Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 223/ДШМ/33

    2024          4               18                                                   2024/ДШМ/33

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун

Прокурор Э.Уянга

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны 2024/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Б.Дд холбогдох 2334002210239 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ..................................... суманд 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай,  эмэгтэй,  яс үндэс халх,  бүрэн дунд боловсролтой,  цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт ....................................... оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-гийн Д/РД:.........................../

2.Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр "Тоёота приус-20" маркийн 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчиж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн зорчигч Г.А эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Мэндийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэлээс шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-гийн Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр,1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг шүүхээс тогтоосон Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Дг "Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгч Б.Дд 3 жил /гурав/ 8 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Шүүгдэгч Б.Дгийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулга болон зан үйлтэй холбоотой зардалд 13.087.166 төгрөгийг, хохирогч Г.Ад 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод 9.800.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 3.857.281 /гурван сая найман зуун тавин долоон мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг,

Эрүүгийн 2334002210239 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн шатанд 13.087.166 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгдэгчээс гаргуулан авсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирол төлөгдсөн хор уршиг арилсан гэх мэтээр бичжээ. Мөн үндэслэх хэсэгтээ амь хохирогчийн 2005-2023 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сүүлийн 7 сарын цалингийн дундаж, зэрэг баримтуудыг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нь нотлох баримт дутуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжил гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан "шударга шүүхээр шүүлгэх, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь… зөрчигдсөн эрхийг сэргээхэд  оршино” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч хохирогчийн болон тэжээгчээ алдсан бага насны Есөнгоо, Есөнтөмөр нарын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй. МУ-ын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, хэмжээг тогтоох бүрэн эрхийг хууль тогтоогч шүүхэд олгож өгсөн. Харамсалтай нь дээрх заалтыг ойлгож хэрэглэхгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 551 дугаартай тогтоолоор "...шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал шаардлагыг харгалзан үзэх чухал гэж" заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэргийн шүүх хор уршгийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хуультай тогтоолтой атал жич иргэний журмаар нэхэмжил гэж асуудлаа өөрөөс зайлуулж хохирогчийн эрхийг зөрчиж байгаад маш гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх амь хохирогчийн үндсэн цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зөрүүтэй учраас үндсэн цалинг тогтоох боломжгүй, тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй учраас шүүх тогтоох боломжгүй гэжээ. Дээрх агуулгыг энгийн ухамсрын түвшинд ойлгоход тун хүндрэл гарч байна. Тухайлбал эрүүгийн хэргийн шүүх зөвхөн гэм буруутайд тооцож ял өгдөг, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг өөр эрх бүхий төрийн байгууллага тогтоодог мэтээр ойлгогдлоо. Амь хохирогч Б.Мэнд нь эрхэлсэн тодорхой ажилтай, хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлдэг, татвар болоод нийгмийн даатгал төлдөг, ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтууд, мөн амь хохирогч нь бага насны 2 хүүхэдтэй, тэдгээр нь эрүүл саруул өсөн бойжиж байгаа зэрэг баримтуудыг гаргаж өгөөд хуульд заасан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүхээс ийм дүгнэлт хийж байгаад маш их гайхаж бас харамсаж байна. Мөн яг ямар нотлох баримт дутуу учраас шүүх шийдвэрлэх боломжгүй байгаа талаараа шийтгэх тогтоолдоо огт бичээгүй юм.

2.Дээр дурдсанчлан Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар 28-ны өдрийн 551 дугаартай тогтоолоор "...шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал шаардлагыг харгалзан үзэх чухал гэж" заасан. Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Прокурорын зүгээс 13.087.166 төгрөгийн хохирол төлөгдсөн хор уршиг арилсан учраас зорчих эрхийг хязгаарлах ял санал болголоо гэж байгаа нь хэрэгт шууд хувийн сонирхолтой мэтээр харагдаж байна. Энэ 13 сая орчим төгрөг хаанаас гарч ирснийг ойлгохгүй байна. Шүүхээс хохирлын асуудлыг зөв шийдвэрлэж чадаагүй атлаа хохирол төлөгдсөн хор уршиг арилсан мэтээр дүгнэж шүүгдэгчийг хөнгөрүүлэн ял шийтгэж байгаад үнэхээр харамсаж хуулийн байгууллага хохирогчоор тохуурхсан мэт санагдаж байна. 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд тэжээгчээ алдсаны  тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлээгүй асуудалд гомдол гаргасан. Хохирогч талаас талийгаачийн ажиллаж байх үедээ авч байсан цалин хөлснийх нь талаарх нийгмийн даатгалын лавлагаа, мөн цалингийн задаргаа, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгосон баримт гээд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байхад  иргэний журмаар нэхэмжил гэж шийдвэрлээгүй орхисон. Гэтэл энэ баримтуудыг үзэхэд шүүх дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой нотлох баримтууд байдаг. Бид хэрэгт авагдсан Нормаунт ХХК-ны цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагааг үндэслэн амь хохирогчийн сүүлийн 7 сар нийт бодогдсон цалин 40,493,226 төгрөг болж байгаа,  дундаж цалин 5,784,760 төгрөг, сүүлийн  7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд нэг хүүхдийн 3,857,281 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн иргэний хариуцагчаар О.Гэрэлт-Одыг тогтоосон боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасныг хэрэглээгүй, ямар нэг хариуцлага хүлээлгээгүй. Прокурорын зүгээс оршуулгын зардал төлөгдсөнийг хохирол нөхөн төлөгдсөн гэдэг агуулгаар ялыг хөнгөрүүлэхээр санал гаргасан байдаг. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

            5.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогчоор овоглосон 1 хүүхэд байгаа бөгөөд амь хохирогч өмнө нь гэрлэлтийн баталгаатай байсан учраас Б.Отай гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэр хэрэгт авагдаагүй. Мөн амь хохирогч нь хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй буюу цалин хөлс авсан хуулга байхгүй. Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм. Харин иргэний хариуцагчид хариуцлага хүлээлгээгүй гэсэнтэй санал нэг байна гэв.

            6.Прокурор Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тэжээгчээ алдсаны зөрүүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхтэй боловч нотлох баримтыг үндэслэх нь зүйтэй юм. Анхан шатны шүүх энэ агуулгаар дүгнэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулах ялын саналын хувьд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг санал болгосон. Өөрөөр хэлбэл тухайн зүйл хэсэг нь зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялтай зүйл анги тул 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхийг эдлүүлэх зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон. Шүүгдэгчийн хувьд хорих ялаар шийтгүүлэх юм бол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлөх боломжгүй байдал үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 4 дүгээр сарын 08-нд шүүгдэгч Б.Д Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах зорилгоор 38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2-д заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.А эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулан, Б.Мэндийн амь нас хохирсон үйл баримт болсон.

2.Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-12/,

осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 13/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын өгсөн “...нөхөр маань 2023 оны 04 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах унаанд сууж  ажил руугаа явахаар зар дээрээс унаа хайгаад 38-40 АРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж, хот руу явсан....орой 19:30 минутын орчимд найзаас нь дуудлага ирээд осолд орсон байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/,

 хохирогч Г.А өгсөн “Долгорсүрэн тээврийн хэрэгсэл жолоодсон, урд талын суудалд би суучихсан, Б.Мэнд гэх хүн арын суудалд суучихсан  явсан... тэгээд 16  цагийн орчим Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байгаад гэнэт эсрэг урсгал руу ороод хажуу тал руугаа осол гарсан...Б.Мэнд гэх хүн машины гадна байсан, харин бид хоёр суудлын бүсээ зүүчихсэн байсан болохоор машины суудал дээр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/

иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар тогтоогдсон О.Гэрэлт-Одын “ Долгорсүрэн нь миний эзэмшлийн 38-40 АРХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад... онхолдож хохирол учирсан байсан. Хохирлоо 9,800,000 төгрөгөөр бодож авна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29, 33/,

эрх  бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “ Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоёото приус-20 маркийн  38-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баттулгын Долгорсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон  цаг агаарын нөхцөл,  хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан  тээврийн хэрэгслийн хурдын энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “12.2. харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох  боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв” гэх дүгнэлт /1-р хх-ийн 99-100/,

хохирогч Г.А эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-117/,

амь хохирогч Б.Мэнд нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсныг тогтоосон Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай  шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-60/ зэргээр шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна гэж үзсэн.

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...хохирогч талаас талийгаачийн ажиллаж байх үедээ авч байсан цалин хөлснийх нь талаарх нийгмийн даатгалын лавлагаа, мөн цалингийн задаргаа, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгосон баримт гээд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байхад иргэний журмаар нэхэмжил гэж шийдвэрлээгүй орхисон. Бид хэрэгт авагдсан Нормаунт ХХК-ний цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагааг үндэслэн амь хохирогчийн сүүлийн 7 сар нийт бодогдсон цалин 40,493,226 төгрөг болж байгаа,  дундаж цалин 5,784,760 төгрөг, сүүлийн  7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож,  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд нэг хүүхдийн 3,857,281 төгрөг нэхэмжилж байгаа, ...иргэний хариуцагчаар Гэрэлт-Одыг тогтоосон боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг хэрэглээгүй, ямар нэг хариуцлага хүлээлгээгүй. Прокурорын зүгээс оршуулгын зардал төлөгдсөнийг хохирол нөхөн төлөгдсөн гэдэг агуулгаар ялыг хөнгөрүүлэхээр санал гаргасан” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

5. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг шалган тодруулсан, нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хянан хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинж нь Монгол Улсад мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх, улмаар хүний амь нас хохирсон байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь дээр дурдсан шинжээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон шинжүүдийг хангасан, түүний гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтаар хангалттай нотолсон байна.

6.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

7.Харин шүүх шүүгдэгч Б.Дд хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоож шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар " Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг давхар хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүх гэмт хэрэг үйлдсэн  хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан.

Шүүх хуульд заасан дээрх зарчмыг эрх зүйн удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд  нийцэх юм.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаа6рлах ялаар шийтгэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хүний хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг давхар хэрэглэсэн нь буруу болсон.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээс өөрөөр албадлагын арга хэмжээг үндсэн ялтай хэрэглэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан нөхцлүүдийн аль нэгийг, эсхүл бүгдийг хэрэглэн хязгаарлалтын бүсийг тогтоох эрхтэй боловч “...тодорхой газарт очихыг хориглох”-ыг хязгаарласан атлаа чухам ямар газарт очихыг хориглож байгаагаа тодорхойлоогүй, “Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг....эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж” гэж хязгаарлалтын бүсийг хэт өргөн хүрээгээр тогтоосныг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Анхан шатны шүүх “...амь хохирогчийн  нэг сарын үндсэн цалин зөрүүтэй, зөвхөн Нормаунт ХХК-ний албан бичиг, тодорхойлолтыг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах боломжгүй, тэжээгчээ  алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсанд /2-р хх-ийн 5/ авагдсан тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг эрх бүхий байгууллага нь тогтоогоогүй тул шүүх амь хохирогчийн дундаж цалингийн хэмжээг тогтоох боломжгүй” гэж дүгнэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, амь хохирогч Б.Мэнд осолд орохоос өмнө ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь тогтоогддог бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох үедээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тогтоох байсан.

Мөн хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Есөнтөмөр /2-р хх-123/, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин О.Есөнгоо /2-р хх-ийн 124/ нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 138/ зэргээс үзэхэд амь хохирогч Б.Мэнд нь Цэцэгмаагийн Ганчимэгтэй гэрлэлтийн бүртгэлтэй байх ба М.Есөнтөмөр, О.Есөнгоо нарын ээж Б.Отай хамтын амьдралтай байсан, охин О.Есөнгоогийн эцэг мөн эсэх зэрэг нь тодорхойгүй байгаа тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогч Б.Мэнд нь  2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Нормаунт ХХК-нд уулын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогддог /2-р хх-ийн 10/ бөгөөд Нормаунт ХХК-ний 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 23/613 тоот албан бичгээр  /2-р хх-ийн 6/ түүний сарын үндсэн цалинг 3,300,000 төгрөгөөр тодорхойлж, гарт олгох цалинг 824,385 төгрөгөөс 4,594,842 төгрөгөөр тооцсон, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн лавлагаагаар /2-р хх-ийн 125/ сүүлийн 7 сарын цалин нь 2,844,570 төгрөгөөс 7,146,905 төгрөг гэж авагдсан байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тодорхойлох боломжгүй байна.

9.Шүүгдэгч Б.Дгийн жолоодон явсан 38-40 АРХ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч О.Гэрэлт-Одыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоосон /1-р ххийн 30/ байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар гэм хорыг хариуцах үүрэг бүхий этгээд мөн боловч шүүгдэгч Б.Д нь амь хохирогч Б.Мэндийн оршуулах зан үйлийн зардлыг хариуцан төлсөн, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснээр анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч болон иргэний хариуцагчаас нөхөн төлүүлэх, шийдвэрлэх хохирол байхгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхдээ хариуцах этгээдээр шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагч О.Гэрэлт-Од нарын хэн алиныг тодорхойлж татах нь түүнд хуулиар олгогдсон эрхэд хамаарах юм.

10.Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар “... хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасанд үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассаныг “Тогтоох” хэсгийн 9 дүгээр заалтад “4” гэснийг “5 болгон өөрчилж, зарим заалтын үг, утга найруулгад өөрчлөлт оруулан  “Тогтоох” хэсгийг 1-11 гэж дугаарлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Шүүгдэгч Б овогт Б-гийн Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

Шүүгдэгч Б овогт Б-гийн Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг шүүхээс тогтоосон Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай” гэснийг

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дгийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг  мэдэгдсүгэй” гэж,

4 дүгээр заалтыг бүхэлд нь хасаж,

9 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж,

1-12 гэсэн дугаарлалтыг 1-11 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                     ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

                                          ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

                                                                                                А.ЦЭРЭНХАНД