Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 589

 

В.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, Б.Цогтбаатар, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар магадлалтай, В.Б д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, М.Цогтбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт В-н Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч В.Б ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Б ээс 6 298 205 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-д олгож, үлдэх 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б , түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн, М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нарын хамтран гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримталсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...

1. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх В.Б  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...иргэн Б.Г-г алсан болох нь ...нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд шүүх нотлох баримтуудыг дэс дараалан дурдаж тогтоол, магадлалдаа иш татан бичихдээ нотлох баримтуудын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн үйл баримттай хэрхэн холбогдож байгааг дүгнээгүй.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг 2 жил гаруй хугацаагаар явуулж, шалгавал зохих бүх зүйлийг шалгасан боловч В.Б  амь хохирогч Б.Г-г ямар санаа зорилготой, ямар үйлдэл хийж алсан нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй. ...Нотлох баримтууд нь тухайн газарт амь хохирогч Б.Г гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсныг нотолсон болохоос В.Б ийн ямар үйлдлийн улмаас нас барсныг нотлоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолын 1-д “Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна” гэж тайлбарласан. ...Шинжээчийн 149 дүгээр дүгнэлтэд “...толгойн гэмтэл нь дух зулайн хэсэгт цохилтын хүч үйлчилж улмаар арагш савж унах үед үүссэн байх магадлалтай байна”, мөн шинжээч эмч Одончимэгийн “...Зулай тархины битүү гэмтэл нь унахад үүсэх боломжгүй, зулайн орой хэсэгт цохилт үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой, амь хохирогчийн хугарал нь орой хэсэгтээ байна” гэсэн дүгнэлт мэдүүлгийг үндэс болгож, нотлогдоогүй таамгаар Б цохисон гэсэн дүгнэлтийг хийж хилсээр шийтгэсэн. Тодруулбал, ...цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл хх-36/, шинжээч эмч Ариунзул, Одончимэг нар нь мэргэжлийн талаас тайлбарлаагүй бөгөөд шинжээч эмч Ариунзулын мэдүүлгээр өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн гэж үзэхээр байна.

...В.Б  болон амь хохирогч нар хоорондоо ямар харилцаатай байсан нь гэрч Б, О, Г.О, Л /хх-155/, Төмөрбаатар /хх-156/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-137/ зэргээр нотлогддог.

2. Шийтгэх тогтоол, магадлалын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

В.Б ийн тухайн үед амьдарч байсан гэрийн хувцасны шүүгээний хаалганы гадна талд байх толь ...өмнө нь хагархай байсан талаар гэрч Б /хх-75/, Б /хх-96/, У /хх-172/, М нар эх сурвалжтай тодорхой мэдүүлсэн байхад эдгээрийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.

Мөн шинжээч Ганцэцэгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг /хх-32/, нөхөн үзлэгийн тэмдэглэл /хх-33/ зэргээр нотлогддог. Иймд толины хагархайд гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг ч хэрэг үйлдэгдсэн тэр үед толь хагарсан болохыг эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байгаа.

В.Б ийн хуучин гадуур хувцасны шинэ ханзарсан уранхайг хэрэг учрал болсон цаг хугацаанд гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй /хх-147/ зэрэг нь эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй бөгөөд уг гадуур хувцас өмнө нь оёдлоороо ханзарсан байсныг гэрч Б /хх-75/, О /хх-93/ нарын мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэсэн талаараа дүгнэлт хийгээгүй.

В.Б  нь амь хохирогч Г-г цохиж зодоогүй болох нь шинжээчийн дүгнэлт /хх-128/, гэрч О /хх-71/, С  /хх-70/, О, шинжээч эмч Ариунзул зэргийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд үүнээс үзэхэд В.Б ийн ямар гэм буруутай үйлдлийн /санаатай, болгоомжгүй/ улмаас үхэлд хүргэсэн, гавал тархины битүү гэмтэл хэдийд үүссэн болох нь хэрэгт эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх В.Б  иргэн Б.Г-г алсан гэм бурууг эргэлзээгүй байдлаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Шүүхийн тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулах ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгах талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн боловч В.Б ийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй ба дүгнэлт хийлгүй орхигдуулсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй.

Тухайлбал, В.Б  нь амь хохирогчийн цээжин дээр нь дарж, хиймэл амьсгал хийсэн нөхцөл байдлыг нотолсон мэдүүлгийг гэрч Г.О өгсөн. Шинжээчийн 149 тоот дүгнэлтэд дурдсан амь хохирогчийн биед үүссэн зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал үүссэн шалтгааныг хиймэл амьсгал хийсэн талаарх Г.О-н мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл В.Б  нь амь хохирогчтой маргалдан, улмаар зодолдсоны улмаас уг гэмтлийг учруулсан, улмаар амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл учруулж алсан нь үүгээр тогтоогдсон гэж үздэг. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулжээ.

Тухайн өдөр амь хохирогч болон В.Б  нарын хооронд хувийн таарамжгүй харьцаатай байсныг гэрч Б.Л-н мэдүүлэгт үндэслэсэн байдаг.

...Хэргийн газраас хураан авсан толины хувьд хагарсны дараа салж, бутарсан зүйл байхгүй ба ийнхүү хагарч бутарч унаагүй байхад бохирлогдох боломжгүй эсэхийг шинжээч тогтоох боломжгүй талаараа мэдүүлсэн. Үүнээс үзвэл, толь хагарсан цаг хугацааг тогтоох шалгуур болсон толины ирмэг болон зах нь бохирлогдоогүй гэх нөхцөл нь хэргийн газраас хураан авсан толины хагарсан хугацааг тогтооход ач холбогдолтой, үнэн зөв болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн шинжээч нь “толь хэзээ хагарсныг тогтоох боломжгүй” гэж гарсан дүгнэлтээсээ өөрөөр мэдүүлсэн байхад зөвхөн “толь хагарсан зүйл ажиглагдаагүй” гэх Б.Л-н мэдүүлгийг үндэслэн В.Б  нь амь хохирогчтой маргалдаж, улмаар толийг хагалсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

...Хувцасны шүүгээний толь хагарсан нөхцөл байдал нь тухайн хэрэгт ямар учир шалтгаанаар холбогдож, В.Б ийн ямар үйлдлийн улмаас толь цуурсан, энэ нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэлтэй ямар шалтгаант холбоотойг шүүх шийтгэх тогтоолд дүгнэж бичээгүй.

Шинжээчийн 350, 751 тоот дүгнэлтээр дээрх шинжээчийн 149 тоот дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэдэг. Гэтэл 751 тоот дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Ганболд нь ...шүүх хуралдаанд ...дүгнэлтээсээ өөрөөр мэдүүлсэн байхад шүүх 149 тоот дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүх хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Амь хохирогчийн өмсөж явсан зарим нэг хувцсанд урагдалт үүссэн талаар  413 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг. Үүнийг үндэслэн В.Б  нь амь хохирогчтой ноцолдсон, улмаар хүн алах гэмт хэрэг үйлдсэн шалтгаант холбоог тайлбарладаг. Шинжээчийн 4255 тоот дүгнэлтэд амь хохирогчийн хувцсанд уранхай, цоорхой гарсан байх ба уг уранхайнууд хэзээ үүссэн, хэрхэн үүссэн болохыг тогтоох боломжгүй талаар дурдсан. Амь хохирогч гадаа ухаангүй хэвтэж байхад В.Б  суганаас нь чирж гэрт оруулсан талаараа мэдүүлсэн ба ийнхүү чирэх явцад хувцас урагдсан байх боломжтой.

Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч В.Б  нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар согтсон үедээ амь хохирогч Б.Г-д хүч хэрэглэсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

В.Б  нь амь хохирогч Б.Г-г алсан хэргийг үйлдээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд иргэн Б.Г-г алсан болохыг эргэлзээгүй нотолсон баримтгүй, амь хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн, хэзээ, юугаар, яаж учруулсан талаарх асуудлыг бүрэн нотолж чадаагүй байхад В.Б ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн магадлал нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн.

Мөн давж заалдах шатны шүүхээс В.Б  болон өмгөөлөгч нарын гомдолд дүгнэлт хийгээгүй, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй, цагаатгах нотлох баримтыг үнэлээгүй эсхүл түүнийг няцаасан дүгнэлтийг огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, магадлалын 2 дахь заалтаар “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримталсныг хүчингүй болгосугай” гэснээс үзвэл шийтгэх тогтоол нь удирдлага болгосон ямар нэгэн заалтгүй болсон гэж үзэхээр байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг баримтлалгүйгээр В.Б д ял оногдуулж байгаа нь Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх талаар зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, В.Б ийн ямар үйлдлийн улмаас амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр В.Б  нь бусадтай ноцолдсон, тэмцэлдсэн ул мөр байсан эсэхийг түүний биед үзлэг хийх журмаар баримтжуулаагүй, түүний согтуурлын зэргийг тогтоох ажиллагааг хийгээгүй, тухайн хувийн сууцны гадаа цементэн талбай хальтиргаа, гулгаатай байсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг орхигдуулсан.

Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар няцаалт хийх үүргээ биелүүлээгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б ийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч тал гомдолдоо гэмт хэрэг гараагүй, золгүй явдал гэсэн байдлаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлаас харахад амь хохирогчид учирсан олон тооны шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй, өргөн талбайтай зүйлээр цохисноос үүссэн байх боломжтой гэж мэдүүлдэг. Тэгэхээр амь хохирогч гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогддог. Хэргийн газарт амь хохирогч, В.Б нараас өөр хүн байгаагүй. Хэргийн газарт байсан толины хагархай, хувцасны уранхай зэрэг нь тухайн цаг хугацаанд үүссэн. Хэргийн газрын гэрэл зургаас үзэхэд хэргийн газрыг цэвэрлэсэн асуудал тодорхой ажиглагддаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүхээс В.Б ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял оногдуулсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, М.Цогтбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн В.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар амь хохирогч Б.Г нь гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураа 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал бүхий гавал тархины гэмтлүүдийн улмаас нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогчийн үхэлд хүрсэн гэмтэл гадны нөлөөтэй, уг гэмтлийг В.Б  учруулсан гэж үзэхдээ шүүгдэгч В.Б  нь ямар шалтгаанаар, гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүйн аль хэлбэрээр, ямар үйлдэл хийсний улмаас Б.Г-н амь насыг хүсэж, эсхүл болгоомжгүй хохироосон талаар огт дүгнэлт хийгдээгүй нь В.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ таамаглал, магадлалд тулгуурласан гэж үзэхэд хүргэж байна.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С дүүргийн ... тоотод В.Б , Б.Г, Ж.Т нар архи ууж байгаад Ж.Т нь уг айлаас явж, В.Б ийг унтаж байгаад сэрэхэд гэрт нь хүн байхгүй, гараад харахад Б.Г нь дээшээ хараад унасан байдалтай хэвтэж байсан, өргөж гэртээ оруулаад цагдаа, түргэн тусламж дуудаж, дүү нар руу нь ярьсан, Б.Г-н дүү Г.О нь цээжин дээр нь дараад үзээч гэхэд В.Б  нь Б.Г-н цээжин дээр дарж хиймэл амьсгал хийх оролдлого хийсэн нөхцөл байдлууд илэрч, тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн амь хохирогчийн цогцост хийсэн үзлэгээр толгойн зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх үүссэн гадны хүчин зүйлээр үүсч болох боловч уг гадны хүчин зүйл нь тодорхой хүний буюу В.Б ийн үйлдлээс үүссэн болох нь бусад нотлох баримтуудтай харьцуулахад огт тогтоогдоогүй, 

цогцост хийсэн үзлэгээр зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал үүссэн нөхцөл байдал илэрсэн боловч амь хохирогчийн дүү цээжин дээр нь дар гэснээс үүдэн В.Б  нь хиймэл амьсгал хийсэн нь харьцуулсан мэдүүлгүүдээр нотлогдсон,

хэргийн газрын үзлэгээр тухайн айлын хувцасны шүүгээний толь хагарсан байдалтай байсан уг толь хэзээ хагарсан болохыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт, уг толь 2 жилийн өмнө хагарсан, хэрэг гарахын өмнө хагархайгүй байсан гэсэн гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгүүд цугларсан,

амь хохирогчийн өмссөн хувцсанд товч тасарсан, уранхай, цоорхой, өмдөнд гарсан халалтын улмаас үүссэн цоорхой зэрэг илэрсэн боловч уг тасарсан, урагдсан, цоорсон гэмтлүүд хэзээ үүссэн болох нь тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал, баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт судлагджээ.

Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тал бүрээс нь хангалттай шалгасан боловч В.Б  нь Б.Г-н үхэлтэй холбоотой санаатай, эсхүл болгоомжгүй аль нэг үйлдлийг хийсэн нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, тэдгээрээр нотлогдож буй нөхцөл байдлыг уг тодорхойлолттой харьцуулан үзэхэд В.Б  нь Б.Г-н үхэлтэй шууд хамааралтай байж болох  “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нотлогдож, тогтоогдоогүй гэж үзэв.

Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.

Дээрх хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, Б.Г нас барсан тухайн цаг хугацаанд хамт байсан В.Б ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл, баримт цуглараагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, М.Цогтбаатар нарын гаргасан “Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, В.Б д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, нэн даруй суллах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, В.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, В.Б ийг цагаатгаж, нэн даруй сулласугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, М.Цогтбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хангасугай.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН