Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Мөнхболд

Хариуцагч: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийн зардал 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхболд, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнцэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Мөнхболд нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байсан.

2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын Б/65 дугаар тушаалаар бүтэц орон тоог дахин шинэчилж, миний ажлын байр хэвээр батлагдсан байсан. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар намайг ажилд томилолгүй, өөр хүн томилсон учир 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан тушаалд томилох тухай Б/32 дугаар тушаалын хавсралтын 12 дугаар хэсгийг хүчингүй болгож, Б.Мөнхболд намайг мэдээлэл технологи, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон юм.

Энэ шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй байж байгаад Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажлын байранд Б.Мөнхболд намайг түр томилсон. Энэ тушаалаар ажилд авсан өдрөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Б.Мөнхболд намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг үл хүндэтгэн, нэр төдий биелүүлсэн дүр үзүүлж иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Улмаар Б.Мөнхболд намайг ажлаас халсны дараа тухайн ажлын байранд өөр хүн авч ажиллуулж байгаа болно.

Иймд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнхболд намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхболд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийн зардал 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхболдын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Тус газрын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар баталсан. Тус тушаалд мэдээллийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТҮ-7 ангилалд хамаарагдаж байсныг ТЗ-5 ангилал зэрэглэлд хамруулсан. Энэ нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог бий болгох үндэслэл болсон.

Б.Мөнхболд нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгүүлээгүй, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол биелүүлээгүй, ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй байна. Тус газраас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын дагуу аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мэдээллийн сан, техник программ хангамж хариуцсан мэргэжилтэн-ийн албан тушаалд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлуулахаар Газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны 04 дүгээр албан бичгийг хүргүүлсэн.

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ерөнхий шаардлагын дагуу Комьпютерын техник хангамж болон инженер-ийн мэргэжилтэй байх ёстой байтал Санхүү-Эдийн засагч мэргэжилтэй.

Өөрийн эрхэлсэн ажлаа хайхрамжгүй, хангалтгүй гүйцэтгэж 2012, 2013, 2014 онуудад тус тус сахилгын шийтгэлээр шийтгүүлж байсан. Мөн Б.Мөнхболд нь газрын даргад ажлын цагийг барьж ажиллан, ажлын өрөөнд бусад байгууллагын комьпютер, тоног төхөөрөмж засварлахгүй гэж 2015 оны 4 дүгээр сарын 15-нд бичгээр хүсэлт гаргаж байсан ч хэлсэндээ хүрэлгүй ажлаа хангалтгүй гүйцэтгэж ирсэн. Мөн Б.Мөнхболд нь 2015 оны 7 дугаар сарын 01-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн тус газрын мэргэжилтэн Ж.Мөнхбатад ажлаа хүлээлгэн өгөхдөө өөрийн ашиглаж байсан компьютер дээрх бүх мэдээллээ устгасан нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Иймд нэхэмжпэгч Б.Мөнхболдын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анхбаяр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлд тус газрын 2016 оны 212 тоот албан бичгээр хүргүүлсэн тайлбартай санал нэг байна.

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд ... шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг бодуулан олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн хөлсийг хариуцагчаас гаргуулах зэрэг шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.Нямжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын Б/07 дугаар тушаалаар 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэдээллийн сан, техник, програм хангамж хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. 2 015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харъяа Архангай аймгийн багшийн сургуулийг Мэдээлэл технологийн мэргэжлээр төгссөн.

Тус газраас 2016 оны 01 сард Төрийн албаны тухай хуулийн 17-р зүйлийн 17.3 дахь заалтын дагуу аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд Мэдээллийн сан, техник программ хангамж хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарласан.

Өмнө нь ажиллаж байсан Б.Мөнхболд нь санхүүгийн мэргэжилтэй мэргэжлийн бус, төрийн албаны шалгалт өгөөгүй учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэн Б.Мөнхболд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийн зардал 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргажээ.

Нэг. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамжийн мэргэжилтнээр түр томилогдсон Б.Мөнхбатыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ .

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 27 дугаар зүйлийн 27.2.3. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхбатыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээлэл технологи, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ .

Дээрх шүүхийн шийдвэрээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн Б/65 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу тус газрын албан хаагчдыг дахин томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 27 дугаар зүйлийн 27.2.3., 27.2.4. дэх заалтуудыг буруу хэрэглэж нэхэмжлэгч Б.Мөнхболдыг томилоогүй байна гэж үзжээ.

Тодруулбал тухайн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал болсон бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.... Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ., 17.4.... төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина. гэж заасан хуулийн дээрх заалтуудын дагуу тухайн албан тушаал дээр ажилтанг томилох байтал хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр урьд нь тухайн албан тушаал дээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Мөнхболдыг томилоогүй нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т ...эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...; гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-т Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр өдрөөс биелүүлэх үүрэгтэй. гэж заажээ.

Тус шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Б.Мөнхболдыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтнээр түр хугацаагаар томилсон байна .

Харин тухайн өдрөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. дахь хэсэг, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг тус тус баримтлан түр томилогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мөнхболдыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зарлуулахаар Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүсэлтээ хүргүүлсэн байна .

Уг хүсэлтийн дагуу Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар албан бигээр уг албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд хүсэлтээ хүргүүлжээ .

Гэрч Э.Гончигдамбаагийн ... Төрийн албаны зөвлөл рүү Сосорбарам гэдэг хүнтэй утсаар ярихад, би тухайн үед нь тэр зарыг ном журмын дагуу зарласан. Танайх наанаа нөөцөөс нөхөгдөж шийдэгдэх байх. Тэгэхээр нь би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас танайхаас өгсөн сонгон шалгаруулалтын захиалга зарлагдаагүй байна. Одоо дахиж явуулаад зарлах уу гэхэд, өмнө нь ажиллаж байсан ажилтан Б.Мөнхболд шүүхдэж байгаа, тухайн үедээ зарлагдаагүй учраас хэсэг харзны гэсэн гэв. гэх мэдүүлэгээс үзвэл тухайн албан тушаал дээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт явагдаагүй болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нь тухайн албан тушаал дээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт явуулалгүйгээр нэхэмжлэгч Б.Мөнхболдыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тухайн албан тушаалд түр томилоод тухайн өдөртөө ажлаас нь чөлөөлсөн үйлдэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэт харагдахаар үйлдэл хийсэн боловч төрийн албаны холбогдох хууль, тогтоомж болон шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-т заасан хуулийн агуулгатай нийцээгүй захиргааны акт гаргасан байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Хоёр. Өмгөөлөгчийн зардал 800.000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Мөнхболд нь өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэтэй 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Эрх туслалцаа үзүүлэх гэрээнд гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 800.000 /найман зуун мянган/ төгрөг байна. гэж тусгасан боловч гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг хүлээлцсэн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг төлсөн эсэх нь тогтоогдохгүй байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гуравдагч этгээд Т.Нямжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй асуудлыг тухайд:

Гуравдагч этгээд Т.Нямжаргал нь Архангай аймгийн Газрын, харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтэнээр томилогджээ.

Т.Нямжаргал нь Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй бөгөөд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Мөнхболдыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтооход гуравдагч этгээд Т.Нямжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзлээ.

Гуравдагч этгээд Т.Нямжаргал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна .

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Мөнхболдын Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, өмгөөлөгчийн зардал 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.13. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 17 дугаар зүйлийн 17.3., 17.4., 27 дугаар зүйлийн 27.2.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнхболдыг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын мэдээлэлийн сан, техник, программ хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 5 сар 23 хоногийн 3155835 /гурван сая нэг зуун тавин таван мянга найман зуун гучин таван/ төгрөгийн цалинг нөхөн гаргуулж Б.Мөнхболдод олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэхийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад үүрэг болгож, харин өмгөөлөгчийн зардал болох 800.000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНБАТ