Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0426

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0426

Улаанбаатар хот

Н.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Г-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13.1, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн/ 41 дүгээр зүйлийн 41.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий гарын даргад холбогдох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О давж заалдах гомдолдоо: ... Шүүгээс Н.Г-г онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах хэргийг гүйцэт шалган тогтоолгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь сахилгын зөрчил гаргасан байна гэж үзжээ.

Тэгвэл Н.Г нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, энэ хуулийн 28.2.2 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт гаргах гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлсэн.

Мөн Н.Г-г эрүүгийн 201625012573 дугаартай хэргийг шалгахдаа албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Мөрдөн байцаах газрын Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэн тус гомдлыг шалгаж байсан мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.А нь эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-д хүргүүлсэн.

Улмаар прокурор нь хуулийн хүрээнд хянан, албан үүрэгтээ хайнга хандсанаас хүнд хор уршиг учирсан болох нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай 04 дугаартай тогтоол гарган шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр энэхүү тогтоол хүчин төгөлдөр байна.

Албаны шалгалт явуулж, шалгалтын үр дүнгээр албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулан улмаар уг үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдсэн боловч эрх бүхий байгууллагын зүгээс гэмт хэрэг биш хэмээн үзэж шийдвэрлээд байгаа явдал нь өөрөө Н.Г нь сахилгын зөрчил гаргасан байна гэж үзээд асуудлыг нь үгүйсгэж байна гэж ойлгож байна.

2.Н.Г-г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цолыг хураан авсан нь сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн, уг акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэн. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 29-д Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх гэж тус тус заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Н.Г-ын гаргасан зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүйгээр, мөн эрх бүхий байгууллагуудын зүгээс холбогдох хэргийг нь гэмт хэрэг биш хэмээн үзэж шийдвэрлэсэн байхад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цолыг хураан авсан шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэснийг хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй хэмээн үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын 6 дугаар заалтаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Намнансүрэнгийн Г-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн хошууч цолыг нь хураасан байна.

            Нэхэмжлэгч Н.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Сахилгын арга хэмжээ хүндэдсэн гэж үзэж байна. Тухайн үед надад сахилгын арга хэмжээ авахад 3 сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдууллаа гээд би хүлээн зөвшөөрөөд албаны шалгалтын баримт дээр гарын үсэг зурсан. Энэ албанд 20 жил ажиллаад ийм нэг асуудлаас болоод төрийн албанд нэг жил эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл авч байгаа нь хүндэдсэн гэж үзэж байна. Зөрчлийн шинж байдал, зөрчлийг анх буюу давтан үйлдсэн гэх зэргийг харгалзан үзээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн захиргааны акт гарсан хэмээн тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Г 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны урд байрлах гаражийн ард М.Мөнхзул гэх иргэн доошоо харсан байдалтай нас барсан хэрэгт 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, хэргийг газарт хийсэн үзлэг тэмдэглэл, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1300 дугаартай дүгнэлт зэргээр талийгаач М.Мөнхзул нь гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдож байхад мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Г нь яллагдагчаар татагдвал зохих этгээдийг олж тогтоох талаар ажиллагаа хийгээгүй, улмаар хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгох санал гарган прокурорт шилжүүлж, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан болох нь Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Б-ын илтгэх хуудас, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Г, тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад У.А, тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Э, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ч нарын тайлбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Б-ийн Хариуцлага тооцуулах тухай албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1300 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Г-ын 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын даргын зөвлөлийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 11 дүгээр тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

            Хэрэг хариуцан ажиллаж буй мөрдөн байцаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2.2-т гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй атлаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь Н.Г-ын тухайн өдөр жижүүрт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн учир хэргийн газрын үзлэгт оролцоод гэртээ харьсан, дээрх ажиллагааг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй нь миний буруу гэх Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Х.М-ын цагдаагийн хошууч Н.Г-с авсан тайлбар, тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 26.1.3.төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасан бөгөөд хариуцагчаас Н.Г-г мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д зааснаар хууль тогтоомжид заасан бусад үүргээ биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байх ба ингэхдээ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэсэн зарчим баримталсныг буруутгах боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд Н.Г-ын зөрчлийн шинж байдалд тохируулан хэрэглэсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж үзэж, хуулиар олгогдсон хариуцагчийн эрх хэмжээнд халдан өөрчлөх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулан улмаар уг үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдсэн боловч эрх бүхий байгууллагын зүгээс гэмт хэрэг биш хэмээн үзэж шийдвэрлээд байгаа явдал нь өөрөө Н.Г нь сахилгын зөрчил гаргасан байна гэж үзээд байгаа асуудлыг үгүйсгэж байна гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай 04 дүгээр тогтоолоор Н.Г-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан Албан үүрэгтээ хайнга хандаж, хүнд хор уршиг учруулсан-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.А-ын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгохдоо Н.Г-г сахилгын зөрчил гаргаагүй гэж үзээгүй, харин албан үүрэгтээ хайнга хандсанаас хүнд хор уршиг учраагүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна.

            Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ