| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0018/З |
| Дугаар | 121/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 121/ШШ2025/0014
2025 10 29 121/ШШ2025/0014
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрахын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бд холбогдох “Эрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бгийн шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бгаас 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын МУ-018764 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК /********/ нь усны нөөцийг бохирдуулахаас хамгаалах үүргээ биелүүлээгүй гэх бүртгэлийн ***** дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ч энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх" гэснийг "хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна.
Тус өөрчлөлт орсон заалтыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх хугацааг анзааралгүй шийтгэлийн хуудас бичсэн тул Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Галбадрахын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрахаас “Эрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бгийн шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай 04 дугаартай дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.
Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийг Усны тухай хууль зөрчиж, ус бохирдохоос хамгаалах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Харин тус заалтын тайлбар хэсэгт “Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх" гэснийг "хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ.
Хариуцагч нь хуулийн дээрх тайлбар хэсгийг анзааралгүйгээр шийтгэлийн хуудас бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь “Эрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бгийн шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрахын “Эрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Бгийн шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ