д бид гурав орж бууз идчихээд тэднийхээс гараад гэр рүүгээ явж байх замд Б надад хандаж та ганц шил юм аргалаач гэхээр нь би за надад мөнгө алга гэхдээ “Арвайн тал” баар руу очиж асууж үзье гээд яваад очтол баар онгорхой байсан. Тэгэхээр нь би тухайн баар руу ганцаараа яваад ортол хальт таньдаг зөөгч байхаар нь ах нь 500 граммын “Хараа” архи 1 шил, нэг том савтай “Боргио” пиво аваад машиндаа суугаад шууд Б ийн гэрт очсон. Тухайн үед 21 цаг болж байсан шиг санагдаж байна. Ингээд Б ийн гэрт ороход эхнэр, хүүхэд хоёр нь байсан ба Б архиа задлаад надад хийж өгөхөөр нь би нэг татчихаад ах нь одоо уухгүй ээ жаахан хэвтээдхье гэтэл эхнэр нь ор засч өгсөн. Би орон дээр нь хэвтээд унтах гэж байтал Б ийн эхнэр нь Э ах хоол ид гэхээр нь би босоод хоол идсэн. Намайг босох үед тэр хоёр пиво уугаад сууж байсан ба Б надад жижиг мөнгөн аягаар нэг хийж өгсөн. Тэгэхээр нь би тухайн архийг нь татчихаад хэвтсэн. Тэгтэл Д гэх залуу над руу хараад "тэр нөхөр харваас нүдэнд хүйтэн муухай харцтай нөхөр байна" гэх мэтээр доромжлоод байсан ба тухайн үед Б үгүй ээ наадах хүн чинь гайгүй, манай уурхайн даргын дүү байгаа юм гэж намайг өмөөрч хэлж байсан. Тэгтэл тэр залуу надад хандаж аан тийм үү тэгвэл чи ахынхаа уурхайд боолыг нь хийдэг зарц нь уу гэх мэтээр намайг л баахан үгээр доромжилж байснаа гарч бие засаж орж ирснээ багана тойроод миний хажууд ирснээ энэ ер нь их зэвүүн пизда байна гэж хэлснээ намайг ар дагз хэсэг рүү минь алгадсан. Тэгтэл Б цаанаас босч ирснээ "чи манай Э ахыг цохьдог хэн бэ манай ах тийм хүн биш гэж хэлээ биз дээ" гэж хэлээд Д зүүн хацар луу нь баруун гараараа алгадах шиг болсон. Тэгтэл Доржсэибэ зуух, түлээний хайрцаг хоёрын тийшээ унасан ба тухайн үед би орон дээр суугаад салганаад таталт өгч байсан ба тэгээд нэг харсан Б Д дээр нь хөлөө алцайлгаад суучихсан алгадаад байж байсан. Хэд алгадсанг нь бол санахгүй байна. Б Д рүү дайрч байх хооронд нь Б ийн эхнэр Төрсайхан бид хоёр зуухны урд хоёр хөл нь унаад зуух бага зэрэг хазайсан байхыг нь босгож янзалж тавьсан юм. Тэгж байхад Б ийн аав, ээж хоёр нь орж ирээд Б ийг салгаад хойд ор руу дараад авсан ба Б эргэж босч ирэх гээд орны дээд талын уньнаасаа татаад хугалсан. Тэгээд би тэрнээс хойш санахгүй байна Нэг мэдэхэд би гадаа гарчихсан над руу нохой дайрч байсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд би суугаад эмнэлэг дээр ирсэн. Намайг согтуу болохоор л авч явсан байсан. Тэгтэл Эмнэлэг дээр Б , Б ийн ээж нар байсан ба Банзрачийн ээж намайг хариуцаад цагдаа нараас хүлээж авсан. Би нэг нүд юм хардаггүй, таталт өгдөг болохоор юмаа сайн санадаггүй юм. ...Б архи бараг уудаггүй бөгөөд пиво бол уучихдаг юм. Б ер нь жаахан омголон, залуу хүний ааг омогтой хүн юм. ...Тэр хоёр уул нь муудалцаагүй бөгөөд Доржсэнбэ над руу дайрч давшилж байгаад толгой руу алгадах үед л Б гэнэт огцом уурлаад цохьсон. Өмнө бол муудалцаагүй зүгээр байсан. ...Д нь Б ийг цохиж зодсон асуудал байхгүй. ...Ямар нэг гэмтэл шарх байхгүй байсан. Манайд Б тай ирэхдээ архи уусан үгүйг нь сайн мэдэхгүй байна. ...Ямар нэг хүнтэй болон хоорондоо маргалдаж зодолдсон асуудал огт байхгүй. ...Гараараа алгадаад унагах шиг болсон, мөн нэг харахад дээр нь алцайж суусан байдалтай алгадаад байсан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Өөр яаж зодсон талаар нь би хараагүй. ...Нэг удаа толгойн ар дагз хэсэг рүү алгадсан. Тэгэхэд надад тэгж гэмтэл бэртэл учруулахаар цохиогүй. Зөөлхөн цохьсон тул надад гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би эхнэртэйгээ гэртээ байж байтал хүүхэд залгаад хүнтэй зодолдсон гэсэн үү зодууллаа гэсэн үү нэг юм хэлээл хурдан Б ийн гэр рүү явъя гээд гарсан. Тэгээд Б ийн гэрт яваад очтол Б гэртээ одоо тэр хохирогч гээд байгаа Д гэж залууг доороо хийчихсэн өөрөө дээр нь гараад суучихсан байсан. Би Б ийг татаж босгоод ор руу түлхээд суулгасан. Тэгсэн Б эсэргүүцээд босч ирэх гэж унинаасаа татаад униа мулталчихсан. Тэгэхээр нь би орон дээр дараад хэвтээд байсан Удалгүй тайвшраад гайгүй болсон. Энэ үед нөгөө Д гэх залуу нь гараад явчихсан байсан. Тэгээд цагдаа нар хүрээд ирсэн байсан. ...Б Д эгийн дээр нь гараад суучихсан байсан, гэхдээ цохиж зодоогүй байсан. Тухайн үед бол Д эгийн нүд нүүр ам нь хавдаад цус гарчихсан байсан. Баруун талын орон дээр нь Э гэх хүн сууж байсан. Харин Б ийн эхнэр хүүхдээ тэвэрчихсэн галынхаа урд талд зогсож байсан. ...Д эгийн нүүр нь хавдчихсан нүүрнийх нь хаанаас юм бүү мэд цус гарчихсан, нилдээ цус болчихсон байсан. Харин Э Б хоёрын биед ил харагдах гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Энэ гурван хүн бол их согтолттой байсан. ...Анх эхнэр бид хоёрыг ороход бол Э , Т, Д , Б энэ дөрвөн хүн байсан. ...Юунаас болсон яагаад нэгнийгээ зодсон талаар бол хэлээгүй. Д э гэх хүн зогсож байсан нэг харахад гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч А.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байж байтал Б залгаад ээжээ би хүн зодчихлоо одоо шоронд орох байх одоо яана аа гэхээр нь би өөрийн нөхөр Б-г дагуулаад Б ийн гэрт яваад очтол Б гэртээ Д гэх хүний дээр нь гараад суучихсан байсан. Нөгөө хүн нь их сүрхий болчихсон байсан. Нүд, нүүр, ам нь хавдчихсан цус гарчихсан байсан. Тэгээд манай нөхөр Б.Б ийг татаж босгоод ор руу түлхээд суулгасан. Тэгсэн Б эсэргүүцээд босч ирэх гэж унинаасаа татаад униа мулталчихсан. Үүний дараа Б Д э рүү дайраад байхаар нь би Д эг одоо гар, гадаа байж бай гээд гаргачихсан. Тэгээд Б ийг тайвшруулаад байж байгаад гайгүй болохоор нь Д эгийн араас гартал гадаа алга байсан. Тэгээд хашаанаас гараад араас нь хайсан олдохгүй болохоор нь гэрт ороод байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд Б ийг аваад явсан. Б Д эгийн дээр нь гараад суучихсан байсан гэхдээ цохиж зодоогүй байсан, тэрнээс өмнө нь Д эг цохисон байсан байх. Тухайн үед бол Д эгийн нүд, нүүр, ам нь хавдаад цус гарчихсан байсан. Нэг мотоцикль байдаг өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Өнгөрсөн жил багаас үнэгүй тусламжын гэр өгсөн тэр гэртээ л эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. ...Тиймээ миний төрсөн хүүхэд болохоор өмнөөс нь л их явлаа. Өвгөн бид хоёрт нэг унагатай гүү байсан мөн 5 бог мал байснаа зараад мөнгийг нь Д гэх хүнд өгсөн. Бид нарын хувьд чадал чансаа минь энэ байлаа. Нийтдээ 900 орчим мянган төгрөгийг хохирлын мөнгө гэж өгсөн байгаа. Үүнтэй холбоотой баримт материал бол Б ид байгаа. Бид нарын хувьд амьдрал ахуй тийм хангалуун биш болохоор чадлынхаа хэрээр л мөнгө төгрөг олж хохирогчид нь өгсөн байгаа. Мөн эмчилгээний зардал мөнгө төгрөг гээд зүгээр байгаагүй боломж бололцоогоороо амьтан ах дүү нараас цугласан хэдэн төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн: “...1. П.Д -ийн биед тархи доргилт, зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, олон хавирганы хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү хоолой, цээжний хэсэгт цус хуралт дээд уруул доод эрүүнд зулгаралт, уруулын зүүн дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-78/,
Шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-42/, ял шйитгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/ зэрэг болно.,
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22-23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн задгай тоотод хохирогч П.Д-г зодож тархи доргилт, зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, олон хавирганы хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү хоолой, цээжний хэсэгт цус хуралт дээд уруул доод эрүүнд зулгаралт, уруулын зүүн дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хохирогч П.Д-н “шүүгдэгч Б.Б ид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Г.Т, Б.Э , С.Болд, А.Нэргүй нарын “Б.Б нь хохирогч П.Д-г зодсон” талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21, 22-23, 26-27, 28-29 хуудас/ хохирогч П.Д-н эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, олон хавирганы хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү хоолой, цээжний хэсэгт цус хуралт дээд уруул доод эрүүнд зулгаралт, уруулын зүүн дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол /хх-1 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 хуудас/, хохирогч П.Д-н 9165 дугаартай өвчний түүх /хх-67-76 хуудас/, шүүгдэгч Б.Б ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ямаат овгийн Б.Б ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Б ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б ид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ
Шүүгдэгч Б.Б ид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч П.Д нь хохиролд шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардалд 393800 төгрөг, бензиний зардалд 291250 төгрөг, бусад зардалд 36200 төгрөг, нийт 721250 төгрөг нэхэмжилж, нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Хохирогч П.Д нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хохирогчийн нэхэмжилж байгаа 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Эм гоо” ХХК-иас авсан 60000 төгрөгийн эм тариа, “Виктори” эмийн сангаас авсан 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 127300 төгрөгийн эм тариаг шүүгдэгч Б.Б нь авч өгч хохирлыг барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ийн “би эмнэлэгт хэвтэж байх хугацааны эм тариаг хохирогчийн дүүгийн хэлснээр бүгдийг нь эмийн сангаас авч өгч байсан”, хохирогч П.Д “шүүгдэгч Б.Б нь намайг эмнэлэгт хэвтэж байх хугацааны эм тариаг авч өгч байсан. Эдгээр нэхэмжилж байгаа хохирлын баримтыг миний дүү бүрдүүлж өгсөн, би сайн мэдэхгүй байна. Миний нэхэмжилж байгаа эм тариа шүүгдэгчийн авч өгсөн эм тариатай давхцаж байна гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ийн хохирол төлсөн хохирлын баримтууд, хохирогч П.Д-н өвчний түүх зэргээр тогтоогдож байна.
Мөн “Виктори центр”-ээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 186500 төгрөгийн эм тариа авсан гэх зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч зарлагын баримтанд дурьдагдсан эдгээр эм тариаг хэн гэдэг эмчийн заавраар хэрэглэсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч П.Д нь эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хэрэглэсэн бензиний зардалд 291250 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Өв ШТС-3 91-82 ӨВР маркийн машинд 50 л АИ-92 бензин авсан гэх, Өв Шунхлай ШТС-2 гэсэн №0120396 дугаартай ШТМ-ын зарлагын баримтуудын он сар өдөр засвартай, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ШТМ-ын зарлагын баримтанд хаанаас, хэн, ямар маркийн тээврийн хэрэгсэлд, ямар төрлийн шатахуун авсан нь тодорхойгүй, Төвийн ШТС-3 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 33600 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 42000 төгрөгийн зарлагын баримтуудад шатахууныг ямар марк, улсын дугаартай тээврийн хэрэгсэл авсан нь тодорхойгүй, хаанаас хаа хүртэл, хэдэн километр газар, ямар марк, улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан нь тодорхойгүй, эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Мөн “Зөв суурь” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр оймс, нойтон сальфетка, хуурай сальфетка, хужирт ус, ариун цэврийн цаас, гар нүүрний алчуур, сойз зэргийг авсан гэх 36200 төгрөгийн зарлагын падааныг шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнийг шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Иймд хохирогч П.Д нэхэмжилсэн 721250 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Д д 905580 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хх-85-87/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Д д 905580 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Б.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овгийн Б.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ямаат овгийн Б.Б ийг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Д нэхэмжилсэн 721250 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосгуай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Д д 905580 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ