| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 113/2025/0007/З |
| Дугаар | 113/ШШ2025/0013 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 113/ШШ2025/0013
2025 10 28 113/ШШ2025/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Олхонууд овогт Х.Э, (РД:................),
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн ........ Засаг дарга, .............. хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, түүний өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Х.Э нь Говьсүмбэр аймгийн .............. болон ................ холбогдуулан “Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3,015,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Х.Э нь 2007 оноос хойш Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Соёлын төвийн эрхлэгч Х.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
2.2. Дээрх ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Х.Э нь эс зөвшөөрч гомдол гаргасан ба Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Х.Э-д сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.3. Нэхэмжлэгч Х.Э нь Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай сахилгын сануулах шийтгэл оногдуулсан захирамжийг мөн эс зөвшөөрч сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариу өгөөгүй тул Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
2.4. Нэхэмжлэгчийн зүгээс: Х.Э миний бие 2007 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Соёлын төвийн эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн захирамж гаргаж, 2025 оны 01 сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гаргаж, Б/01 дугаартай захирамжаар хүчингүйд тооцсон.
Миний бие энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуй нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгаа эсэх нь тодорхойгүй тул Засаг даргын Тамгын газарт хандсан боловч хариу өгөөгүй. Иймээс шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Би үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ Засаг даргын зөвлөлийн хуралдааныг тасалж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Намайг хэзээ, ямар зөрчил гаргасныг тогтоогоогүй, шийтгэл оногдуулах талаар надад хэлж, тайлбар авахгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч...” гэж заасан байна.
Баянтал сумын Засаг даргын Б/03 дугаартай захирамжаас үүдэж миний ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулаагүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулах зэргийг хууль журмын дагуу хийгээгүй.
Х.Э нь үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ Засаг даргын зөвлөлийн хуралдааныг тасалж ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.
...Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Х.Э-ыг ажлаас чөлөөлснөөс үүдэж ажилгүй байсан хугацааны цалин болох 515,272 төгрөгийн цалинг аваагүй бөгөөд нийт 3,015,772 төгрөгийн цалин хөлсийг авч чадалгүй хохирсон. Ажилтанд сахилгын сануулах шийтгэл оногдуулсан аталаа дахин цалин хөлсийг олгохгүй, сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж байгаа нь хууль бус юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй” гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай Х.Э-д сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, Х.Э-ыг сахилгын шийтгэлгүйд тооцож, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгогдоогүй ур чадварын нэмэгдэл 3,015,772 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэх агуулгаар маргаж байна.
2.5. Хариуцагч Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс: “Х.Э нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд дурдсаны дагуу ...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуй нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу Тамгын газарт ханджээ. Сумын хэмжээнд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байдаггүй бөгөөд аливаа маргааныг шүүхээр шийдүүлж ирснийг нэхэмжлэгч Х.Э байгууллагын удирдлагын хувьд мэдэж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа эс үйлдэхүй гэдгийг дараах байдлаар ойлгож байна. Суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгаад иргэний гаргасан хүсэлт гомдлыг хэлэлцэхгүй байгаад байвал энэ нь “эс үйлдэхүй” гэж ойлгож байна. Сумын хэмжээд байхгүй зүйл дээр эс үйлдэхүй гаргана гэсэн ойлголт байхгүй” гэх агуулгаар тайлбарлажээ.
2.6. Хариуцагч Баянтал сумын Засаг даргын зүгээс: “Соёлын төвийн эрхлэгч Х.Э нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын өдөр байсан бөгөөд ЗДТГ-аас “Баянталын үдэш” Open mic” нээлттэй арга хэмжээг зохион байгуулсан. Уг өдөр Соёлын төвийн дарга Х.Э нь албан хаагчдаа амраагаад өөрөө Улаанбаатар хот явсан. Сумын Засаг даргаас чөлөө зөвшөөрөл албан ёсоор аваагүй болно. Соёлын төвийн дарга Х.Э нь удаа дараа ажил тасалж, олон нийтийн арга хэмжээ, ээлжит Засаг даргын зөвлөлийн хурал тасалж, Сумын удирдах ажилтны шуурхай, Онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдлын үзлэг сургалт зэрэгт огт оролцдоггүй. Сумын Засаг даргын шуурхай зөвөлгөөний 2024.04.20, 2024.04.16, 2024.05.15-ны өдрүүдийн хурлыг тасалсан байна. Сумын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар эсэргүүцэн биелүүлдэггүй. Мөн төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүйн асуудал дээр доголдолтой. Шинээр ирж ажиллаж байгаа боловсон хүчин тогтдоггүй. /Энэ нь байгууллагын удирдлагын арга барил болон харилцаа хандлагатай шууд холбоотой/, ажлын зөв цагийн горимыг баримталдаггүй, ажилчдынхаа ар гэрийн нөхцөл байдлыг ойлгодоггүй, үе үеийн сумын удирдлагуудыг үл ойшоож, албан ёсоор чөлөө зөвшөөрөл авч байгаагүй зэрэг маш олон алдаа дутагдал гаргадаг” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Засаг даргын Б/03 тоот захирамжид 4 үндсэн агуулгыг дурдсан байдаг. Буруутгасан үндэслэлүүд дээр хууль зүйн хувьд дараах няцаалтыг гаргаж байна. Нэгдүгээр агуулга нь Засаг даргын зөвлөлийн хуралдаан, удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд тус тус 3-аас дээш удаа ирж оролцоогүй гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа. Хавтаст хэргээс үзвэл 3 удаагийн хурлын ирц биш, хурлын тэмдэглэлтэй танилцсан хуудас гэсэн 3 хуудас авагдсан байгаа. Үүнийг үзээд Э 3 удаагийн хуралд суугаагүй юм байна гэж тогтоох үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ нь хурлын тэмдэглэлийн ирц биш, хурлын тэмдэглэлтэй танилцсан хуудаснууд байгаа юм. Хоёрдугаарт Засаг даргын гуравласан гэрээний үүргийг хангаж ажиллаагүй гэж буруутгадаг. Гуравласан гэрээний хэдийн хэдэд заасан, ямар үүргийг хэзээ, яаж, хэрхэн биелүүлээгүй талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй. Гуравдугаарт ажлын цагаар зөвшөөрөл аваагүй гэдэг асуудал байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 101.1, 100.2-т ажил олгогч ажилтнаас чөлөө авах тухай асуудлыг тусгасан байдаг. 100.1-д ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж байгаа, ямар тохиолдолд чөлөө олгох юм, ямар тохиолдолд олгохгүй байх асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100.2-т заасан үндэслэлээр дотоод хэм хэмжээгээрээ тогтооно гэж заасан. Тэгэхээр Э-ыг хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цагаар ажлыг тасалсан гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл цагийн бүртгэлийн системээр ажлын 8 цагт ирээгүй гэж буруутгаж байгаа юм уу, эсвэл дуудаж ажиллуулах үүргийг биелүүлээгүй гэж буруутгаж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Дөрөвдүгээрт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж буруутгадаг. Ямар үүрэг, даалгаврыг хэзээ өгсөн, яаж биелүүлээгүй гэдэг талаар захирамж дээр байдаггүй, хариу тайлбар дээр ч байдаггүй. Энэ талаарх нотолгооны хэрэгслүүдээ захиргааны акт, үндэслэл бүхий байх гэдэг шинжийг хангах үүднээс хариуцагчдаас гаргаж өгдөггүй. Хоёрдугаарт хариуцагчийн зүгээс сахилгын зөрчилтэй учраас үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг олгохгүй гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр нэхэмжлэгч талын зүгээс 2 зүйлийг шаардаж байгаа. Хариуцагч талаас Э-д 12 дугаар сард үр дүнг нь олгочихсон гэж маргадаг. Олгосон гэдгээрээ 80% гэж үзчихсэн. 12 дугаар сарын буюу 2024 оны 4 дүгээр улирлын үр дүн дээр бид нар маргаагүй, үр дүнгээ авъя гэж нэхэмжлээгүй, ур чадварын нэмэгдлээ авъя гэж нэхэмжилж байгаа юм. Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл гэдэг нь 2 өөр зүйл. Үр дүнгийн урамшууллыг 80% гэж үзээд олгочихсон. Энэ талаар маргаагүй, харин ур чадварын нэмэгдлийг олгох ёстой байтал олгоогүй, яагаад олгоогүй юм бэ гэхээр сахилгын шийтгэлтэй учраас гээд Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.7-г үндэслэж татгалзлаа хэлдэг. Хөдөлмөрийн тухай хуульд эрх зүйн хэм хэмжээний үйлчлэх эрэмбэ, дарааллыг тогтоогоод өгчихсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-д заагаад өгчихсөн байгаа, хуулиас давсан хүчин чадалтай захиргааны хэм хэмжээний акт байхгүй. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхарлуулан ногдуулахгүй гэж заасан. Тэгэхээр Э-д сануулах шийтгэлийг ногдуулчихсан юм бол үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа нь сахилгын шийтгэлийг давхардуулж оногдуулаад байна. Тэгэхээр хуулиас давсан хүчин чадалтай захиргааны хэм хэмжээний акт байх боломжгүй учраас хариуцагч талын гаргаж байгаа тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. 2 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороог байгуулах эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох гэж гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасний дагуу Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална гэж заасан. Үндэсний хорооны дүрэмд зааснаар суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороо байгуулах үүргийг сумын Засаг даргын Тамгын газар байгуулна гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэдгээ Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрөө хүлээдэг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Гуравдугаарт ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ур чадварын нэмэгдлийг олгоогүй. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/01 тоот тушаалаар Э-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалчихдаг, буцаагаад 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 тоот захирамжаар сахилгын шийтгэлийг өмнөх тушаалаа хүчингүй болгож байгаа юм. Энэ хугацаанд Э-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгоогүй гэж үзэж байгаа. 2025 оны 01 дүгээр сар ажлын 22 өдөртэй байсан. Өмнөх шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааных нь цалин хөлсийг олгосон юм уу, үгүй юм уу гэдэг 1 сарын цалингийн бүртгэл буюу цалингийн задаргаа байхгүй учраас хариуцагч талаас гаргуулъя гээд хариуцагч талаас гаргаж өгсөн байсан. Энэ баримтаас харахад ажлын 10 өдөр гэж тооцсон байсан. Тэгэхээр 1 дүгээр сар ажлын 22 өдөртэй бол ажлын 10 өдрийнх нь цалинг олгочихсон, үлдсэн 12 өдрийнх нь цалинг олгоогүй байна. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 12 өдрийн цалин хөлсийг нөхөж олгож, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгнө үү. Хагас жилийн урамшууллыг 2025 оны 6 дугаар сард нийт төрийн албан хаагч нарт олгодог. Гэтэл Э-ыг сахилгын шийтгэлтэй гэдэг үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын үр дүнгийнх нь урамшууллыг олгоогүй. Тэгэхээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл гэсэн 3 цалин хөлсийг нөхөж олгохыг хариуцагч талд даалгаж өгнө үү гэв.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгч Э-д завсрын 12 хоногийн цалингийн агуулгаар нь зөрчигдсөн эрх ашиг үүсэж байгаа. Хоёрдугаарт сахилгын шийтгэл үндэслэлгүй оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зөрчигдсөн эрх ашиг байна. Э-ыг халчхаад буцаагаад томилчихсон. Үндэслэлгүйгээр ингэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж надад хэлсэн. Юу нь үндэслэлгүй байна вэ гэхээр Э 20 гаран жил энэ албан тушаалд ажиллаж хийсэн, бүтээсэн юмтай, дурсамж бүтээчихсэн, үр дүн гаргачихсан гэсэн сэтгэл зүйтэй байгаа. Энэ асуудалд сануулах хэмжээний зөрчил гаргаагүй. Миний ажлыг гоочлох гэхээсээ илүү урам авах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Тэгэхээр сануулах арга хэмжээ авсан нь хууль зүйн хувьд нийцэхгүй, үндэслэл хангагдахгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг дагаад урамшуулал авахаар сэтгэл гаргаад ажиллаад байдаг, хүнээс ч илүү сэтгэл гаргаж байгаа гэж өөрийгөө үзэж байгаа. Ингэж их сэтгэл гаргаад явж байхад бусад удирдах албан тушаалын хүмүүс урамшууллаа аваад байдаг, би гадуурхагдаад байна гэсэн гомдол хэлээд байгаа юм. Б даргын хэлсэн үгнүүд дотор таныг хална гэж байгаа юм. Б/01 дугаартай захирамжийг гаргахын өмнө 12 сард Э-ыг хална гээд сонсох ажиллагаа хийгээд та өргөдлөө өгөөд явж болно шүү гэсэн яриа хэлцэл хийсэн. Тийм учраас та үүнийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг агуулга ярина. Сонсох ажиллагааг хариуцагч талаас буюу Тамгын газрын дарга, төлөөлөгч нь мэдэгдэл гэж хэлж байна. Захиргааны ерөнхий хуульд мэдэгдэл, сонсох ажиллагаа гэсэн 2 өөр ойлголт байгаа. Үүнд ажил олгогч талаас, эсхүл томилох эрх бүхий этгээдээс гэж хэлнэ. Тэгэхээр сануулах шийтгэлийн анхны зорилго нь байхгүй. Сануулах шийтгэлийн анхны зорилго байхгүй байтал халах шийтгэл дээр авсан 4 үндэслэл нь Б/01 захирамжид авсан үйл явдлаа дурдаж байгаа. Б/03 захирамж дээр агуулгаар нь биччихсэн байгаа. Дараагийн чухал үндэслэл юу вэ гэхээр сонсох ажиллагааг Б/03 захирамжид хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл авахад хэрэглэгдэх ёстой үйл явдлыг баримтжуулсан баримт байх ёстой. Сонсох ажиллагааг зөвхөн утсаар ярьсан болохоос биш өөртэй нь биечлэн уулзаж тэмдэглэл хийхийг шаардана. Яагаад гэвэл хөдөлмөрийн харилцаанд утсаар хийж тэмдэглэл үйлдэхийг зөвшөөрөөгүй байгаа. Тэгэхээр энэ шаардлага хийгдээгүй, баримтаар тогтоож өгөөгүй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн онол ёсоор зөрчил нь тогтоогдсон байхыг шаардаж байгаа юм. Зөрчлийг хэн тогтоох вэ гэхээр томилох эрх бүхий этгээд эсхүл томилох эрх бүхий этгээдээс үүрэг хүлээсэн шалгалт авдаг юм уу, шалган тогтоох үйл явц болдог ч юм уу тийм байдлаар тогтооно. Хуралд ирээгүй асуудлууд юугаар тогтоогдох вэ гэхээр ирэх гэдэг чинь ирц гэсэн баримтаар тогтоогдоно. Харин тэмдэглэлтэй танилцах гэдэг ойлголтыг ирсэн ирээгүйг тогтоох баримт гэж үзэж болохгүй. Гэрээг хангалтгүй дүгнэсэн гэж байна. Хангалтгүй гэдгийг гэрээний зарчим ёсоор хэдэн оноо өгвөл хангалтгүй гэж үнэлэх вэ гэсэн босгууд байгаа. Хуралд ирээгүй, юм хэлэхээр хийгээгүй гэдэг байдлаар гэрээ хангалтгүй гэж дүгнэх ойлголт үүсэхгүй, заавал дүгнэх ажиллагаа хийгдэнэ. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн ямар заалтыг зөрчиж байгаа юм, хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчиж байгаа юм, дотоод хэм хэмжээний тухай ойлголт нь байгаа, жишээлбэл, хуралдаа ирээгүй, чөлөө зөвшөөрөл аваагүй гэдэг ойлголтыг байнга яриад байгаа. Даргадаа хэлээд чөлөө зөвшөөрөл авах юм байна гэж шууд ойлгочхоод байна. Гэтэл Соёлын төвийн дарга нь Б биш, сумын Засаг дарга нь Б, Соёлын төвийн дарга нь Э учраас Соёлын төвийн дотоод журмыг барих юм уу, Тамгын газрын дотоод журмыг барих юм уу, Засаг даргаас чөлөө авах юм уу гэх мэт асуултууд гарч ирж байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.2-т захиргааны байгууллага эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд ханддаг зохицуулалттай. Манайд маргаан таслах зөвлөл, комисс байхгүй, байх ёсгүй гэсэн хариуг өгөөд байгаа. Гэтэл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална гэсэн Хөдөлмөрийн хууль дахь заалт байгаа. Үүнд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар дүрэм батлах тухай тогтоол гэж байгаа юм. Үүнд нутгийн захиргааны байгууллагын төлөөллийг дараах байдлаар томилно. Сумд, хороо байгуулах болон Засаг даргын Тамгын газар болон хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтан гэсэн байдлаар үүрэг нь хамаарч байгаа. Тэгэхээр сумын Засаг даргын Тамгын газар энэ хороог байгуулаад тэр хороо нь захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхэд хандах ажиллагааны анхдагч суурийг суманд хийж байх үүрэг үүсээд байгаа. Зөвхөн Э гэхгүй өөр бусад хэний ч асуудал орхигдоод явдаг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр төр хийх ёстой ажлаа хийхгүй, төрийн албан хаагч шаардлага хангасан хэмжээнд байх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Тийм учраас Э-ын хувьд 3 давхарласан байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн учраас хохирсон эрхийг сэргээх шаардлагатай учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.3. Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э-д 4 агуулгаар сахилгын шийтгэл оногдуулсан. Удирдах ажилтны шуурхайг тасалсан нь төрийн албан хаагч, удирдах ажилтнуудын хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Ирсэн бүх хүмүүс хурлын тэмдэглэлтэй танилцдаг. Баянтал сумын Засаг даргын ажлыг авсны дараа хамгийн түрүүнд цэгцэлсэн зүйл нь ирцийн тэмдэглэлийг сайжруул, удирдах ажилтны шуурхайд ирдэггүй, бусад зөвлөлийн хурлуудад удаа дараа ирдэггүй нь нотлогдож байгаа. Энэ хугацаанд ууланд алхаад явж байдаг стори хийдэг, энэ нь олон түмний өмнө ил тод нээлттэй байгаа. Намайг ажлаа авснаас хойш 3 ба түүнээс дээш, бусад зөвлөлийн хурал, онцгой комиссын хурал буюу удирдлагаар шийдвэр гаргах, Засаг даргын зөвлөлийн хуралд ирдэггүй, залгахаар утсаа авдаггүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Би 2024 оны 08 дугаар сарын 29-нөөс хойш ажлаа авсан. 2 дугаарт гуравласан гэрээний үүргийг биелүүлэх гэж байгаа. Гуравласан гэрээг 2024 онд өмнөх Засаг даргатай хийсэн байдаг. Гүйцэтгэлийн үнэлгээг тухайн мэргэжлийн байгууллагууд нь тогтоодог. 89,15%-аар үнэлсэн гүйцэтгэлийн үнэлгээ над дээр ирж байгаа, би мэргэжлийн байгууллагын үнэлсэн үнэлгээг засах эрх зүйн үндэс байхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээ 85% хувиас дээш байх юм бол үр дүнгийн урамшуулал 80%-ийг олгодог. Цаанаасаа тогтоож өгсөн урамшууллын баланс, түүнээс би 89,15% гэсэн гүйцэтгэлийн үнэлгээтэй байхад нь 80%-аар үнэлж олгосон зүйл байхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээ үр дүнгийн урамшуулал олгодог журмын дагуу дээд хувь нь 80% байдаг, үүнийг олгосон. Гуравласан гэрээний үүрэг нь тухайн соёлын төвийн удирдах ажилтан Э маань удирдах, удирдуулах ёсондоо захирагдаад явах нь ажлынх нь чиг үүрэг. Сумын шинэ жил чухал ач холбогдолтой, Баянтал сумынхны бүтэн жилийнхээ баяр ёслолыг хийх гэж байгаа чухал ач холбогдолтой ажил дээр Э-ыг соёлын төвийн эрхлэгч учраас урлаг соёлын ажлуудыг хариуцаж ажиллах талаар үүрэг өгсөн. Үүний дагуу урлагийн номер, хөтөлбөр нь байхгүй. Тухайн үед чадах хэмжээгээрээ төсөв, хөрөнгүүдийг тавьж байгаад шинэ жилээ тэмдэглэсэн. Хөтөлбөрийн дагуу шинэ жилийн үйл ажиллагаанд зөвхөн хөтлөгчийн үүргээр оролцоод бусад урлагийн номеруудыг гаднаас төлбөртэй авч ажиллуулсан. Мөн шинэ жилийн арга хэмжээн дээр Баянтал сумандаа шинэлэг зүйл хийх гээд 12 дугаар сарын 31-нд Опен мик буюу нээлттэй дууны орой 8 цагаас эхлэх хөтөлбөр байсан. 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын өдөр байсан, энэ үйлд ажиллагаан дээр хөгжим, аппаратур бүрэн ажиллах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл соёлын төвийн ажилчдын үүрэгт ажил нь байсан. Гэтэл 12 дугаар сарын 31-ний өдөр бүх ажилчдаа амраачихсан, өөрөө хот явчихсан, нэг ч тоног төхөөрөмж гаргах боломжгүй, өөрөө утсаа авдаггүй. Тамгын дарга, орлогч дарга, жолооч гээд 4 хүн хөгжим, аппаратур авах гээд Соёлын төвд очиход цоожтой байсан. Удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Үйлчлэгч нь Э руу яриад спикер дээр нь тавьсан байхад наадуулдаа хөгжим, аппаратур гаргаж өгөхгүй шүү. Гаргаж өгөх юм бол зөөврийн микрофон гаргаж өгөөрэй гээд утсаа салгасан. Буцаагаад залгахаар утсаа авахгүй. Дараа нь өөрөө тайлбар хэлэхдээ би замд явж байсан гэдэг, үйлчлэгчтэйгээ ярьж болж байгаа бол үүрэг өгөх субъект буюу даргатайгаа яагаад ярьж болдоггүй юм бэ, зөөврийн микрофонтой хийж болох бол хаанаас ч олдоно. Опен мик буюу ард түмний баяр ёслолыг хийх хичээл зүтгэл байсан. Энэ тухайд гуравласан гэрээний үүргийг биелүүлээгүй гэдэг нь нотлогдоно. Гэрчтэй зүйлийг ярьж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Гэтэл өөрөө хаяж явчхаад бурууг нь өөр хүмүүс рүү тохох гэсэн, өөрийгөө нялзаах гэсэн үйлдэл нь сахилгын арга хэмжээ авах үндэслэл нь болсон. Ажлын цагаар чөлөө аваагүй тухайд 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тасалсан гэж үзэж байгаа. Зөвхөн өөрөө ч биш тухайн үед ажиллаж байсан ажилчдаа таслуулсан. Соёлын байгууллагын онцлог нь бүх баяр ёслол дээр соёлын үйлчилгээг үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргүүд нь байгаа шүү дээ. Сахилгын шийтгэл байтугай ажлаас халах үндэслэл болно. 2025 оны 01 дүгээр сарын 09-нд гаргасан Б/01 тоот ажлаас халах захирамжаа сахилгын арга хэмжээ болгож 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/03 тушаал гаргасан. Б/01 тоот ажлаас халах захирамжийг гаргачхаад 12 хоногийн дараа Б/03 захирамжаар Б/01 захирамжийг хүчингүй болгочихоор ажлын хоног өдрүүд нь тоологдоод явна. Тухайн хүн нягтлантайгаа холбогдоод нөхөн авах боломж нь байсан. Энэ талаар хөөцөлдөөгүйд нь гайхаж байна. Миний хувьд 12 хоногийн цалинг нь битгий олго гэсэн захирамж шийдвэр гаргаагүй. Ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал гэдгийг салгаж ойлгоод байх шиг байна. Энэ мэтчилэн удаа дараа удирдлагынхаа шийдвэр тушаалыг дагадаггүй, том толгойлдог. Төрийн албан хаагчдын мөнгөн урамшууллыг олгох журамыг үндэслэж ажилласан. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хөдөлмөрийн гэрээнд заасан өөрийнхөө эрхийг эдэлнэ гэдэг нь шударга бус зүйл гэж үзэж байна. Ийм байдалтай байвал төрийн алба цааш явахгүй гэдэг байр суурьтай байдаг. Хийж байгаа ажилдаа итгэл үнэмшилтэй, сэтгэлтэй, гал цог нь ассан байдлаар хийх юм болов уу гэж бүтэн жил хүлээсэн. Өөрийнх нь хандлагыг хараад эвлэрээд хамтраад ажиллах боломж байсан. Сахилгын арга хэмжээ авсны дараа ч Э-ын хандлага засраагүй. Мэргэжлийн байгууллагуудаас ирж байгаа албан тоот, шаардлагуудаар биелэгдэж байна. Гаргасан шийдвэр, тушаал маань хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа гэв.
3.4. Хариуцагч Ш.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эс үйлдэхүй гэж яриад байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл холбогдох тушаал шийдвэрийг судлаагүй байна. Миний хувьд он гараад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан 6, 7 сард жинхлэгдсэн. Хууль, тогтоол, шийдвэртэй сайн танилцаж амжаагүй. Энэ үед соёлын төвийн эрхлэгчээс манай дээр хүсэлт ирсэн. Тухайн үед маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан учраас ямар нэгэн хариу тайлбар өгөх боломжгүй байсан учраас эс үйлдэхүй гэдэг зүйлээр намайг хариуцагчаар татсан байна. Нэгтгээд хэлэхэд соёл урлагийн газраас ирсэн албан шаардлага, удаа дараагийн бичгүүд энэ асуудалтай хамаатай юу гэвэл хамаатай гэж бодож байгаа. Яаж нотлогдож байна гэхээр Э гэдэг этгээд ажилдаа хариуцлагагүй ханддаг, дээд шатны буюу аймгийн удирдлагуудын зохион байгуулж байгаа ажилд оролцдоггүй, ажлаа тасалдаг, удирдлагынхаа үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, дураараа аашилдаг нь аймаг сумын удаа дараагийн хурлын тэмдэглэл, ирцээр нотлогдож байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар захирамжаар Сумын соёлын төвийн эрхлэгчээр Х.Э-ыг 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байх бөгөөд Х.Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газрын даргад үүрэг болгожээ.
5. Нэхэмжлэгч Х.Э тус сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Тэрээр 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулахдаа: а/Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, б/Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, в/Ажилгүй байсан хугацааны цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3015772 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах” гэж,
2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “а/Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж бусад нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр гэж тодорхойлсон.
6. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Анх Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Х.Э-ыг ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийн 1 дэх заалтаар “Засаг даргын зөвлөлийн хуралдаан Удирдах ажилтаны шуурхай зөвлөгөөнд тус тус гурваас дээш удаа ирж оролцоогүй, Засаг даргын гурвалсан гэрээний үүргийг хангаж ажиллаагүй, ажлын цагаар чөлөө зөвшөөрөл аваагүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул Соёлын төвийн эрхлэгч Х.Э-ыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажлаас халсугай...” гэж гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан “Соёлын төвийн эрхлэгч Х.Э-д сонсгол ажил хийсэн тухай” 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан[1] байна.
Гэвч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Х.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 дугаар захирамжийг гаргахдаа 1 дэх заалтаар “Засаг даргын зөвлөлийн хуралдаан, Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд тус тус гурваас дээш удаа ирж оролцоогүй, Засаг даргын гурвалсан гэрээний үүргийг хангаж ажиллаагүй, ажлын цагаар чөлөө зөвшөөрөл аваагүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Соёлын төвийн дарга Х.Э-д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсугай” гэж, 2 дахь заалтаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. Үүнээс үзэхэд нэг үйл баримтаар хоёр захирамж гарсан байх тул сонсох ажиллагааг дахин явуулж тайлбар авах шаардлагагүй байх бөгөөд сүүлд гарсан захирамжаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь дордоогүй байна.
Мөн дээрх захирамжид дурдсан Засаг даргын зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгч Х.Э нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр[2], 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр[3], 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд[4] оролцоогүй тасалсан нь тус хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхаас гадна Баянтал сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцсон хурлын тэмдэглэлтэй танилцах хуудас[5] 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд гарын үсэг зурж танилцаагүй зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/21 дүгээр захирамжийн 4 дүгээр хавсралтад зааснаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалын зорилго нь “төрөөс соёлын талаар баримтлах бодлого, салбарын болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нутаг дэвсгэр дэх хүн амыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжсэн соёл, урлагийн олон талт ажлыг зохион байгуулж, ...соёлын төвийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг ажил олгогчийн өмнө хариуцна” гэж заажээ. Гэтэл энэ дээр дурдсан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь хариуцагчид болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаануудад өгсөн мэдүүлэгүүдээр тогтоогдож байх тул Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
7. Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч нь сахилгын сануулах шийтгэлийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Гэвч тус хороо нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хариу өгөөгүй тул Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална”, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар “Дүрэм батлах тухай” тогтоолын 2.3-т “Нутгийн захиргааны байгууллагын төлөөллийг дараах байдлаар томилно” 2.3.1-т “суманд хороо байгуулах бол Засаг даргын тамгын газар болон хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтан” гэж заажээ.
Гэтэл хариуцагч тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...би тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг 2025 оны 7 сард жинхлэн хүлээж аваад удаагүй байгаа, ...тухайн үед би үүрэг гүйцэтгэж байсан, ...манай байгууллага дээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулж амжаагүй байна. Манайд ийм хороо одоогоор байгуулагдаагүй байгаа тул нэхэмжлэгчид хариу өгөх боломжгүй байсан” гэж мэдүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.
Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан хоёр тохиолдлыг хамруулан ойлгоно. Гэтэл дээрх тохиолдолд “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо” нь байхгүй, байгуулагдаагүй байх үед гомдол өгсөн байна.
Иймд хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан гомдолд бичгээр хариу өгч шийдвэрлээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй ч уг маргааныг хуулийн дагуу шүүх хүлээн авч шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
8. Ажилгүй байсан хугацааны цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 3015772 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Х.Э нь тус сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас халагдсан байх бөгөөд уг захирамжийг ажил олгогч өөрийн санаачлагаар 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгож өөрчилсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Х.Э-д 2025 оны 01 дүгээр сарын цалинг бүрэн олгох нь зүйтэй байна.
Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-аар Соёлын төвийн эрхлэгч нь улирал бүр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгож байсан бөгөөд тус журмын 2.7-д “Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгө урамшуулал олгохгүй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Х.Э нь нэхэмжлэлд дурдсан урамшуулалыг авах үндслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Ажилтны ур чадварын ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно” гэж заажээ. Тиймээс нэхэмжлэгч Х.Э-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тул Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 2.7-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуустал ур чадварын нэмэгдэл олгохгүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч Х.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс “2025 оны 01 дүгээр сард дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, холбогдох ажиллагааг хийж цалин хөлс гаргуулахыг хариуцагч Баянтал сумын Засаг даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг үндэслэн “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн урамшуулал зэргийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200+70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөг гаргуулж Х.Э-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ