| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00204/И |
| Дугаар | 141/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 141/ШШ2025/00171
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ............................ байрлах С п” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ...................................... оршин суугч П.Н холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 438,750 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С п ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь өөрийн "Storepay” буюу “С п аппликейшн” нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.Хэрэглэгч П овогтой Н нь "С п аппликейшн"-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь "С п аппликейшн"-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үндсэн мөнгө 292500 төгрөг, торгууль 40,000 төгрөг, алданги 106,250 төгрөг нийт 438750 төгрөг байна. Иймд хариуцагчаас "С п аппликейшн"-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох Нийт 438,750 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С п ББСБ” ХХК хариуцагч Т.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 438,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие Т.Н нь “С п ББСБ” аппликейшны зээлийн үлдэгдэл болох 438,750 төгрөгийг төлж барагдуулна. Дээрх мөнгийг авсан нь үнэн тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Т.Н нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,813 төгрөгийн тал хувь болох 6,906.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 6,906.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С п ББСБ ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “С п ББСБ” ХХК-аас хариуцагч Т.Н холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 438,750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Т.Н нь “Зээлийн гэрээний үүрэгт 438,750 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,813 төгрөгийн тал хувь болох 6,906.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 6,906.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С п ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН