| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07655/И |
| Дугаар | 191/ШШ2025/04307 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Маа овогт Ц******* Б******* /регистрийн дугаар: ХК*******/-ы нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Баатад овогт Д******* М******* /регистрийн дугаар: ЦЕ/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт оршин байрлах А СӨХ-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид Б******* дүүргийн **** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 13.92 м.кв, мөн хаягт байрлах ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаатай 13.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2011 онд худалдан авсан. Хариуцагч нь энэ онд бидэнд огт мэдэгдэлгүй 99 тоотод байрлах зогсоолын талбайд оруулан гүйдэг хаалганы суурь хийн тухайн суурь хийсэн хэсэг дагуу хаалга нээгдэж хаагдах болж бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 20 см зайг бидний зөвшөөрөхгүй ашиглах болсон. Үүнээс үүдэн тус хоёр зогсоолд өөрсдийн 2 тээврийн хэрэгсэлээс гадна гэр бүлийн найз болох хөрш айлын 1 тээврийн хэрэгсэл нийтдээ 3 тээврийн хэрэгсэлийг шахан байрлуулж ашигладаг байсан бол одоо өмнөх шигээ ашиглах боломжгүй болж хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн өмчийг чөлөөтэй эзэмшиж ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд **** тоотод байрлах 13.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ц.Б*******, Д.М******* нарын өмчлөх гэрчилгээтэй, 13,92 м.кв бүхий 98 дугаар зогсоол, өмчлөх гэрчилгээтэй 13,92 м.кв бүхий ** дүгээр зогсоолуудад нийт 27,84 м.кв талбай хамаарагдахаар байна. Энэ үндэслэлийн дагуу нэхэмжлэгч нарын ашиглаж байгаа талбайг хэмжихэд урт нь 5,1 м, өргөн нь 5,8 м нийт 29,58 м.кв байгаа бөгөөд зөрүү 1,74 м.кв талбайг дундын эзэмшлийн талбайгаас оруулан ашиглаж байгаа үйлдэл илэрлээ. (Хэмжилтийн зургийг хавсаргав)
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанчлан хувийн өмчлөлийн талбай руу орсон асуудал байхгүй төдийгүй харин ч нэхэмжлэгч нарт зөвхөн 2 машин тавих зориулалтаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсоор байтал стандарт, дүрэм журмыг зөрчиж 3 машин тавиж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , дугаарт бүртгэлтэй автозогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ, гүйдэг хаалга гэх фото зураг,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: СӨХ-ны гэрчилгээ, гүйцэтгэх захирал Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, СӨХ-ны гараж, автозогсоолын галын үед ажиллах схем зураг, зураг дээрх 98, 99 тоот зогсоолууд, автозогсоолын фото дугар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ц.Б*******, Д.М нар нь хариуцагч А СӨХ-д холбогдуулан, автозогсоолын 20 см зайнд зөвшөөрөлгүй барьсан гүйдэг хаалгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдлоо.
4. Ц.Б*******, Д.М нар Б******* дүүргийн **** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 13.92 м.кв, мөн хаягт байрлах ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаатай 13.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №, № гэрчилгээнүүдээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч СӨХ нь уг авто зогсоол руу орох гарах хаалганы хажууд байрлах 99 тоот авто зогсоолын барилгын хана дагуу шалны хэсэгт гүйдэг хаалганы суурь байруулсан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдож байна.
5. Дурдаж буй гүйдэг хаалганы суурийг байрлуулсан байдал, авто зогсоолын талаар зохигч талууд зөрүүтэй тайлбарласан буюу нэхэмжлэгч нь 20 см зайтай газрыг ашиглах боломжгүй болгосон гэсэн бол хариуцагч нь уг хэмжээг үгүйсгэсэн ба тус бүр нь 13,92 м.кв талбайтай 98, 99 дүгээр зогсоолуудад нийт 27,84 м.кв талбай хамаарагдахаар байтал нэхэмжлэгч нарын ашиглаж байгаа талбайг хэмжихэд урт нь 5,1 м, өргөн нь 5,8 м нийт 29,58 м.кв байгаа бөгөөд зөрүү 1,74 м.кв талбайг дундын эзэмшлийн талбайгаас оруулан ашиглаж байгаа үйлдэл илэрсэн хэмээн маргасан.
6. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн 99 тоотод байрлах, 13,92 м.кв талбайтай авто зогсоол нь барилгын хананд тулгасан цэгээс эхэлж, эсхүл барилгын баганын булан ирмэг хэсгээс эхэлж хэмжсэн эсэх, хана дагуу шалан дээр байрлуулсан гүйдэг хаалгын зам нь 13,92 м.кв талбай руу нэвтэрч орсон эсэх нь тодорхойгүй байна.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан.
8. Хариуцагч СӨХ нь үйл ажиллагааныхаа хүрээнд автозогсоолд гүйдэг хаалга байрлуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн дугаатай 13.92 м.кв талбайтай, 99 тоотод байрлах авто зогсоолыг А СӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Б*******, Д.М******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У