| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2021/02385/И |
| Дугаар | 210/МА2021/01630 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2021/01630
| 2021 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2021/01630 |
Ц.Гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ц.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч М-т холбогдох
Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 781 560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г М газрын /МЭЕГ/ даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар томилогдон 2 жил 4 сарын хугацаанд ажиллаж, энэ хугацаанд үр дүнгийн гэрээнд заасан төлөвлөгөө, зорилтуудыг бүрэн биелүүлж, хангалттай үнэлгээтэй ажиллаж ирсэн. Анх 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг даалгаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Гэтэл МЭЕГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар төсвийн ерөнхий менежерийн 2020 оны үр дүнгийн гэрээг дуусгавар болгож намайг ажлаас чөлөөлсөн. Намайг дараах үндэслэлүүдээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Үүнд: 1. Б/84 тушаалын ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ойлгомжгүй байна. 2018 онд дээрх албан тушаалд томилогдсоноосоо хойш жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болох нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн үр дүнгийн гэрээ гэдэг нь Хөдөлмөрийн гэрээнээс тэс өөр ойлголт, өөр харилцааг зохицуулж байгаа хэлцэл юм. 2. Мөн тушаалын үндэслэл болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.2-т зааснаар миний эрхэлж байсан албан тушаалд хүнийг томилж чөлөөлөхдөө мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөх шаардлагатай байсан.
Нэхэмжлэгч Ц.Гийн зүгээс ажил олгогчтойгоо Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Үр дүнгийн гэрээ байгуулсан байсан тул захиргааны шүүхийн маргаан гэж үзэж 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөл хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128/Ш32021/2486 дугаар шүүгчийн захирамжаар энэхүү маргааныг иргэний шүүхийн харьяалан шийдэх маргаан байна гэж үзэж Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын зүгээс шүүгчийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бидний гаргасан гомдлыг хянан хэлэлцэж 279 дугаар тогтоолоор Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул ийнхүү танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 01 дүгээр сараас 6 cap хүртэл 6 сарын цалин хөдөлмөрийн хөлс 9 781 560 төгрөгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч Ц.Гийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход 1 сарын дундаж цалин хөлс нь 1 630 260 төгрөг болж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Ц.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд дараахь үндэслэлээр тайлбар гаргаж байна. Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын лаборатори нь улсын төсөвт үйлдвэрийн газрын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд даргыг М газрын дарга томилж, чөлөөлнө. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгч өөрийгөө төрийн үйлчилгээний албан хаагч гэдгээ мэдэх ёстой. Үүнийгээ мэдэхгүйгээр Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буруу ойлгосон нь хуулийн хэрэглэхгүй байх шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаа Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан гэж тайлбарлаж байгаа хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад 1 сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үүднээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийн маргааныг шийдвэрлэх хуулийн заалттай тул гомдлыг хүлээн авах учиргүй юм. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд илт хууль зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх гэсэн үйлдэл байсныг шүүгч харгалзаж үзсэн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй бөгөөд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзхээргүй байна гэжээ.
ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Мт холбогдох Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 9 781 560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх болон захиргааны хэргийн шүүхийн аль нь хянан шийдвэрлэх талаар Монгол Улсын хуулиудад нарийвчилж ялгасан зохицуулалт байдаггүй бөгөөд захиргааны хэргийн шүүх ийм төрлийн маргааныг хянан шийдвэрлэсэн олон тохиолдолууд байдаг. Нэхэмжлэгч Ц.Г нь 2018 оны 8 сараас Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллаж эхлэхдээ Хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй, жил бүр Үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан, нэхэмжлэгч Ц.Гийг ажлаас халсан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 дугаар тушаал нь Үр дүнгийн гэрээ-г үндэслэсэн байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 32 дугаар тогтоолын 3.1-т Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ гэж тайлбарласан. Нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээ байгуулсан, үр дүнгийн гэрээг үндэслэн ажлаас халах тушаал гаргасан зэрэг нь Улсын Дээд шүүхийн тайлбараас үзэхэд захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж бидний зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, гомдлоо гаргасан. Үүнээс гадна үр дүнгийн гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн тавдугаар бүлгээр зохицуулсан Захиргааны гэрээ юм. Өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээгээр нийтийн эрх зүйн харилцааг зохицуулна. Нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээг дуусгавар болгож буй акт нь нийтийн эрх зүйн хүрээнд гарна. Нийтийн эрх зүйн хүрээнд гарсан захиргааны акттай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж үзэж гомдлоо Төрийн албан зөвлөлд гаргаж улмаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдол гаргаснаар нэхэмжлэл гаргах хугацаа тасалдаж, 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4 дэх хэсгүүдэд зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 279 дүгээр тогтоол гарсанаар гомдол гаргах хугацаа шинээр тоологдож эхэлнэ гэж үзнэ. Нэхэмжлэгч талын зүгээс Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 279 дүгээр тогтоол болон нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудаа 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гардан авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар очсон боловч 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тул үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байсан тул тухайн өдрөө буюу 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөө шууданд нэхэмжлэлээ өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан шуудангийн тамга дардас болон шуудангийн баримтаар бүрэн нотлогдох ба гомдол гаргах хугацаагаа хэтрүүлээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Г нь М-т холбогдуулан Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 781 560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан тул иргэний хэргийн шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх ёстой, Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь үндэслэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэл заасан байна. /хх.1-3, 43/
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 тоот тушаалаар Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Ц.Гийн Төсвийн ерөнхий менежерийн 2020 оны үр дүнгийн гэрээ-г дуусгавар болгож, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогч уг тушаалдаа Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.2, Төсвийн ерөнхий менежерийн 2020 оны үр дүнгийн гэрээний 3.1, 4.1 дэх хэсгийг тус тус баримталжээ. /хх.7/
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон байхыг шаарддаг.
Ажил олгогч байгууллага нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна. Иймд Ц.Гийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 тоот тушаал хуульд нийцээгүй байна.
Анхан шатны шүүх ...ажил олгогч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ямар зөрчил гаргасан талаар дурдаагүй байгаа нь хууль зүйн агуулгын хувьд үндэслэлгүй болсон талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Гийг ажлаас буруу халагдсан тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзсэн нь зөрчилтэй болсон гэж үзлээ. Учир нь, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай 279 тоот тогтоолыг гардаж авсан өдөр хүртэл тасалдсан гэж үзнэ.
Хэргийн 28 дугаар талд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн /Нэхэмжлэл түүнд хавсаргасан материалыг хүлээлгэж өгсөн тухай/ гэсэн баримт авагдсан, уг баримтад 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 279 дугаар тогтоолыг хүлээлгэж өгсөн гэж тэмдэглэсэн байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан гэж огноо тавьж дардас дарагджээ. /хх.3/
Хэргийн 32 дугаар талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх нэхэмжлэлийг шууданд хийсэн дугтуй авагдсан байх бөгөөд Монгол шуудангийн дардас нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэсэн огноотой байна. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдсэн, энэ үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ...гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжтой.
Иймд нэхэмжлэгч Ц.Гийг урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх тогтов.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1 630 260 төгрөгөөр тодорхойлох нь дээрх журамд нийцэж байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх 9 781 560 төгрөгийн олговрыг гаргуулах нь зүйтэй болно.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Гийг Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, М-аас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 781 560 төгрөг гаргуулж Ц.Гт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгасугай. гэж
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М-аас 171 454 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч М нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ИЧИНХОРЛОО