Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2018/ЦШТ/26

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            Улсын яллагч Д.Бат-Өлзий,

            Хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Б-д холбогдох эрүүгийн 17270003100024 тоот хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Э.Б

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.Б нь 2017 оны 08  дугаар сарын 08-ны шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт шороон зам дээр Р.О-ын эзэмшлийн “Форд ренжер” маркийн 68-35 ӨВА улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх заалт “...хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгээр,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орой аавындаа оччихоод буцаж явах үед гэнэт өөдөөс гэрэлгүй мотоцикл гараад ирсэн. Машинаас бууж ирэхэд хоёр хүн газар хэвтэж байсан. Би биеийг нь асуугаад босч чадах уу гэсэн. Тэгээд дараа нь би машинаа асаагаад хүн дуудах гээд явсан. Гэр рүү гээ явж байх үед машин эвдэрсэн. Тэгээд машинаа орхичихоод эхнэр дээрээ очсон. Машин олоод буцаж нөгөө газраа хайгаад олоогүй. Тэгээд өглөө нь цагдаа болон эмнэлэг дээр очсон, байхгүй байсан” гэв.

            Хохирогч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Хужирт сумын хот хоорондын зорчих тээврийн хэрэгслээр Хужирт суманд ирсэн юм. Хөдөө байдаг манай аав миний мотоциклийг айлын хүнээр унаж явуулсан байсан. Би сумын төвөөс 9 цагийн үед гарсан. Тэгээд сумын төвөөс 4-5 км хүрэхгүй газар явж байхад өөдөөс нэг машин их хурдтай орж ирсэн. Би хамт явж байгаа Цд энэ машин их хурдтай явж байна гэж хэлээд баруун тал руугаа дарсан чинь зүүн талаас ороод ирсэн. Тэгсэн Ц бид 2 шидэгдсэн. Мотоциклиосоо хол шидэгдчихээд би нэг хэсэг ухаан балартсан байсан. Тухайн үед хөлөө хугарсныг ч мэдээгүй. Хөл дээрээ босох гэсэн чинь буцаад газар ойчсон. Миний гар утас нилээн зайтай газар байхаар нь машинаас бууж ирсэн хүнийг хөөе найзаа утас аваад өгөөч гэсэн чинь би чиний найз юм уу амьдралд гай болсон пизданууд минь зайлаарай гэж хэлсэн. Тухайн үед гадаа үүлтэй бүдэгхэн сартай байсан. Энэ хүн машинаа асаагаад яваад өгсөн. Би хөлөө чирээд гар утсаа аваад аав руу гаа залгасан удалгүй манай аав ирээд намайг эмнэлэгт хэлсэн” гэв.

            Хохирогч 1980 онд төрсөн Л-ын Б мөрдөн байцаалтанд 2017-08-30-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 08-нд 22 цаг өнгөрч байхад би Хужирт сумын төвөөс Б-ийг ардаа сундлаад Жамбалын тал гэх газар руу шороон замаар явж байтал өөдөөс хурдтай машин гарч ирсэн. Би баруун гар тал руугаа замаас гарч байхад зүүн хажуу  талаас ирж мөргөсөн. Би нэг хэсэг ухаан балартаж, арай гайгүй болоод харахад миний унаж явсан мотоцикл дээгүүр автомашины урд тал гараад ирсэн байсан. Дахиад ухаан балартаж манарсан байдалтай байхад машинаас хүн гарч ирж машиныхаа урд талд зогсчихсон, тачигнуулаад байсан. Би тухайн хүнээс надад түргэн тусламж дуудаад өгөөч гэхэд тухайн хүн би чиний найз юм уу, амьдралд гай болсон пизда минь зайлаарай гэж хэлээд машинаа унаад Хужирт сумын чигт явсан. Би тухайн машины арын дугаарыг харж чадаагүй. Гэхдээ ардаа тэвштэй суудлын тэрэг байсан. Би гомдолтой. Миний зүүн талын хөл шилбээрээ хоёр хугарсан......

            Тэр жолоочийг явсны дараа надтай цуг явсан Ц надад миний гар утсыг авчирч өгсөн. Тэр үед миний ээж над руу залгасан. Тэгээд би болсон зүйлийг ээж А-т хэлсэн. Удалгүй миний аав Л, манай айлын хүн Б нар автомашинтай ирсэн. Тэгээд л Хужирт сумын эмнэлэг орсон. Эмнэлэг дээр нэг хоноод маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний 16 цагийн үед Хужирт сумаас Арвайхээр сумын БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Миний эмчилгээ сувилгаа болон бусад зардал нийт 2.882.330 төгрөг болсон. Одоогийн байдлаар цаашид би эмчилгээ сувилгаанд бүх зардлыг нэхэмжлэх болно. Би тухайн үед зам тавьж өгсөн. Согтуу жолооч гарч ирээд намайг мөргөсөн би гомдолтой байна. Би одоо мотоциклио бол авахгүй. Түүнийг нэхэмжилж авах болно. Одоогоор эмчилгээ сувилгаанд гарсан 2.882.330 төгрөгийг нэхэмжилнэ. Намайг БОЭТ-н эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад 500.000 төгрөг миний хөлөнд хийсэн хадаасны мөнгө гэж өгсөн. Тэр 500.000 төгрөг нь миний нэхэмжилж байгаа 2.882.330 төгрөгт ороогүй. Тэр мөнгийг Э.Б өөрөө эмнэлэгт тушаасан гэсэн. Тэрнээс хойш Э.Б миний дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Иймд би нэхэмжлээд байгаа 2.882.330 төгрөгнөөс Э.Б-ы өгсөн 1.200.000 төгрөгийг хасч одоо 1.682.330 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 85-88/,

Гэрч 1970 онд төрсөн Д.Б мөрдөн байцаалтанд 2017-08-09-нд өгсөн мэдүүлэгт: “... 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой харанхуй болж байсан. Би цаг хараагүй. Хажуу талын айлын хүн яваад өгөөч гэхээр нь Х-г авахаар Хужирт сумын төв рүү явсан. Төв дээрээс Х-г аваад буцаад гэр рүү гээ явж байхад урдаас машины гэрэл гарч мөргөлдсөн. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Хужирт сумын төв рүү явахдаа би унаж явсан. Ирэхдээ Х- унаж ирсэн. Манай айл саахалт Л өвгөний мотоцикл байгаа юм. Л нь Х-гийн аав байгаа юм... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Б буюу Х-гийн унаж явсан мотоцикл гэрэлтэй явж байсан талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд анх тайлбар мэдүүлэг өгөхдөө худал ярих санаа зорилго байгаагүй. Надад санал хүсэлт байхгүй. Миний бие зүгээр, эмчилгээ сувилгаа аваарт орсноос хойш хийлгээгүй надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 121-122, 2 дугаар хх 14-15/,

Гэрч 1980 онд төрсөн Р.О мөрдөн байцаалтанд 2017-10-09-нд өгсөн мэдүүлэгт: “... Уг автомашин 2000 онд үйлдвэрлэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Монгол Улсад орж ирсэн. Автомашиныг эзэмшиж байгаад 2017 оны 07 дугаар сарын 28-ны үед өөрийн найз болох Э.Бд 10.000.000 (арван сая) төгрөгөөр худалдсан юм. Э.Б бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй байсан. Уг 68-35 ӨВА улсын дугаартай автомашины эзэмшигч нь Э.Б байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 124-125/,

Гэрч 1969 онд төрсөн Д.Д мөрдөн байцаалтанд 2017-10-12-нд өгсөн мэдүүлэгт: “... Би 2017 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Хужирт сумын төвд байдаг өөрийн аав Д-гийн гэрт ирээд амарч байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-ний шилжих шөнө миний дүү С над руу утсаар залгаж аав, ээж хоёрт мэдэгдэхгүй Ж ахыг сэрээгээд гараад ир автомашины хэрэг байна гэж утсаар ярьж хэлсэн. Тэгэхээр нь хүргэн  Ж-ийг унтаж байхад нь сэрээж гэрээс хамт гарсан. Тэгтэл миний дүү С нөхөр Б-ыхаа хамт аавын гэрийн гадаа явган ирсэн байсан. Тэгээд Ж автомашинаа унаж Б бид хоёр Ж-ийн автомашинд суугаад Хужирт сумын төвөөс баруун урагш ойролцоогоор 6-7 км зайд очиж Б автомашинаас буугаад нэлээн юм хайгаад байсан. Тэгснээ мотоцикл, автомашины эд анги хагарсан байх үүрмэг дээр Б очоод автомашинаасаа бууж үзчихээд буцаж машинд сууж сумын төвд ирсэн. Тухайн үед би учир холбогдлыг мэдээгүй байсан. Б-ыг автомашин, мотоциклийг гэрэл дохионы үүрмэг дээр очиход бараг үүр цайж байсан. Тэгээд л ерөнхийдөө Э.Б-ийг мотоциклтой мөргөлдсөн гэдгийг ойлгож мэдсэн. Цагдаа дээр оч гэж хэлээд явуулсан. Манай хүргэн Э.Б архи дарс ууж хэрэглээд байдаггүй. Тухайн үед өөрийн аав дээр очиж хоолтой болох гэж яваад буцаж Хужирт сумын төв явах замдаа ийм  асуудалд орсон байсан. Тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Ж- бид хоёртой цуг явж байхад архи дарс ууж хэрэглэсэн шинжгүй байсан. Эрүүл байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 126-127/,

Гэрч 1979 онд төрсөн Н.Ж мөрдөн байцаалтанд 2017-10-12-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2013 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Д гэж айлын хүргэн болсон юм. Тэрнээс хойш Э.Б гэж хүнийг таньж мэдэх болсон. 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө намайг унтаж байхад Д эгч дуудаж хадамын гэрээс гарсан. Тэгтэл Э.Б ирчихсэн ойрхон юманд явъя гэж хэлсэн. Тухайн үед учир холбогдлыг ойлгож мэдээгүй өөрийн мөнгөлөг цагаан өнгийн Приус-20 маркийн автомашиныг жолоодож Э.Б, Д эгч хоёрыг суулгаж Хужирт сумын төвөөс баруун урагш явсан юм. Би сумын төвөөс ойролцоогоор 7-9 км зайд очиход Э.Б баруун гар тийшээ эргэ гэж хэлсэн. Хэсэг явсны дараа биш байна, буруу зам руу орлоо гэж хэлээд буцаж иргээд явж байтал автомашин, мотоциклийн гэрэл дохионы хагархай зэрэг гарч ирсэн. Тэгээд энэ мөн байна гэж хэлээд автомашинаас Э.Б бууж тухайн газрыг үзээд байхаар нь ямар учиртай, юу болсон газар юм бэ? гэж асуутал би түрүү мотоциклтой явж байсан хүнтэй энд өөрийн автомашинтай явж байгаад мөргөлдсөн юм гэж хэлж байсан. Тэгээд тэр мотоциклтой хүн ямар хүмүүс байсан юм бэ гэж асуутал хоёр согтуу хүн байсан гэж Д эгч бид хоёрт хэлсэн. Тэгээд сумын төвд ирээд Э.Б-ийг одоохон цагдаа дээр очоод уулз гэж хэлээд явуулсан. Ямар учраас мотоциклтой хүнтэй мөргөлдсөн юм бэ гэж асуухад надтай мөргөлдсөн мотоцикл гэрэлгүй явж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 128-129/,

Гэрч 1982 онд төрсөн Д.С мөрдөн байцаалтанд 2017-10-12-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны үдээс хойш манай нөхөр Э.Б хоолтой болохоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс өөрийнхөө улаан өнгийн 68-35 ӨВА улсын дугаартай автомашиныг унаж Хужирт сумын төвөөс урагш “Цагаан хошууны урд өвөр” гэх газар нутагт байрлах аав Энхтөр гэх айлд очихоор явсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө намайг унтаж байхад манай нөхөр Э.Б явган гэрт ирсэн. Тухайн үед манай нөхөр их сандарсан байсан юу болсон талаар асуухад хөдөөнөөс ирж байхад гэнэтхэн юм гарч ирээд миний унаж явсан автомашины урд талаас мотоциклтой хоёр хүн мөргөчихлөө. Би тоормоз гишгэсэн гэж хэлсэн. Өөр зүйл огт яриагүй. Тэгэхээр би Улаанбаатар хотоос ирээд амарч байсан эгч Д-г дуудаж хүргэний машинаар уг газарт явуулах гэж бодож эгчийг хүргэний хамт дуудаж тэр даруй Э.Б-тай цуг хөдөө явуулсан. Эгч, хүргэн хоёртой Э.Б эхэлж хөдөө яваад өглөө болж байхад буцаж ирсэн. Тэрний дараа манай нөхөр буцаж гэрээс гарч яваад автомашинаа авчирсан. Би хаанаас авчирсан талаар мэдэхгүй. Тухайн үед автомашинаа ямар байсан талаар анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 129-130/,

Гэрч 1952 онд төрсөн С.Л мөрдөн байцаалтанд 2017-10-16-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос Хужирт суманд ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед айл байсан Б-д Б-ын “Мустанг-5” маркийн мотоциклийг унуулж Хужирт сумаас хүүг авчир гэж хэлээд явуулсан. Орой 22 цагийн үед байх миний хүү утсаар ярьж мотоциклтой явж байхад амтомашинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ийн хамт очтол миний хүү Б хөлөө дээд талаар боочихсон байдалтай газар сууж байсан. Харин Б миний хүүгийн урд хэсэгт тонгойчихон байсан. Бид шууд Б, Б нарыг автомашинд суулгаж унаж явсан мотоциклийг нь автомашин дээр ачаад Хужирт сумын төв орсон. Б, Б нарыг эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш өглөө нь сумынхаа цагдаад өөрийн биеэр очиж хэлсэн. Миний хүү тухайн үед автомашинд мөргүүлсэн гэж ярьж байсан. Бид нарыг очиход тэр автомашин байхгүй байсан. Ослын газар автомашин мотоциклийн гэрэл, дохионы хагархай байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 133-134/,

Гэрч 1980 онд төрсөн С.Ц мөрдөн байцаалтанд 2017-10-14-нд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн өдөр Хужирт сумын эрүүл мэндийн төвд сувилагчаар хонож ажиллаж 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зүүн өвдөгнөөс доош хугралтай хүн хүргэгдэж ирсэн. Тухайн үед болсон зүйлийн талаар асуухад Б нь өнөөдөр Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд аавынд очих гээд явж байхад миний унаж явсан мотоциклийн урдаас автомашинтай хүн мөргөсөн. Тэгээд автомашинаасаа буугаад хүнд гай болсон хүмүүс энэ тэр гэж харааж байснаа автомашинаа унаж зугтаасан гэж ярьж байсан. Тухайн өдрийн жижүүр эмчээр Оюунпүрэв гэж эмч гарч байсан. Б, Б нараас архи уусан шинж тэмдэг анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 136-137/,

Гэрч 1993 онд төрсөн Б.М мөрдөн байцаалтанд 2017-10-10-нд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Л нь өөрийн биеэр мэдэгдэхдээ манай хүү Б урд шөнө Хужирт сумын төвөөс урагшаа мотоциклтой хөдөө гэр рүү гээ явж байгаад автомашинд мөргүүлсэн байна гэж хэлсэн. Л-аас тухайн хэргийн талаар асуухад бид нар урд шөнө мотоциклийг нь автомашин дээр ачаад Хужирт сумын төвд ирсэн. Мөргөсөн машин нь явчихсан байсан гэж хэлсэн. Манай хүү Хужирт сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна гэсэн. Дуудлагын дагуу хэргийн газар очиход автомашин, мотоциклийн үүрсэн гэрэл дохио, гуперний хэлтэрхий байсан. Тэгээд Хархорин сумын цагдаа руу дуудлага өгч хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн дуудсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Бат-Эрдэнэ, шинжээч, цагдаагийн дэслэгч Очирпүрэв, замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүх нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Тэр өдөр хэргийн газраас зугтсан гэх автомашиныг эрж хайж олоогүй. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Хужирт суманд ажил дээр сууж байхад нэг эмэгтэй гаднаас орж ирээд уулзъя гэхээр нь юу болсон талаар асуухад манай төрсөн дүүгийн нөхөр Э.Б гээд нэг залуу байдаг юм. Тэр маань өчигдөр хөдөө явчихаад буцаад Хужирт сумын төв рүү ирж байхдаа орой замд явсан мотоциклтой хүнийг мөргөчихсөн юм байна. Манай хүргэн дүү өөрөө уг дуу цөөнтэй болохоор тухайн үед айж сандраад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хэргийн газраасаа явчихсан юм байна. Надад хэлэхээр нь би дагуулаад цагдаа орж уулзахгүй бол болохгүй гэж хэлээд дагуулаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би тэр дүү чинь хаана байна гэсэн чинь гадаа байна гэхээр нь ажлаас гарч Э.Б-тай уулзаж мотоциклтой хүнийг мөргөсөн автомашин чинь хаана байна гэж асуухад хашаан дотор байгаа гэсэн. Би уг машиныг нь хашаанд нь очиж хараад Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Бат-Эрдэнэд гар утсаар ярьж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 139-140/,

Гэрч 1983 онд төрсөн Б.А мөрдөн байцаалтанд 2018-01-09-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Дуудлагын дагуу шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Очирпүрэв, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ нарын хамт явсан. Хэрэг болсон гэх газар очиход зам тээврийн осолд холбогдсон автомашин, мотоцикл хоёр байхгүй байсан. Иймд мотоциклийн ард сундалж явсан БатЦ гэх хүнээр хэргийн газрыг заалгаж очсон. Тэгээд хэргийн газарт үзлэг хийхэд үзлэгээр мотоцикл очсон газарт мотоциклийн эд анги хагарч, бутарч унасан газар нь зурагдаж ул мөр үүссэн байсан. Үүнийг “Б” цэгээр авч мотоцикл унасан газар гэж үзсэн. Харин анх мөргөлдсөн “А” цэгийг авахдаа тухайн зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн явагч хэсгийн дугуйн мөр гарсан байсан мөн мотоцикл газар унаж түрэгдсэн байх ул мөр илэрсэн, мотоциклийн арын суудал дээр сууж явсан БатЦ өөрөө заасан болохоор “А” цэгээр авч гэрэл зургаар бэхжүүлсэн. Уг хэргийн газарт үзлэг хийх явцад автомашин, мотоцикл хоёрын тоормозлосон гэх мөр илрээгүй. Харин “А” цэгээс “Б” цэгийн хооронд автомашины явагч хэсгийн мөр илэрсэн. Тэр автомашины явагч хэсгийн мөрөнд тоормозолсон гэх ул мөр илрээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 183-184/,

2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд: “1. Хэргийн материалыг хянаж үзэхэд: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Б-ийн мэдүүлэг, хохирогч Л.Б-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4513, 4385 тоот шинжээчийн дүгнэлтүүд Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Б.Алтансүхийн ослын акт зэрэг хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас авч үзэхэд 1. 68-35 ӨВР улсын дугаартай, “Форд Ренжер” маркийн автомашины жолооч Э.Б, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Л.Б нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 68-35 ӨВР улсын дугаартай, “Форд Ренжер” маркийн автомашины жолооч Э.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. 2. 68-35 ӨВР улсын дугаартай, “Форд Ренжер” маркийн автомашины жолооч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх заалт “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10а,б, 5.11.а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажууг зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцон уг ослыг гаргасан байна. Мөн дүрмийн 2.5 Замын осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: 2.5 А “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т зааснаар шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5Б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5В “Замын тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.5Г “Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн эд мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас хөдөлгөж болно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Улсын дугааргүй, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Л.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1. А “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” 2.3.В “Мотоцикл жуолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож явсан байна. 3. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 79-81/

Замын цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаартай шинжээч Н.Шинэбаартар, Б.Батзориг, Н.Ганбатаар нарын дүгнэлтэнд: “...1. Л.Б, Э.Б нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явсан Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг. 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а\ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” мөн дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в\ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” Ford Ranger маркийн 68-35 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.1. “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан  эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно” мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а\ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асуух ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” /хэргийн газрын үзлэг болон фото зураг дээр тээврийн хэрэгсэл байхгүй/, б\ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” /хавтаст хэрэгт авагдсан материалд анхны тусламж гэмтсэн хүнд үзүүлсэн нь тогтоогдоогүй/, в\ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” /хавтаст хэрэгт авагдсан материалд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь тогтоогдоогүй/ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хавтаст хэрэгт авагдсан фото зураг №15 дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг урд талаас нь харуулсан зураг дээр урд их гэрлийн дотор тал байгаа бөгөөд ШШҮХ-ийн №4513 дугаартай шинжээчийн дүгнэлтийн зураг №7 дээр Мустанг-5 маркийн мотоциклийн урд талын их гэрлийн дотор тал байхгүй байх тул тухайн хэрэг осол гарах үед Л.Б-ын гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлтэй явсан, яваагүй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Хэрэв Л.Б нь хэрэг осол гарах үед гэрэлтүүлэх хэрэгсэлгүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явсан бол осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. 4. Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх хэсэгт заасан “...хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно” гэж заасныг хэргийн газрын үзлэг болон фото зураг, 2 автомашины эвдрэл дээрээс дүгнэхэд Э.Б зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5. Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ослын акт дээр Э.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а\, 2.5 б\, 2.5 в дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлтэй,  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 г\, 2.5 д дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэв. Л.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а\, 2.5 в\ заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №15 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Э.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а\, 2.5 б\, 2.5 в дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 г\ дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзснийг үндэслэлтэй гэж үзэв. Л.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а\, 2.5 в\ дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзснийг үндэслэлтэй гэж үзэв. 6. Тогтоол тусгагдаагүй шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 191-193/

Шинжээч 1985 онд төрсөн С.Мөнхдалайгийн мөрдөн байцаалтанд 2017-12-21-нд өгсөн мэдүүлэгтээ: “...“Мустанг-5” маркийн мотоциклд учирсан байсан гэмтлүүдээс үндэслээд мотоцикл нь автомашинтай зүүн талаараа мөргөлдсөн байх үндэслэлтэй гэж үзсэн. Энэ тухайгаа №4513 тоот дүгнэлтэнд тодорхой тусгасан. Мотоциклийн шатахуун хадгалах савны баруун тал дотогшоо шахагдаж, хонхойж зурагдсан, баруун талын дөрөө доошоо чиглэлтэй дотогш гулзайж шороо мэт зүйлээр бохирлогдсон, баруун талын амортизатор уг хэсгээрээ хугарсан, залуурын баруун талын төмөр гулзайж, баруун талын бариулны хэсэг өвс, шороо мэт зүйлээр бохирлогдсон зэрэг гэмтлүүд нь мотоцикл баруун хэсгээрээ хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед буюу газартай харилцан үйлчлэх үед үүссэн байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн их гэрэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 195-196/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаартай дүгнэлтэнд: “1. Л.Бын биед зүүн хөлын шилбэ ясны ил хугарал, зүүн гар зүүн хөл, зүүн гуя, баруун хөлын гуянд цус хуралт, баруун өгзөгнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалтанд тогтонг нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 34-35/,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4385 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд Ford Ranger маркийн автомашины тоормозны механизм ажиллаж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тээврийн хэрэгслийн мөр гэж тэмдэглэгдсэн боловч тухайн мөрийн тодорхойлоогүй тул жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 2. Автомашины хойд тэнхлэгт харилцан өөр хэмжээтэй том, жижиг дугуй тавьсан нь ослын өмнө техникийн хувьд шаардлага хангахгүй байна. 3. Хэргийн материалд тоормозны мөр тэмдэглэгдээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй байна. 4. Осол гарахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодорхойлоход тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний чиглэл, мөргөлдөж зогссон байрлал тодорхойгүй, ослын газрын схем зураг байхгүй зэргээс ослын шалтгаан нөхцлийг тодорхойлох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 39-41/

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4513 дугаартай дүгнэлтэнд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн мотоцикл нь зүүн талын урд хэсгээрээ мөргүүлсэн байна. 2. Ослын өмнө урд дугуйны тоормосны механизмын эд анги бүрэн бус ажиллагаагүй байсан байна. Хойд дугуйн тоормосны эд анги бүрэн бус тул техникийн шаардлага хангахгүй. 4. Мотоциклийн тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. 5. Осол гарахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодорхойлоход тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний чиглэл, мөргөлдөж зогссон байрлал тодорхойгүй, ослын газрын схем зураг байхгүй зэргээс ослын шалтгаан нөхцлийг тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 51-57/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх 1 хуудас /,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх 5 хуудас /,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 6-10 хуудас /,

- Замын цагдаагийн байцаагчийн ослын акт /1 дүгээр хх 11-13 хуудас/,

- Хохирогч Л.Б 2017 оны 08 дугаар сарын 08-нд ослын улмаас эмнэлэгт хүргэгдэж эмчилгээнд орсныг нотолсон яаралтай тусламжийн бүртгэл /1 дүгээр хх 14-16/,

- Э.Б-ы 488802 дугаарын жолооны үнэмлэх Р.О-ын эзэмшлийн 015887742 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл, хуулбар /1 дүгээр хх 17-19 хуудас/,

- Р.О-ын эзэмшлийн Форд Ренжер маркийн 68-35 ӨВА улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг тодорхойлсон Лэндс ХХК-ны үнэлгээ /1 дүгээр хх 60-61 хуудас/,

- Хохирогч Л.Б-ын унаж явсан Мустанг-5 маркийн мотоциклд учирсан хохирлын үнэлгээ /1 дүгээр хх 71-72 хуудас/,

- Хохирогч Л.Б-ын эмнэлэгт хэвтсэнийг нотолсон өвчний 6480 тоот өвчтөний түүх, хохирол нэхэмжилсэн баримтууд / 1 дүгээр хх 92-96 хуудас/,

- Мотоциклийн гэрлийг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 201-203 хуудас/,

- Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 204-206/

-  Хохирлын баримтууд /1 дүгээр хх 89-91, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 225, 231, 232, 233, 234, 2 дугаар хх 18, 52/

- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 207-209 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08  дугаар сарын 08-ны шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт шороон зам дээр Р.Оын эзэмшлийн “Форд ренжер” маркийн 68-35 ӨВА улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх заалт “...хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Л.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Хужирт сумын хот хоорондын зорчих тээврийн хэрэгслээр Хужирт суманд ирсэн юм. Хөдөө байдаг манай аав миний мотоциклийг айлын хүнээр унаж явуулсан байсан. Би сумын төвөөс 9 цагийн үед гарсан. Тэгээд сумын төвөөс 4-5 км хүрэхгүй газар явж байхад өөдөөс нэг машин чигтэйхэн их хурдтай орж ирсэн. Би хамт явж байгаа Ц-д энэ машин их хурдтай явж байна гэж хэлээд баруун тал руугаа дарсан чинь зүүн талаас ороод ирсэн. Тэгсэн Ц бид 2 шидэгдсэн. Мотоциклиосоо хол шидэгдчихээд би нэг хэсэг ухаан балартсан байсан. Тухайн үед хөлөө хугарсныг ч мэдээгүй. Хөл дээрээ босох гэсэн чинь буцаад газар ойчсон. Миний гар утас нилээн зайтай газар байхаар нь машинаас бууж ирсэн хүнийг хөөе найзаа утас аваад өгөөч гэсэн чинь би чиний найз юм уу амьдралд гай болсон пизданууд минь зайлаарай гэж хэлсэн. Тухайн үед гадаа үүлтэй бүдэгхэн сартай байсан. Энэ хүн машинаа асаагаад яваад өгсөн. Би хөлөө чирээд гар утсаа аваад аав руу гаа залгасан удалгүй манай аав ирээд намайг эмнэлэгт хэлсэн.......Би гомдолтой” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “...2017 оны 08 дугаар сарын 08-ны орой харанхуй болж байсан. Би цаг хараагүй. Хажуу талын айлын хүн яваад өгөөч гэхээр нь Х-г авахаар Хужирт сумын төв рүү явсан. Төв дээрээс Х-г аваад буцаад гэр рүү гээ явж байхад урдаас машины гэрэл гарч мөргөлдсөн. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Хужирт сумын төв рүү явахдаа би унаж явсан. Ирэхдээ Х унаж ирсэн. Манай айл саахалт Л өвгөний мотоцикл байгаа юм. Л нь Х-гийн аав нь байгаа юм... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Б буюу Х-гийн унаж явсан мотоцикл гэрэлтэй явж байсан талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд анх тайлбар мэдүүлэг өгөхдөө худал ярих санаа зорилго байгаагүй. Надад санал хүсэлт байхгүй. Миний бие зүгээр эмчилгээ сувилгаа аваарт орсноос хойш хийлгээгүй надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 121-122, 2 дугаар хх 14-15/, гэрч Р.О-ын “...Уг автомашин 2000 онд үйлдвэрлэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Монгол Улсад орж ирсэн. Автомашиныг эзэмшиж байгаад 2017 оны 07 дугаар сарын 28-ны үед өөрийн найз болох Э.Б-д 10.000.000 (арван сая) төгрөгөөр худалдсан юм. Э.Б бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй байсан. Уг 68-35 ӨВА улсын дугаартай автомашины эзэмшигч нь Э.Б байгаа юм...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 124-125/, гэрч Д.Д-гийн “... Би 2017 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Хужирт сумын төвд байдаг өөрийн аав Д-ийн гэрт ирээд амарч байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-ний шилжих шөнө миний дүү С- над руу утсаар залгаж аав, ээж хоёрт мэдэгдэхгүй Ж- ахыг сэрээгээд гараад ир автомашины хэрэг байна гэж утсаар ярьж хэлсэн. Тэгэхээр нь хүргэн  Ж-ийг унтаж байхад нь сэрээж гэрээс хамт гарсан. Тэгтэл миний дүү С нөхөр Б-ыхаа хамт аавын гэрийн гадаа явган ирсэн байсан. Тэгээд Ж автомашинаа унаж Б бид хоёр Ж-ийн автомашинд суугаад Хужирт сумын төвөөс баруун урагш ойролцоогоор 6-7 км зайд очиж Б автомашинаас буугаад нэлээн юм хайгаад байсан. Тэгсэн мотоцикл, автомашины эд анги хагарсан байх үүрмэг дээр Б очоод амтомашинаасаа бууж үзчихээд буцаж автомашинд сууж сумын төвд ирсэн. Тухайн үед би учир холбогдлыг мэдээгүй байсан. Б-ийг автомашин, мотоциклийг гэрэл дохионы үүрмэг дээр очиход бараг үүр цайж байсан. Тэгээд л ерөнхийдөө Э.Б-ийг мотоциклтой мөргөлдсөн гэдгийг ойлгож мэдсэн. Цагдаа дээр оч гэж хэлээд явуулсан. Манай хүргэн Э.Б архи дарс ууж хэрэглээд байдаггүй. Тухайн үед өөрийн аав дээр очиж хоолтой болох гэж яваад буцаж Хужирт сумын төв явах замдаа ийм  асуудалд орсон байсан. Тухайн үед буву 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Ж бид хоёртой цуг явж байхад архи дарс ууж хэрэглэсэн шинжгүй байсан. Эрүүл байсан гэж бодож байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 126-127/, гэрч Н.Ж-ын “...Би 2013 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Д гэж айлын хүргэн болсон юм. Тэрнээс хойш Э.Б гэж хүнийг таньж мэдэх болсон. 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө намайг унтаж байхад Д- эгч дуудаж хадамын гэрээс гарсан. Тэгтэл Э.Б ирчихсэн ойрхон юманд явъя гэж хэлсэн. Тухайн үед учир холбогдлыг ойлгож мэдээгүй өөрийн мөнгөлөг цагаан өнгийн Приус-20 маркийн автомашиныг жолоодож Э.Б, Д- эгч хоёрыг суулгаж, Хужирт сумын төвөөс баруун урагш явсан юм. Би сумын төвөөс ойролцоогоор 7-9 км зайд очиход Э.Б баруун гар тийшээ эргэ гэж хэлсэн. Хэсэг явсны дараа биш байна буруу зам руу орлоо гэж хэлээд буцаж иргээд явж байтал автомашин, мотоциклийн гэр дохионы хагархай зэрэг гарч ирсэн. Тэгээд энэ мөн байна гэж хэлээд автомашинаас Э.Б бууж тухайн газрыг үзээд байхаар нь ямар учиртай юу болсон газар юм бэ? гэж асуутал би түрүү мотоциклтой явж байсан хүнтэй энд өөрийн автомашинтай явж байгаад мөргөлдсөн юм гэж хэлж байсан. Тэгээд тэр мотоциклтой хүн ямар хүмүүс байсан юм бэ гэж асуутал хоёр согтуу хүн байсан гэж Д эгч бид хоёрт хэлсэн. Тэгээд сумын төвд ирээд Э.Б-ыг одоохон цагдаа дээр очоод уулз гэж хэлээд явуулсан. Ямар учраас мотоциклтой хүнтэй мөргөлдсөн юм бэ гэж асуухад надтай мөргөлдсөн мотоцикл гэрэлгүй явж байсан гэж хэлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 128-129/, гэрч Д.С-гийн “...2017 оны 08 дугаар сарын 08-ны үдээс хойш манай нөхөр Э.Б хоолтой болохоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс өөрийнхөө улаан өнгийн 68-35 ӨВА улсын дугаартай автомашиныг унаж Хужирт сумын төвөөс урагш “Цагаан хошууны урд өвөр” гэх газар нутагт байрлах аав Энхтөр гэх айлд очихоор явсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 08-наас 2017 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө намайг унтаж байхад манай нөхөр Э.Б явган гэрт ирсэн. Тухайн үед манай нөхөр их сандарсан байсан юу болсон талаар асуухад хөдөөнөөс ирж байхад гэнэтхэн юм гарч ирээд миний унаж явсан автомашины урд талаас мотоциклтой хоёр хүн мөргөчихлөө. Би тоормос гишгэсэн гэж хэлсэн. Өөр зүйл огт яриагүй. Тэгэхээр би Улаанбаатар хотоос ирээд амарч байсан эгч Д-г дуудаж хүргэний машинаар уг газарт явуулах гэж бодож эгчийг хүргэний хамт дуудаж тэр даруй Э.Б-тай цуг хөдөө явуулсан. Эгч, хүргэн хоёртой Э.Б эхэлж хөдөө яваад өглөө болж байхад буцаж ирсэн.  Тэрний дараа манай нөхөр буцаж гэрээс гарч яваад автомашинаа авчирсан. Би хаанаас авчирсан талаар мэдэхгүй. Тухайн үед автомашинаа ямар байсан талаар анзаарч хараагүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 129-130/, гэрч С.Л-ын “...2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос Хужирт суманд ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед айл байсан Бат-д Бын “Мустанг-5” маркийн мотоциклийг унуулж Хужирт сумаас хүүг авчир гэж хэлээд явуулсан. Орой 22 цагтйг үед байх миний хүү утсаар ярьж мотоциклтой явж байхад амтомашинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ийн хамт очтол миний хүү Б хөлөө дээд талаар боочихсон байдалтай газар сууж байсан. Харин Б миний хүүгийн урд хэсэгт тонгойчихон байсан. Бид шууд Б, Б нарыг автомашинд суулгаж унаж явсан мотоциклийг нь амвтомашин дээр ачаад Хужирт сумын төв орсон. Б, Б нарыг эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш өглөө нь сумынхаа цагдаад өөрин биеэр очиж хэлсэн. Миний хүү тухайн үед автомашинд мөргүүлсэн гэж ярьж байсан. Бид нарыг очиход тэр автомашин байхгүй байсан. Ослын газар автомашин мотоциклийн гэрэл, дохионы хагархай байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 133-134/, гэрч С.Ц-ын “...Тухайн өдөр Хужирт сумын эрүүл мэндийн төвд сувилагчаар  ажиллаж байх хугацаанд 2017 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зүүн өвдөгнөөс доош хугаралтай хүн хүргэгдэж ирсэн. Тухайн үед болсон зүйлийн талаар асуухад Б нь өнөөдөр Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд аавынд очих гээд явж байхад миний унаж явсан мотоциклийн урдаас автомашинтай хүн мөргөсөн. Тэгээд автомашинаасаа буугаад хүнд гай болсон хүмүүс энэ тэр гэж харааж байснаа автомашинаа унаж зугтаасан гэж ярьж байсан. Тухайн өдрийн жижүүр эмчээр Оюунпүрэв гэж эмч гарч байсан. Б, Б нараас архи уусан шинж тэмдэг анзаарагдаагүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 136-137/, гэрч Б.М-ийн “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Л- нь өөрийн биеэр мэдэгдэхдээ манай хүү Б урд шөнө Хужирт сумын төвөөс урагшаа мотоциклтой хөдөө гэр лүүгээ явж байгаад автомашинд мөргүүлсэн байна гэж хэлсэн. Л-аас тухайн хэргийн талаар асуухад бид нар урд шөнө мотоциклийг нь аютомашин дээр ачаад Хужирт сумын төвд ирсэн. Мөргөсөн машин нь явчихсан байсан гэж хэлсэн. Манай хүү Хужирт сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна гэсэн. Дуудлагын дагуу хэргийн газар очиход автомашин, мотоциклийн үүрсэн гэрэл дохио, гуперний хэлтэрхий байсан. Тэгээд Хархорин сумын цагдаа руу дудулага өгч хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн дуудсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Бат-Эрдэнэ, шинжээч, цагдаагийн дэслэгч Очирпүрэв, замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүх нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Тэр өдөр хэргийн газраас зугтсан гэх автомашиныг эрж хайж олоогүй. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Хужирт суманд ажил дээр сууж байхад нэг эмэгтэй гаднаас орж ирээд уулзая гэхээр нь юу болсон талаар асуухад манай төрсөн дүүгийн нөхөр Э.Б гээд нэг залуу байдаг юм. Тэр маань өчигдөр хөдөө явчихаад буцаад Хужирт сумын төв рүү ирж байхдаа орой замд явсан мотоциклтой хүнийг мөргөчихсөн юм байна. Манай хүргэн дүү өөрөө уг дуу цөөнтэй болохоор тухайн үед айж сандраад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хэргийн газраасаа явчихсан юм байна. Надад хэлэхээр нь би дагуулаад цагдаа орж уулзахгүй бол болохгүй гэж хэлээд дагуулаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би тэр дүү чинь хаана байна гэсэн чинь гадаа байна гэхээр нь ажлаас гарч Э.Б-тай уулзаж мотоциклтой хүнийг мөргөсөн автомашин чинь хаана байна гэж асуухад хашаан дотор байгаа гэсэн. Би уг машиныг нь хашаанд нь очиж хараад Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Бат-Эрдэнэд гар утсаар ярьж мэдэгдсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 139-140/, гэрч Б.Алтансүхийн “...Дуудлагын дагуу шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Очирпүрэв, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнэ нарын хамт явсан. Хэрэг болсон гэх газар очиход зам тээврийн осолд холбогдсон автомашин, мотоцикл хоёр байхгүй байсан. Иймд мотоциклийн ард сундалж явсан Б гэх хүнээр хэргийн газрыг заалгаж очсон. Тэгээд хэргийн газарт үзлэг хийхэд үзлэгээр мотоцикл очсон газарт мотоциклийн эд анги хагарч, бутарч унасан газар нь зурагдаж ул мөр үүссэн байсан. Үүнийг “Б” цэгээр авч мотоцикл унасан газар гэж үзсэн. Харин анх мөргөлдсөн “А” цэгийг авахдаа тухайн зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн явагч хэсгийн дугуйн мөр гарсан байсан мөн мотоцикл газар унаж түрэгдсэн байх ул мөр илэрсэн, мотоциклийн арын суудал дээр сууж явсан БатЦ өөрөө заасан болохоор “А” цэгээр авч гэрэл зургаар бэхжүүлсэн. Уг хэргийн газарт үзлэг хийх явцад автомашин, мотоцикл хоёрын тоормозлосон гэх мөр илрээгүй. Харин “А” цэгээс “Б” цэгийн хооронд автомашины явагч хэсгийн мөр илэрсэн. Тэр автомашины явагч хэсгийн мөрөнд тоормозолсон гэх ул мөр илрээгүй. ...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 183-184/, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх 79-81/, Замын цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх 191-193/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 35/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4385 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 39-40/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4513 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 51-52/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх 1 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх 5 хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 6-10 хуудас/, замын цагдаагийн байцаагчийн ослын акт /1 дүгээр хх 11-13 хуудас/, хохирогч Л.Б 2017 оны 08 дугаар сарын 08-нд өслын улмаас эмнэлэгт хүргэгдэж эмчилгээнд орсныг нотолсон яаралтай тусламжийн бүртгэл /1 дүгээр хх 14-16/, Э.Б-ы 488802 дугаарын жолооны үнэмлэх Р.О-ын эзэмшлийн 015887742 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл, хуулбар /1 дүгээр хх 17-19 хуудас/, Р.О-ын эзэмшлийн Форд Ренжер маркийн 68-35 ӨВА улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг тодорхойлсон Лэндс ХХК-ны үнэлгээ /1 дүгээр хх 60-61 хуудас/, хохирогч Л.Б-ын унаж явсан Мустанг-5 маркийн мотоциклд учирсан хохирлын үнэлгээ /1 дүгээр хх 71-72 хуудас/, хохирогч Л.Б-ын эмнэлэгт хэвтсэнийг нотолсон өвчний 6480 тоот өвчтөний түүх, хохирол нэхэмжилсэн баримтууд / 1 дүгээр хх 92-96 хуудас/, мотоциклийн гэрлийг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 201-203 хуудас/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 204-206/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх 207-209 хуудас/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Миний зүгээс гэм буруугүй гэж үзэж байна. Хэргийн материал дотор байгаа хэргийн газарт авагдсан ослын газрын акт байна. Энэ хэргийн газрын ослын акт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт цуглуулах бэхжүүлэхдээ дутуу буюу хууль зөрчиж хийсэн тул нотлох баримтаас хасуулах саналтай байна. Тухайн хэрэгт авагдсан ослын газрын схем зургийн акт нь тайлбар тодорхойгүй. Замын өргөнийг тогтоох боломжгүй гэж схем зургийг хүчингүйд тооцсоноор шинжээчийн дүгнэлтүүд хуульзүйн дагуу үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлгүй болсон тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргийг Э.Б нь үйлдээгүй байх боломжтой юм. Мөн гэрч Б-ийн өгсөн мэдүүлэг байгаа. Хохирогч Бын унаж явсан мотоцикл нь тухайн үед гэрэлгүй байсан. Би гэрэлгүй унаж явсан. Б Хужирт сумын төвөөс гарахдаа хүртэл гэрэлгүй мотоцикл унаж явсан гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Гэрэлгүй байсан гэдгийг шүүхээс тогтоосон тохиолдолд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хэсэгт зааснаар хэрэв мотоцикл тухайн үед гэрэлгүй явсан бол осол гарах үндэслэл мөн гэж заасан байдаг. Мөн гэрэлгүй явсан гэдэг нь Б-ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хэсэгт мотоцикл гэм буруутай юм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас энэ тайлбарыг хийж  байна. Хуульзүйн үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой. Осол болсон гэдгийг яриад байгаа болохоос биш осол яг хэнээс болсон гэдгийг ярьдаггүй. Иймд гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн боловч өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Б-ий №488802 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх, Р.Оын эзэмшлийн №01587742 дугаартай 68-53 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Э.Бд буцаан олгох, “Мустанг-5” маркийн мотоциклийн урд талын гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Э.Б-ы эзэмшлийн 1.750.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны адууг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв. 

            Шүүгдэгч Э.Б-иас 2.128.382 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б /ЙС80092311/-д олгохоор шийдвэрлэв.

            Хохирогч Л.Б шүүх хуралдаанд “Э.Б нь хохиролд 1.800.000 төгрөг төлсөн, 1.800.000 төгрөгийг хасаад одоо нотлох баримттай байгаа 3.817.907 төгрөгийн хохирол аваагүй, мөн Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал 35.420.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү, маш их гомдолтой байна гэсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судлахад /1 дүгээр хх 89-91, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 225, 231, 232, 233, 234, 2 дугаар хх 18, 52/ нотлох баримтын шаардлага хангасан нийт 3.928.382 төгрөгийн баримт байгаа ба үүнээс төлсөн 1.800.000 төгрөгийг хасаад 2.128.382 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гарсан хохирол 2.128.382 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид төлөхийг илэрхийлсэн, хохирогчийн Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал болох 35.420.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шүүх хэлэлцээгүй орхисон бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Э.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг хүнд ял болох 1 жил 1 сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Б-ы биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сар, 30 хоногийн хугацаагаар тэнссүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүргийг хүлээлгэсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Э.Б-ийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.128.382 /хоёр сая нэг зуун хорин найман мянга гурван зуун наян хоёр / төгрөгийг төлөх хугацааг 1 сарын хугацаагаар тогтоосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.  
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Б-ы №488802 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх, Р.О-ын эзэмшлийн №01587742 дугаартай 68-53 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Э.Бд буцаан олгох,  “Мустанг-5” маркийн мотоциклийн урд талын гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Б-ы эзэмшлийн 1.750.000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны адууг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
  11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-иас 2.128.382 төгрөгийг гаргуулан хохирогч  Л-ын Б /ЙС80092311/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН